Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Батчимэг |
Хэргийн индекс | 136/2020/00223/И |
Дугаар | 202/МА2020/00031 |
Огноо | 2020-10-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 202/МА2020/00031
2020 10 19 202/МА2020/00031
“Далайшанд” сууц өмчлөгчдийн холбооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136/ШШ2020/00291 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Д” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.О-д холбогдох,
А-н 102-1 байрны 04 тоот зоорийн давхрын өрөө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Чулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Далайшанд” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны доод хонгил нь орон сууцны өмчлөгчдийн дундын эд хөрөнгөнд хамаардаг ба сууц өмчлөгчдийн холбооноос иргэдийг дэмжих зорилгоор гэрээний үндсэн дээр иргэдэд түрээслүүлдэг юм. Г.О нь 2013 оны 06-р сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тус сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн хөрөнгө болох А-н 102-1 байрны 04 тоот подвалыг түрээслэн гутал засварын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэд төлөхгүй, гэрээ хийхгүй, удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байгаа тул Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багт А-н 102-1 дугаар байрны 04 тоот подвалыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Г.Отгонбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие А-н 102-1 байрны 04 тоот подвалыг чөлөөлөхгүй. Учир нь М.Чулуун нь Д СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга болсныг мэдээгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн хувийн өмч мэт чөлөөлөхийг шаардаж байгаад гомдолтой байна. Бид энэ подвалд 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд СӨХ-ны дарга гэх С.О нь түрээсийн мөнгийг бэлнээр авах, түрээслэгч нартайгаа зөвлөлдөхгүй, хурал зөвлөгөөн хийхгүй түрээсээ нэмэх, эсэргүүцвэл гар дараагийн хүн бэлэн байгаа гэж дарамталдаг байсан. 2017 онд С.О нь бүх подвал түрээслэгчдээс их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Тухайн үед С.Оыг СӨХ-ны дарга биш болохыг шүүхээс тогтоож өгсөн. 2018 онд Сайншанд сумын 2-р багийн иргэд нийтийн хурлаар С.Оын СӨХ-ны даргын эрхийг түдгэлзүүлж, Жамъянжав гэх залууг томилсон байдаг. Бид цаашдаа хууль дүрмийн дагуу томилогдсон даргатай гэрээ хийж үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байна. Гэхдээ М.Чулуун, С.О нарыг хэзээ, хаана хуралдаж энэ албанд томилогдсоныг мэдэхгүй байгаа ба эдгээр хүмүүсийг оршин суугчидтай нээлттэй хуралдаж томилогдсон гэдэгт итгэхгүй байна...” гэжээ.
Хариуцагч Г.О шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “...Миний бие 2007 оноос эхлэн тус подвалд гутал засварын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд СӨХ-ны дарга С.О гэх хүнд түрээсийн мөнгөө бэлнээр өгдөг байсан. С.О нь биднийг 2016 оны 06-р сарын 01-ний өдрөөс хойш түрээс төлөөгүй гээд байгаа боловч түрээслэгч С.Сарантуяа миний бие 2013 оны 12-р сарын 02-ны өдөр бэлнээр 200000 төгрөг, 2014 оны 01-р сарын 11-ний өдөр С.Оын хувийн дансанд 520000 төгрөгийг, 2014 оны 01-р сарын 30-ны өдөр бэлнээр 120000 төгрөг өгсөн байдаг ба 48 айлын подвалыг бидний өөрсдийн хөрөнгөөр засуулж түрээсээ бодож авч байгаад 2014 онд хөөж гаргаад цоожоо сольсон. Бид тухайн үед ямар ч зарга үүсгээгүй бөгөөд энэ мэтчилэн нийтийн өмчийг хувийн юм шиг үзэж, ганцаараа эзэн сууж, түрээсийн мөнгийг хувьдаа хэрэглэдгийг мэдээд бид түрээсийн мөнгөө өгөхгүй зогсоосон юм. 2016 онд С.О нь биднээс их хэмжээний мөнгө нэхэмжилж шүүхэд хандсан ба 2016 оны 05-р сарын 13-ны өдрийн 67 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2017 онд АШУИС-ийн спорт зааланд 2-р багийн иргэд нийтийн хурал болж С.Оыг СӨХ-ны даргаар ажиллах эрхийг 2 жилээр түдгэлзүүлсэн. Гэтэл Удирдах зөвлөлөө сонгосон хурлын тэмдэглэл нь 2017 оны 02-р сарын 19-ний өдөр гэж байгаа нь үнэмшилгүй байна. Мөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон иргэдийн хурлын тэмдэглэл байхгүй, өөрийн охин Т.Энхтуул нь удирдах зөвлөлд сонгогдсон байгаа нь хуурамч бичиг баримт гэдгийг нотолж байна. Д СӨХ-ны гэрчилгээ нь 2019 оны 01-р сарын 16-ны өдөр сэргэсэн байна. Үүнээс хойш хурал зарлаж иргэдийн хурал хийгээгүй нь дээрх баримтаар нотлогдож байгаа тул С.О, М.Чулуун нарыг хуулийн дагуу иргэдтэйгээ хамтарч ажиллахыг шаардаж байна. 48 айлын оршин суугч Хишигт гуай хяналтын зөвлөлд байдаг бөгөөд уг бичигт хасаад бичсэнийг харахад С.Оын өөрийн талын хүмүүс болох нь тодорхой байна. М.Чулуун гуай СӨХ-ны ажил юу ч мэдэхгүй, С.Оын хэлснээр явж бидний эрхэнд халдаж 1 айлыг хоолноос нь салгаад зогсохгүй, Дорноговь аймгийн ард иргэдийн гутал засварын үйлчилгээ авах эрхэнд халдаж байна гэж үзэж байна. Иймд үүнээс хойш хуулийн дагуу хурлаа хийж шийдвэр гарган гэрээгээ хийнэ үү, бид гэрээгээ хийж үйлчилгээгээ хэвийн явуулах хүсэлтэй байна...” гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сайншанд сум, 2-р бага, А-н 102-1 байрны 04 тоот подвалыг Г.Оын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяа давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс А-н 102-1 байрны 04 тоот подвалыг Г.Оын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч миний хувьд 2020 оны 01 сараас эхлэн подвалын түрээсийг төлөхөөс татгалзаагүй. Уг подвалыг түрээслэн ашиглуулах гэрээ хийх саналыг Д СӨХ-оос тавиагүй. Гэнэт л подвалыг чөлөөлүүлэхээр шаардсан нэхэмжлэл гаргасан байсан. Д СӨХ-ны түрээс гээд өмнө нь надаас өөрийн хувийн дансаар мөнгө аваад байсан. Үүнийг өөрт нь хэлэхээр түрээсэнд чинь тооцно гэж хэлдэг. Түрээсийн төлбөрийг шаардсан хугацаанд нь өгсөөр байхад подвал чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй. “Д” СӨХ нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг А-н 102-1 байрны 02 тоот зоорийн давхар буюу доод хонгилыг гэрээ болон хуульд заасны дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддоггүй. Мөн 2017 оны 04-р сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 1/456 дугаартай албан бичгээр СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, шинэ зохион байгуулалтанд орох, шинээр удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг сонгох талаар чиглэл ирүүлсэн байсан. Энэхүү албан бичгийн дагуу 2017 оны 11 сард бүх гишүүдийн хурал зохион байгуулахаар зарлагдсан боловч ирц бүрдээгүйгээс хурал болоогүй. Д СӨХ-ны гэрчилгээг ч хүчингүй болгосон байсан. Бүх гишүүдийн хурлаараа хэлэлцээгүй, дүрэмдээ юу гэж тусгасан нь тодорхойгүй. Д СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг тодорхойлсон баримт материал хэрэгт авагдаагүй байсныг ч анхаарч үзсэнгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Холбооны дүрэм байх ба дүрмээрээ мөн хуулийн 6.1.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журам”-ыг тусгасан эсэх нь хэргийн баримтаас харагддаггүй. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т холбооны эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хурал байна гэж заасан. Тухайн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлж болно гэж зааснаас харахад Д СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр байрны подвалыг надад ашиглуулахгүй байхаар шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй байхад байрны подвалыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна гэж зааснаас харахад ч бүх гишүүд жил бүр хурлаараа бүх асуудлаа хэлэлцэж шийдвэрлэхээр харагдаж байна. Бүх гишүүдийн хурлын шийдвэр гараагүй, дүрэмд юу гэж тусгагдсан эсэх нь тодорхойгүй, түрээсийн гэрээ хийхгүй хирнээ түрээсийн төлбөрийг бэлэн болон өөрийн хувийн дансаараа түрээсийн төлбөр авдаг, бүх гишүүдийн хурлаа жил бүр зохион байгуулдаггүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийг ямар үнэ ханшаар түрээслэхээр хурлын шийдвэр гарсныг танилцуулахгүйгээр шууд подвал чөлөөлөхийг шаардаж байгаа, бүх гишүүдийн хурал хийгдээгүй байхад хууль зөрчсөн баримтаар дахин гэрчилгээ гаргуулж авсан зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэлээ. Талуудын тэгш байдлын зарчмыг хангасангүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын бүрдүүлэн өгсөн баримт материал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдохоор хангалттай баримт материал хэрэгт авагдаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Чулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймгийн хэмжээнд сууц өмчлөгчдийн холбоо гэх байгууллага анх 1997 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нь Д сууц өмчлөгчдийн холбоо юм. Манай байгууллага нь орон сууцны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар батлагдаж, албан ёсоор байгуулагдаж, дүрмээ баталсан. Гэтэл хариуцагч талаас хууль ёсны бус гэж яриад байна. Дүрэмд зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар сууц өмчлөгчдийн холбоог байгуулах эсэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. Гэтэл Одбаяр даргын үед сумын засаг дарга болчихоод албан бичиг явуулж энэ сууц өмчлөгчдийн холбоонуудыг нэгдмэл байдлаар зохион байгуулж, мөн Одвалын талаар шүүмжлэл гаргасан. Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү шиг юу ч мэдэхгүй удирдлагын хэмжээнд бүх асуудлыг бужигнуулсан. Манайх албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээтэй байхад Жамъянжав хэдэн хүн томилоод хүчингүй болгосон гэх яриа үүссэнээс хойш одоо тасралтгүй өөх ч биш булчирхай ч биш яваад байна. Олон орон сууц өмчлөгчдийг хохироогоод төлбөрөө төлж чадахгүй, цэвэрлэгчээ цалинжуулж чадахгүй, халаалт зэрэг асуудлаа шийдэж чадахгүй байна. Манайхыг албан ёсны бус гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 02 сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирлыг бүх гишүүдийн хурлаар томилсон. Бүх гишүүдийн хурлын удирдах зөвлөлийн даргаар миний бие М.Чулуун, гишүүдэд Дагийнамжил, Баярцэцэг, Баярхүү, Энхтуул, Батцэцэг, Түвшинбаяр, Зоригтбаатар, Одгариг нар байсан. Тухайн анхдугаар хурлын тэмдэглэл нь хүртэл байж байгаа. Ийм албан ёсны зүйл болж байхад яагаад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр сууц өмчлөгчдийн холбооны хурал зарлаж, орон сууц болгоны гадаа хаалганд зарлал нааж, телевиз, радиогоор зарлал өгч байхад хуралд ирж оролцохгүй, иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй байж дараа нь болсон асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байдаг хүмүүсийн нэг нь Отгонбаяр, Сарантуяа 2 юм. Тухайн хувийн асуудлыг албан ёсоор өргөдлөө өгөөд шалгуул, шүүх энэ асуудлыг шалгахгүй. Иймд хариуцагчийн талаас гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Д” СӨХ нь хариуцагч Г.От холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг А-н 102-1 дүгээр байрны 04 тоот зоорийн давхрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “... подвалыг чөлөөлөхгүй, ... дундын өмчлөлийн хөрөнгийг өөрийн хувийн өмч мэт чөлөөлөхийг шаардаж байгаад гомдолтой, ... хууль дүрмийн дагуу томилогдсон даргатай гэрээ хийж, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй... “ гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяа эс зөвшөөрч “...2020 оны 1 сараас эхлэн подвалын түрээс төлөхөөс татгалзаагүй, ... гэрээ хийх саналыг СӨХ-оос тавиагүй, төлбөрийг шаардсан хугацаанд өгсөөр байхад подваль чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй, ... СӨХ-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг тодорхойлсон баримт хэргийн материалд авагдаагүй, ... бүх гишүүдийн хурал хийгээгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргааны зүйл болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг А-н 102-1 дүгээр байрны 04 тоот зоорийн давхар буюу доод хонгил нь “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох талаар болон хариуцагч нь уг зоорийн давхарт 2007 оноос хойш гутал засварлах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа боловч 2020 онд тухайн эд хөрөнгийг түрээслэх, эзэмших, ашиглах талаар нэхэмжлэгч “Д” Сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулаагүй, түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй, гэрээ байгуулаагүй, энэ талаар удаа дараа шаардсан гэж тодорхойлсон ба хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбарын агуулгаас үзэхэд тэрээр түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй, гэрээ байгуулаагүй талаар үгүйсгээгүй боловч ийнхүү шалтгаанаа “Д” Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагыг хууль бусаар томилогдсон гэж маргасан байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал зохигчдын тайлбараас үзэхэд “Д” Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан эсэх талаар тэд маргаагүй ба гагцхүү холбооны удирдлагыг хууль бус гэсэн байх ба хэрэгт авагдсан “Д” Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоол, тэмдэглэл /хх-21, 22/-ээр М.Чулуун нь “Д” Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон нь тогтоогдсон, энэхүү уг хурлын тогтоол, тэмдэглэлийг цаг хугацааны хувьд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэх үндэслэлгүй.
Тиймээс ба “Д” Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга М.Чулуун шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.8.3, 10.10, 10.10.3-т нийцсэн, хариуцагч дээр дурдсан агуулга бүхий татгалзлаа нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул холбооны удирдлагыг хууль бус буюу нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-т зааснаар тус холбоог 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж гэрчилгээ /хх-3/ олгосныг шинээр байгуулагдсан гэж үзэхгүй ба хэрэгт цугларсан нотлох баримтаар тус Сууц өмчлөгчдийн холбоог өөрчлөн зохион байгуулсан болон түүнийг удирдлагыг өөрчилсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлын өөр нэг үндэслэл нь түрээсийн төлбөр өндөр, холбооны удирдлагыг түрээсэнд төлсөн төлбөрийг хувьдаа завшсан шалтгаанаар гэрээг байгуулаагүй гэсэн агуулгатай байх ба ийнхүү үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүйн гадна энэ нь хариуцагчийн түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй зөрчилд зөвтгөх үндэслэл болохгүй ба түрээсийн төлбөрийг өндөр гэж үзэж гэрээ байгуулахгүй, уг эд хөрөнгийг цаашид ашиглахгүй байх нь түүний эрхийн асуудал юм.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.
Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчдын хооронд “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг А-н 102-1 дүгээр байрны 04 тоот зоорийн давхар буюу доод хонгилыг эзэмших, ашиглах талаарх гэрээ байгуулагдаагүй тул хариуцагчийг уг эд хөрөнгийг гэрээ болон хуульд заасны дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4-т заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэл баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-т орон сууцны доод хонгилыг буюу зоорийн давхрыг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарахаар заасан, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн А-н 1-р гудамжны 102 дугаар байр нь “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагддаг нь гэрчилгээгээр /хх-3/ тогтоогдсон тул маргаан бүхий эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр “Д” Сууц өмчлөгчдийн холбоо шаардах эрхтэй гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх ба хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д зааснаар гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрх нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгчид байдаг боловч хариуцагч энэхүү эрхээ эдэлж гэрээг шинэчлэн байгуулаагүйн гадна түүнийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хариуцагч уг эд хөрөнгийг 2007 оноос хойш түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан боловч талуудын хооронд түрээсийн гэрээг хугацаатай байгуулсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ... бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй байдаг тул хариуцагчийг Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг сунгагдсанд тооцох боломжгүй болно.
Иймээс анхан шатны шүүх Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг А-н 102-1 дүгээр байрны 04 тоот зоорийн давхар буюу доод хонгилыг “Д” Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарагдах орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг эд хөрөнгийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т нийцсэн гэж үзнэ.
Хариуцагч давж заалдсан гомдолдоо 2020 оны 01 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөр төлөхийг татгалзаагүй, нэхэмжлэгчийг гэрээ хийх санал тавиагүй гэсэн байх боловч анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ холбооны удирдлагыг хууль бус, түрээсийн төлбөр өндөр гэснээс өөрөөр буюу гомдолд дурдсан энэхүү үндэслэлээр маргаагүйгээс энэ талаар шүүхэд мэтгэлцээн явагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Мөн хариуцагч нь давж заалдсан гомдолдоо гэрээ байгуулаагүй явдалд бүх гишүүдийн хурлаа зохион байгуулдаггүй, хурлын шийдвэр танилцуулаагүй гэсэн шалтгаанаар холбооны удирдлагыг буруутгасан байх боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрх нь холбооны гүйцэтгэх захиралд байхаар заасан тул түүний энэхүү тайлбар, гомдол хуульд нийцээгүй байна.
Харин давж заалдсан гомдолд дурдсан түрээсийн төлбөрийг хувийн дансаар авсан, хувьдаа завшсан, хууль зөрчсөн баримтаар гэрчилгээ гаргуулж авсан тухай асуудал нь энэхүү маргаанд хамааралгүйг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136/ШШ2020/00291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Н.БАТЧИМЭГ