Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 202/МА2020/00032

 

 

 

 

 

 

“Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын

 хэлтэс”-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2020/00321 дүгээр шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: ... байрлах, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Э.А-д холбогдох,

 

Улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөр 4482365 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, Б.Учралт, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийгмийн даатгалын ерөнхий газраас баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын хэрэгжилтийг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013, 2014 онд шинээр тогтоосон тэтгэвэр авагчдын хувийн хэргийн материал, тэтгэврийн даатгалын сангийн тайлан, нэгдсэн өгөгдлийн мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгасан юм. Шалгалтаар 2015 оны 06-р сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагчийн акт тавигдсан. Тухайн актын хавсралтад нэр бүхий 11 хүний тэтгэврийг илүү бодож олгосон дүнг тусгаж, илүү олгосон тэтгэврийн тооцооллыг хүн тус бүрээр бодож гаргасан. Үүний дотор А.Эын тэтгэвэр 4482365 төгрөгөөр илүү олгогдсон байсан. А.Эт энэ талаар тухайн үед танилцуулаад буцаагаад манай сангаас илүү олгогдсон 4 482 365 төгрөгийг төлөхийг шаардахад татгалзсан учир шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Актын 1 дэх хэсэгт А.Э болон нэр бүхий 11 хүнд илүү олгосон 15674296 төгрөгийн тэтгэврийг холбогдох албан тушаалтнуудаар хариуцуулан төлүүлэхийг даалгасан хэдий ч илүү тэтгэвэр авсан нэр бүхий хүмүүсээс хүн тус бүрээр нь илүү төлөлтийг нь гаргуулан авч санд төлүүлэхээр хариуцуулсан заалт юм. Гэвч үүнийг зарим нэг хүмүүс төлөхгүй гэдэг байдлаар хандаж удаашруулж байгаа учир тэтгэвэр, тэтгэмжийн санг хохиролгүй болгон А.Эын илүү авсан тэтгэврийн 4482365 төгрөгийг гаргуулан өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч А.Энх-Амар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2015 оны 06-р сард миний тэтгэврийг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хаасан байсан. Тухайн үед дарга нь Намсрайсүрэн, хариуцсан байцаагч нь Өнөрмаа нар байсан. Тэтгэврийг яагаад хаасан тухай асуухад нэр бүхий 11 хүнд илүү тэтгэвэр олгосон байна, та нар түүнийгээ эргүүлэн төл гэж хариу өгсөн. Ингээд дээрх 11 хүнээс төлөөлөл болж 5 хүн Улаанбаатар хотод Нийгмийн даатгалын ерөнхий газарт очиж 2015 оны 06-р сарын 30-ны өдрийн 112 дугаар актыг тавьсан улсын байцаагч Оюунчимэг гэдэг хүнтэй уулзаж учир байдлаа тайлбарлахад надтай хамт нэг байгууллагаас зэрэг тэтгэвэрт гарсан Д.Магсар /Төмөр замын гал унтраах анги/ бид хоёрыг ямар ч буруугүй, тухайн тэтгэвэр тогтоосон холбогдох хүмүүсийн ажлын хариуцлагатай холбоотой гэсэн хариу өгсөн юм. Бид хотоос ирээд энэ тухай Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Намсрайсүрэнд танилцуулаад үүнээс хойш энэ талаар яригдаагүй байж байгаад 5 жил гаруй хугацааны дараа буюу 2020 оны 07-р сарын 17-ны өдөр надаар уг мөнгийг төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Би энэ нэхэмжилсэн 4482365 төгрөгийг төлөхгүй гэж дараах үндэслэлүүдийг гаргаж байна. Үүнд:

           1. Би анх тэтгэвэр тогтоолгохдоо ажилласан жил, цалингийн тодорхойлолт болон бусад холбогдох бичиг баримтыг ямар ч зөрүүгүй үнэн зөвөөр цаг хугацаанд нь бүрдүүлж өгсөн.

           2. Би тухайн тэтгэвэр тогтоосон байцаагчид ямар нэгэн нөлөө үзүүлж тэтгэврээ илүү тогтоолгоогүй.

           3. Би нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжлийн хүний бодож олгосон мөнгийг л авсан. Илүү болон дутуу мөнгө өгч байгааг би мэдэх боломжгүй.

           4. Энэ илүү авсан гээд байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

           5. Би тэтгэврийн илүү олголтын талаар дээд байгууллага болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу авч тухайн үед нь шийдвэрлэсэн гэж үзэж байна.

           6. Миний тэтгэврийг Намсрайсүрэн даргын шийдвэрээр удаа дараа хааж надад санхүүгийн болон сэтгэл санааны дарамт үзүүлж байсан. Үүнд би гомдолтой байна.

           7. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т зааснаар уг мөнгийг төлөхгүй...” гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан хариуцагч А.Эаас 4 482 365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ...Тэтгэврийн байцаагч нь хуульд зааснаар тэтгэвэр авагчид өндөр насны тэтгэврийг үнэн зөв бодож өгөх үүрэгтэй, хэрэв энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй тохиолдолд учирсан хохирол буюу мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй. Нөгөө талаас хариуцагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан байх бөгөөд тэтгэврийн хэмжээг тооцохдоо тэтгэврийн байцаагч алдаа гаргасан байгаа үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Тухайн үед хариуцагч А.Эын тэтгэврийг бодохдоо 45 хувиар бодох байтал 80 хувиар бодож тооцсон шийдвэр гаргасан нь хууль буюу бусад эрх зүйн баримт бичгүүдэд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гарсныг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 06-р сарын 30-ны өдрийн 112 дугаартай актаар тодорхойлон тогтоож өгсөн. Ийнхүү үндэслэлгүй олгогдсон мөнгөн дүнгийн зөрүүг тооцсон дүнгээр хөрөнгө олж авсан этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж дээрх хуулийн заалтуудаар буцаан гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэвч үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ хариуцагчийг буруутгах боломжгүй гэж үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.    

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсгийг дээд шүүхийн тайлбарласнаар гэм буруутай албан тушаалтан нь төлнө гэсэн болохоос хариуцсан улсын байцаагч нарыг төлөх юм яриад байна. Бид нар энэ хүний тэтгэврийг санаатайгаар өндөр тогтоосон үйлдэл бол байхгүй. Тэгэхээр хариуцагч тал тухайн үед тэтгэврээ авч хэрэглэсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан...” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А.Этай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгалт хийж тухайн үед тэтгэвэр тэтгэмжээр үндэслэлгүй хөрөнгөжих буюу Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар үндсэн цалингийн 80 хувиар тооцсон. Гэтэл энгийн тэтгэвэр нь үндсэн цалингийн 45 хувиар тогтоодог. Харин манай байцаагч 45 хувиар тогтоох тэтгэврийг андуурч 80 хувиар тогтоосон. Тухайн хүн нь цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилладаг байсан. Тэр нь бид нартай адилхан энгийнээр шимтгэлээ төлдөг байсан. Манайхаас тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн зарим нь ирж, яагаад миний тэтгэвэр бага тогтоогдсон юм эсхүл яагаад өндөр тогтоогдсон юм бол, миний цуг ажиллаж байсан хүн надаас бага тэтгэвэр авч байна дараа нь төлбөр тооцооны асуудал гарах юм биш байгаа гэдэг. Хариуцагчийн хувьд тухайн үед цуг ажиллаж байсан хүн нь тэтгэвэрт гарч 45 хувиараа тогтоогдож, тэтгэврээ авч байсан хүн байсан л байх. Харин хариуцагч тухайн үедээ миний тэтгэвэр хамт ажиллаж байсан хүнийхээс өндөр тогтоогдсон байна гэх бодол төрж байсан байх гэж би бодож байна. Байцаагч нар л тогтоож өгсөн юм чинь гэсэн байр сууринаас хандсан болохоос биш илүү тогтоогдсон байна, дутуу тогтоогдсон байна гэх асуудлаар эргэж ирээгүй...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талаас тэтгэврийг 45 хувиар тогтоосон эсхүл 80 хувиар тогтоосон эсэх асуудал болон илүү авсан мөнгөн дүн дээр маргаагүй юм. Хамгийн гол нь нэхэмжлэгч талын гаргаж байгаа шаардлага болох 2015 оны 112 дугаар тоот актаар уг мөнгийг А.Эаас гаргуулна гэдэг нь буруу байна гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гээд заагаад өгчихсөн байгаа. Миний бодлоор хэрвээ уг мөнгийг А.Эаас гаргуулах шаардлагатай юм бол Нийгмийн даатгалын газар нэхэмжлэгч нь биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын газар нь тэтгэвэр тогтоосон этгээд буюу тухайн үед тогтоож байсан баахан хүмүүсийн гарын үсгээр баталгаажуулсан тул А.Э ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй гэдгийг нь анхан шатны шүүх хуралдаанд гэрч нар хэлсэн. Энэ нь цэвэр Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарын буруутай үйлдлийн улмаас акт тавигдсан юм гэдгээ хэлсэн. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын газар нь буруутай албан тушаалтнаас гаргуулчихаад дараа нь буруутай албан тушаалтан нь А.Эыг Иргэний хуулийн 492 дугаар зүйл, 496 дугаар зүйлээр зүйлчилж нэхэмжлэх нь зүйтэй гэсэн бодолтой байна. Анхан шатны шүүх нь тухайн Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан улсын байцаагчийн 112 дугаартай актыг үндэслэн А.Эаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэс хариуцагч А.Эт холбогдуулан улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөр буюу илүү олгосон тэтгэврийн мөнгө 4482365 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... мэргэжлийн хүний бодож олгосон тэтгэврийг авсан, тэтгэвэр тогтоосон байцаагчид ямар нэг нөлөө үзүүлж тэтгэвэр илүү тогтоолгоогүй ...” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг эс зөвшөөрч “... Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2-т заасан ... үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж дээрх хуулийн заалтуудаар буцаан шаардах эрхтэй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар Нийгмийн даатгалын Ерөнхий газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг буюу Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013, 2014 онд шинээр тогтоосон тэтгэвэр авагчдын хувийн хэргийн материал, тэтгэврийн даатгалын сангийн тайлан, нэгдсэн өгөгдлийн мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах явцад хариуцагч А.Эын тэтгэврийг буруу бодож тогтоосноос  тэтгэвэрт илүү нийт 4482365 төгрөг олгосон зөрчил илэрч 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулсан тухай үйл баримт тогтоогдсон байна.

 

            Харин зохигчид уг актаар тогтоосон төлбөрийг хэн хариуцан төлж барагдуулах талаар маргаж, хариуцагч актаар тогтоосон төлбөрийг төлөхөөс татгалзжээ.

 

            Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг үндэслэн  “... илүү олгосон тэтгэврийг холбогдох албан тушаалтнуудаар хариуцуулан төлүүлэхээр ...” тогтоосон байна.

 

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаас үзэхэд ... тэтгэвэр тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон ... өөрийн буруугаас болж үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж төлүүлэх тухай  ... нийгмийн даатгалын байгууллагын  шийдвэр гарсан бол тэтгэвэр тэтгэмжээс суутгал хийж нөхөн төлүүлэхээр заажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч А.Эт холбогдох тэтгэврийг тогтоохдоо нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан “... 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй“ гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоох атал Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэврийг тогтоосноос зөрүү гарч нийт 4482365 төгрөг илүү олгогджээ.

 

            Эндээс үзвэл хариуцагчийн хувьд дээрх хуульд заасан өөрийн буруугаас болж илүү тэтгэвэр авсан гэж үзэх үндэслэлгүй ба энэ нь нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буюу хуулийг буруу хэрэглэснээс тэтгэвэр буруу тогтоогдсон буюу илүү тэтгэвэр олгогдсон байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна.” гэж заажээ.

 

            Нэгэнт нийгмийн даатгалын байгууллагын ажилтан хуулийг буруу хэрэглэж алдаа гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтаар ийнхүү алдаа гаргасан явдалд нийгмийн даатгалын байгууллагын ажилтныг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүйн гадна тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-14/ баримтаас үзэхэд тэтгэврийг тогтоохдоо тогтоох, хянах, батлах зэрэг үе шаттай үйл ажиллагаа явагдаж тус бүрд нь холбогдох ажилтан, албан тушаалтнууд тогтоосон, хянасан, баталсан, улмаар улсын байцаагч акт тавихдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн холбогдох албан тушаалтнуудаар төлбөрийг хариуцуулахаар тогтоосон байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн “... санаатай болон болгоомжгүй үйлдлээс үл шалтгаалан тэтгэврийг буруу олгосноос үүссэн хохирлыг зохих албан тушаалтнаар хариуцан төлүүлнэ, ... тэтгэврийн байцаагч ... үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй, ... тэтгэврийн байцаагчийн алдаа гаргасан үйлдэлд хариуцагч буруугүй ...” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэл бүхий болсон байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Хэдийгээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагчийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эсэхийг дүгнэхэд түүний гэм буруугийн асуудал хамааралгүй боловч хариуцагчид уг хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны үндэслэлгүй буюу хуульд зааснаар зөвтгөх шалтгаан боломжгүй байх шинжийг харгалзан үздэг.

 

            Гэтэл дээрх хуульд заасан агуулгаас үзэхэд нийгмийн даатгалын байгууллагын ажилтны буруугаас буруу олгогдсон тэтгэврийг тухайн ажилтан хариуцахаар тодорхой заасан ба хариуцагчид уг илүү олгогдсон төлбөрийг төлөхөөр хуульд заасан үүрэг бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Харин Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасан “хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.” гэдэг нь бусдын зардлаар хөрөнгөжсөн байх явдал бөгөөд хариуцагч хэдийгээр авах ёстой тэтгэврээс илүү авсан байх боловч энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу нийгмийн даатгалын байгууллагын ажилтан үүрэг хүлээж хариуцахаар зохицуулсан тул хариуцагч нийгмийн даатгалын байгууллагын өмнө үүрэг хүлээх үндэслэлгүй буюу түүнийг бусдын зардлаар хөрөнгөжсөн гэж үзэхгүй болно.

 

            Түүнчлэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын байцаагч 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн акт гаргаж зөрчлийг илрүүлсэн байхад тухайн хугацаанаас хойш 4 жил 11 сар 26 хоногийн дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан “тогтмол хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэсэнтэй нийцээгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж байсан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2020/00321 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                                     ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

 

                                                                                                                           Н.БАТЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

2