Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 136/ШШ2020/00321

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 31 өдөр Дугаар 136/ШШ2020/00321 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р багт оршин байрлах, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 4-р баг, 129-р байр, 52 тоотод оршин суух, Чинзээ баян овогт Амарсайханы Энх-Амар /РД:ЕС62112816/-д холбогдох

 

4 482 365 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралт, Г.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, гэрч Л.Цэцэгсайхан, Л.Намсрайсүрэн нар, нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын ерөнхий газраас баталсан удирдамжийн дагуу нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын хэрэгжилтийг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013, 2014 онд шинээр тогтоосон тэтгэвэр авагчдын хувийн хэргийн материал, тэтгэврийн даатгалын сангийн тайлан, нэгдсэн өгөгдлийн мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгасан юм.

 

Шалгалтаар 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагчийн акт тавигдсан. Тухайн актын хавсралтад нэр бүхий 11 хүний тэтгэврийг илүү бодож олгосон дүнг тусгаж, илүү олгосон тэтгэврийн тооцооллыг хүн тус бүрээр бодож гаргасан. Үүний дотор А.Эын тэтгэвэр 4 482 365 төгрөгөөр илүү олгогдсон байсан. А.Эт өөрт нь энэ талаар тухайн үед танилцуулаад буцаагаад манай сангаас илүү олгогдсон 4 482 365 төгрөгийг төлөхийг шаардахад татгалзсан учир шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Актын 1 дэх хэсэгт А.Э нэр бүхий 11 хүнд илүү олгосон 15 674 296 төгрөгийн тэтгэврийг холбогдох албан тушаалтнуудаар хариуцуулан төлүүлэхийг даалгасан хэдий ч илүү тэтгэвэр авсан нэр бүхий хүмүүсээс хүн тус бүрээр нь илүү төлөлтийг нь гаргуулан авч санд төлүүлэхээр хариуцуулсан заалт юм.

Гэвч үүнийг зарим нэг хүмүүс төлөхгүй гэдэг байдлаар хандаж удаашруулж байгаа учир тэтгэвэр тэтгэмжийн санг хохиролгүй болгон А.Эын илүү авсан тэтгэврийн 4 482 365 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Амарсайханы Энх-Амар нь Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25 жил ажиллаж нас харгалзахгүй гэсэн үндэслэлээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу Нийгмийн даатгалын хэлтэст материалаа бүрдүүлж өгсөн. Материал бүрдүүлсний дагуу нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч С.Өнөрмаа байцаагч нь тухайн тэтгэврийг цэргийн албан хаагчийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан нас харгалзахгүй 25 жилээс доошгүй жил ажиллаж алба хаасан өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэх заалтыг андуурч тус тэтгэврийг тогтоож олгосон. А.Эт өөрт нь энэ талаар тухайн үед танилцуулаад буцаагаад манай сангаас илүү олгогдсон 4 482 365 төгрөгийн зөрүү үүссэн. Үүнийг төлөхийг шаардахад татгалзсан учир шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. гэв.

 

Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 сард миний тэтгэврийг Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэсээс хаасан байсан. Яагаад тэтгэврийг хаасан тухай асуухад нэр бүхий 11 хүнд илүү тэтгэвэр олгосон байна. Та нар түүнийгээ эргүүлэн төл гэсэн хариу өгсөн. Ингээд дээрх 11 хүнээс төлөөлөл болон 5 хүн Улаанбаатар хот орж Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015.06.30-ны өдрийн 112 дугаар актыг тавьсан улсын байцаагч Оюунчимэгтэй уулзаж учир байдлаа хэлсэн. Тэрээр та нар ямар ч буруугүй, тухайн тэтгэвэр тогтоосон холбогдох хүмүүсийн ажилын хариуцлагатай холбоотой гэсэн. Бид хотоос ирээд энэ талаар Нийгмийн даатгалын хэлтэсийн дарга Намсрайсүрэнд танилцуулахаад үүнээс хойш энэ талаар яригдаагүй. Гэтэл 5 жилийн дараа буюу 2020.07.17-нд надаар уг мөнгийг төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Би тэтгэвэр тогтоолгохдоо холбогдох бичиг баримтыг ямар ч зөрүгүй үнэн зөвөөр цаг хугацаанд нь өгсөн, байцаагчид ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, илүү тэтгэвэр олгосон талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул нэхэмжилсэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.

Би 2013 оны 04 дүгээр сард цэрэгжилт хамгаалалтын албанд тасралтгүй 25 жил ажилласан. Би тухайн үед цаг хугацаанд, ном журмын дагуу бичиг баримтаа цуглуулж нийгмийн даатгалын хэлтсийн Өнөрмаа гэх хүнд өгсөн. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 19.2-д зааснаар нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаанаас буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасан байна. Би нийгмийн даатгалын байгууллагыг мэргэжлийн байгууллага, тэтгэвэр тэтгэмж тогтоодог болохоор итгээд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Би худал хуурмаг зүйл бүрдүүлээгүй. Байцаагчид ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Би мэргэжлийн хүн биш. Тухайн үед хяналт нь тавигдаад батлагдаад олгогдсон зүйл. гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас 45, 80 хувиар бодсон, буруу зөв гэдэгт ямар нэгэн маргаан гаргахгүй байгаа. Учир нь төрийн байгууллага нь буруу олгосон албан тушаалтныхаа нөхцөл байдлыг тодорхойлсон гэж үзэж хүндэтгэлтэй хандаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу хариуцагч нь А.Э мөн үү. С.Өнөрмаа гэх хүн байх ёстой. Мөн улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 тоот актыг авч үзэхэд алдаа гаргасан байцаагч хариуцна гэж байна. Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар С.Өнөрмаа гэх хүн хариуцаж санг хохиролгүй болгох ёстой юм. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс хариуцагч А.Эт холбогдуулан илүү олгосон тэтгэвэр болох нийт 4 482 365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Э нь тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлсэн, өөрийн зүгээс гэм буруутай үйлдэл байхгүй тул татгалзан маргасан байна.

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн актаар А.Эын тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу бус Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тогтоосноор тэтгэврийн хэмжээ 173435 төгрөгөөр илүү бодогдож, улмаар 2 жил 2 сар 16 хоногийн хугацаанд нийт 4482365 төгрөгийг илүү олгосон болохыг тогтоож, хариуцагчийн тэтгэврийг бууруулан шинэчлэн тогтоосон байна.

Хариуцагчийн зүгээс тэтгэврийг залруулан тогтоосон аргачлал болон тэтгэврийг буруу тогтоосны улмаас тэтгэврийн хэмжээ буурсан, 4482365 төгрөгийг илүү авсан талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн жинхэнэ хариуцагч нь А.Э биш С.Өнөрмаа байх ёстой талаар тайлбар гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт ... хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр... хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар ... сольж болно. гэж, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй, зөвшөөрөл өгөөгүй байх тул А.Эыг өөр хариуцагчаар солих боломжгүй байна.

 

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно: 1/ тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол; 2/ тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол гэж заасан.

А.Э нь тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бүрдүүлсэн, тэтгэврийн байцаагчид нөлөөлсөн зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, баримтаа үнэн зөв бүрдүүлсэн болох нь гэрч Намсрайсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан Дээрх тэтгэврийн хэмжээг буруу бодоход А.Эын зүгээс материал буруу бүрдүүлснээс эсвэл Энх-Амараас нөлөөлсөн ямар нэгэн нөлөөлөл байхгүй... Төмөр замын цэрэгжүүлсэн гал командын ажилтнууд 25-аас дээш жил ажилласан бол тэтгэвэр авдаг гэтэл хариуцагчийн тэтгэврийг энэ зүйлтэй андуурч олгогдсон. Одоо цэргийн тэтгэврийг 80 хувиар бодож байгаа. Цэрэгжүүлсэн гал командын албан хаагчийн цалинг энгийн иргэдтэй адил 45 хувиар боддог. Одоо 2015 оны шалгалтаар залруулж бодсон тэтгэврийг хариуцагч одоо авч байгаа. гэх мэдүүлэг, гэрч Р.Цэцэгсайханы шүүх хуралдаанд өгсөн Тухайн үед тэтгэврийн байцаагч өөрөө хууль буруу хэрэглээд тэтгэврийг буруу бодсон байна. Тэтгэврийн байцаагчийн гаргасан алдаа байна гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Тухайн тэтгэврийг 45 хувиар бодох байтал 80 хувиар бодож тооцсонд А.Эын зүгээс буруутай үйлдэл байгаа юу? гэх асуултад Байхгүй гэх тайлбар болон зохигчийн бусад тайлбаруудаар тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна. гэж заасан бөгөөд хариуцагчид илүү олгогдсон тэтгэврийг тухайн үед тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан албан тушаалтнаар төлүүлэхээр заасан байна.

Хариуцагчаас шүүх хуралдаанд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт ... буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна. гэж заасан бөгөөд гэм буруутай албан тушаалтан хариуцна гэсэн болохоос биш төлнө гэсэн заалт байхгүй. Иймд төлөхгүй байх үндэслэлтэй гэж тайлбар гаргажээ.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь тэтгэвэр тэтгэмж тогтоолгосон этгээд хуурамчаар баримт бүрдүүлсэн зэрэг зөрчил гаргаагүй буюу даатгалын ажилтны буруутай нь тогтоогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан хариуцан хохирлыг барагдуулна гэж ойлгох нь зүйтэй бөгөөд тэтгэврийн байцаагчийн буруутай үйлдэл байсан нь тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн зохицуулалтыг нийгмийн даатгалын байгууллагын ажилтны санаатай болон болгоомжгүй үйлдлээс үл шалтгаалан тэтгэврийг буруу олгосноос үүссэн хохирлыг зохих албан тушаалтнаар хариуцан төлүүлэхэд хэрэглэх бөгөөд тус заалтыг үндэслэн тэтгэвэр авагч А.Эаас 4 482 365 төгрөгийг шаардах боломжгүй юм.

Зохигч талуудын хооронд иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар үүргийн харилцаа үүсээгүй боловч Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй. гэж заасан. Тэтгэврийн байцаагч нь хуульд зааснаар тэтгэвэр авагчид өндөр насны тэтгэврийг үнэн зөв бодож өгөх үүрэгтэй, хэрэв энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй тохиолдолд учирсан хохирол буюу мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нөгөө талаар хариуцагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан байх бөгөөд тэтгэврийн хэмжээг тооцохдоо тэтгэврийн байцаагч алдаа гаргасан байгаа үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан хариуцагч А.Эаас 4 482 365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА