Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 202/МА2020/00038

 

“Их мөнх наран” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2020/00372 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: ... тоотод байрлах “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.О-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 393 850 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

00000000 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 00000000 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Оийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дашбалжир /зайнаас/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхзул /шүүх хуралдааны танхимаас/, хариуцагч Д.О /зайнаас/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярмаа /зайнаас/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.О нь тус компанийн Замын-Үүд салбарт эрхлэгчээр ажиллаж байхдаа тус компаниас 2017 оны 08-р сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9000000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатай зээлж авсан ба зээлийн гэрээний үүрэг 2019 оны 05-р сарын 27-ны өдөр дуусах байсан. Гэвч Д.О нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба өнгөрсөн хугацаанд дараах байдлаар эргэн төлөлт хийсэн. 2017 оны 09-р сарын 27-ны өдрөөс 2018 оны 12-р сарын 06-ны өдрийг хүртэл 7 удаагийн төлөлт хийж нийт 4086150 төгрөг төлснөөс үндсэн зээлд 2881400 төгрөг, зээлийн хүүнд 1204750 төгрөг төлсөн ба түүнээс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй. Д.Оээс зээлийн төлбөр шаардаж уулзахад хуулийн байгууллагаараа яваад аваарай гэсэн хариуг өгч байсан. 2020 оны 07-р сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6118600 төгрөг, зээлийн хүү 1215950 төгрөг, алданги 3059300 төгрөг, нийт 10393850 төгрөг байна. Д.Оийн зээлийн хүүг Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар, алдангийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон болно. Иймд Д.Оээс зээлийн гэрээний үүрэгт 10393850 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

           Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие 2011 оны 03-р сард И ХХК-ийн Замын-Үүд 1-р салбарт зээлийн мэргэжилтнээр ажилд орж, 2015 онд Замын-Үүд салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 07-р сард ажлаасаа гарсан. 2014 оны 04-р сард И ХХК-ийн ерөнхий захирал О.Нансалмаагаас байр авах гэсэн юм та надад байрны урьдчилгаа мөнгө болох 18000000 төгрөгийг зээлээч би сар бүр цалингаас төлье гэж гуйсан. Тэгэхэд О.Нансалмаа захирал зөвшөөрч 18000000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй өгсөн. Би 2016 оны 05 сар хүртэл сард 720000 төгрөгөөр нийт 17280000 төгрөгийг төлсөн. Тэр үед О.Нансалмаа захиралтай уулзаж би таниас авсан зээлээ төлөхийн тулд хүнээс мөнгө зээлж, цалингаа бүтнээр өгсөөр байгаад өрний сүлжээнд орлоо дээрээс нь амьдрахад хэцүү байна. Та надад зээлсэн мөнгөө хүүгүй болгож өгөөч гэж гуйсан. Тэгэхэд О.Нансалмаа захирал зөвшөөрч 2016 оны 05-р сараас 2017 оны 08 дугаар сар хүртэл би үндсэн зээлэнд 12000000 төгрөгийг төлчихсөн байсан. Гэтэл О.Нансалмаа захирал одоо үлдсэн мөнгөө хүүтэй авна. Чиний надаас зээлсэн мөнгө хүү алдангитайгаа 9000000 төгрөг болсон байна. Чи зээлийн баримт үүсгэ тэгэхгүй бол ажилчдын чинь цалинг өгөхгүй, улирлын эцсийн урамшуулал олгохгүй гэж сүрдүүлсэн. Мөн манай салбарыг хариуцсан ажилтан Д.Удвалцэцэг нь удаа дараа утсаар залгаж та анхан шатны баримтыг 2,5 хувийн хүүтэй үйлдчих тэгэхгүй бол салбарын ажилчдын цалин, урамшууллыг олгохгүй байна, та зээлээ боломжоороо төлж байгаад захиралтай уулзчих гээд өдөр бүр залгаж шахаж шаардаж байсан. Тэгээд би аргагүй байдалд орж  00000000 дугаартай “Ломбард барьцаат зээлийн гэрээ” гэх баримтыг өөрөө үйлдсэн. Энэ үед 9000000 төгрөгийг данс болон бэлнээр би өөрөө аваагүй. Миний бие тухайн үед Замын-Үүд салбарын эрхлэгч хийж байсан. Эрхлэгч цалингийн болон өөрийн нэр дээр зээл авах тохиолдолд салбар хариуцсан, хяналтын ажилтан болон удирдах албан тушаалтантай зээлийн гэрээг байгуулах ёстой байдаг. Гэтэл тэр үед намайг зээл авсан гэдгийг нотлох баримт болгож “Ломбард барьцаат зээлийн гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн. Миний хувьд О.Нансалмаа захирлаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 6000000 төгрөг байсан учир тэрийгээ төлж дуусгая гэж бодоод ажлаас гарах хүртлээ сар бүр төлөлт хийж нийт 4086150 төгрөгийг төлсөн. Ажлаас гарсны дараа зээлээ төл гэж шаардаж байсан учир 2018 оны 08-р сарын 08-ны өдөр И ХХК-ийн ашиглаж байсан Хаан банкны 5374458549 тоот данс руу 1856350 төгрөгийг “Оюунаа” гэсэн утгатай шилжүүлсэн. Мөн 2018 оны 10-р сарын 19-ний өдөр О.Нансалмаа захирлын хаан банкны 5916001088 тоот данс руу 2000000 төгрөгийг “Оюунцэцэгээс өр төлөв” гэсэн утгатай, мөн И ХХК-ийн тухайн үед эрхлэгч хийж байсан Энхсайханы хаан банкны 5916105555 тоот данс руу 1000000 төгрөг, нийт 8942500 төгрөгийг төлж барагдуулсан.. үлдэгдэл 57500 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэжээ.    

 

            Хариуцагч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...миний бие И ХХК-д 2011 онд анх зээлийн мэргэжилтнээр ажилд орж ажиллаж байгаад 2014 оны 04-р сард И ХХК-ийн ерөнхий захирал О.Нансалмаагаас “байр авах гэсэн юм, байрны урьдчилгаа болох 18000000 төгрөгийг зээлүүлээч” гэж гуйхад О.Нансалмаа захирал зөвшөөрч 18000000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Миний хувьд 2014 оны 04-р сараас 2016 оны 05-р сар хүртэл сар бүр 720000 төгрөгөөр нийт 17280000 төгрөгийг зөвхөн хүүнд төлсөн байсан учир О.Нансалмаа захиралтай уулзан зээлсэн 18000000 төгрөгийг хүүгүйгээр төлж дуусгахаар тохиролцон 2016 оны 05-р сараас 2017 оны 08-р сар хүртэл зээлийн үндсэн төлбөрт 12000000 төгрөгийг төлчихөөд байхад О.Нансалмаа захирал 2017 оны 08-р сард надтай уулзахдаа “би чамд зээлдүүлсэн мөнгөө хүү, алдангитай нь 9000000 төгрөг болгож авна” гэсэн. И ХХК нь цалингийн урамшууллыг улирал болгон олгодог байсан ба тухайн үед яг улирлын цалин, урамшуулал олгох хугацаа болчихсон байсан. Замын-Үүд салбарын хариуцан ажилладаг хяналтын ажилтан Д.Удвалцэцэг нь над руу удаа дараа залгаж чи захирлаас авсан зээл дээрээ 19 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэй гээд анхан шатны баримт үйлдчих дараа нь захиралтай уулзаж ярилцаад 9000000 төгрөгөө л төлчих гээд шахаж шаардаад байсан учир би аргагүйн эрхэнд зөвшөөрч зээлийн анхан шатны баримт буюу №00000000 дугаартай 68 Ломбард, барьцаат зээлийн гэрээг өөрөө гарын үсэг зурж үйлдсэн. Зээлийн анхан шатны баримт үйлдсэн тохиолдолд заавал зээлийн гэрээг бичгээр хийх ёстой байдаг учир Замын-Үүд салбарын зээлийн мэргэжилтэн Ананд овогтой Солонго нь Д.О надтай зээлийн гэрээг байгуулах гэсэн боловч салбарын эрхлэгч зээл авч байгаа тохиолдолд төв салбар эсвэл ерөнхий захиралтай гэрээ байгуулан зээл авах ёстой байдаг учир надтай зээлийн гэрээ байгуулаагүй юм. И ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн “68” Ломбард, барьцаат зээлийн гэрээ нь №00000000 дугаартай, харин цалингийн зээлийн гэрээ нь №00000000 дугаартай бөгөөд уг зээлийн гэрээ нь хэдэн хувийн хүүтэй, 9000000 төгрөгийг яаж олгосон нь тодорхойгүй, мөн зээл олгосон Замын-Үүд зээлийн мэргэжилтэн А.Солонгын гарын үсэг байхгүй, салбарын тамга, тэмдэггүй зэргээр И ХХК, Д.О бид нарын хооронд зээлийн гэрээ байгуулаагүй болох нь нотлогдож байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хэлцэл хийсэнд тооцдог бөгөөд талуудын хооронд хуульд заасны дагуу бичгээр гэрээ байгуулагдсан нь нотлогдохгүй. Мөн нэхэмжлэгч байгууллага Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хүү, алданги авах эрхээ алдсан. Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д “...барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул №00000000 тоот цалингийн зээлийн гэрээ, №00000000 дугаартай “68” Ломбард, барьцаат зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү...” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дашбалжир сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...2018 оны 07-р сард компанийн Дотоод аудитын газрын хяналт шалгалтаар тус салбарын үйл ажиллагаанд ноцтой зөрчил илэрсэн бөгөөд салбарын захирал Д.О нь компанийн мөнгөн хөрөнгийг эргэлдүүлж ашиг олох, хөрөнгө завших, бусдын нэр ашиглан хуурамч зээл үүсгэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гаргаж, компанид хохирол учруулсан тул хуулийн дагуу гомдол гаргаснаар 192000025 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа болно. Д.О нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндсэн нэхэмжлэлийг гардаж авсны дараа шүүхэд гаргасан хариу тайлбарт “цалингийн зээл авсан, гэхдээ төлж барагдуулсан, үлдэгдэл 57500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэж бичсэнээ үгүйсгэж бодит үйл баримтыг гуйвуулж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэж заасныг зөрчиж байна. Д.О нь И ХХК-д ажиллаж байх хугацаандаа нэг биш удаа зээл авч байсан бөгөөд компанийн тухайн үеийн мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн дотоод журам, зээлийн үйл ажиллагааны журам, нөхцөлд зааснаар Ерөнхий захирлын шийдвэрээр бага хүүтэй, урт хугацаатай зээл авч болдог байсан тул 2017 оны 08-р сарын 28-ны өдрийн 00000000 дугаартай зээлийн гэрээг байгуулж 9000000 төгрөгийн зээл авсан. Хэдийгээр ажилтан болон албан хаагчдад цалингийн болон бусад зээл олгох шийдвэрийг Ерөнхий захирал гаргадаг ч орон нутагт байрлах салбарын зээлийн гэрээ бүрд өөрийн биеэр гарын үсэг зурах боломжгүй тул салбарын захирал /эрхлэгч/ нар бусад гэрээнүүдийн нэгэн адил зээлийн гэрээг үйлдэж баталгаажуулдаг байсан. Д.О нь зээл авах үедээ салбарын эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байсан, Замын-Үүд салбарын бүхий л зээлийн гэрээ, санхүүгийн баримтуудад компанийг төлөөлөн гарын үсэг зурах, баталгаажуулах эрх олгогдсон байсан тул тухайн өөрийн зээлийн гэрээг ч баталгаажуулсан юм. Мөн Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-т зааснаар Д.О нь И ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбарыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зурж, салбарын тамгаар баталгаажуулсан, нөгөө талаас иргэн Д.Оийн хувьд өөрийн авч буй зээлийн гэрээнд гарын үсэг зурж, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан байна. Энэ нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй бөгөөд хуулиар хориглосон зүйл байхгүй юм. Д.О нь 2017 оны 08-р сарын 28-ны өдөр 00000000 тоот зээлийн гэрээг байгуулан 9000000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатай зээлж авсан нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлд тодорхой мөнгөн дүнг төлсөн болон 2018 оны 10-р сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод компанийн төв оффист ирж уулзахдаа бичиж өгсөн гар өргөдөлд “Д.О миний бие өөрийн зээл болох 7118600 төгрөгийг хугацаа тохирч төлөх      хүсэлтэй байна. Учир нь миний бие одоогоор эрхэлсэн ажилгүй, орлогогүй байгаа тул 14 хоногийн дотор төлж барагдуулах боломжгүй байна. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж өгөөч ээ гэж хүсэж байна.” гэх хүсэлт зэргээр нотлогдож байна. Д.О нь зээл авах хүсэл зориг байгаагүй, зээл аваагүй байсан бол эргэн төлөлт хийхгүй бөгөөд ажлаас чөлөөлөгдсөний дараа хүсэлт гаргаж зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хугацаа хүсэх шаардлагагүй байсан гэж үзэж байна. И ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08-р сарын 28-ны өдрийн 00000000 дугаартай, 9000000 төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хуулийн шаардлагыг хангаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Д.Оийн гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.    

 

            Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Оээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4176250 төгрөг, хүү 354981,27 төгрөг, алданги 12528,75 төгрөг, нийт 4543760,02 төгрөгийг гаргуулан И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5850089,98 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

            Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч Д.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн 00000000 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 00000000 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181252 төгрөгийг, хариуцагч Д.Оийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 87650,16 төгрөгийг гаргуулан И ХХК-д олгож, нэхэмжлэгч И ХХК-иас 158950 төгрөгийг гаргуулан Д.От олгож, хариуцагч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 158950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар,

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

            Хариуцагч Д.О давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 04-р сард Нансалмаа захирлаас байранд орно гэж 18000000 /арван найман сая/ төгрөгийн зээл хүсэж байсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сард би нийтдээ 17280000 /арван долоон сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг энэ байгууллагад төлсөн. Гэтэл Нансалмаа захирал үнэхээр чи амьдралынхаа төлөө энэ зээлийг авсан гэх зэрэг байдлыг харгалзан үзэж зээлийг бол хүүгүй болгосон. Тэгээд хүүгүй болоод үндсэн зээлээсээ төлөөд явахад үлдэгдэл 6000000 /зургаан сая/ төгрөг үлдэхэд Нансалмаа захирал манай хяналтын ажилтан Удвалцэцэг гэдэг хүнээр дамжуулж, энэ зээлээр гэрээ үүсгэж Оюунцэцэгээр хүүгээ төлүүл. Хэрвээ ингэхгүй тохиолдолд чиний болон Замын-Үүд сумын ажилчдын цалин урамшууллыг тавихгүй гэдэг дарамт үүсгэж, миний биш ажилчдын эрх ашиг хөндөгдсөн учраас мөн миний 6000000 /зургаан сая/ төгрөгийн зээл байгаа учраас за яах вэ, эндээ ажиллаж байгаа юм чинь хүмүүсийн эрхийг хөндөөд яах вэ дээ гэж бодоод төлөөд явсан. Гэтэл 6000000 /зургаан сая/ төгрөгийн зээлийг хүүтэй нь нэмээд 9000000 /есөн сая/ төгрөг болгосон. Үүнийг яаж бодсоныг мэдэхгүй байна. Цаанаасаа Удвалцэцэг гэдэг хүнтэй яриад тогтоосон байсан. Тэгээд таны зээл чинь 9000000 /есөн сая/ төгрөг боллоо, та 9000000 /есөн сая/ төгрөг төлнө гэсэн гэрээ хийчих гэж албан шаардлагаар үйлдүүлсэн. Анхан шатны шүүх шийдвэрээ юу гэж гаргасан бэ гэхээр би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тухайн 9000000 /есөн сая/ төгрөгийг дансаараа болон бэлнээр кассаас огт аваагүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа зүйл бол надад олгогдоогүй. Миний гомдлын агуулга нь юу вэ гэхээр би 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа халагдсан. Гэтэл энэ байгууллага миний дансаар 2014 оноос эхлэн байгууллагын бүх үйл ажиллагааг явуулдаг байсан. Бүх үйл ажиллагаа гэдэгт зээлийн олголт болон ажилчдын цалин, бусад бүх зузаатгал зэргийг ойлгоно. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллахаа больж, миний дансаар энэ гүйлгээнүүд хийгдэхээ больсон. Би ажлаас гарснаас хойш 2018 оны 08 дугаар сарын 08-нд 1856350 /нэг сая найман зуун тавин зургаан мянга гурван зуун тавь/ төгрөг 2018 оны 10 дугаар сарын 19-нд 2000000 /хоёр сая/ төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 19-нд 1000000 /нэг сая/ төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 16-нд 1000000 /нэг сая/ төгрөг гээд нийт 5856000 /таван сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөг төлчихсөн байхад 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 2000000 /хоёр сая/ төгрөгийг маань хасаж тооцоогүй шийдвэр гарсан. Иймд тухайн 2000000 /хоёр сая/ төгрөгийг маань хасуулж өгөөч ээ гэсэн гомдол гаргасан...” гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Оийн хувьд 2017 оны 07 дугаар сарын 31ний өдөр салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа байгууллагын мөнгөн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр эргэлдүүлж олж, хувьдаа завшсан зээл авсан гэх үндэслэлээр ажлаасаа халагдсан. Д.О анх 2014 онд Нансалмаагаас 18000000 /арван найман сая/ төгрөгийг зээлж авч, 2017 оны 08 дугаар сар хүртэл хэвийн төлж явж байгаад Нансалмаа захирлын дарамтад орж 00000000 дугаартай барьцаат зээлийн гэрээг өөрөө үйлдсэн. Зээлийн баримт болон зээл хүссэн баримтуудыг И компаниас Замын-Үүд салбарын 68 ломбард барьцаат зээлийн газарт 2 сар тутамд шалга гэсний дагуу энэ зээлийн гэрээнд зээл хүссэн анкет, хүсэлт зэргийг заавал байлгах ёстой гэсний үндсэн дээр Д.О нь хуурамчаар энэ баримтууд үйлдсэн байгаа. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д.О нь 9000000 /есөн сая/ төгрөгийг 68 ломбард барьцаат зээлийн газраас бэлнээр аваагүй нь зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан А.Солонгын мэдүүлэг, мөн 68 ломбардын үйл ажиллагаандаа ашиглаж байсан Оюунцэцэгийн ХААН банкны 5374458549 тоот данснаас 9000000 /есөн сая/ төгрөгийн зарлага гараагүй болохыг нотолсон дансны хуулга зэргээр зээл аваагүйг нотлохдоо Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай буюу иргэний өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан байхад Д.О маань тухайн үед хийсэн хэлцлээ хэдийгээр хуурамчаар бүрдүүлээд өгсөн боловч энэ талаар нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй учраас зээлийн үлдэгдлээ болон нэгэнт зээл хийсэн учраас хэлцлийн төлбөрөө төлж дуусгая гэж байгаа. Гэхдээ Д.Оийн 5574458549 тоот данснаас 5380003040 тоот данс руу зээлийн төлбөр гэж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 848000 /найман зуун дөчин найман мянга/ төгрөг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1066000 /нэг сая жаран зургаан мянга/ төгрөг, нийт 1914000 /нэг сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг Д.Оийн буцаан төлөлт гэснийг нотлоогүй гэх үндэслэлээр зээлийн төлбөрөөс хасаж тооцоод анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Манай зүгээс үүнийг ХААН Банкны лавлагаагаар үндэслэдэг. Тухайн лавлагаанд 5380003040 тоот данс руу Д.О нь 50000000 /тавин сая/ төгрөгийн зээлийг олгосон байна. Зээлийн хүү 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 831000 /найман зуун гучин нэгэн мянга/ төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 1066000 /нэг сая жаран зургаан мянга/ төгрөг төлсөн байна гэсэн лавлагааг үндэслэж анхан шатны шүүх зээлийн төлбөрөөс хасаж И ХХК-ийн мөнгөн хөрөнгө юм байна гэж үзсэн. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллага маань Д.Оийн зээлийн төлбөрт төлөгдсөн 1914000 /нэг сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг И ХХК-ийн мөнгөн хөрөнгө гэдэг нь нотлоогүй болон 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, 09 дүгээр сарын 21-ний өдөр Д.Оийн төлөлт И ХХК-ийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан дансанд манай мөнгөн хөрөнгө байсан юм. Энэ нь манай хөрөнгө юмаа гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн банкны лавлагаа болон Д.Оийн харилцах данснаас харилцах данс руу татсан зээлийн хөрөнгийг И ХХК-ийн мөнгөн хөрөнгө гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. И ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргахдаа зээлийн үлдэгдлийг 6118600 /зургаан сая нэг зуун арван найман мянга зургаан зуу/ төгрөг гэж тодорхойлсон. Энэ нь дээр нэхэмжлэл гаргахдаа хавсарсан материалыг зээлийн төлөлт дээр тэмдэглэхдээ 10 дугаар сарын 06-ны өдөр 300000 /гурван зуун мянга/ төгрөг 11 дүгээр сарын 04-ний өдөр 500000 /таван зуун мянга/ төгрөг 12 дугаар сарын 02-ны өдөр 600000 /зургаан зуун мянга/ төгрөг 01 сарын 04-ны өдөр 600000 /зургаан зуун мянга/ 03 дугаар сарын 02-ны өдөр 186100 /нэг зуун наян зургаан мянга нэг зуу/ төгрөг 04 дүгээр сарын 04-ны өдөр 600000 /зургаан зуун мянга/ төгрөг 12 дугаар сарын 16-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг төлж үлдэгдлийг 6118600 /зургаан сая нэг зуун арван найман мянга зургаан зуу/ төгрөг гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл Д.О маань ажлаасаа халагдсаны өдрөөс хойш 10 дугаар сарын 16-нд И ХХК-ийн Замын-Үүд салбар 68 ломбардын эрхлэгчээр ажиллаж байсан Энхсайханы ХААН банкны дансанд 1000000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл гаргахдаа энэ мөнгийг суутгасан талаар буруу тэмдэглэсэн болон нэхэмжлэгч талын төлөөлөгч энэ талаар ерөөсөө тайлбарладаггүй, нэхэмжлэлд дурдаагүй. Харин 12 дугаар сарын 16-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөгийг төлсөн юм аа гэж үзэж анхан шатны шүүх хасаагүй, шүүгч маань хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв хянаж үзсэнгүй гэж үзэж байна. Д.Оийн хувьд зээлийн төлөлтөөс төлсөн төлбөрөө хасуулаад 1373328 /нэг сая гурван зуун далан гурван мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар үнэн зөв, бодитой үнэлж чадаагүй учраас энэ нотлох баримтуудыг үнэлээд анхан шатны шүүхийн шийдвэрээс хасаж өгөхийг хүсэж байна...” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дашбалжир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллагын зүгээс ерөнхийдөө анхан шатны шүүх хуралдаанд шаардлагатай бүх нотлох баримтуудыг баримттайгаар гаргаж өгсөн байдаг. 2011 онд И ХХК-ийн Замын-Үүд дэх салбарт Д.О нь зээлийн ажилтнаар ороод 2015 онд эрхлэгчээр томилогдож ажилласан. Үүнээс хойш 2017 онд ерөнхий захиралд зээл хүссэн хүсэлтийг амаар гаргасны дагуу манай ерөнхий захирал байгууллагын дотоод журмын 7.11-т заасны дагуу ажилтанд хөнгөлөлт үзүүлэх зорилгоор тухайн зээлийг олгох шийдвэрийг гаргасан. Уг 9000000 /есөн сая/ төгрөгийн зээл бэлнээр гарсан байгаа. Тухайн зээлийг графикийн дагуу төлж явж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш огт зээл төлөлт хийгээгүй. Тухайн үед зээлийн төлөлтийн үлдэгдэл 7118600 /долоон сая нэг зуун наян зургаан мянга/ төгрөг байсан. Энэ үлдэгдлийн зээлийн төлбөрийг төлүүлэхийн тулд манайх шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хариуцагч талын гомдлыг сонсоход 2000000 /хоёр сая/ төгрөгийг зээлээс хасуулах хүсэлтэй байна аа гэж ерөнхийдөө ойлгож байна. Тухайн төлөлт хийгдсэн гэх мөнгөн дүн дээр тайлбар гаргая гэж бодож байна. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 1656000 /нэг сая зургаан зуун тавин зургаан мянга/ төгрөгийг тухайн зээлийн ажилтан н.Солонго, эрхлэгчээр ажиллаж байсан Д.О нарын барьцаатай эд зүйлийг хаагдсан буюу барьцаатай эд зүйл тавиад буцаагаад тэр зээлээ хаасан мөнгөн дүнгийн нийлбэр дүн байна гэж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд баримттайгаар гаргаж өгсөн байгаа. Энэ мөнгө маань 1856350 /нэг сая найман зуун тавин зургаан мянга буюу гурван зуун тавь/ төгрөг буюу яг тухайн 2 зээл хаагдсан мөнгөн дүнгээр манай данс руу орж ирсэн байгаа. Төлөлтийн утга дээр Оюунаа гэж бичээд ороод ирсэн. Тухайн өдөр буюу 08 дугаар сарын 08-ны өдөр салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Д.О ажлаасаа гарчихсан байсан. Харин тэр өдөр 2 зээлийг хаах мөнгөн нийлбэр дүнгээрээ орж ирсэн. Мөн 2000000 /хоёр сая/ төгрөгийг Нансалмаа захирлын данс руу хийсэн. Энэ мөнгө зээлээс хасагдах ёстой байсан гэж гомдол гаргаж байна. Энэ мөнгө 2018 оны 08 дугаар сарын 20-нд нэг удаа 2018 оны 09 дүгээр сарын 2-нд хоёр дахь удаа буюу 1914000 төгрөгийн төлөлтийг Д.Оийн нэр дээрх өөрийн ХААН банкны төлөлтийг манай байгууллагын данснаас татсан учраас Нансалмаа захирлын данс руу буцаагаад 2000000 /хоёр сая/ төгрөгийг хийсэн байгаа. 2018 оны 10 дугаар сарын 19-нд 1000000 /нэг сая/ төгрөг Энхсайхан гэх данс руу орж ирсэн. Гэтэл Д.О тухайн мөнгийг бэлнээр авчирч өгсөн гэж шүүх хуралдаанд хэлж байсан. Гэтэл энэ мөнгийг дансаар олгосон нь хавтаст хэрэгт авагдсан баримтад тодорхой гаргаж өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 19-нд орж ирсэн 1000000 /нэг сая/ төгрөгийг яагаад зээлээс 12 дугаар сард хассан бэ гэхээр Д.О нь 2018 оны 04 дүгээр сараас хойш зээлээ нэг ч удаа төлөөгүй. Гэтэл 2018 оны 10 дугаар сард 1000000 /нэг сая/ төгрөг хийсэн. Манайх дотоод сүлжээний программыг ашигладаг. Энэ программ дээр зээлийн гүйцэтгээгүй үнийн дүнгээс буюу үндсэн зээлээс гэсэн 2 төлөлтөөс зээл төлөлтийн таталт хийгддэг. 2018 оны 04 дүгээр сараас хойш 10 дугаар сар хүртэл хүү, алданги маш өндөр болсон байсан. Тухайн үед би ажилд ороод удаагүй, дадлагажих ажилтан байсан тул зээлийг хасах гэхэд хүү, алданги нь маш өндөр байсан учраас хасах эрх мэдэл нь надад байгаагүй. Иймд 2018 оны 10 дугаар сарын 16-нд төв оффисын удирдлагууд болон ерөнхий нягтлангийн зөвшөөрлөөр огт хүү, алданги авахгүйгээр 7118600 /долоон сая нэг зуун арван найман мянга зургаан зуу/ төгрөгөөс 1000000 /нэг сая/ төгрөгийг хасаж үндсэн зээлийн үлдэгдэл 6118600 /зургаан сая нэг зуун арван найман мянга зургаан зуу/ төгрөг байна гэж нэхэмжилсэн байгаа. Тэгэхээр үүнийг 12 дугаар сарын 16-нд төлсөн юм. Дахиж 1000000 /нэг сая/ төгрөг хасуулах гэсэн үндэслэлийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И ХХК-д Д.О нь 2011 оноос хойш ажилд орж нийтдээ 7 жил ажиллаад ажлаас халагдсан байдаг. Тухайн хугацаанд өөрийн хүсэл зорилгоо илэрхийлээд зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн зүйл огтоосоо байхгүй. Өөрөө зээл хүсэгчийн анкетыг өөрийн гараараа бичээд хийсэн. Дээр нь зээл хүсэхэд бүрдүүлдэг материалуудыг хэрэгт хавсаргаад хийсэн байдаг. Мөн үүнийхээ дагуу зээлээ төлж байсан нь барьцаат зээлийн графикаар төлж байсан баримтуудаар нотлогддог. Зээл олгох зөвшөөрлөө Нансалмаа захирал өгөөд олгосон нь мөн нотлогддог. Нэхэмжлэгч талын хувьд зээл олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Харин маргаад байгаа 2000000 /хоёр сая/ төгрөг, 1000000 /нэг сая/ төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасах байсан гэж байгаад тайлбар хэлье. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч асуухдаа энэ 1000000 /нэг сая/ төгрөг дээр нь дахиад бэлэн мөнгө өгсөн юм уу? гээд Д.Оээс асуухад би яг бэлэн 1000000 /нэг сая/ төгрөг өгснөө санахгүй байна. Гэхдээ хасагдах ёстой гэдэг. Яах уу он сар өдрийг зөрүүлээд биччихсэн болохоор энэ хүнд ашигтай байдлаар хариулахыг үгүйсгэхгүй. 10 дугаар сарын 19-нд хийсэн 1000000 /нэг сая/ төгрөгийг 12 дугаар сарын 16-ны өдөр дотоод программаар дээрээ бүх хүү, алдангийг тооцохгүй хасаад 6118000 /зургаан сая нэг зуун арван найман мянга/ төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Өөр бэлнээр өгсөн 1000000 /нэг сая/ төгрөгийн асуудал огтоосоо байхгүй. Тэгэхээр энэ мөнгө зээлийн гэрээний үүргээс хасагдсан төлбөр учраас дахин хасагдах үндэслэл байхгүй. Мөн н.Нансалмаа захирлын данс руу хийсэн 2000000 /хоёр сая/ төгрөгийг ХААН банкны баримт гараад ирэнгүүт ярьж эхэлсэн байдаг. Зээл авсан баримтыг ХААН банкнаас татаж авч хийлгэе гээд хавтаст хэрэгт хавсаргасан чинь энэ мөнгө миний мөнгөн хөрөнгө юм гэж   маргаж орж ирсэн. Гэтэл энэ хүн 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халагдсан ч гэсэн 2011 оноос хойш энэ И ХХК-ний зээлийн үйл ажиллагаа 5374458549 гэсэн тоот дансаар бүх үйл ажиллагаа явж байсан. 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл энэ дансаар хэдийгээр ажлаас гарсан ч гэсэн зээл олгогдохгүй, харин бусад оролцогчдын зээл орж ирж байсан гэдгийг анхан шатны шүүхийн хуралдаанд ярьсан. Д.О мөн өөрөө хүлээн зөвшөөрч мөнгө нь орж ирдэг би бэлнээр авч компанид өгдөг гэсэн үйл баримтыг ярьдаг. Хавтаст хэрэгт авагдсан 2 дансны хуулганд зээлийн сунгалт, зээлийн хүү гэсэн мөнгөнүүд орж ирж байсан. Тэгэхээр энэ компанийн хөрөнгө учраас үүнийг Д.Оийн хөрөнгө гэх үндэслэл байхгүй. Хэрвээ Д.Оийн хөрөнгө юм бол ямар эх үүсвэрээс, хэзээ, хаанаас орж ирсэн мөнгө болоод хасах байсан юм бэ энэ нотлогддоггүй юм. Тэгэхээр үүнийг зээлийн гэрээний үүргээс хасах үндэслэл байхгүй, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 6118600 төгрөг, зээлийн хүү 1215950 төгрөг, алданги 3059300 төгрөг, нийт 10393850 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.О эс зөвшөөрч “... 9000000 төгрөг зээлээгүй, ... гэрээг дүр үзүүлэн хийсэн, ... нийт 8942500 төгрөг төлсөн ...” гэж маргаж, “... 00000000 дугаартай болон 00000000 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-р сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хуулийн шаардлагыг хангаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй ...” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг хэрэглэж хариуцагч Д.Оээс нийт 4543760,02 төгрөгийг гаргуулан И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5850089,98 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч Д.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн 00000000 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 00000000 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэснийг хариуцагч Д.О эс зөвшөөрч “...ажиллаж байх хугацаандаа 3086150 төгрөг, ... ажлаас халагдсаны дараа ... нийт 5856350 төгрөгийг төлсөн, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1000000 төгрөгийг, мөн ХААН банкны зээлэнд татагдсан гэх 1914000 төгрөгийг зээлийн төлбөрөөс суутгаж тооцоогүй нь үндэслэлгүй, ... 1914000 төгрөг нь миний өөрийн хөрөнгө ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Оийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Д.О нь нэхэмжлэгч “И” ХХК-ийн Замын-Үүд салбарт эрхлэгчээр ажиллаж байхдаа  2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч “И” ХХК-аас 9000000 төгрөгийг 19 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлэхээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан тухай үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхдээ 00000000 дугаартай гэрээг хүчин төгөлдөр гэрээ, 00000000 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэл бүхий байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан  нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцжээ.

 

Тодруулбал хариуцагч нь гэрээнд зээлийн үнийн дүнг 9000000 төгрөг гэж заасан боловч 9000000 төгрөг зээлээгүй, өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцож уг дүнгээр гэрээ хийсэн гэж  маргасан байх ба тэрээр 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн гараар бичсэн хүсэлтдээ /хх-111/ тухайн өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7118600 төгрөг байгаа талаар дурдсан нь зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн төлөлтийг бүртгэсэн баримтаас /хх-9/ зөрүүгүй, уг баримтыг хариуцагч өөрөө үйлдсэн болохоо үгүйсгээгүй, зээлийг хэсэгчлэн төлж байсан зэргээс түүнийг тухайн баримтыг үйлдэхдээ хүчинд автаж, өөрийн хүсэл зоригийн эсрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг нотлуулахаар шүүх хуралдаанд  Т.Гэрэлмаагаас гэрчийн мэдүүлэг авахуулсан байх ба гэрч “... чи авсан зээлээ үнэн зөвөөр бичиж өг гээд байсан ..” гэж мэдүүлсэн байх ба энэ нь хариуцагчийг тухайн баримтыг үйлдэхдээ хүчинд авсан гэх үндэслэл, нөхцөл болохгүй.

 

Мөн гэрч цааш мэдүүлэхдээ  “... зээлүүдээ хүлээн зөвшөөр гээд Нансалмаа хэлсэн чинь Оюунцэцэг би энэ зээлүүдийг аваагүй та мэдэж байгаа биз дээ гэж хэлж байсан ...” гэсэн нь хариуцагч Д.Оийн өөрийн нэр дээрх зээлд хамааралтай үйл баримт гэж үзэх үндэслэлгүй ба 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн гараар бичсэн хүсэлтэд дурдагдсан өөр зээлдэгч нарын зээлийн өр төлбөрийн асуудалд илүү хамааралтай байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.О нь нэхэмжлэгч байгууллагаас 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 9000000 төгрөгийг зээлээгүй гэх нөхцөл үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь ийнхүү татгалзлаа буюу өмнөх гэрээний үүрэг болон түүний хэмжээг нотлоогүйн гадна хэрвээ талууд өмнөх зээлийн үлдэгдэлд үүрэг тооцож зээлийг 9000000 төгрөг байхаар  тохиролцсон бол энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор өмнөх үүргийн харилцаа дуусгавар болж шинэ үүрэг үүсэх үндэслэл болдог тул энэхүү тохиролцоо нь хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан ”“68” ломбард барьцаат зээлийн гэрээ” баримтыг хариуцагч Д.О өөрөө үйлдсэн нь түүнийг хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн буюу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзнэ.

 

Улмаар хариуцагч Д.Оийн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч тал хүлээн авч зээлийг олгосноор хариуцагч зээлийг тодорхой хуваарийн дагуу төлж байсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т заасан гэрээг бичгээр байгуулсанд тооцох үндэслэлд нийцсэний гадна анхан шатны шүүх зээлийн гэрээний хүүг 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар буюу 3 сар 12 хоногоор тооцож нийт 354981,27 төгрөгийг зээлийн хүүд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус нийцсэн.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “хугацаа хэтэрсэн зээлэнд 0,3% алданги тооцно” гэж заасныг талууд анзын талаар бичгээр тохиолцсон гэж үзэж нийт зээл 4176250 төгрөгийн 0,3% аар тооцож алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасан гэрээг тайлбарлах аргад нийцсэн, мөн үүргийн гүйцэтгэлийн хангах аргыг хэрэглэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг тооцохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс хариуцагчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 1856350 төгрөгийг хассан, харин 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 2000000 төгрөгөөс 1914000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр төлсөн гэх 1000000 төгрөгийг хасаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэсэн, үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэв.

 

            Учир нь нэхэмжлэгч тал хариуцагч Д.Оийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 2000000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцохгүй байгаа үндэслэл шалтгаанаа  “хариуцагчийн нэр дээрх боловч байгууллагын хэрэгцээнд ашиглагдаж байсан дансанд зээлдэгч нараас төлж төвлөрсөн  зээлийн мөнгөнөөс хариуцагчийн зээлийг банк суутган авсан тул уг 2000000 төгрөгийг уг төлбөрт суутгаж тооцсон ба зээлийн гэрээний үүрэгт тооцохгүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж, энэ нь хэрэгт авагдсан иргэдийн харилцах данс, хугацаагүй хадгаламж, цахим үйлчилгээний гэрээнд /хх-78/ зааснаар ХААН банкны 5374458549 дугаартай дансыг хариуцагч Д.О болон Л.Энхсайхан нар хамтран эзэмшиж, улмаар уг дансыг нэхэмжлэгч байгууллагын албан хэрэгцээнд ашиглаж байсан, Л.Энхсайхан нь мөн нэхэмжлэгч байгууллагын ажилтан болох нь тус тус зохигчдын тайлбараар тогтоогдсон ба хариуцагч Д.О нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ХААН банкнаас бизнесийн зориулалтаар авсан зээлийн төлбөрийг сар бүр дээрх дансанд буюу  5374458549 тоот дансанд төвлөрүүлэхээр үүрэг хүлээж /хх-167/, улмаар ХААН банк уг данснаас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 848000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1066000 төгрөгийг тус тус уг зээлд суутган татсан /хх166/ нь тогтоогджээ.

            Эндээс үзвэл ХААН банкны 5374458549 дугаартай дансыг хариуцагч Д.О эзэмшдэг байх боловч тэрээр уг дансыг хувийн хэрэгцээндээ болон  нэхэмжлэгч байгууллагын албан хэрэгцээнд давхар ашиглуулж байснаас тухайн дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг зөвхөн түүний өмч хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байх ба хариуцагч нь дээрх данснаас түүний ХААН банкин дахь зээлэнд суутган тооцогдсон 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 848000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1066000 төгрөгийг, нийт 1914000 төгрөгийг өөрийн хувийн өмч хөрөнгө буюу өөрийн төвлөрүүлсэн орлого болохыг нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүрэг нь хариуцагчид байсан байна.

 

            Улмаар анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ “...Уг мөнгийг Д.О нь И ХХК-нд буцаан төлсөн талаар нотлоогүй...” гэж үзэж зээлийн төлбөр, нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зарчимд нийцжээ.

 

            Мөн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 1000000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч уг мөнгийг зээл 7118600 төгрөгөөс хассан, ийнхүү хасахдаа цаг хугацааны хувьд огноог 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тооцоог хийсэн гэх ба хариуцагч мөн дээрх үйл баримтыг үгүйсгэж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 1000000 төгрөгийг дансаар, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр 1000000 төгрөг тус төлсөн талаар тайлбар гаргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нь бэлнээр 1000000 төгрөг төлснөө нотлоогүй ба түүний  2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 1000000 төгрөг нь зээлийн гэрээний үүрэгт тооцогдоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Иймд хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2020/00372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Оийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  87650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                                     ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ