Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00340

 

“М н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2020/00372 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 202/МА2020/00038 дугаар магадлалтай,

“М н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.От холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,393,850 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

0040923 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 42700 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М н ХХК нь хариуцагч Д.От холбогдуулан нэхэмжлэл гарган, ...2017.08.28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүд нийт 4,086,150 төгрөг төлсөн, ...одоо үндсэн зээл 6,118,600 төгрөг, зээлийн хүү 1,215,950 төгрөг, алданги 3,059,300 төгрөг, нийт 10,393,850 төгрөг гаргуулна гэж шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...9,000,000 төгрөг зээлээгүй, зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, гэвч энэ гэрээний дагуу ...нийт 8,942,500 төгрөг төлсөн” гэж марган, ...42700 болон 0040923 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2020/00372 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Оээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,176,250 төгрөг, хүү 354,981.27 төгрөг, алданги 12,528.75 төгрөг нийт 4,543,760.02 төгрөгийг гаргуулан И М Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,850,089.98 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Д.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн 0040923 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 42700 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,252 төгрөгийг, хариуцагч Д.Оийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 87,650.16 төгрөгийг гаргуулан И М Н ХХК-д олгож, нэхэмжлэгч И М Н ХХК-иас 158,950 төгрөгийг гаргуулан Д.От олгож, хариуцагч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 158,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 202/МА2020/00038 дугаар магадлалаар: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2020/00372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Оийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.О миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сумын шүүхийн 2020.10.27-ны өдрийн 137/ШШ2020/00372 дугаар шийдвэр, мөн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.22-ны өдрийн 202/МА2020/00038 дугаар шийдвэрийг 2021.01.06-ны өдөр Замын-Үүд сумын шуудангийн хүргэлтээр тус тус хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна. Д.О миний бие нь 2014 оны 04 дүгээр сард И М Н ХХК-ийн захирал О.Нансалмаагаас 18,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Энэхүү зээлээ Д.О миний бие нь 2016 оны 05 дугаар сар хүртэл сар бүр 720,000 төгрөгийг хүүндээ тогтмол төлсөн. Тухайн үед Д.О миний бие И М Н ХХК-д зээлийн мэргэжилтнээр ажилладаг байсан. Сарын цалин 600,000 төгрөг авдаг байсан тул зээлийн хүүгээ төлөхөд цалин хүрэлцдэггүй байсан. Ингээд миний бие бүх цалингаа өгөөд дээрээс хүүнд дутаж байгаа 120,000 төгрөгийг хүнээс зээлж төлдөг байсан. Гэтэл энэ байдлаас болж Д.О миний бие өрийн сүлжээнд орж төлж чадахгүйд хүрсэн. 2014 оны 4 сараас 2016 оны 5-р сар хүртэлх хугацаанд Д.О миний бие нь О.Нансалмаад 17,280,000 төгрөгийг хүүндээ төлсөн юм. Өөрийн энэхүү хүнд байдлыг Захирал О.Нансалмаад учирлан хэлж зээлийг хүүгүй болгож өгөөч, би үндсэн зээлээ төлж явмаар байна гэдгээ хэлэхэд О.Нансалмаа зөвшөөрч зээлээ төлж эхэлсэн. Д.О миний бие нь чадах чинээгээрээ энэхүү зээлээ төлж мөн нөхрөө цалингийн зээлийг нь нэмүүлэн банкнаас 4,000,000 төгрөг мөн сар бүр хасалт хийсээр байгаад 2017 оны 08 дугаар сар хүртэл 13,000,000 төгрөгийг төлж зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг үлдсэн байсан. Д.О миний бие нийтдээ энэ О.Нансалмаад 30,280,000 төгрөгийг төлсөн. 2017 оны 8-р сард захирал О.Нансалмаа нь өөрөө залгаад үлдэгдэл зээл 6,000,000 төгрөгөн дээр хүү алданги тооцоод 9,000,000 төгрөг болгоод зээлийн анхан шатны баримт үйлдэж өөрийн нэр дээр зээл үүсгэ хэмээн дарамталж эхэлсэн. 2017 оны 8 дугаар сард Д.О миний бие М н ХХК-ийн Замын-Үүд дэх салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Хүүгүй зээл төлж явсныг гэрч А.Солонго нь мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байсан. Манай салбарт 3-4 хүн ажилладаг байсан. О.Нансалмаа нь энэхүү зээлээ хүлээн зөвшөөрөхгүй бол чиний болон ажилчдын цалин мөн улирлын урамшууллыг олгохгүй хэмээн дарамталсан учир Д.О миний бие бусдын эрх ашиг хөндөгдсөн тул аргагүй байдалд орж хүлээн зөвшөөрсөн. Гэрч А.Солонгын мэдүүлгээр нотлогдоно. 40923 кодтой барьцаат зээлийн гэрээ нь зөвхөн барьцаатай зээлэнд хүчин төгөлдөр байдаг. /алт монет автомашин мөнгөн эдлэл/ гэх эд зүйлсийг барьцаалж зээл олгоход үйлдэгддэг юм. Энэхүү ломбард нь зөвхөн барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлэх хуулийн эрх бүхий байгууллага. Барьцаагүй зээл олгох боломжгүй юм. Халамж болон цалингийн зээлийг барьцаагүй гаргадаг байсан. Энэ нь хууль бус зээл юм. Энэхүү ломбард нь барьцаагүй зээл олгохдоо: Зээлийн анхан шатны баримт, хоёр талын харилцан тохиролцсон зээлийн гэрээ /нотариатаар 2 хувь баталгаажуулж үйлдэгддэг/, зээлийн эргэн төлөлтийн график /нотариатаар 2 хувь баталгаажуулж үйлдэгддэг/, мөнгө төгрөгийн зээлийг бэлнээр болон дансаар олгосон баримтан дээр хоёр талын гарын үсгээр баталгаажсан баримт үйлдэгддэг. Гэтэл 2 шатны шүүх зөвхөн зээлийн анхан шатны баримт 40923 кодтой баримтыг үндэслэж дүгнэж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: 9,000,000 төгрөгийг 19 сарын хугацаатай 2.5 хувийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан тухайд маргаагүй боловч уг зээлийг 2017.08.28-ны өдөр Д.О намайг бодитоор авсан эсэх талаар тодорхой зүйлийг асууж лавлаагүй болно. Миний бие уг 9,000,000 төгрөгийг аваагүй гэдгээ тодорхой ярьж мөн гэрч А.Солонгоос асуулт асууж байсан. 2018.10.14-ний өдөр О.Нансалмаа, С.Болдбаатар хуулийн зөвлөх Уянга нарын дарамтанд Д.О миний бие гараар бичиг хийж өгсөн. Үүнийг хамт байсан Т.Гэрэлмаагийн гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдаж байхад Т.Гэрэлмаагийн мэдүүлгийг гуйвуулж харилцагчид хамааралтай мэтээр дүгнэж байгааг ойлгохгүй байна. Энэ зээлийг аваагүй гэдгийг та мэдэж байгаа биз дээ хэмээн уйлж байгаад бичиж өгснийг үнэнээр нь гэрчилсэн. Үүнийг нотлох баримт гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллага уг 9,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар авсан эсэхийг нотлоогүй. Уг 9,000,000 төгрөгийг зээлээгүй гэх нөхцөл үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн. Ингэж үзэх үндэслэл байхгүй. Учир ньМ н” ХХК-ийн ашиглаж байсан хаан банкны 5374458549 тоот данснаас 2017.08.28-ны өдөр 9,000,000 төгрөгийн дансны гүйлгээ хийгдээгүй болно. Энэ нь хэрэгт авагдсан 5374458549 тоот дансны хуулгаар нотлогдоно. 2017.08.28-ны өдөр М н ХХК-ийн Замын-Үүд дэх салбарын зээлийн мэргэжилтэн А.Солонго нь тухайн өдрийн орлого зарлагын гүйлгээг хянаж өдрийн тооцоог орой бодож хааж нэгтгэсэн юм. Д.О намайг 2017.08.28-ны өдөр 9,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр аваагүй гэдгийг тухайн өдөр ажиллаж байсан А.Солонгыг гэрчээр татуулж А.Солонгын мэдүүлгээр нотлогдож хэрэгт авагдсан материалд байгаа. Д.О миний бие ёстой хүнлэг чанар гаргаж энэхүү зээлээс төлж явсан нь үнэн. Д.О миний бие ажиллаж байх хугацаандаа: 2017.10.03-нд 600,000, 2017.11.04-нд 500,000, 2017.12.02-нд 600,000, 2018.01.04-нд 600,000, 2018.03.02-нд 186,100, 2018.03.04-нд 600,000, нийт 3,086,100 төгрөгийг төлсөн. Ажлаас гарснаас хойш төлсөн зээлийн төлөлтүүд: 2018.08.08-нд 1,856,350, 2018.10.19-нд 2,000,000, 2018.10.19-нд 1,000,000, 2018.12.16-нд 1,000,000, нийт 5,856,350 төгрөгийг төлсөн. Гэтэл миний төлсөн 2018.10.19-ний өдрийн О.Нансалмаагийн дансанд хийсэн 2,000,000 төгрөг, 2018.12.16-ны өдрийн 1,000,000 төгрөгүүдийг зээлээс хасах үндэслэлгүй гэж үзсэн. Миний хувьд үндэслэл байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллага Замынүд сум дахь сум дундын шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 2018.12.16-ны өдрийн 1,000,000 төгрөгийг хасаж тооцсон байсан. Гэтэл тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашбалжир энэхүү 1,000,000 төгрөгийг 2018.10.19-ний өдрийн төлсөн 1,000,000 төгрөгийг 12 сарын 16-ны өдөр хассан гэж мэдүүлсэн. Ингэхдээ өөрийн дадлагажих ажилтан байсан хасах эрхгүй байсан гэж мэдүүлсэн боловч үүнийгээ нотлоогүй. Учир нь энэхүү ломбард нь 3-4 хүн ажилладаг. Ганц дадлагажих ажилтны зээлийн төлөлт хасах эрхгүйгээс болж харилцагчийн зээлийг бүтэн 2 сарын дараа хасаж хүү алданги явуулаад байж болохгүй зүйл юм. Энэ хүний ажлыг зааж дадлагажуулах зээл олгох зээлийн хасалт хийх ямар нэгэн эрх бүхий ажилтан хамт ажиллаж байх ёстой гэж үзэж байна. 2018.10.19-ний өдрийн О.Нансалмаагийн дансанд хийсэн, 2,000,000 төгрөгийг Д.О миний хаан банкнаас авсан 50,000,000 төгрөгийн зээлийн төлөлт хэмээн үзсэн. Гэтэл тэр хаан банкны төлөлт нь яг 2,000,000 төгрөг биш бөгөөд 2018.08.20-нд 848,000, 2018.09.21-ний өдрийн 1,066,000 төгрөгүүд болно. Нийт 1,914,000 төгрөг. Энэ зээлийн төлөлтийг О.Нансалмаад төлөх ямар ч шаардлага байхгүй. Учир нь би өөрийн хувьдаа эзэмшдэг хугацаагүй хадгаламжийн 5374458549 тоот данснаас зээлээ төлсөн болно. Нэхэмжлэгч байгууллага Д.О миний хугацаагүй хадгаламжийн 5374458549 тоот дансан дахь мөнгийг өөрийн мөнгө гэдгээ нотлоогүй байхад Д.О намайг Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүх өөрийн мөнгө гэдгийг нотлохыг шаардсан. Учир нь миний хувийн хэрэгцээнд ашигладаг дансанд миний мөнгө байсан болоод банк зээлэндээ татсан юм. Энэ өөрөө нотолгоо гэж үзэж байна. 2018.07.09-ний өдөр Л.Энхсайхан бид хоёрын хооронд байгуулсан Хаан банкны данс хамтран эзэмших гэрээ хийгдсэн байдаг.

Энэхүү гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. Энэхүү гэрээний харилцагчийн үүрэг хэсэгт:Харилцагч нь данс төлбөрийн карт болон цахим банкны эрхээ бусдад ашиглуулахгүй байх өөрийн дансаар гуравдагч этгээдийн гүйлгээг дамжуулахгүй байх үүрэгтэйгэж заасан байдаг. Д.О миний бие өөрийн хаан банкны 5374458549 тоот дансаа энэ ломбарданд ашиглуулж байсан нь үнэн. Гэхдээ ажлаас гарснаас хойш энэхүү ломбарданд огтхон ч хамаагүй бөгөөд И М Н ломбардны итгэмжлэгдсэн данс биш болно. Ямар нотлох баримтыг үндэслэж миний хувийн дансны мөнгийг И М Н ломбардын мөнгө гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Д.О миний бие О.Нансалмаагаас 18,000,000 төгрөг зээлээд уг зээлээс огт төлөөгүй зүйл огтхон ч байхгүй. Харин ч О.Нансалмаагийн элдэв дарамт шахалтанд орж хамт ажилладаг ажилчдын эрх ашиг хөндөгдөж байсан тул хүн чанар гаргаж төлсөн. 2014 оноос 2017 оны 08 сар хүртэл 30,280,000 төгрөг, 2017.10 сараас 12 дугаар сар хүртэл 1,700,000 төгрөг, 2018 оны 01 сараас 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 7,242,450 төгрөг төлсөн, нийтдээ 39,222,450 төгрөгийг төлсөн. 2018.07.31-нд Д.О миний бие ажлаас халагдаж О.Нансалмаагийн янз бүрийн дарамт шахалт дайралтанд өртөж бие болон сэтгэл санааны гүн хямралд орсон. Учир нь И М Н” ХХК-ийн захирал О.Нансалмаа нь өөрийн ломбардын орлого зарлага ажилчдын цалин хөлс мөн бусад салбаруудын зээл болон зузаатгалыг Д.О миний хувийн дансаар явуулдаг байснаа нуух гэж элдэв янзаар дарамталж байгаа. Д.О намайг байгууллагын мөнгөн хөрөнгийг хувийн данс руугаа шилжүүлж ашигласан хүний нэр дээр зээл авч ашигласан гэх үндэслэлээр Замынүд сумын эдийн засгийн эрүүгийн тасагт гомдол гаргаж шалгуулж байгаа. О.Нансалмаа нь анхнаасаа И М Н” ХХК-ийн байгууллагын дансаа ашиглаж байсан бол мөн хууль бус үйлдэл хийгээгүй бол өнөөдөр Д.О миний бие ийм их хохирол амсахгүй байсан. 2014-2018 оны 07 сарын 31 хүртэлх хугацаанд миний хувийн дансаар 20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөгийн гүйлгээ хийгддэг байсан. Хувь хүний дансны өдрийн гүйлгээний лимит хүрэлцдэггүй байсан тул Хаан банкны хүсэлт гаргахад О.Нансалмаа нь эрс уурлаж болиулж байсан. Д.О миний бие О.Нансалмаагийн төлөө амьдралынхаа бүтэн 8 жилийг зориулж зүтгэж ирсэн. Нансалмаа нь өөрийн ломбардны ашиг орлогыг Монгол улсын татвараас нуух зорилгоор Д.О миний дансыг ашигладаг байсан. Д.О миний бие хууль эрх зүйн ойлголт дутуугаас болж энэ хүний арга залинд орж олон жил энэ хүний удирдлаган дор ажилласан. Мөн О.Нансалмаа нь намайг 137,000,000 төгрөгийн зээлийг өөрөө авч завшсан гэж цагдаад өгсөн. Гэтэл эдгээр зээлүүд нь бүгд авсан эзэнтэй Дорноговь аймаг Замын-Үүд сум дахь сум дундын шүүгчийн захирамж гарсан байдаг. Нийт 8 хүний 110,245,530 төгрөгийн захирамжууд: 2020.06.25-нд 137/ШШ2020/00214, 2020.06.29-нд 137/ШШ2020/00225, 2020.07.10-нд 137/ШШ2020/00240, 2020.07.20-нд 137/ШШ2020/00244, 2020.07.23-нд 137/ШШ2020/00249, 2020.08.10-нд 137/ШШ2020/00271, 2020.09.16-нд 137/ШШ2020/00301, 2020.09.30-нд 137/ШШ2020/00336. Д.О миний бие энэ байгууллагын төлөө өчнөөн жил зүтгэсний эцэст нэр төр ч үгүй, эрүүл бие ч үгүй болсон. О.Нансалмаагийн энэ их шахалт дарамтанд сэтгэл санааны гүн хямралд орж умайн хүзүү өндгөвчний хавдар 3-р үедээ орж 2019.05.31-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд орж хавдраа авхуулсан. Одоогоор миний бие Хавдар судлалын их эмч Дугарсүрэн, Наранчимэг эмч нарын хяналтанд сар бүр эмчилгээ оношилгоо хийлгээд явж байгаа.И М Н ХХК-ийн захирал О.Нансалмаад маш их гомдолтой байна. Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 137/ШШ2020/00372 тоот шийдвэрээр Д.О надаас үндсэн зээлэнд 4,176,250 төгрөг, хүүнд 354,981.24 төгрөг, алданги 12,528.75 төгрөг нийт 4,543,760 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.О миний зээлэндээ төлсөн 2,914,000 төгрөгийг хасаж тооцоогүй болно. Өөрийн төлсөн мөнгийг хасуулах хүсэлтэй байна. Мөн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Иймд Дорноговь аймгийн Замынүд сум дахь Сум дундын шүүхийн 2020.10.27-ны өдрийн 137/ШШ2020/00372 тоот шийдвэр, мөн давж заалдах шатны шүүхийн 2020.12.22-ны өдрийн 202/МА2020/00038 тоот магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч М н ХХК нь хариуцагч Д.От холбогдуулан нэхэмжлэл гарган, ...2017.08.28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүд нийт 4,086,150 төгрөг төлсөн, ...одоо үндсэн зээл 6,118,600 төгрөг, зээлийн хүү 1,215,950 төгрөг, алданги 3,059,300 төгрөг, нийт 10,393,850 төгрөг гаргуулна гэж шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...9,000,000 төгрөг зээлээгүй, зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, гэвч энэ гэрээний дагуу ...нийт 8,942,500 төгрөг төлсөн” гэж марган, ...42700 болон 0040923 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

7. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4,543,760.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 5,850,089.98 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс, 0040923 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 42700 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Хариуцагчийн ...анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй, ...гэрч Т.Гэрэлмаагийн мэдүүлгийг гуйвуулж үнэлсэн, ...миний зээлд төлсөн 2,914,000 төгрөгийг хасч тооцоогүй, энэ мөнгийг хасуулах хүсэлтэй... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 4,543,760.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн, харин шүүхүүд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

10. Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ ...2014 оны 4 дүгээр сард байр авахаар тус компаниас 18,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж, гэрээний дагуу зээлийг төлж байсан, улмаар 2016 оны 5 дугаар сард захирал О.Нансалмаад “...зээлээ хүүгүй төлье гэж гуйж, зээлийг хүүгүй төлж дуусгахаар тохиролцон, зээлийг төлж ирсэн, гэтэл 2017 оны 8 дугаар сард захирал “...үлдэгдэл зээлээ хүүтэй болго, хүүтэй болгохгүй бол чиний болон ажилчдын цалин дээр барилт хийнэ гэж дарамталсан тул ажилчдын эрх ашгийг бодож ...9,000,000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нийт 8,942,500 төгрөг төлсөн гэж маргажээ.

11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Д.О нь “М н ХХК-тай 2017.08.28-ны өдөр0040923 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон №42700 дугаартай зээлийн гэрээ /цалин/ байгуулж, 9,000,000 төгрөгийг 19 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлсэн, өөрөөр хэлбэл талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээний гол нөхцөлийг тохиролцон гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч М н ХХК нь хариуцагч Д.Оээс гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхтэй гэж дүгнэн, үндсэн зээл 4,176,250 төгрөг, 3 сар 12 хоногийн хүүд 354,981.27 төгрөг, алданги /0.3 хувь/-д 12,528.75 төгрөг, нийт 4,543,760.02 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 5,850,089.98 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцжээ.

12. Түүнчлэн, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг ...9,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, урьд авсан 18,000,000 төгрөгийн үлдэгдэл 6 сая гаран төгрөгт хүү, алданги тооцож гэрээ байгуулсан, дарамтанд орж би өөрөө 0040923 дугаартай барьцаат зээлийн гэрээг бичсэн, 42700 дугаартай гэрээ нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн, дарамт шахалтанд орж, дүр үзүүлэн хийсэн хуурамч гэрээ гэж тодорхойлон маргасан байна.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар зэргээс үзвэл үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбарын агуулгатай байхад хоёр шатны шүүх 0040923 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ, 42700 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцээгүй, хариуцагчийг бие даасан сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

13. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 202/МА2020/00038 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2020/00372 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг буюу “Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Д.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн 0040923 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 42700 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай” гэснийг хүчингүй болгож, мөн шийдвэрийн Тогтоох хэсгийн “3, 4, 5” гэсэн дугаарыг “2, 3, 4” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.19-ний өдөр төлсөн 87,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

   ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН