Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/03871

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 05 181/ШШ2023/03871

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 0 тоотод оршин суух, О овогт Б-ийн Т /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 0 тоотод байрлах, У ТӨААТҮГ /РД:/-т холбогдох,

2023.02.28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус төвийн хэрэгжүүлж буй НҮБУАӨСК-ийн хэрэгжилтийн Үндэсний 4-р тайлан-илтгэл, хоёр жил тутмын хоёрдугаар тайлан боловсруулах төслийн Хүлэмжийн хийн тооллогын шинжээчээр ажиллахаар болж, мөн өдрөө 22/64 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн билээ.

Гэтэл тус төвийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Ингэхдээ тушаалын үндэслэлдээ намайг ...байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тарааж, хуульд заасан хүний нэр төр, байгууллагын бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдаж, хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн... гэсэн байдаг.

Миний бие ямар нэг байдлаар байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан зүйл байхгүй бөгөөд байгууллагын бизнесийн эсхүл ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан зүйл огт байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т ...Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй... гэж, 154.2.1-т ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... маргаан таслах комисст хандахаар хуульчилжээ.

Б.Т нь урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргасан ба 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гомдлыг хэлэлцэж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны №47 дугаар хуралдааны шийдвэр гарсан.

Уг шийдвэрт гомдол гаргагч нь гурван талт хороонд гомдлоо гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй, талууд эвлэрч чадаагүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов. Энэхүү шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт ...Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Б.Т-ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Б.Т-тай 2022 оны 09 дугаар сарын 01-ний өдөр 22/64 дугаартай Б.Т-тай байгуулах хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан байдаг.

Манай төвөөс Уур амьсгалын өөрчлөлт болон үндэсний тодорхойлсон хувь нэмрийг орон нутгийн түвшний төлөвлөлтөнд тусгах, уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааг санхүүжүүлэх болон хэрэгжүүлэхэд 21 аймгийн төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд хэрэгцээний үнэлгээний судалгаа хийх зөвлөх үйлчилгээний зарын дагуу Доктор М.Э, Маг.Ц болон судлаач Б нар материалаа ирүүлэн шалгарч гэрээ байгуулан ажиллахаар болсон.

Манай төв нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр тус багийн судлаачдын хувийн мэдээллийг хуульд заасны дагуу цуглуулсан бөгөөд хүлэмжийн хийн тооллогын шинжээч ажилтай Б.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 25-26-д өөрийн T гэсэн хаягаар: Ийм намтартай хүн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 21 аймгийн мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх сургалтын хэрэгцээний үнэлгээг хийхээр тэнцээд, сарын 18 сая төгрөгийн гэрээ хийжээ гээд инээсэн, гайхсан, уйлсан эможи тавьжээ. Мөн CV-ний энэ хүснэгтүүдийнх нь толгойг уншаад ойлгох гэж бас л хөөрхөн юм боллоо гээд инээсэн эможи, Яаж хөгжих вэ таминээ, Энэ жинхэнэ мөнгө угаалт биз дээ гээд урвайсан, бодлогоширсон эможуудийг тавьж судалгааны багийн гишүүний боловсрол, туршлагын талаарх англи хэл дээр бичигдсэн мэдээллийг тавьж пост оруулсан байна.

Мөн сэтгэгдлүүдэд хариулсан хариултандаа: Харин бүр арай байгаа биз. Гэхдээ ийм хүмүүсийг шахаж оруулдаг дарга нар, ингэж мөнгө угаагаад явж байдаг хүмүүсийг бодохоор үнэхээр аймшигтай бас гунигтай байнаа" гэсэн байна.

Хүлэмжийн хийн тооллогын шинжээч Б.Т-ын энэ үйлдлээс болж гэрээ байгуулсан зөвлөх үйлчилгээний багийн ахлагч, мэдээлэл өгсөн доктор М.Э тус төвийн захирал Б.Э-ийн 000  хаяг руу өөрийн хаягнаас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны 12 цаг 54 минутад нэр хүндэд нь халдсан тухай гомдол, санал гарган и-мэйл ирүүлсэн. Тус и-мэйлийг хүлээн авч төвийн захирал Б.Э санхүүгийн ажилтан Р.О, захиргааны хэлтсийн дарга А.М нарыг байцуулан шинжээч Б.Т-тай 2023 оны 01 дугээр сарын 27-нд ярилцлага хийж, гомдол гаргасан судлаачдаас албан ёсоор уучлалт гуйх-ыг зөвлөсөн боловч өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй болно. Б.Т зөвлөх үйлчилгээний багийн судлаач гишүүний талаарх хувийн мэдээллийг хэнээс, хэзээ, хэрхэн яаж авсан нь тодорхойгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтонд дээрх зөвлөх үйлчилгээний талаар мэдээлэл авах эрх үүрэг хүлээгээгүй болно.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д хүний хувийн мэдээлэл-ийн талаар тодорхой заасан байдаг. Тус зүйлд зааснаар хүний овог нэр, регистр, оршин байгаа хаяг зэргээс гадна боловсрол, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хувийн мэдээлэлд хамруулахаар заасан байна. Мөн иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэмт хорыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасан байна.

Манай байгууллага нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан мэдээлэл хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас мэдээллийн эзэн тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан гомдлыг хуулийн байгууллагад гаргасан тохиолдолд манай байгууллага хариуцлага хүлээж учирсан хохирлыг барагдуулах, мөн зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдах эрсдэлд орж байна гэж үзсэн.

Ингээд Б.Т  нь холбогдох хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж ажил олгогчийн санаачлагаар шууд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох 10.1.4-ийн 10.1.4.1-д Тэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу УАӨСХАТ-ын зүгээс хүндэтгэн үзэх боломжгүй гэж үзвэл, 10.1.4.3 -д Ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 10.1.4.7-д Ажилтан нь тухайн ажил үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан хуулийн зөрчилтэй үйлдэл гаргасан ноцтой зөрчлүүдийг гаргасан бөгөөд Б.Т нь хөдөлмөрийн гэрээний 7.2.4-т заасан Ажил үүргийг биелүүлэх явцад олж мэдсэн нууцлалын зэрэглэлтэй мэдээлэл, баримт бичгийг чандлан хамгаалж, зардруулахгүй байх, 7.2.9-д ...байгууллагын үйл ажиллагааны явцад боловсруулан, бүтээсэн буюу хүлээн авсан мэдээллийг зохих зэрэглэлээр нь нууцална. гэж заасны ноцтой зөрчсөн тул энэ тухай 2023 оны 02 дугаар сарын 15-ны мэдэгдэж 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б/04 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Б.Т-ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, 2022.09.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны өргөдөл, гомдлын бүртгэл, тус хорооны худалдааны 2023.04.19-ний өдрийн 47 дугаар тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв ТӨААТҮГ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв ТӨААТҮГ-ын захирлын 2023.09.01-ний өдрийн Б/02 дугаар тушаал, түүний хавсралт, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв ТӨААТҮГ-ын захирлын 2023.02.28-ны өдрийн Б/04 дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, 2023.02.06-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2023.02.06-ны өдрийн Б.Т-ыг ажлаас халах тухай мэдэгдлийн хууль зүйн үндэслэл, Б.Т-аас тайлбар авах, сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, 2023.04.25-ны өдрийн М.Э, Г.Б, Б.Ц нарт хүргүүлсэн гэрээ цуцлах тухай мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар и-мэйл хаяг болон фэйсбүүк хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч У ТӨААТҮГ-т холбогдуулан 2023.02.28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Т нь У ТӨААТҮГ-ын захирлын 2023.02.28-ны өдрийн Б/04 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргаж, 2023.04.19-ний өдөр хариу авч, шүүхэд 2023.04.26-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1заасан 30 хоногийн дотор гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 2 ар тал, 79-81 хуудас/

Б.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 01ий өдрөөс эхлэн У ТӨААТҮГ-ын хэрэгжүүлж буй НҮБУАӨСК-ийн хэрэгжилтийн Үндэсний 4-р тайлан-илтгэл, хоёр жил тутмын хоёрдугаар тайлан боловсруулах төслийн Хүлэмжийн хийн тооллогын шинжээчээр ажиллаж байсан үйл баримт хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон төслийн ажилчдыг томилох тухай тушаалаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 42-48, 50-51 хуудас/

 

2. У ТӨААТҮГ-ын захирлын 2023.02.28-ны өдрийн Б/04 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Б.Т-ыг 2023.01.25-ны өдөр байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тарааж, хуульд заасан хүний нэр төр, байгууллагын бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдаж, хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 52 хуудас/

 

Талууд тушаалын үндэслэл болсон 2023.01.25-ны өдөр байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тараасан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн эсэх талаар маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож, ажил олгогч буюу түүнээс эрх олгогдсон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуульд заасан хэлбэрийн сахилгын шийтгэлийг ногдуулахаар заасан.

Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.ажилтан ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан.

 

3. Б.Т нь 2023.01.25-ны өдөр өөрийн фэйсбүүкийн T цахим хаягтаа Ийм намтартай хүн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 21 аймгийн мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх сургалтын хэрэгцээний үнэлгээг хийхээр тэнцээд, сарын 18 сая төгрөгийн гэрээ хийжээ. CV-ний энэ хүснэгтүүдийх нь толгойг уншаад ойлгох гэж бас л хөөрхөн юм боллоо. Яаж хөгжих вэ таминээ. Энэ жинхэнэ мөнгө угаалт биз дээ? гээд CV-ний төгссөн сургууль, гадаад хэлний мэдлэг, ажлын туршлагын англи хэл дээр бичигдсэн мэдээллийн хэсгийг постоор оруулсан байна.

Уг постын дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан доктор М.Э гэх хүнээс хариуцагч Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв ТӨААТҮГ-ын захирал Б.Э-т и-мэйл ирүүлж, захирал Б.Эрдэнчимэгээс постоо устгах шаардлагыг Б.Т-д тавьснаар, 2023.01.26-ны өдөр Б.Т уг постоо устгасан болох нь и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 82-91 хуудас/

 

Фэйсбүүкийн T цахим хаягт байршуулсан дээрхи мэдээллийг нэхэмжлэгч Б.Т нь өөрсдөө хийх боломжтой ажлыг богино хугацаатай зар тавьж, зөвхөн 1 багийн материалыг авч гэрээ байгуулсныг эсэргүүцэж өөрийн фэйсбүүкдээ үзэл бодлоо илэрхийлсэн, байгууллагын болон хувь хүний нэр дурдаагүй, хувь хүн рүү чиглэсэн зүйл бичээгүй гэж, хариуцагч У ТӨААТҮГ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хүний хувийн мэдээлэл-д хамаарах мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тараасан гэж тус тус тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 10.1.4.1гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу УАӨСХАТ-ийн зүгээс хүндэтгэн үзэх боломжгүй гэж үзвэл, 10.1.4.3-д ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 10.1.4.7-д ажилтан нь тухайн ажил үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан хуулийн зөрчилтэй үйлдэл гаргасан гэх заалтыг зөрчсөн нь ноцтой зөрчил гэж тодорхойлсон, гэрээгээр хүлээсэн үүрэг гэдгийг хөдөлмөрийн гэрээний 7.2.-д заасан Ажилтаны үүрэг-ийн, 7.2.4-д ажил үүргийг биелүүлэх явцад олж мэдсэн нууцлалын зэрэглэлтэй мэдээлэл, баримт бичгийг чандлан хамгаалж, задруулахгүй байх, 7.2.9-д төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны батлан гаргасан нууцад хамаарах мэдээлэл болон байгууллагын үйл ажиллаганы явцад боловсруулсан, бүтээсэн буюу хүлээн авсан мэдээллийг зохих зэрэглэлээр нь нууцална гэснийг зөрчсөн гэжээ. /хавтаст хэргийн 52, 42-46 хуудас/

 

Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасанд тооцох дээрх заалтуудын агуулга нь ерөнхий байдлаар зохицуулсан тул ажилтан холбогдох ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь тодорхой бус байна.

Түүнээс гадна ажил олгогч нь ажилтантай ноцтой зөрчил-ийг тусгайлан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгахаар зохицуулсан байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй-г ноцтой зөрчилд тооцохоор зааж, хөдөлмөрийн гэрээнд заасан бүх үүрэг гэж тайлбарлаж байгаа нь ноцтой зөрчил-ийг хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Б/04 тоот тушаалын үндэслэлд байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг олон нийтийн хэрэгслээр тарааж, хуульд заасан хүний нэр төр, байгууллагын бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан зөрчил гаргасан гэх боловч зөвлөх үйлчилгээний зарын дагуу ирүүлсэн материал, гэрээ байгуулсан талаарх мэдээллийг нууцлаагүй, ажилтнууд үзэх боломжтой байсан нь ажилтны хувьд уг мэдээллийг нууцад хамаарах мэдээлэл гэж мэдэх боломжгүй байсан байна.

 

Мөн постоор оруулсан CV-ний төгссөн сургууль, гадаад хэлний мэдлэг, ажлын туршлагын англи хэл дээр бичигдсэн мэдээллийг хүний хувийн мэдээлэл-д хамаарах мэдээлэл гэж тайлбарлаж байгаа боловч уг мэдээллээр хичнээн хүн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан багийн хэн гэдгийг тодорхойлон таньсан, мөн постын аль мэдээлэл нь байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах, ямар байдлаар хариуцагч У ТӨААТҮГ-ын бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Тодруулбал, хариуцагчийг зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан доктор М.Э-ын У ТӨААТҮГ-ын захирал Б.Э-т цахим шуудангаар фэйсбүүк постын талаар гомдол гаргасныг гомдолд дурдсан асуудлыг шалгуулах тухай өргөдөл гэж тодорхойлон, Б.Т-ын фэйсбүүк хуудсанд тавьсан мэдээлэл нь сахилгын ноцтой зөрчил мөн эсэхийг шалган тогтоох, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогчоос тогтоосон гэж үзэхгүй.

Б.Т-с 2023.01.27-ны өдөр тайлбар авсан тэмдэглэл нь сахилгын зөрчлийг шалган тогтоосон баримт биш бөгөөд гаргасан үйлдлийнхээ талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн баримт гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй байна. /хавтаст хэргийн 105-107 хуудас/

 

5. Иймд Б.Т-ыг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв ТӨААТҮГ-ын захирлын 2023.02.28-ны өдрийн Б/04 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т-ыг У ТӨААТҮГ-ын Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч У ТӨААТҮГас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасанд нийцнэ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь цалингийн тодорхойлолтоо гаргаж өгөөгүйтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сараар дундаж цалин хөлсийг тодорхойлох боломжгүй байх тул Хөдөлмөрийн гэрээний 4.1-д заасан үндсэн цалин 3,000,000 төгрөгөөс тооцов. /хавтаст хэргийн 42 ар тал хуудас/

Ажилгүй байсан хугацааг тушаал гарсан 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 9 сар 02 хоногоор тооцоход 27,279,070 төгрөг /1 сар 3,000,000 төгрөг, 1 өдөр 139,535 төгрөг /3,000,000 : 21,5 хоног = 139,535 төгрөг/, 3,000,000 х 9 сар = 27,000,000 төгрөг, 139,535 х 2 хоног = 279,070 төгрөг, 27,000,000 + 279,070 = 27,279,070 төгрөг/ болж байх тул 27,279,070 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв ТӨААТҮГ-т даалгах үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 27,279,070 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож 294,345 төгрөг, нийт 364,545 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснйг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч У ТӨААТҮГ-ын захирлын 2023.02.28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Т-ыг У ТӨААТҮГ-ын Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч У ТӨААТҮГ-аас 27,279,070 /хорин долоон сая хоёр зуун далан есөн мянга далан/ төгрөгийг гаргуулж Б.Т-д олгож, Б.Т-ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч У ТӨААТҮГ-т даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар У ТӨААТҮГ-аас 364,545 /гурван зуун жаран дөрвөн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА