Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/03626

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 16 181/ШШ2023/03626

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, 0 тоотод байрлах, Б ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Н-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК болон Х ХХК нар нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 142 дугаартай Эвлэрлийн гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Х ХХК нь Б ХХК-ийг эвлэрлийн гэрээгээ сайн дураар биелүүлээгүй гэх үндэслэлээр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулах тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд тус шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай 0 дугаартай шүүгчийн захирамжийг гарсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсан эзэмшлийн (гэрчилгээний дугаар: ) нэгж талбарын 0 дугаарт бүртгэлтэй газар, өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 1,581,120,000 төгрөгөөр үнэлсэн байна. Тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үндэслэлгүй бага үнээр үнэлсэн хэмээн үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 0 тоот хаягт байрлалтай үйлдвэрлэлийн зориулалттай 10000 м.кв талбайтай газар эзэмших эрхтэй, 864 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн зөвхөн гадна каркас, бетон суурь, сэндвич хавтан дээвэр зэрэг барилгын хийц, бүтээц, мөн дотор засал хэмээн ерөнхий нэрлэн бетон шал, вакум цонх зэргийг үнэлсэн байна. Гэвч тус үл хөдлөх хөрөнгийг Б ХХК нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зорилгоор тусгайлан дотоод засалдаа халаалт болон сантехникийн засал, цахилгаан монтаж, дотор засал гэх мэт ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэн тохижуулсан байтал тус ажлыг үнэлэлгүй орхигдуулж үнэгүйдүүлсэн байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, Д.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0000  дугаар захирамжаар Б ХХК, Г.М, Ц.Э нараас 211,494,023 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б ХХК, Г.М, Ц.Э нарт шүүхийн шийдвэр биелүүлэх тухай удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд хангуулахаар заагдсан төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 18131 0 тоотод байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 0 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 00 м.кв талбайтай газрын хамт битүүмжилж, хураасан.

Талууд, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож тогтоох тухай мэдэгдлийг талуудад өгсөн боловч мэдэгдэлд дурдсан хугацаанд үнийн санал тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг үндэслэн шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгүүдийг нийт 1,581,120,000 төгрөгөөр тогтоосон.

Талуудад хөрөнгийн үнэлгээг 2023 оны 4-239/10473, 10474, 10475, 10476 тоот албан бичгүүдээр танилцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу үргэлжлүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газрын хамт анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч төлбөр төлөгч талаас шүүхэд гомдол гаргасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.22-ны өдрийн 181/ШЗ2022/08523 дугаар захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2022.09.08-ны өдрийн 181/ШЗ2022/11669 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.25-ны өдрийн 4-239/10473, 4-239/0475 дугаар албан бичигүүд, Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Хариуцагч талаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.08-ны өдрийн 181/ГХ2022/00927 дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.22-ны өдрийн 181/ШЗ2022/08523 дугаар захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2022.09.08-ны өдрийн 181/ШЗ2022/11669 дугаар захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, байгууллагын лавлагаа 4 хуудас, 2023.01.31-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023.01.31-ний өдрийн шийдвэр гүйцэтэгчийн тэмдэглэл, 2023.05.04-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.05-ны өдрийн 04-239/8945 дугаар албан бичиг, 2023.05.05-ны өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.05-ны өдрийн 04-239/8946 дугаар албан бичиг, 2023.05.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.12-ны өдрийн 4-239/9441, 4-239/9442 дугаар албан бичгүүд, Хасбанкны 2023.05.15-ны өдрийн хүсэлт, Ц.Э-ийн үнийн санал, 2023.05.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.05.16-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2023.05.16-ны өдрийн 26 дугаар албан бичиг, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримт, Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.25-ны өдрийн 4-239/10473, 4-239/0474, 4-239/0475, 4-239/0476 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.05.10-ны өдрийн 636 дугаар албан бичиг, 2023.06.20-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201052403 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 18131 0 тоотод байрлах, 864 мкв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18631307293059 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 0 м.кв талбайтай газар зэргийн зах зээлийн үнийг 1,581,120,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон, уг хөрөнгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар халаалт болон сантехникийн засал, цахилгаан монтаж, дотор засал зэрэг ажлуудыг нэмэлтээр хийж тохижуулсныг үнэлэлгүй орхигдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ хуульд заасны дагуу бодитоор хийгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэлээр маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Н нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 4-239/10475 дугаар мэдэгдлийг БХХК-д 2023 оны 05 сарын 25-ны өдөр гардуулж, үнэлгээний тайлантай танилцуулсан байх бөгөөд Б ХХК нь 2023.05.31-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул нэхэмжлэгч Б ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх-7, 120х/

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8523 дугаар захирамжаар Б ХХК, иргэн Г.М, Ц.Э нараас 211,494,023.06 төгрөгийг гаргуулж Хасбанк ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н-т даалгаж шийдвэрлэжээ. /хх-58-62х/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн 0 Сонсголонгийн зам гудамжны 61/7 тоотод байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 0 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 0 /төв цэвэрлэхийн урд/ 10,000 м.кв талбайтай газар зэргийг 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 22420465/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 22420465/03 тоот тогтоолоор хураажээ./хх-69-75х/

 

3.  Н-аас үнийн саналаа өгөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч Б ХХК, иргэн Г.М Ц.Э нарт 2023.05.12-ны өдөр мэдэгдсэн /хх-82-83х/, төлбөр авагч Х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч нартай харилцан тохиролцож чадаагүй гэх үндэслэлээр 2023 оны 05 сарын 15-ны өдөр Шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-84х/-ийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан байх тул талуудыг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-81-86х/

Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 5/194 дугаар тогтоолоор үнэлгээчин Ж.У-г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцжээ.

 

4. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасны дагуу шинжээчээр үнэлгээчин Ж.Уртнасанг томилж, үнэлгээчин Ж.Уртнасан нь эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 18131 0 тоотод байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18631307293059 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сонсголон /төв цэвэрлэхийн урд/ 10,000 м.кв талбайтай газар зэргийн зах зээлийн үнийг 1,581,120,000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-87-121х/

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандарт, нийтлэг арга зүйг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын үнэлгээнд ач холбогдол өгч, үнэлсэн нь хуульд нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч Б ХХК нь шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн үнэлгээчин нь 2023.05.18-ны өдөр үнэлгээний зүйлийг үзэж танилцан, хөрөнгийн талаархи танилцуулгад ...380 Вт цахилгааны шугамд холбогдсон, нам даралтын цахилгаан хосолсон зуухаар халдаг, дотор заслын хувьд бетон шалтай, вакум цонхтой /оффисын талбай паркетан шалтай гэж тодорхойлон, зургаар харуулж, үнэлгээг гаргасан байх тул нэхэмжлэгч Б ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар халаалт болон сантехникийн засал, цахилгаан монтаж, дотор засал зэрэг ажлуудыг нэмэлтээр хийж тохижуулсныг үнэлэлгүй орхигдуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 18131 Сонсголонгийн 0 тоотод байрлах, 864 мкв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 0 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон 0  байрлах, 10,000 м.кв талбайтай газар зэргийн зах зээлийн үнийг 1,581,120,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолдоо 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн Н-т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 0 тоотод байрлах, 864 мкв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 0 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сонсголон /төв цэвэрлэхийн урд/ 10,000 м.кв талбайтай газар зэргийг 1,581,120,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА