Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 01

 

 

******* ХК-ний нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2020/00616 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Усны аж ахуйн хашаа ******* тоотод байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-д  холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх тухай 

 

Нэхэмжлэлийн агуулга: “Усны аж ахуйн контор 1961 онд байгуулагдсан. Манай ******* ХК нь 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай компани Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт байрлах, Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ авсан. Улмаар 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* ХК-ийн захирал Д.Уртнасан нь Ховд аймгийн газрын албатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 15 жилийн хугацаатай байгуулж, газрын төлбөрийг цаг тухайд нь төлсөөр ирсэн. Гэтэл 2017 онд манай компаний газар эзэмших эрхийг Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар цуцалж, иргэн О.*******ын нэр дээр 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой дээрх газрын газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоныг мэдсэн. Манай ******* ХК нь 2017 онд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шуүхэд хандан манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээрзахирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 04 сарын 11- ний өдрийн 221/МА2018/0220 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1-д нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 260 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1-д Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0220 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн, Шүүхийн шийдвэрийн дагуу манай ******* ХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, газар эзэмших гэрчилгээгээ шинээр авсан. Гэвч хариуцагч О.******* нь шүүхийн шийдвэрийг үл тоон өнөөдрийг хүртэл манай компанийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг чөлөөлөхгүй, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөөр байгаа. Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ******* тоотод байрлах газрыг О.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: ******* ХК нь Ховд аймаг Жаргалант сумын Наран багийн 21 дугээр гудамжны 23 тоотод хаягт байрлах газрыг хариуцагч О.*******ын хууль бус газрыг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргажээ. Тус нэхэмжлэлдээ ЭВЛЭЛ ХК нь 2017 онд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн а/274 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүухээс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0220 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1-д нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардалыг бүхэлд нь хангаж Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн а/274 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1- д Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0220 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байх тул иргэн О.*******ын Ховд аймаг Жаргалант сумын Наран багийн 21 дүгээр гудамжны 23 тоотод хаягт байрлах газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байх юм. Гэтэл иргэн О.******* Ховд аймаг Жаргалант сумын Наран багийн 21 дүгээр гудамжны 23 тоотод газрыг Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 96 дугаар захирамж -аар иргэн Х.Батаа, Б.Ичинхорлоо, Б.Магсаржав, Б.Цэнд-Аюуш, Б.Батмөнх, Б.Насанжаргал нарын өмчлөлд олгосон тухайн үед хаяг нь Наран багийн 22-17 тоот гэж гарсан, 2013 оны 01 дүгээр сарын 14 -ний өдрийн газрын хэмжээ өөрчлөх тухай А/16 дугаартай захирамж -аар Наран багийн 22-17 тоот газрын Наран баг ******* болгон өөрчлөн Засаг даргын захирамж гарч өөрчлөлт орсон байдаг. О.******* нь Наран багийн 22-17 тоот газрын 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Г-1617000895 дугаар бүхий газар өчлех гэрчилгээгээр өмчилж авсан. Дараан 2013 оны 01 дүгээр сарын 14 -ний өдрийн Газрын хэмжээ өөрчлөх тухай А/16 дугаартай захирмжаар Наран багийн 22-17 тоот газрын -аран баг ******* болгон өөрчлөн Г-1617000895 дугаар бүхий газар өмчлөх гэрчилгээгавсан байна. ******* ХК нь давж заалдах шатны магдлал болон дээд шүүхийн тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн а/274 дүгээр захирамжыг хүчингүй болгуулсан байна. О.*******ын Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Газар өмчлүүлэх тухай 96 дугаар захирамж болон Газрын хэмжээ өөрчлөх тухай А/16 дугаартай захирамжтай холбоотой шүүхийн шийдвэр гараагүй байгаа тул О.******* нь шударга өмчлөгч мөн болно. Иймд *******ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгуй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2020/00616 дугаар шийдвэрээр:”1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******ад холбогдох, Бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийгбүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 220 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаар тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь тайлбараа нотлох ямар ч баримт ирүүлээгүй байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн гэх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрх нь хүчинтэй эсэхийг шүүх тодруулаагүй, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд улсын бүртгэлд хүчинтөгөлдөр бүртгэлтэй эсэхийг тодруулахгүйгээр хариуцагчийн нотлох баримтыг шууд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж дүгнэсэн нь хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч О.*******ад холбогдуулан О.*******ын хууль бус эзэмшлээс Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ******* тоотод байрлах газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч О.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “О.*******ын Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаартай газар өмчлүүлэх тухай захирамж болон газрын хэмжээ өөрчлөх тухай А/16 дугаартай захирамжтай холбоотой шүүхийн шийдвэр гараагүй байгаа тул О.******* шударга өмчлөгч юм. Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.

            Шүүх ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал гомдол гаргажээ

            Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Тухайлбал ******* ХК-ийн нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүх хүлээн авсан бөгөөд уг нэхэмжлэлд “нэхэмжлэл гаргасан ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч У.Батзаяа гэж бичиж, гарын үсэг зурсан” байна.

            Хэрэгт авагдсан ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг компанийн гүйцэтгэх захирлаар Уртнасан овогтой Пүрэвдоржийг томилсныг бүртгэсэн байна.

            Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт зааснаар компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд нь гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал байна. Иймээс компанийн хувьцаа эзэмшигч У.Батзаяа нь компанийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй эрхгүй бөгөөд хэрэгт авагдсан захиргааны хэргийн шүүхийн магадлал, тогтоолоос харахад уг захиргааны хэргийн маргаанд У.Батзаяа нь итгэмжлэлээр оролцож байсныг шүүх анхаараагүй байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэргийн үйл баримт болон нэхэмжлэгч У.Батзаяагийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, У.Батзаяад буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2020/00616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******ад холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                              Д.КӨБЕШ

 

                                                                                                     М.НЯМБАЯР