Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 Д.Год холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор П.Т,

хохирогч Ө.А,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Ж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д,

шүүгдэгч Д.Г,

иргэний нэхэмжлэгч Б.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Год холбогдох 2 хавтас 367 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Г, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Гд холбогдуулан Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.Г нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө согтуугаар *** ДГО улсын дугаартай “Митсубуши айртрек” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 2.3, 9.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Дгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Гыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 3 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдаж, Д.Гын 985609 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэхээр, Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Гоос сар бүр 295 156 төгрөгийг гаргуулан 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Д. Ариунболор, 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.Я нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь хохирогч Ө.Ад олгохоор, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гоос 6 773 750 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Ад, 820 400 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Б нарт олгож, хохирогч Ө.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 089 250 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Бы нэхэмжлэлийн шаардлагаас 6 928 800 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний нэхэмжлэгч Х.Анхбаяр, Б.Б нар нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдан, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Год урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан давж заалдах гомдол болон тайлбартаа: Миний бие энэ ослын улмаас эрүүл мэндийн байдал муудсан ба энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Миний хувьд шүүхээр хүүхдийн асран хамгаалагч нь ээж нь байна гэж тогтолгосноос хойш хүүхдээ өөр дээрээ авсан байгаа. Би томилолтоор нааш, цааш их явдаг ажилтай болохоор тус өөрчлөлтийг хийлгэж амжаагүй. Өөр хэлэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нь 4 үндэслэл бүхий давж заалдах гомдол гаргасан. 1-рт энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байна.  2-рт ганц бие өрх толгойлсон эцэг гэдгээр гомдолоо гаргасан. Охин Э нь өнөөдрийг хүртэл Гын эцэг, эхийн асрамжид байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар охины ээж нь “би энэ охиныг харж чадахгүй. Э нялхаасаа хадам аав Дангаасүрэн, ээж Оюунцэцэг нарын асрамжид байсан. Би хүүхдийг эцгийнх нь асрамжид байлгах хүсэлтэй байна” гэсэн хүсэлт болон мэдүүлгийг өгсөн байдаг. Энийг үндэслээд гомдол гаргасан. 3-рт шүүгдэгч нь эрүүл мэндийн байдлын хувьд биеэр ял эдлэхэд үнэхээр хүндрэлтэй байна. Одоог хүртэл эмчилгээтэй байгаа. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ хүртэл эмчилгээ тасралтгүй хийгдэж байгаа. Гэмт хэрэг гарах үед олсон гэмтэл нь эрүүл мэнд, амь насанд нь муугаар нөлөөлөөд байгаа. Цаашдаа эмчилгээ үргэлжлэх шаардлагатай ба түүний хөдөлмөрийн чадварт нь нөлөөлж байна. Э охин одоо Гын эцэг, эх Оюунцэцэг, Дангаасүрэн нарын асрамжид байгааг нотолсон Хушаат сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, багийн засаг даргын тодорхойлолт зэргийг авч ирсэн байгаа ба дахин нотлох баримт гаргахгүй гэдгээр уншиж сонсгох нь зүйтэй болов уу гэж үзэж байна. 4-рт Гын чин хүсэл нь давж заалдах гомдолдоо ч дурдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Талийгаачийн 2 хүүхдийн тэтгэлэгийг төлмөөр байна. Миний эрүүл мэндийн байдлыг харж үзээч би хохирлоо төлмөөр байгаа тул тэрээр хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэсэн байдаг. Дээрх байдлуудыг харгалзан үзээд 3 жил 5 сарын хорих ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв. Хэрэг учрал болох үед жолоодож явсан машины хүрдэн дээрээс Гын хурууны хээ илэрдэггүй. Тэрээр бүтэн 2 сарын хугацаанд ухаангүй байсан ба ухаан ороод хамт явсан хоёр хүнээ яасан талаар асуудаг. Хохирогч Г хоёр найз байсан, найзын хувьд архи хувааж уусан, Гыг ажлаа хийж байхад дуудаж архи ууж зовлон жаргалаа хуваалцсан асуудал болсон байдаг. Иймд дээрх байдлуудыг харгалзаж Год хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Иргэний нэхэмжлэгч Б.Бы гомдол дээр тайлбар хэлэхэд: Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсон ба хохирлыг төлөхийн тулд ар гэр нь байгаа бүхнээ зарж хохирогчид 6 000 000 төгрөг өгсөн. Мөн хохирогчтой Гын ар гэрийнхэн байнга л уулзаж яавал хохирлыг төлж барагдуулах вэ гэдэг дээр ярилцаж байсан. Хохирлыг төлөөгүй гэх үндэслэл байхгүй гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа: Би ослын улмаас нас барсан Дгийн эцэг нь байгаа юм. Би та нар хохирлоо төлчих, би шүүхийн шатанд аль болох танай талд асуудлыг шийдвэрлэхэд туслая гэж шүүгдэгч талд олон удаа хэлж байсан. Миний машин бол их сайн машин ба би анх 12 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл анхан шатны шүүхээс 3 071 200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ мөнгө бол миний машиныг засварлахад хаанаа ч хүрэхгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн тээврийн хөлс гэхэд л 500 000 төгрөг болж байгаа. Засварчинд очиж үзүүлэхэд намайг 5 000 000 төгрөгөөр кузов худалдаж аваад, 2 000 000 төгрөгөөр бусад жижиг засвар хийнэ гэсэн. Мөн би хүүхдээ дараад алчихсан машиныг цаашид унах сонирхол байхгүй. Хохирлоо төлөөч гэж олон удаа шүүгдэгчид хэлсэн боловч 2 300 000 төгрөг өгсөн. Иймд би үнэлгээгээр тогтоосон    6 500 000 төгрөгөөр хохирлоо гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хохирогч Ө.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр 35 настай, цэл заруу, эв эрүүл байхдаа Гын болчимгүй үйлдлээс болж амь насаа алдсан. Миний хоёр хүүхэд бага насандаа өнчин өрөөсөн үлдэж, миний амьдрал өдөр ирэх тусам хэцүү болж байгаа. Яагаад давж заалдах гомдолдоо энэ хэргийг миний нөхрийн буруутай үйлдлээс болсон гэж байгаад гайхаж байна. Миний нөхөр хамт олондоо нэр хүндтэй, боловсрол мэдлэгтэй сайн хүн байсан. Архи дарс уугаад хүн уруу татаад яваад байдаггүй. Харин Г л тухайн үед Улаан-Уул явъя гээд дагуулж явсан байдаг. Тухайн үед манай хүнийг бие засаад зогсож байхад нь машиныг нь унаад явсан байдаг. Манай нөхөр Год хандаж “Миний дүү хурдан яваад байна, жоохон удаан яв ах нь өөрөө машинаа жолоодъё” гэхэд Г “яаж ч явсан яадаг юм бэ?” гээд хурдаа нэмээд байсан байдаг. Мөн хүүхдээ харж, асардаг гээд байх юм. Бид нар нэг өртөөнд хамт ажилладаг. Би Гын эхнэрийг нь ч сайн танина. Г эхнэр, хүүхдээ зодож хөөгөөд л явуулдаг. Одоо эхнэр нь хүүхдээ хөтлөөд л явж байна лээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тэжээгчээ алдсаны тэтгэмжид     295 950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хохирогч Ө.Аийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл байсан, ганц бие, өрх толгойлсон эцэг, эрүүл мэндийн байдлыг харж үзээд хорих ялыг хойшлуулж өгнө үү гэсэн гомдол гаргаж байна. Гэтэл энэ хэрэг нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг ямар нөхцлөөр яаж хөндөөд байгаа нь ойлгомжгүй. Аливаа гомдол нь хэргийн бодит байдалтай нийцэж байх ёстой. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч Анхбаяр нарын мэдүүлгээр хохирогчийн буруутай үйлдлээс болоогүй гэдэг нь тогтоогддог. 2-рт хүүхдийн асрамжийн асуудал байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Замын-Үүд сумын Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 132 дугаартай шүүхийн шийдвэрээр “Г нь гэрлэлтээ цуцлуулаад, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг тогтоосон” байдаг. Энэ шийдвэрт нэмэлт өөрчлөлт байхгүй. Багийн засаг даргын хэд хэдэн удаагийн тодорхойлолт болон ажил байдлын тодорхойлолтоор Гыг ам бүл ганцаараа гэж заасан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 63 дугаар зүйлийг журамлах үндэслэлгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хохиролд 6 000 000 төгрөгийг өгсөн гэж байна. А нь нийтдээ 8 773 750 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс 2 000 000 төгрөгийг хасаад үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд тодорхой дурдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ялтан Д.Гын гомдлын тухайд: Д.Г нь хувьд ноогдох эд хөрөнгөгүй, торгууль төлөх чадваргүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул торгох ял оногдуулах боломжгүй. Мөн иргэний нэхэмжлэгч Б.Бд 820 400 төгрөг, хохирогч Ө.Ад 6 773 750 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй ба хохирлыг нөхөн төлсөн ч уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул гэм хор арилсан гэж дүгнэх боломжгүй тул түүнд оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзах хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ш.Жинжиймаа, Н.Оюунчимэг, Д.Дангаасүрэнгийн мэдүүлэг, шүүхийн гүйцэтгэх хуудас, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын      08-ны өдрийн 132 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар ганц бие эцэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөний ангийн 63 дугаар зүйлийг хэрэглэн ял хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Бы гомдлын тухайд: *** ДГО улсын дугаартай “Митсубуши айртрек” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ нь 3 071 200 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд уг үнэлгээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, анхан шатны шүүх хуралдаан дээр үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Дээрх 3 071 200 төгрөгнөөс ялтан Д.Г нь 2 300 000 төгрөгийг төлсөн баримт нь хэрэгт авагдсан бөгөөд одоо 771 200 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ялтан Д.Гоос 6 500 000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Бд гаргуулан өгөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтан Д.Г, иргэний нэхэмжлэгч Б.Б нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор П.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн. Шүүгдэгч нь хохирогч Ө.Ад 7 700 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Бд 800 000 төгрөгийн тус тус төлбөртэй. Шүүгдэгчийн давж заалдсан гомдлын тухайд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж байгаа боловч энэ хэрэг нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөхгүйгээр гардаг гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас буюу зөвхөн өөрийнх нь буруутай үйлдлээс болж уг гэмт хэрэг үйлдэгджээ. Мөн шүүгдэгч нь өөрийгөө ганц бие өрх толгойлсон эцэг гэж тодорхойлж байгаа боловч Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр болон Хушаат сумын засаг даргын тодорхойлолтоор Э охиныг асрамжилдаггүй болох нь тогтоогддог. Иймд өрх толгойлсон ганц бие эцэг гэдэг нь нотлогддоггүй харин ч үгүйсгэгддэг талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Гыг согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 2.3, 9.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Дгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын давж заалдсан гомдлын дагуу эрүүгийн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд шүүгдэгч Д.Гын гэм буруутай болох нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж согтуугаар, хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглэсэн зорчигчийг тээвэрлэх, тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулан замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж явах гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн тухай шинжээчийн б/14 тоот дүгнэлт, шүүгдэгч нь 1.2 промиллийн спиртийн агууламж бүхий хөнгөн зэргийн согтолттой байсан тухай шинжээчийн 10710 тоот дүгнэлт, гэрч Анхбаярын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 33 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнх нь биед учирсан гэмтлийг тогтоосон 253 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус хангалттай тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт сэлт, мэдээлэлүүд байна гэж үзлээ.

Хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хамтдаа ууж, хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогчийн хувьд согтуу хүнд жолоогоо шилжүүлсэн, өөрөө согтуугаар автомашинаа жолоодсон зэрэг буруутай үйлдлүүд байгаа хэдий ч гэмт хэрэг гарах тухайн нөхцөлд шүүгдэгч Д.Г автомашиныг жолоодож явсан, Д.Гын үйлдлийн улмаас хохирогч Б.Д нас барсан,  иргэний хариуцагчийн автомашин эвдэрч хэмхэрсэн байх тул шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагаас ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч өөрөө хүзүү, нуруу, дал ясны, цээжний хөндийн эрхтний  хугарал, няцрал, доргилт зэргээр хүндэвтэр гэмтэл авсан нь шинжээчийн 253 тоот дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэх зарчимтай, шүүгдэгчийн хувьд өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөгдөх боломжтой боловч энэ тухайгаа жичдээ баримт бүрдүүлж шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Шүүгдэгчийн хувьд 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулах хүсэлтэй байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хүүхэд эхийн асрамжаас эцгийн асрамж руу шилжсэн тухай албан ёсны шийдвэргүй тул анхан шатны шүүх энэ хүсэлтийг хүлээж аваагүй нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж болох байсан боловч хохирогч Ад учирсан оршуулгын зардал, иргэний хариуцагч Бы автомашины эвдрэлийн зардлыг бүрэн төлж барагдуулаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглээгүй нь анхан шатны шүүхийн зөв юм.

Иргэний хариуцагчийн зүгээс автомашины үнийг анхан шатны шүүх хуралдааны үед худалдаж авсан үнээр буюу 10 сая төгрөгөөр, давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон 6 500 000 төгрөгөөр нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “... бусдын эд хөрөнгөд учирсан гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлнө” гэсний дагуу анхан шатны шүүх автомашины эвдрэлийг засахад гарах зардлыг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тодорхойлсон 3 071 200 төгрөгийг гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан бодит хохирол гэж үзэж,  шүүгдэгчээс автомашины хохиролд төлсөн         2 300 000 төгрөгийг хасч үлдэх 771 200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв, үндэслэлтэй болсон байна.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг анхаарч ял шийтгэлийг хөнгөрүүлэх,  хорих ялыг биечлэн эдлэхэд биеийн эрүүл мэндийн байдал нөлөөлж байгаа байдал, 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг тул хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулж өгөх, иргэний нэхэмжлэгч Б.Бы автомашины хохиролд автомашины үнийг 6 500 000 төгрөгөөр тооцож гаргуулахыг хүссэн тухай тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Г, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

                       2.Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаанд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                    Г.ТЭГШСУУРЬ

                                                 А.САЙНТӨГС