Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Ц.Г

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Г, Ж овогт Т.Б нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 02 сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Ц.Г /РД:.../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж овогт Т.Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 12-р сарын 14-ний өдрийн 18 цаг 50 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Б-тай бүлэглэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн ... тоотод иргэн Ж.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 12-р сарын 14-ний өдрийн 18 цаг 50 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Г-тэй бүлэглэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Ж.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

              ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тус өдөр таксинд явж байсан чинь Я эгч 12 цаг 30 минутын үед над руу залгаад “эгч нь сэтгэл санаа муу байна миний дүү хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би ... тоотод очоод Я эгчтэй уулзахад “миний дүү яваад 2 том пиво аваад ир” гээд 20,000 төгрөг өгсөн. Би буцаж гараад ногоон дэлгүүрээс 2 пиво аваад 30-40 минутын дараа аваачиж өгсөн. Энэ үед Б-ын гэрт Я, Б, Т, Э, Б нар 1 том пиво 0,5 литрийн архийг голдоо тавиад уугаад сууж байсан. Тэгээд намайг  нэг татчих гээд пивоноос 1 аягыг хийж өгөхөөр нь би уучихаад буцаад гараад гэртээ харьсан. Гэртээ байж байхад над руу Я эгч байн байн залгаад “чи эгч дээрээ ирэхгүй юм уу, сэтгэл тиймэрхүү байхад хүрээд ирэхгүй яасан юм” гээд байхаар нь би 16 цаг өнгөрч байхад буцаад очсон. Намайг очиход Я эгч, Т хоёр тасраад унтаж байсан, Э, Б, Б 3 уугаад сууж байсан.  Тэгээд тэд нар намайг суу ууя гээд байхаар нь хамт сууж 1 том пиво, 0,5 литрийн архи уусан. Нилээн уугаад юм яриад сууж байсан чинь Б “аан чи чинь нөгөө Я-ын яриад байдаг хүүхэн үү, чамайг нөхөртэйгөө байнга архи уудаг гэдэг юм байна лээшдээ” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ эгчээ” гэсэн чинь намайг мөргөөд “таньж мэдэхгүй хүүхэд байн байн яагаад энэ гэрт орж ирээд байгаа юм” гэхэд Б эгч “наадах чинь урагшаа гардаг хүүхэд шүү дээ, юун архичин гээд солиороод байгаа юм” гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би хэсэг зуур тасарчихсан. Намайг тасраагүй гайгүй сууж байхад Б “архичин чинь, чи нөхөртэйгээ архи уугаад явж байдаг биз дээ” гэж хэлээд л байсан, тэгээд тасарсныхаа ард юу болсныг мэдэхгүй байна” гэжээ. /хх-ийн 106-107/

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б Г рүү хандаж “чи нөхөртэйгээ нийлж архи уудагшдээ жоохон хүүхэд байж” гээд агсам тавиад байхаар нь би “адилхан ууж байж, нэгнийгээ битгий ингээд бай” гэсэн чинь над руу бас агсраад “тантай яриагүй дуугүй бай авгай минь” гээд Б Г-ийн толгой руу мөргөөд авахаар нь би гарыг нь мушгиад доош нь унагаад хамар хавьцаа нь баруун гараараа цохьсон.  Тэгтэл Г Б-ын дээрээс мордож суугаад цохиод байсан. Тэгэхээр нь би гараад Б-ын гэрт нь очоод хүүхдийг нь дуудаад гэрийнхээ гадаа том тэрэгний хажууд зогсоод чагнаад байж байтал салахгүй орилолдоод байсан. Би  тухайн үед гадаа зогсоод сонсож байсан болохоор нүдээрээ харсан юм байхгүй. Удалгүй цагдаа нар ирээд нам жим болсон.   Ер нь бол Г-ийг архичнаар нь дуудаад, нөхрийг нь мөн архичин гээд загнаад байхаар нь би “чи адилхан архи ууж байж нэгнийгээ битгий ингэж бай” гэтэр над руу агсрахаар нь би гарыг нь өчиж унагаад баруун гараараа хамар хэсэгт нь нэг удаа цохьсон юмаа” гэжээ. /хх-ийн 110-111/

Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... сүүлд бүрэнхий болчихсон байхад 18 цагийн үед Г гэх жоохон охин халамцуу жаахан уучихсан байранд орж ирсэн. Тэгээд Я тасраад, Т гараад яваад өгсөн. Бид дөрвүүлээ үлдээд пиво уугаад сууж байсан чинь Г гэнэт миний зүүн талын шанаа руу баруун гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би “чи одоо яадаг хүүхэд вэ” гээд босоод иртэл намайг түлхэж унагаад баруун гараараа хүзүүнээс минь боож дараад хэвтэхээр  нь би зөрүүлээд заамдаж аваад хэрэлдэж маргалдаад байж байтал Б баруун гараа зангидаж ирээд тэр хоёр нийлээд нүүр нүдгүй зодсон. Хоёр зэрэг гар орж ирээд  цохиод байсан болохоор сайн харж чадаагүй. ...хамгийн эхэнд Г зүүн нүд рүү баруун гараараа цохьсон, мөн миний хоолойг  боосон, Б эгч Г-ийн дээгүүр давж орж ирээд тэр хоёр нийлж нүүр хэсэгт маш их цохьсон, яг хэн нь хаашаа цохьсныг мэдэхгүй байна. ...хамранд 1 оёдол тавьсан, дусал хийлгэсэн, тариа тариулсан, өвчин намдаах эм уусан.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, миний хохирлыг нөхөн төлүүлсэн” гэжээ. /хх-ийн 7-11/

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б Г рүү хандаж “миний дүү би чамайг танихгүй гэхдээ нөхөртэйгээ нийлж архи уудаг гэж байна лээ, миний дүү дахиж тэгж болохгүй шүү” гэтэл “за ойлголоо эгч” гээд сууж байснаа удалгүй уух юм дуусахын алдад Б, Г-ийг гадагшаа аваад  гарсан. Нилээн удаан байж байгаад буцаж орж ирснээ Г шууд Б-ыг баруун гараараа саваад зүүн нүд рүү нь цохиод түлхэж унагаад дээрээс нь дарж баруун гараараа хоолойг нь боож байгаад зүүн гараараа цохиод байсан. Тэгтэл хажуунаас нь Б нэмж баруун гараараа Б-ыг зодоод байсан” гэжээ./хх-ийн 15-16/

Насанд хүрээгүй гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б эмээгийн гэр рүү яваад ортол  Г эгч ээжийн дээр суучихсан ноцолдоод байж байсан. Тэгээд манай ах Т бид хоёр Г ээж хоёрыг салгаад цаад ор руу түлхээд суулгасан. ...анх намайг ортол Г эгч манай ээжийн дээр суучихсан ноцолдож байсан. ...ээжийн дээр Г эгч суучихсан, ээжийн нүүр рүү нь хавдаад цус болчихсон байдалтай байсан” гэжээ. /хх-ийн 58-59/

Насанд хүрээгүй гэрч У.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т-ийн гэр рүү яваад ортол Б эгч баруун орон дээр нүүр ам нь аймар болчихсон сууж байсан, Г эгч болохоор зүүн орон дээр суучихсан урдаас нь дайраад байж байсан. ...яаж зодолдож байгааг нь хараагүй, би ороод л гарсан” гэжээ. /хх-ийн 62-63/

Насанд хүрээгүй гэрч Т.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ороход Г эгч Б эгчийн дээр гараад суучихсан цохих гээд байж байсан. Тэгээд О бид хоёр Г эгчийг Б эгчийн дээрээс босоод зүүн орон дээр суулгаад гарыг нь бариад сууж байсан” гэжээ. /хх-ийн 67-68/

2021 оны 12-р сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/18 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

-Ж.Б-ын биед гэмтэл тогтоогдлоо.

-Ж.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруу хэсэгт язарсан шарх, хоёр талын нүдний дээд доод зовхи, шанааг хамарсан цус хуралт, зүүн нүдний склерт цус хуралт, баруун эрүүний дунд хэсэгт цус хуралт, эрүүний ооч хэсэгт цус хуралт, доод уруул дагуу цус хуралт, хүзүүний баруун талд, хүзүүний урд талд, баруун чихний урд талд тус тус зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх дүгнэлт /хх-ийн 76-77/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 78-80/

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг компьютер томограф баримт /хх-ийн 81/

Шүүгдэгч Ц.Г, Т.Б нарын урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-121/

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 124-128/

Шүүгдэгч Ц.Г, Т.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 142-143/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Ц.Г,Т.Б нар нь бүлэглэн 2021 оны 12-р сарын 14-ний өдрийн 18 цаг 50 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод хохирогч Ж.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруу хэсэгт язарсан шарх, хоёр талын нүдний дээд доод зовхи, шанааг хамарсан цус хуралт, зүүн нүдний склерт цус хуралт, баруун эрүүний дунд хэсэгт цус хуралт, эрүүний ооч хэсэгт цус хуралт, доод уруул дагуу цус хуралт, хүзүүний баруун талд, хүзүүний баруун талд, хүзүүний урд талд, баруун чихний урд талд тус тус зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгч Ц.Г, Т.Б нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч  Ц.Г, Т.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч  Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... сүүлд бүрэнхий болчихсон байхад 18 цагийн үед Г гэх жоохон охин халамцуу жаахан уучихсан байранд орж ирсэн. Тэгээд Я тасраад, Т гараад яваад өгсөн. Бид дөрвүүлээ үлдээд пиво уугаад сууж байсан чинь Г гэнэт миний зүүн талын шанаа руу баруун гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би “чи одоо яадаг хүүхэд вэ” гээд босоод иртэл намайг түлхэж унагаад баруун гараараа хүзүүнээс минь боож дараад хэвтхээр  нь би зөрүүлээд заамдаж аваад хэрэлдэж маргалдаад байж байтал Б баруун гараа зангидаж ирээд тэр хоёр нийлээд нүүр нүдгүй зодсон. Хоёр зэрэг гар орж ирээд  цохиод байсан болохоор сайн харж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11/, гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б Г рүү хандаж “миний дүү би чамайг танихгүй гэхдээ нөхөртэйгээ нийлж архи уудаг гэж байна лээ, миний дүү дахиж тэгж болохгүй шүү” гэтэл “за ойлголоо эгч” гээд сууж байснаа удалгүй уух юм дуусахын алдад Б, Г-ийг гадагшаа аваад  гарсан. Нилээн удаан байж байгаад буцаж орж ирснээ Г шууд Б-ыг баруун гараараа саваад зүүн нүд рүү нь цохиод түлхэж унагаад дээрээс нь дарж баруун гараараа хоолойг нь боож байгаад зүүн гараараа цохиод байсан. Тэгтэл хажуунаас нь Б нэмж баруун гараараа Б-ыг зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, насанд хүрээгүй гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б эмээгийн гэр рүү яваад ортол  Г эгч ээжийн дээр суучихсан ноцолдоод байж байсан. Тэгээд манай ах Т бид хоёр Г ээж хоёрыг салгаад цаад ор руу түлхээд суулгасан. ...анх намайг ортол Г эгч манай ээжийн дээр суучихсан ноцолдож байсан. ...ээжийн дээр Г эгч дээрээс нь  суучихсан, ээжийн нүүр рүү нь хавдаад цус болчихсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/, насанд хүрээгүй гэрч У.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т-ийн гэр рүү яваад ортол Б эгч баруун орон дээр нүүр ам нь аймар болчихсон сууж байсан, Г эгч болохоор зүүн орон дээр суучихсан урдаас нь дайраад байж байсан...яаж зодолдож байгааг нь хараагүй, би ороод л гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/, насанд хүрээгүй гэрч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ороход Г эгч Б эгчийн дээр гараад суучихсан цохих гээд байж байсан. Тэгээд О бид хоёр Г эгчийг Б эгчийн дээрээс босоод зүүн орон дээр суулгаад гарыг нь бариад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/, 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/18 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 78-80/, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг компьютер томограф баримт /хх-ийн 81/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 124-128/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Г, Т.Б нар нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Г, Т.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.Г, Т.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч Ж.Б хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Г, Т.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой шүүгдэгч тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Ц.Г, Т.Б нарт ял оногдуулахдаа хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нар нь торгуулийг ялыг сайн дураар төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Г /РД:.../, Ж овогт Т.Б /РД:.../ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Т.Б нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 зааснаар шүүгдэгч Ц.Г, Т.Б нар нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Г, Т.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.Ц