Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 03

 

 

******* ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00748 дугаар шийдвэртэй, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2 дугаар ******* айлын орон сууцны 6 тоотод оршин суух ******* овогт *******гийн *******д  холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 94.854.430 төгрөг гаргуулах  тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Иргэн ******* овогтой ******* нь 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Ховд Булган сумын төвд шатрын ордон барих дугаар 04 тоот барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг ******* Гоулден Тайр ХХК-тай байгуулан өөрийн компанийхаа дансаар 65.000.000 /жаран таван сая/ төгрөг, бэлнээр 1.2*******.000 /нэг сая хоёр зуун наян мянган/ төгрөг, жолооч Х.Батцагаанаар дамжуулан 735.000 долоон зуун гучин таван мянган/ төгрөг нийт 78.535.000 /далан найман сая таван зуун гучин таван мянган/ төгрөг авсан байна.

Гэрээгээр дүгнээгүй, гэрээний хугацаандаа ажлаа хийлгүй алга болсон. Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст мэхэлж залилсан гэх гомдолоор гомдол гаргасан боловч өршөөлийн зарлигаар уг үйлдэл холбогдлыг прокурор хэрэгсэхгүй болгосон. Иймд ******* овогтой ******* гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүйгээс учирсан хохирол 11.302.440 /Ховд аймгийн прокурорын газарт '******* ******* ******* ХХКомпанид нөхөн төлж өгөх хүсэлтийг өөрөө бичгээр гаргасан/- Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2014 оны 06 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 26 сар бөгөөд сард 250.000 төгрөгөөр цалинжуулдаг байсан ба нийт 6.500.000 төгрөг,-Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 3 сар х 200.000 = 600.000 төгрөг, -Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 10 сар х 100.000= 1.000.000 төгрөг,-Шатрын ордны үлдэгдэл бараа материалыг манах сахиулын цалин 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 16сар х 100.000 = 1.600.000 төгрөг, -Р.******* нь ажлаа хаяад явлаа гэсэн дуудлагаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган суманд ирсэн болон буцсан шатахууны зардал 1.367.230 төгрөг,-Р.*******тэй утсаар ярьж Булган суманд уулзахаар тохиролцож Булган суманд ирсэн бензиний зардал 1.487.300 төгрөг, Р.*******тэй холбогдох хэргийн материалын бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл гаргахаар Ховд аймагт 2017 оны 06 дугаар сард ирсэн онгоцны зардал 324.900 төгрөг, Холбогдох хэргийн материалын бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл гаргах хугацаанд Ховд аймагт зочид буудалд байрласан зардал 240.000 төгрөгний зардал гарсан бөгөөд нийт 24.421.960 төгрөгний хохиролыг гаргуулахаар нэхэмжпэл гаргаж байна. *******гийн *******гээс 24.421.960 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24.421.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг хариуцагч Р.******* би гардаж авч дараах тайлбараа гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* Гоулден Тайр ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн харъяалал зөрчин нэхэмжлэл гаргасан байна. ******* овогт *******гийн ******* миний бие Ховд аймгийн *******т сумын 6-р баг ******* 2/******* айлын орон сууцны 6 тоотод оршин суудаг. Миний бие Ховд аймаг үйл ажиллагаагаа явуулдаг Андзол ХХК- ийг төлөөлөн ******* ******* ******* ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Булган сумын төвд шатрын ордон барих 04 дугаартай гэрээ байгуулсан. Гүйцэтгэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж барилгын ажлын норм стандартын дагуу суурь, газар шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн байтал намайг санхүүжилтээр осон мөнгийг хувьдаа идэж ашигласан гэж Ховд аймгийн Цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж хичнээн төгрөгийн зөрүү гарсан болохыг нотлох баримтаар тогтоосон. Уг хэрэг нь Ховд аймгийн Прокурорын газрын архивт хадгалагдаж байгаа. Гүйцэтгэгч биднийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ажлыг зогсоож цагдаагийн байгууллагад шалгуулж ажил тасалдуулж гэрээний үүргээ биелүүлээгүй захиалагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг бид хариуцахгүй. Нэхэмжлэлийн хариуг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл нь иргэний хэрэг зөрчиж шүүхийн харъяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсэгт заасны дагуу ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн *******т сумын 6-р баг ******* 2/******* айлын орон сууцны 6 тоотод оршин суух Р.******* надад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00748 дугаар шийдвэрээр:”1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Р.*******д холбогдох, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 94.854.430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 948.132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасныг тус тус зөрчиж, нотлох баримтуудыг буруу буюу дутуу үнэлсэн бөгөөд хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтуудыг хүлээн авч, үнэлсэнд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээг ******* ******* ******* ХХК болон Андзол ХХК-ний хооронд байгуулагдсан байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг иргэн Р.*******гээс биш Андзол ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй ба нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна гэж дүгнэсэн атлаа энэхүү гэрээг Андзол ХХК-ийг төлөөлж Р.******* байгуулах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулаагүй, өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт Андзол ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн талаар ямар нэгэн лавлагаа авагдаагүй байхад нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг өөрөө таамаглаж хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 40.2-т заасныг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй ажил гүйцэтгэх гэрээний хуулбар хувь хавтаст хэргийн 25-26 дугаар талд авагдсан байхад 38 дугаар зүйлийн 38.9-д заасан эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, шинээр нотлох баримтуудыг гаргуулаагүй бөгөөд эдгээр баримтуудыг шүүх эргэлзээгүй талаас нь тодруулаагүй атлаа хариуцагчийг жинхэнэ хариуцагч биш гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх огт үнэлээгүй орхигдуулсан нь 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа зөвлөмжид нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж үнэлнэ гэсэн үг юм. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардалгатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй гэж заасантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан 24,421,960 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 94,854,430 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Хариуцагч Р.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “нэхэмжлэгч компани намайг цагдаад өгч шалгуулан барилгын ажлын зогсооход хүргэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж” тайлбарлажээ.

            Шүүх “нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлыг иргэн Р.*******гээс биш Андзол ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй ба нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

            Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд үүсэн маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн байна.

            Тухайлбал нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай хариуцагч Р.******* нь барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа Андзол ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулан компанийн тамга, тэмдэг ашигласан 65,000,000 төгрөгийг компанийн дансаар оруулж авсан байна. Гэтэл хавтаст хэрэгт Андзол ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримт авагдаагүй, Р.******* нь уг компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч мөн эсэх нь тодорхойгүй байхад шүүх “Р.******* нь Андзол ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан болохоос гэрээний үүргийн биелэлт болон Андзол ХХК-ийг төлөөлөхгүй юм” гэх хийсвэр дүгнэлт хийсэн байна.

            Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

            Мөн шүүх нэхэмжлэгч нь иргэн Р.*******гийн хувьдаа ашигласан хохирол нэхэмжилж байгаа, эсхүл Андзол ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нэг бүрийг тодруулах, шаардлагатай бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар Андзол ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой эсэхийг анхаараагүй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,522 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, Г.Эрдэнэцэцэгт буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2020/00748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 632,522 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                             Д.КӨБЕШ

 

                                                                                                    М.НЯМБАЯР