Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 05

 

 

О.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 154/ШШ2020/00186 дугаар шийдвэртэй, Ховд аймаг Булган сум Бүрэнхайрхан багт оршин суух Очирдоржийн Түмэнжаргалын  нэхэмжлэлтэй, Ховд аймаг Булган сум, Бүрэнхайрхан багт оршин суух Баатарсүрэнгийн Батсайхан /РД: ПБ87111918/ холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 550.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: О.Түмэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний том хүү Д.Очсүрэн 2018 оны 04 сард үйлдвэрлэлийн осолд орж нарийн гэдэс цоорч, зүүн хөл өвдөгнөөсөө доош бяцарч баруун хөлийн шилбэ эгц хугарч баруун гарын тохой яс хугарч хүнд осолд орсон. Ослийн улмаас 4 сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэж байнгын асаргаатай байсан. Тухайн үед аав нь байнга асарч байсан. Аав нь ядраад дүү Д.Очбадрахаар харуулах гэтэл Б.Батсайхан нь танай хүүд чөлөө олгуулна гэж өөрийнхөө хувийн ХААН банкны 5845615984 тоот дансанд 550.000 төгрөгийг 2018 оны 06 сарын 26-ны өдөр хийлгэж авсан бөгөөд хүүд чөлөө олгоогүй ээлжийн амралт ч олгоогүй байсан учир ахаа асрахаар ажлаасаа хүү маань чөлөөлөгдсөн. Иймд Б.Батсайханаас танай хүүд чөлөө олгуулж өгнө гэж удаа дараа утсаар ярьж байгаад өөрийнхөө хувийн дансанд хийлгэж авсан 550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би удаа дараа утсаар ярьсан зүйл байхгүй. Тухайн байгууллагад би няраваар ажилладаг бөгөөд ажилтанд чөлөө олгох эрх мэдэл надад байхгүй. Энэ асуудал нь Д.Очбадрах, Б.Батбилэг дарга нарын хоорондын асуудал. Миний данс руу 550.000 төгрөг шилжиж орсон нь үнэн. Тухайн мөнгийг байгууллагад хилээс материал татаж даамангийн хаалга хийсэн. Би үүнийг хариуцахгүй. Манай байгууллага нь босоо удирдлагатай учир Ховд аймагт данс нь байдаг. Чөлөө авах асуудал би мэдэхгүй байгууллагын тохижилтод мөнгө өгнө гэж байна очоод аваад ир гэж хэлсэн. Мобиалаар миний данс руу шилжүүлсэн нь үнэн. Манай даргын мэдэх асуудал. Би хариуцахгүй байгууллага хариуцах ёстой гэж бодож байна гэжээ.

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 154/ШШ2020/00186 дугаар шийдвэрээр: 1.О.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй Б.Батсайханд холбогдох 550.000 /Таван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Б.Батсайхан нь танай хүүхдэд чөлөө олгуулна миний данс руу 550,000 төгрөг яаралтай хийгээд орхи гээд дахин дахин яриад манай эхнэр өөрийн биеэр уулзаж байгаад 550,000 төгрөгийг Б.Батсайханы 5845615984 тоот дансанд хийсэн. Тэгээд миний хүүхдэд ээлжийн амралт ч олгоогүй, гэнэт ажлаас чөлөөлөгдөж төрсөн ахаа асрахын эрхэнд арга буюу ажлаасаа гарсан. Иймд сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч О.Түмэнжаргал нь хариуцагч Б.Батсайханд холбогдуулан 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Б.Батсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Д.Очбадрах нь хувийн зүгээс байгууллагынхаа тохижилтонд зориулан 550,000 төгрөг өгөхөөр болж миний данс руу 550,000 төгрөг шилжүүлсэн. ...уг мөнгөөр хашааны гүйдэг хаалга хийж зохих журмын дагуу эд хөрөнгийн орлогод авахуулсан” гэж тайлбарлажээ.

            Шүүх “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй зэрэг байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Тухайлбал нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хариуцагч Б.Батсайханы данс руу 550,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх уг нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

            Хариуцагчаас өөрийн татгалзлаа нотлохоор хэргийн 14 дүгээр хуудаст гаргаж өгсөн “орлогын баримт” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй хуулбар баримт байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, эсхүл уг нотлох баримтыг үнэлэхгүй байгаа үндэслэлээ дурдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

            Мөн шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, материаллаг хуулийг тайлбарлаж хэрэглээгүй, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн зүйл заалт баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дамиранжавын давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,150  төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, Б.Дамиранжавт буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-нna өдрийн 154/ШШ2020/00186 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 17,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

          

                                            ШҮҮГЧИД                                       Д.КӨБЕШ

                     

                                                                                                    М.НЯМБАЯР