| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0308/З |
| Дугаар | 128/ШШ2024/0728 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Р” ХХК /РД:/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “Б” ХХК /РД:/ нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/1076 дугаар захирамжийн хавсралтын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц, иргэдийн төлөөлөгч Л.А /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Р” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/1076 дугаар захирамжийн хавсралтын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2.1. “Б” ХХК-д анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 322 дугаар захирамжаар зочид буудлын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Автобус-3” баазын зүүн урд байрлуулан 0,022 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар тус дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар "Б" ХХК-д 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт олгогдсон 0,022 га талбайн газар эзэмших эрхийн хугацааг сунгах, орчны тохижилт хийгдсэн 0,04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.2. Мөн 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Б” ХХК-д 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийг үндэслэн 620 м2 газрыг 5 жилийн хугацаагаар 2-р автобус-3 компанийн зүүн урд талд “үйлчилгээ, зочид буудал”-ын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийн гаргасан "Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаар захирамжийн "Ш" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/TA2023/0421 дүгээр магадлалаар "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэрийн "ТОГТООХ" хэсгийн 1 дэх заалтад “Б” ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн бүртгэж авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах" гэж нэмсэн, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.
4. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 862 м.кв газрыг "Б" ХХК-д 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.
5.1. “Ш” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээгээр "Сүхбаатар дүүргийн 3-р хороо, "Автобус-3" ОНӨААТҮГ-ын зүүн талд байрлах 984 м.кв талбай бүхий үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгогдсон. Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн нэгж талбарын 8005/0128 дугаарт бүртгэгдсэн гэрээ, уг газар дээр Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон М3Х дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын хамт Эрх шилжүүлэн авагч болох “Р” ХХК-д шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/99 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 984 м.кв үйлчилгээний орон сууцны зориулалттай 15 жилийн хугацаатай газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Ш” ХХК-иас “Р” ХХК-д шилжүүлж шийдвэрлэжээ.
5.2. Мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 00000******* дугаар гэрчилгээгээр 983.0 м.кв /га/ газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай “Р” ХХК-д эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-22******* дугаарт бүртгэсэн байна.
6.1. "Р" ХХК-иас Нийслэлийн Засаг даргад хандан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан байх бөгөөд үүнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны 02-06/4576 дугаар албан бичгээр “...Тус албанд хандан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1067 дугаар захирамжаар "Б" ХХК-д эзэмшүүлсэн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай гомдол ирүүлснийг судлан үзээд дараах хариуг хүргүүлж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй, буцаана” гэж заасан байна. Иймд танай компанийн гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй байгааг үүгээр хүргүүлж байна” гэсэн хариуг өгсөн байна.
6.2 Нэхэмжлэгчээс мөн 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1067 дугаар захирамжийн "Б" ХХК-ийн эзэмшиж байсан 620 м2 газрын талбайн хэмжээг 862 м2 болгож нэмэгдүүлсэн нь холбогдох шүүхийн шийдвэрүүдийг зөрчиж байх тул хүчингүй болгох тухай” гомдол гаргаж үүний дагуу судлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04-02/5941 дугаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан “...”Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн 2016 оны 311 дүгээр тогтоолоор “нэхэмжлэгч хуулийн этгээдийн барих зочид буудлын барилгын урд, баруун, зүүн талын хэсэгт орчны тохижилт хийхээр тусгагдсан болохыг, нэхэмжлэгчээс газрын хэмжээг нэмэгдүүлэн авахдаа захиргааны байгууллагаас зөвшөөрсөн барилгын эргэн тойрны газар биш, барилгын хойд талаас 40 м зайд 400 м2 газарт тохижилт хийсэн байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт нийцэхгүй”-г тус тус дүгнэсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1067 дугаар захирамжаар "Б" ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын талбайн хэмжээг 242 м2-ааap нэмэгдүүлсэн нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргаан бүхий 400 м2 газартай давхцаж байна. Иймд "Б" ХХК-ийн талбайн хэмжээг нэмэгдүүлсэн дээрх захирамжийн холбогдох хэсгийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 311 дүгээр тогтоолд нийцүүлэх арга хэмжээг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу авч хэрэгжүүлнэ үү.” гэжээ.
6.3. Үүний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 09-06/78 дугаар албан бичгээр “Б” ХХК-нд мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдэлдээ “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18******* дугаар бүхий 220 м2 газрыг тус дүүргийн засаг даргын 2002 оны 322 дугаар захирамжаар танай компанид зочид буудлын зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжаар орчны тохижилт хийгдсэн 400м2 газрыг нэмж, талбайн хэмээг 620 м2 болгон 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх газартай холбоотой танай компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2016 оны 311 дүгээр тогтоолоор “нэхэмжлэгчээс газрын хэмжээг нэмэгдүүлэн авахдаа захиргааны байгууллагаас зөвшөөрсөн барилгын эргэн тойрны газар биш, барилгын хойд талаас 40 м зайд 400м2 газарт тохижилт хийсэн байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт нийцэхгүй” тухай тус тус дүгнэлт гарсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Гэвч танай компанид эзэмшүүлсэн дээрх газрын талбайн хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1067 дугаар захирамжаар 242 м2-аар нэмэгдүүлж, нийт 862 м2 болгон баталгаажуулахдаа шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргаан бүхий 400 м2 газрыг оруулан эзэмшүүлсэн байна. Иймд Улсын Дээд шүүхийн 2016 оны 311 дүгээр тогтоолд нийцүүлэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1067 захирамжаар дээрх маргаан бүхий газрыг оруулан танай компанид нэмж эзэмшүүлсэн 242 м2 газрыг хасаж танай эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах болсныг үүгээр мэдэгдэж байна. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар, санал материал ирүүлэх тохиолдолд тус албанд хандана уу.” гэсэн байна.
6.4. Дээрхи албан бичгийн хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-06/855 дугаар албан бичгээр хүргүүлэхдээ “...Танай газраас тус албанд ирүүлсэн арга хэмжээ авах тухай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04-02/5941 дугаартай албан бичгээр "Р*******" ХХК-аас Нийслэлийн Засаг даргад хандан "Б" ХХК-д эзэмшүүлсэн 862 м2 газар нь шүүхийн шийдвэр зөрчиж байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1067 захирамжийн "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдол ирүүлснийг судлан Улсын дээд шүүхийн 2016 оны 311 дүгээр тогтоолд нийцүүлэн Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг даалгасан. Тус албан бичгийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай албан бичгээр Улсын дээд шүүхийн 2016 оны 311 дүгээр тогтоолд нийцүүлэн талбайн хэмжээг хасах тухай мэдэгдэл нь хууль бус бөгөөд эрхийг ноцтой зөрчиж байх тухай хариу тайлбар ирүүлснийг хавсралтаар хүргүүлж байна.” гэжээ.
6.5. Ингээд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 07/1130 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1067 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд 862 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар “Б” ХХК-д олгосон нь Газрын тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул танай байгууллагаас ирүүлсэн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Уг шийдвэрийн улмаас танай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандана уу" гэсэн хариуг хүргүүлжээ.
7. Үүнийг нэхэмжлэгч “Р*******”-иас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0560 дугаар шийдвэрээр “Р” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/1076 дугаар захирамжийн хавсралтын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн хавсралтын 32-д заасан 862 м.кв газраас 242 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох 620 м.кв газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т тус тус зааснаар шинжээчийн зардал 263,819.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 221/МA2023/0618 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
8.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч "Р*******" ХХК-ийн захирал Г.Н миний бие "Ш" ХХК-д дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2013 оны 03 дугаар сараас 13- ний өдөр гаргасан "Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж эхлэх бүхий л үйл явцад хэргийн оролцогч, гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлж оролцож байсан. Улсын дээд шүүхээр “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл маргаан бүхий газарт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар “Б” ХХК-д дахин газар олгосон. Шүүхийн шийдвэрт “Б” ХХК нь 620 м.кв газар эзэмших нь хүчин төгөлдөр. Тиймээс мэдээллийн санд зөв оруулах хэрэгтэй гэж дурдсан. Шүүхийн шийдвэр гарсан байхад дахин газар олгож, нэмж 262 м.кв газрыг олгосон. 2016 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан 221/******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж газар олгосон.
Газар олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дох хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан. “Б” ХХК-д 242 м.кв газар нэмж олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулсан байх ёстой. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолд заасан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журамд заасан үйл ажиллагааг хийхгүй газар олгосон. Дуудлага худалдаа хийгдсэн бол нэхэмжлэгч байгууллага нээлттэй ил тод байдлаар оролцох байсан. Энэ боломжоор хангаагүй.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6 дах хэсгүүдэд заасан зарчмуудыг баримтлаагүй, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж нэг хуулийн этгээдэд үйлчилж, нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлсэн нь хуульд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн газар гэж тодорхойлсон байхад уг газарт дахин газар олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.4 дүгээр заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх гэж зааснаар 2016 онд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж эх загвар зургаа батлуулсан. Үүний дараа барилгын ажил эхлүүлэх гэтэл гарц хааж газар олгосон учраас үүнийг шийдэж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. 242 м.кв газар олгохдоо Кадастрын тухай хуулийг зөрчсөн. Газарт кадастрын зураг гаргуулахдаа буруу гаргуулж 130 м.кв газар илүү хэмжүүлсэн байсан. Геодези зураг зүйн газрын шинжээч 130 м.кв илүү байгааг тодорхойлуулсан. Үүнийг нягталж, шалгахгүйгээр газар олгосон нь манай эрх ашгийг хөндөж, орох, гарах хэсгийг хаасан.
...Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдэгт тайлбар хэлье. 2019 оны 08 дугаар сард Нийслэлийн Засаг даргад газрын давхцалтай холбоотой гомдол гаргасан. 2019 оны 9 сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хариу тайлбар өгсөн. Уг хариу тайлбарт гомдол гаргаад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандана уу гэсний үндсэн дээр 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан хэлэлцэж байна.
Хууль бусаар газар олгосон байдлыг Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Нийслэлийн Засаг дарга “Б” ХХК-д газар олгосон нь хууль зөрчсөн байна, залруулах мэдэгдэл ирүүлсэн. Мөн Улсын ерөнхий прокурорын газраас “Б” ХХК-д газар олгосон нь хууль зөрчсөн үйл ажиллагаа мөн гэдэг тогтоол ирүүлсэн. Орц, гарцын асуудалд хариуцагч газар олгохдоо эрх хөндөж байна уу гэдгийг шалгаж үзэх ёстой. Үүнд хяналт шалгалт хийгээгүй учраас энэ нь хариуцагч талын хариуцлагагүй үйлдэл.” гэв.
8.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар “Б” ХХК-д дахин газар олгохдоо Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 гэдэг заалтуудыг зөрчсөн. "Р" ХХК-н Хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 онд батлагдсан зураг төслөөр, тухайн 2018 оны А/1067 захирамжаар олгогдсон газарт орц гарц төлөвлөгдсөн байсан. Орц гарц төлөвлөгдсөн газарт Нийслэлийн Засаг дарга “Б” ХХК-ийн хүсэлт, шийдвэргүйгээр газрыг эзэмшүүлснээр. "Р" ХХК-ийн эрхийг зөрчсөн. Дээрх зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудад мэдэгдэж, гомдол гаргаж байсан. "Р" ХХК-ийн төлөвлөсөн газарт газар олгохдоо ямар хүсэлт, шийдвэр үндэслэж гаргасан бэ нотлох баримт гаргуулах хүсэлт өгсөн боловч хариу ирүүлээгүй. Тийм учраас шүүх үүнийг хууль зүйн үндэслэл талаас нь авч үзээсэй гэж хүсэж байна.” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын А322 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Б” ХХК-д 220 м.кв газрыг анх 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. 2007 онд тус дүүргийн Засаг даргын А374 дугаар захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлж 620 м.кв болгон нэмэгдүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Газрын тухай хуулийн 21 дахь зүйлд заасан бүрэн эрх хэмжээний хүрээнд 862 м.кв газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хүчингүй болгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг яаж хөндөж байгаа талаар тодорхой баримт байдаггүй. Шүүхийн үзлэгээр хөндөгдөж буй эрх нь тодорхойлогдоогүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг юу гэж тайлбарладаг вэ гэвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэнтэй холбоотой гарцтай холбоотой маргаан байхгүй. Эсхүл нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас Нийслэлийн Засаг даргын захирамж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлохгүй байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.14 дэх хэсэгт заасан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар тавьж байна.” гэв.
10.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч гарц хаасан гэж маргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал гарц хааж газар олгосон нь хууль ёсны эрх, ашгийг хөндөж байна гэж үзэх нь үндэслэлгүй.
Хөөн хэлэлцэх хугацаатайгаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. 2019 онд барилгын зураг батлуулаад Нийслэлийн Засаг даргад орц, гарц хааж газар эзэмшүүлсэн нь хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэх агуулгаар хүсэлт гаргасан. “Б “ХХК-д газар олгосон нь зөрчилгүй гэж хариу ирүүлсэн. Энэ хариуг 2019 оны 08 сард мэдсэн боловч Захиргааны ерөнхий хуульд заасан 30 хоногийг баримтлалгүй 2020 онд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхээр байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
10.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын дээд шүүхээс кадастрын зураг оруулахыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийтийн эзэмшлийн газар олгохгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж буруу талаас нь тайлбарлаж байна.
Газар давхардуулж олгоогүй. Өөрсдийн эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж байгаа учраас газар давхцуулсан зүйл байхгүй.
Орц, гарц төлөвлөсөн газарт газар олгосон гэж тайлбарлаж байна. 2018 онд 862 м.кв газар эзэмшүүлсэн. Хоёр гарцтай гэдэг асуудал 2019 онд батлагдсан. Эсрэгээрээ гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон байхад нэхэмжлэгч тал төлөвлөгөө батлуулж байгаа нь хууль бус гэж үзэх байна. Цаг хугацааны хувьд газар эзэмших эрх өмнө нь олгогдсон байгааг шүүх харгалзан үзнэ үү.” гэжээ.
11. Иргэдийн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Тус тусын хариуцсан ажил үүргээ дүрэм журмын дагуу хийж гүйцэтгээгүйгээс зөрчил маргаан гарсан байна” гэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Р” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд: Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/1067 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 57 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших ашиглах эрх олгосны 32-д “Б” ХХК-д Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, үйлчилгээ, 862 м2, 15 жил гэж дурджээ.
Тухайн газрыг анх “Ш” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2009 оны 671 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 984 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй олгосон, мөн Засаг даргын 2011 оны 295 дугаар захирамжаар газрын зориулалтыг барилга барих болгож өөрчилсөн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/99 дүгээр захирамжаар уг газар эзэмших эрхийг “Ш” ХХК-иас “Р” ХХК-д шилжүүлсэн болон гуравдагч этгээд “Б” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 322 дугаар захирамжаар 220 м.кв газар, мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжаар 620 м.кв газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд дээрхи үйл баримтуудтай талууд маргаагүй.
Харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 242 м.кв-р нэмэгдүүлж 862 м.кв болгосонтой нэхэмжлэгч маргаж, түүний үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гарсан байхад дахин нэмж 242 м.кв газрыг олгосон нь хууль бус, 2016 оны 221/******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчсөн, газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулаагүй...” гэж, хариуцагчаас “Нийслэлийн Засаг даргын захирамж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж, гуравдагч этгээдээс “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, өөрсдийн эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж байгаа учраас газар давхцуулсан зүйлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан ба уг 242 м.кв газар нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын хилийн зааг дунд, одоогоор “Б” ХХК-ийн хашаа руу орж гарах гарц дээр байрлаж байгаа нь шүүхээс хийсэн үзлэгийн явцад тогтоогдсон болно.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.3-д “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:”, 32.3.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;”, 32.3.2-д “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”, 32.3.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа.” гэж, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад...газар эзэмшүүлэх асуудлыг...нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийн гаргасан "Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаар захирамжийн "Ш" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/TA2023/0421 дүгээр магадлалаар уг шийдвэрийн 1 дэх заалтад “...тус тус хүчингүй болгуулах” гэсний дараа “Б” ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн бүртгэж авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах" гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсэн, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн, дээрхи 311 дүгээр тогтоолын хянавал хэсэгт "...”Б" ХХК-д зочид буудлын барилгын зориулалтаар 220 мкв газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар орчны тохижилт хийгдсэн 402 мкв газрыг нэмж...нэхэмжлэгч 620 мкв газар эзэмших эрх үүсчээ...” гэж дүгнэсэн.
Мөн хэрэгт цугларсан баримтуудаар гуравдагч этгээд “Б” ХХК-иас “газрын хэмжээг нэмэгдүүлэх”-ээр хүсэлт гаргасан болон уг хүсэлтэнд холбогдох баримтыг хавсаргаж өгсөн нь тус тус нотлох баримтаар тогтоогдохгүй байгаагаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/1067 дугаар захирамжаар “Б” ХХК-д нэмж 242 м.кв газрыг олгосон нь хууль зүйн үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.3-д “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:”, 32.3.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;”, 32.3.2-д “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”, 32.3.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа.” гэж заасныг болон нэхэмжлэгч компанийн газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тухайлбал, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Б” ХХК-ийг 620 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж тогтоосон, харин маргааны обьект болох 242 м.кв газрын тухайд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, уг газар нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын аль алины хилийн заагт ороогүй байсан хэдий ч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.*******ын, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталсан МЗХ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварт нэхэмжлэгч компанийн барихаар төлөвлөж буй орон сууцны барилгын орц гарцаар нэгэнт төлөвлөгдсөн байсан, энэ тохиолдолд хариуцагч нь уг газрыг “Б” ХХК-д нэмж эзэмшүүлэхдээ тухайн нөхцөл байдлыг судлан тогтоох үүргээ биелүүлээгүй байна.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасныг зөрчсөн.
Түүнчлэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/33 дугаар Шинжээчийн дүгнэлтээр “...дээрх 3 шатны шүүхийн шийдвэр нь 620 м.кв талбайтай газрыг зөвтгөн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байх боловч "Б" ХХК-ийн нэр дээр 862 м.кв талбайтай газрыг бүртгэсэн”-ийг тогтоосон, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаар захирамжийн "Ш" ХХК-д холбогдох хэсгийг шүүхээс хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон атал Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар нэмж 242 м.кв газрыг “Б” ХХК-д эзэмшүүлсэн нь хууль бус, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нөгөө талаар, “Ш” ХХК-д олгогдсон газрын эрхийг бүхэлд нь нэхэмжлэгч компани шилжүүлэн авсан, тус компанийн эзэмшил газрын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвээр байгаа, уг газрын хэмжээнд нийцүүлэн Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан, уг даалгаварт нэхэмжлэгчийн эзэмшлийн барилгын орц, гарцаар төлөвлөгдсөн байхад хариуцагч Нийслэлийн засаг дарга “Б” ХХК-д уг газрыг эзэмшүүлэхээр олгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
Гуравдагч этгээдийн зүгээс “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэл гаргаж маргасны тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тус тус заасан.
“Р” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад хандан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны 02-06/4576 дугаар албан бичгээр “...шийдвэрлэх боломжгүй” гэж хариу хүргүүлсэн, үүнд нэхэмжлэгчээс дахин мөн оны 10 дугаар сарын 11-ны өдөр гомдол гаргасан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04-02/5941 дугаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэнд тус албаны 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09-06/78 дугаар албан бичгээр “...“Б” ХХК-д нэмж эзэмшүүлсэн 242 м2 газрыг хасаж, эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах болсон”-ыг мэдэгдэн сонсох ажиллагааг явуулж 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-06/855 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хариу тайлбарыг, нэхэмжлэгчид 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 07/1130 дугаар албан бичгээр гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Р” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэдийн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд “Тус тусын хариуцсан ажил үүргээ дүрэм журмын дагуу хийж гүйцэтгээгүйгээс зөрчил маргаан гарсан байна” гэсэн дүгнэлт гаргасан ба түүний дүгнэлт шүүхийн энэ шийдвэрээр дэмжигдэж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн 44.3-д “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ,”, 44.3.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс,”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан.
Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардал болох 527,639.00 төгрөгийг нэхэмжлэгч “Р” ХХК нь урьдчилан төлсөн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 527 639 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/1076 дугаар захирамжийн хавсралтын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар шинжээчийн зардал 527,639.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР