Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2020/00046

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 148/2020/00309/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид М.Мөнхдаваа

Г.Давааренчин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзулыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 338 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Г.*******ийн нэхэмжлэлтэй П.*******-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... П.******* бид хоёр 2009 онд танилцан, 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.*******, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.******* нар төрсөн. Бид хоёр гэр бүл болсноос хойш анх хамаатандаа машинаа зарснаас мөнгөний зөрүүнээс болж муудалцан намайг зодсон. Би 2018 онд төрж гэртээ байхад бидний дунд эдийн засгийн байдал хүндэрч, 2019 оны 11 дүгээр сараас манай гэр бүлийн харилцаа тогтворгүй болж намайг мөн зодож эрүүл мэндээр минь хохироож байна. Нөхөр маань мөрийтэй тоглоом тоглож, өрөнд орсноор маргаан гарч намайг зээл авч өгсөнгүй, өр төлсөнгүй гэсэн байдлаар гар хүрч зоддог болсон. Өр тавьснаас болж олон хүн намайг дарамталж би өрийг нь цалингийн зээл, цалингаараа, заримдаа эцэг, эхээсээ ч авч өрийг нь барагдуулж манай гэрийн хувьд эдийн засгийн хямралд орж энэ нь сэтгэл санааны хүчтэй дарамт болж шөнө унтахгүй, нойргүйдэх, стрессийн байдалд орж турсан.

...Миний хувьд энэ хүнээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхэдтэйгээ амар тайван амьдрахыг хүсэж байна. Иймд гэрлэлт цуцалж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдээ харж хандах, сургууль, дугуйланд явах, өвчтэй байх үед нь мөнгөн тусламж үзүүлж байх үүргийг даалгаж өгнө үү. Эд хөрөнгийн талаар дараа нь шүүхэд жичдээ хандана гэжээ.

Хариуцагч П.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Г.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би амьдралдаа шүүх хурлаар орно гэж бодож байгаагүй. Миний хувьд тоглоом тоглохоо болиод хоёр сар болж байгаа. Уг нь цаашид хамт амьдрах боломжтой гэж үзэж байна. Намайг өөртөө нь ярилцъя гэхээр уурлаад л надтай ярьдаггүй. Тэгэхээр нь би өрөөндөө ороод суухаар хойноос орилоод л хаалга хүртэл өшиглөөд байдаг. Би өөрөө сая 5 жил ажилласан мөнгөө аваад өөрийнхөө өрийг төлсөн. Бас ээж маань өрийг маань төлөлцсөн. Гэхдээ одоо надад өр байхгүй. Миний хувьд цаашид тоглохгүй гэрлэлтээ цуцлуулмааргүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 338 дугаартай шийдвэрээр:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Ганзоригийн *******, Пүрэвдоржийн ******* нарын гэрлэлтийг цуцалж,

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.*******, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.******* нарыг эх Г.*******ийн асрамжинд үлдээж,

3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.*******, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.******* нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар охин Б.*******, хүү Б.******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.*******оор тус тус тэжээн тэтгүүлэхээр тус тус зааж, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний эхнэр Г.******* нь гэрлэлтээ цуцлуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Би түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүхэд тайлбар өгсөн боловч шүүх гэрлэлтийг цуцалсан. Би гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна. Учир нь би нэгэнт бий болгосон амьдралаа сүйтгэх, үр хүүхдээ өнчрүүлэх сэтгэл зүрх надад байхгүй. Би хэдэн найз нартайгаа нэг хэсэг тоглосон нь үнэн гэхдээ миний ээж эгч нар ингэж болохгүй амьдрал чинь доройтно хань үр хүүхэдгүй болно гэдэг талаар надад хэлсэн сургасан.

Би ч өөртөө дүгнэлт хийсэн. Сүүлийн үед би тоглохоо больсон чөлөөт цагаа гэр бүлдээ зориулдаг болсон бидний амьдрал хэвийн бөгөөд үр хүүхэд минь инээд баяслаар дүүрэн байдаг. Ялангуяа охин минь аав амьтай гэрлэлтээ цуцлуулсан талаар ээж ах дүү охиндоо ч хэлээгүй байгаа. Урьд нь бид ямар амьдралтай сайхан байсан тэр хэвээрээ л амьдарч байна. Эхнэр маань намайг уучлалт гуйхгүй байна гэдгээрээ гэрлэлтээ цуцлуулах байр суурин дээрээ зогсож байсан.

 Ингэж хурдан гэрлэлтээ цуцлуулна гэж хэн хэн нь бодоогүй эвлэрүүлэх хугацаа өгдөг гэсэн бодолтой байсан тул гэрлэлтийг цуцлуулсанд бид хоёр аль аль нь хүнд цохилтод орсон. Тиймээс анхан шатны шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Шүүх хариуцагчийн хүсэлт, тайлбарыг харгалзан үзэхгүй гэрлэлтийг цуцалсанд гомдолтой байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.******* нь П.*******-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх эвлэрүүлэх хугацаа олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Зохигчид нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, улмаар 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.*******, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.******* нарыг төрүүлжээ.

Нөхөр П.******* нь мөрийтэй тоглоом тоглосноос үүдэн 2019 оны 11 сараас эхлэн гэрлэгчдийн хооронд тоглоом тоглосонтой холбоотой болон тоглоом тоглохыг нь эсэргүүцсэн мөн тоглоом тоглож өрөнд орсны улмаас тухайн өрийг төлөх, эдийн засгийн шинжтэй маргаан гардаг болсон ба энэхүү маргаан нь даамжирч эхнэр Г.*******ийн эрх чөлөөнд халдах зэрэг зөрчил үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан.

Хариуцагч П.*******ийн мөрийтэй тоглоом тоглосны улмаас өрөнд орж өрийг цалингийн зээл авч төлдөг, эхнэрийнхээ тоглоом тоглохыг хориглосон шаардлагыг эсэргүүцэн улмаар эрх чөлөөнд халдаж зохисгүй үйлдэл гаргаж, сэтгэл санаанд дарамт учруулдаг, мөрийтэй тоглоом тоглосноор гэр бүлийн гишүүдээ эдийн засгийн хувьд хомсдолд оруулж байгаа зэрэг үйлдлүүд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэлд хамаарагдахаар байна.

Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэгт гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгох бөгөөд хариуцагч П.*******ийн эхнэр Г.*******ийн эсрэг гаргаж буй зан төлөвийн байдал, гэрлэгчдийн хоорондын маргаан нь гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулж болзошгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

 Иймд анхан шатны шүүх гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж дүгнэн гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэгчийн хүүхдийн асрамж тогтоолгох болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

 Харин шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 -т заасан үндэслэлээр гэрлэлтийг цуцалж байгаа тул шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг давхар баримталсан нь үндэслэл бүхий болоогүй байна.

Мөн хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байсан, нэгэнт бий болгосон амьдралаа сүйтгэх, үр хүүхдээ өнчрүүлэх сэтгэл зүрх надад байхгүй, өөртөө дүгнэлт хийсэн, бид эвтэй амьдарч байгаа гэсэн тайлбар гаргаж байгаа боловч зөвхөн тус тайлбараар гэрлэгчдийг эвлэрсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 338 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг :

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Эрхиймэргэн овгийн Пүрэвдоржийн *******, Шарайд овгийн Ганзоригийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА

Г.ДАВААРЕНЧИН