Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 338

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 133-а тоотод оршин суух, эмэгтэй, одоо Хилийн цэргийн 0101 дүгээр ангид эрүүл мэндийн төвийн дарга ажилтай ******* овогт Г.Б/*******/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 133-а тоотод оршин суух, эрэгтэй, одоо Хилийн цэргийн 0101 дүгээр ангид ээлжийн дарга ажилтай Эрхий мэргэн овогт П.Б /*******/ холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Б бид хоёр 2009 онд танилцан, 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Т нар төрсөн. Бид хоёр гэр бүл болсноос хойш анх хамаатандаа машинаа зарснаас мөнгөний зөрүүнээс болж муудалцан намайг зодсон. Би 2018 онд төрж гэртээ байхад бидний дунд эдийн засгийн байдал хүндэрч, 2019 оны 11 дүгээр сараас манай гэр бүлийн харилцаа тогтворгүй болж намайг мөн зодож эрүүл мэндээр минь хохироож байна. Нөхөр маань мөрийтэй тоглоом тоглож, өрөнд орсон. Түүнээс болж бид хоёр муудалцан намайг зээл авч өгсөнгүй, өр төлсөнгүй гэсэн байдлаар гар хүрч зоддог. Өр тавьснаас болж олон хүн намайг дарамталж би өрийг нь цалингийн зээл, цалингаараа, заримдаа эцэг, эхээсээ ч авч өрийг нь барагдуулж манай гэрийн хувьд эдийн засгийн хямралд орж энэ нь сэтгэл санааны хүчтэй дарамт болж шөнө унтахгүй, нойргүйтэх, стрессийн байдалд орж турсан. Энэ байдлыг минь хүртэл даапаалан, шоолж намайг даанч өшиглөхөд хийсээд байсан юм гэж хүртэл хэлж байсан. Сүүлдээ хэрээс хэтэрч чи уйллаа, дуугүй бай, гэж нүүр нүдгүй алгаддаг байсан бол одоо хоолой боож унагах, өшиглөх, ил газар биш ч далд газарт цохих /үүнээс үүдэн хөхрөлт, няцралт үүсэх/ зэрэг үйлдэл гаргадаг болсон. Миний хувьд нөхрөө нэг ч удаа цагдаа дуудаж өгөөгүй. Учир нь: нөхрийнхөө нэр хүнд, ажил албан тушаалыг нь хүндэтгэдэг байсан.

Миний ээмэг, бөгжийг аваад ломбарданд тавьчихаад асуухаар мэдэхгүй гэж хэлсэн учраас би ээмэг, бөгжөө хайж хаана тавьсан юм болоо, барьсан тавьснаа мэдэхээ байсан юм болов уу гэж хүртэл бодон хэдэн өдөр хайж сүүлдээ үүнээсээ маш их бухимдалтай, ааш араншин маань хүртэл өөрчлөгдөөд байгаагаа мэдсэн. Мөн түрийвчнээс хүртэл мөнгө авчихдаг. Би нялх хүүхдээ харж байсан ч сүүлдээ өөрийнхөө сэтгэл санаагаа тайвшруулах, эдийн засгийн хүндрэлээс гарах, хамт олонтойгоо ажиллаж байвал арай дээр санагдаад хүүгээ ой дөнгөж хүрэнгүүт ажилдаа орсон. Энэ хүний хамгийн хэцүү байдал нь намайг хүүхдүүдийн хажууд зоддог нь сүүлдээ хүүхэд айж эмээж, бид хоёртой ярихгүй, чөлөөтэй харьцахгүй, үг хэлэхээр ойлгохгүй сонин байдалтай болоод байхаар нь арга буюу энэ байдлаас болж хоёр хүүхдээ өөрийнхөө аав, ээж рүү Хэнтий аймаг руу өгч явуулсан. Ээждээ болсон явдлыг үнэнээр нь хэлсэн. Манай том охин сэтгэлийн их хөөрөлтэй учраас бид хоёр салах талаараа хэлээгүй хямарчих байх гэж бодоод шүүхэд асуулгаагүй юм.

Миний хувьд нөхөртөө итгэл өгөөгүй биш өгсөн гэж бодож байна. Бид хоёр хот руу явж сэтгэл судлалын эмч, сэтгэцэд хүртэл үзүүлэхэд дондсон байна эмнэлэгт хэвтүүл гэсэн боловч хэвтээгүй. Эмч хэлэхдээ энэ хүний наад байдал чинь тодорхой давтамжтай хугацаагаар явагдана, 2 жил л тоглохгүй бол бүрэн хэмжээгээр эдгэнэ гэж хэлсэн. Энэ байдал нь хараад байхад нэг хэсэг тоглохгүй байж байгаад энэ он гараад давтамжтайгаар 1 сард, сая 3 сард тоглосон. Жижүүрт гарахаараа л тоглосон нь андашгүй нүднийх нь доогуур нь хөхрөөд л ирдэг. Би энэ байдлыг нь болиулах гэж зөндөө хэлж ярьж байсан.

Миний хувьд энэ хүнээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхэдтэйгээ амар тайван амьдрахыг хүсэж байна. Иймд гэрлэлт цуцалж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдээ харж хандах, сургууль, дугуйланд явах, өвчтэй байх үед нь мөнгөн тусламж үзүүлж байх үүргийг даалгаж өгнө үү. Эд хөрөнгийн талаар дараа нь шүүхэд жичдээ хандана гэх.

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.Бийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би амьдралдаа шүүх хурлаар орно гэж бодож байгаагүй. Миний хувьд тоглоом тоглохоо болиод хоёр сар болж байгаа. Уг нь цаашид хамт амьдрах боломжтой гэж үзэж байна. Намайг өөртөө нь ярилцъя гэхээр уурлаад л надтай ярьдаггүй. Тэгэхээр нь би өрөөндөө ороод суухаар хойноос орилоод л хаалга хүртэл өшиглөөд байдаг. Би өөрөө сая 5 жил ажилласан мөнгөө аваад өөрийнхөө өрийг төлсөн. Бас ээж маань өрийг маань төлөлцсөн. Гэхдээ одоо надад өр байхгүй. Миний хувьд цаашид тоглохгүй гэрлэлтээ цуцлуулмааргүй байна гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Г.Б нь П.Б холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Зохигчид нь 2009 онд танилцан гэр бүл болж, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Т нар төрсөн байна. Зохигчид нь 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 2310000018-т бүртгүүлсэн нь Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа, тодорхойлолт өгөх нэгдсэн маягт-ын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Б.Т 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрснийг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №0000808822, Г-52, хүү Б.Т 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрснийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №4301000310 дугаарт тус тус бүртгэсэн Төрсний гэрчилгээ-ний хуулбарууд зэрэг болно.

Зохигчдын хооронд хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй бөгөөд хариуцагч нь цахим сүлжээгээр мөрийтэй тоглоом тоглон өрөнд орох, өрөнд орсноос болж эхнэрээ зодох, дарамтлах зэрэг нь цаашид тэдгээрийн хамтран амьдрах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Б бид хоёр 2009 онд танилцан, 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Т нар төрсөн...2019 оны 11 сараас манай гэр бүлийн харилцаа тогтворгүй болж намайг зодож эрүүл мэндээр минь хохироож байна. Нөхөр маань мөрийтэй тоглоом тоглож, өрөнд орсон. Түүнээс болж бид хоёр муудалцан намайг зээл авч өгсөнгүй, өр төлсөнгүй гэсэн байдлаар гар хүрч зоддог. Өр тавьснаас болж олон хүн намайг дарамталж би өрийг нь цалингийн зээл, цалингаараа, заримдаа эцэг, эхээсээ ч авч өрийг нь барагдуулж...энэ нь сэтгэл санааны хүчтэй дарамт болж шөнө унтахгүй, нойргүйтэх, стрессийн байдалд орж турсан...Миний хувьд нөхрөө нэг ч удаа цагдаа дуудаж өгөөгүй. Учир нь: нөхрийнхөө нэр хүнд, ажил албан тушаалы нь хүндэтгэдэг байсан. ...Энэ хүний хамгийн хэцүү байдал нь намайг хүүхдүүдийн хажууд зоддог нь сүүлдээ хүүхэд айж эмээж, бид хоёртой ярихгүй, чөлөөтэй харьцахгүй, үг хэлэхээр ойлгохгүй сонин байдалтай болоод байхаар нь арга буюу энэ байдлаас болж хоёр хүүхдээ өөрийнхөө аав, ээж рүү Хэнтий аймаг руу өгч явуулсан...Иймд гэрлэлт цуцалж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдээ харж хандах, сургууль, дугуйланд явах, өвчтэй байх үед нь мөнгөн тусламж үзүүлж байх үүргийг даалгаж өгнө үү. Эд хөрөнгийн талаар дараа нь шүүхэд жичдээ хандана гэх,

хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г.Бийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би амьдралдаа шүүх хурлаар орно гэж бодож байгаагүй. Миний хувьд тоглоом тоглохоо болиод хоёр сар болж байгаа. Уг нь цаашид хамт амьдрах боломжтой гэж үзэж байна...Гэхдээ одоо надад өр байхгүй. Миний хувьд цаашид тоглохгүй гэрлэлтээ цуцлуулмааргүй байна гэх тайлбаруудаас үзэхэд хариуцагч нь хэдийгээр цаашид хамтран амьдрах боломжтой гэж үзэж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ...гэрлэлт нь сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр бүртгэгдэх, мөн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар ...гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй гэсэн зохицуулалтыг П.Б нь зөрчиж эхнэр болон хүүхдүүдийн хуулиар хамгаалагдсан эрхийг алдагдуулж байсан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгүүдээр нотлогдож байх тул зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Т нарыг эх Г.Бийн асрамжинд үлдээн, Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Т нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар охин Б.Т, хүү Б.Т нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод хэмжээгээр эцэг П.Боор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.3-т заасан Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүйт бусаар ашиглахыг хориглоно, 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь П.Боос охин Б.Т, хүү Б.Т нарт төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (198.300:2х12+198.300х12=3.569.400төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 72.060 төгрөгийг төсвийн орлогод оруулах, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, П.Боос 70.200 төгрөг гаргуулан Г.Бт олгох нь зүйтэй.

Зохигчид нь эд хөрөнгийн маргаанаа жич нэхэмжилж болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Г.Б, П.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Т нарыг эх Г.Бийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Т нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар охин Б.Т, хүү Б.Т нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Боор тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, П.Боос 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зйүлийн 63.1.5-д зааснаар П.Боос 72.060 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

6. Зохигчид нь эд хөрөнгийн маргаанаа жич нэхэмжилж болохыг дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Уянгад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.СОЁЛМАА