Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2020/00049

 

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2020/00124/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Л.Амарсанаа

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Д.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч нар тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Д.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******, Б.Отгонбаяр нарт холбогдох газар, үл хөдлөх хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх, 13 толгой үхэр гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний эцэг нас барах үед түүний өмчлөлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Хэрх сүүл толгойн 1 дүгээр гудамж 43 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1307001810 дугаарт бүртгэлтэй 38 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-1307001877 дугаарт бүртгэлтэй 3981 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 13 толгой үхэр бүртгэлтэй байсан болно. Миний бие нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх эд хөрөнгүүдийг өвлөн авсан болно. ...Би аавынхаа эд хөрөнгийг өвлөн авах гэхэд авга эгч Б.******* нь намайг удаа дараа дайран доромжилж, шуналтай амьтан, би энэ хөрөнгийг авах ёстой гэх мэтчилэн загнах болсон. Мөн миний аавын 13 толгой үхэр нь аавын дүү Б.Отгонбаярын гэрт байдаг байсан бөгөөд аав гэрээний үндсэн дээр малаа маллуулдаг байсан. ...Аавыг нас барсны дараа би аавын малыг авах гээд очиход авга ах Б.Отгонбаяр нь үхрийг чинь Б.*******т өгсөн надад байхгүй гэсэн. Иймд Б.*******ээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг Хэрх сүүл толгой 1-р гудамж, №43 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх мөн 13 толгой үхэр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Д.******* надаас 13 толгой үхэр нэхэмжилсэн байна. Үхэр малын талаар бол би мэдэхгүй. Дүү Б.Отгонбаяр дээр мал нь байдаг байсан. Талийгаач ах өөрөө зарж үрээд одоо 1 үхэр, 1 бяруу үлдсэн гэж Б.Отгонбаяр нь надад ярьсан.

...Хэрх 4 дүгээр баг Сүүл толгойн 1-43 тоот хашаа байшин 1-рт миний эцэг эхийн хөрөнгө юм, 2-рт миний бие талийгаач Б.Дагважамц ахтай 03 жил хамт амьдарсан. Би ямар ч орлогогүй, хөдөлмөрийн чадваргүй болж түүний асрамжинд амьдарч байсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 3-т заасан хууль ёсны ёсны өмчлөгч болно. Иймд Б.*******ээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Отгонбаяр анхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Надад талийгаач Б.Дагважамц ахын 1 тугалтай үхэр байгаа гэжээ.

Bottom of Form

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******ийн хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх Сүүл толгой 1 гудамж, 43 тоот 36 м2 талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 18610411388192 нэгж талбарын дугаартай 3981м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Д.*******т олгож, хариуцагч Б.Отгонбаяраас 13 толгой үхэр гаргуулж нэхэмжлэгч Д.*******т тус тус олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 болон 222950 төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 70200 төгрөг, хариуцагч Б.Отгонбаяраас 222950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.. гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Миний бие хариуцагч Б.Отгонбаяр, Б.******* нарын хүсэлтээр тэдний өмгөөлөгчөөр оролцож Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020.04.28-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

...Энэ хүмүүсийн эцэг эх 1986 оноос Хэрх 4-р баг Сүүл толгойн 1-43 тоотод амьдарч байсан. Эцэг эхийнх нь эзэмшлийн газар, хашаа байшин болох тухай нотлох баримтууддаа гаргаж өгөөд байхад шүүх үндэслэл муутай гэж үзсэнийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Б.******* нь ах Б.*******ыг нас барахаас өмнө 03 жилийн хугацаанд түүний асрамжинд хамт амьдарч байсан нь нотлогдож байгаа. Гэтэл иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт заасан. мөн хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасан заалтуудыг шүүх анхаарч үзэлгүй, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Хариуцагч Отгонбаярын тухайд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6 хуурамч нотлох баримтын үндсэн дээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн мөн хуулийн 168 дугаар зүйлийн 1.7 зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нэхэмжлэгч Д.*******ийн талаас 13 тооны үхэртэй холбогдуулан нотлох баримт гаргаж өгсөн гэж үзэж байна.

Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 мөн хуулийн .1.6, 168.1.7 дахь хэсгүүдэд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох саналтай байна гэжээ.

 

Хариуцагч Д.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие шийдвэрийг хэт нэг талыг барьсан нэхэмжлэгч эрийн эрх ашгийг бодсон намайг хэт хохироосон буруу шийдвэр гарсан гэж үзэж шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдаж байна. ...Талийгаач ах Б.******* 2011 оноос хойш надаар малаа маллуулсан. Энэ хугацаанд надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Би миний амьдрал байсан боловч төрсөн ах маань эхнэр хүүхэд нь орхиж яваад олон жил ганцаараа амьдарч байгаа учраас мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Эдний яриад байгаа шиг ах Б.******* бид хоёрын хооронд байгуулсан ямар гэрээ хэлцэл ч байгаагүй. Хамгийн сүүлд талийгаач ах Б.******* өөрөө байгаад 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор нүд үзэж 07 үхэр тоолуулсан А данс хавтаст хэрэгт байгаа. 2017 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын шүлхий өвчин гарч онц байдал зарласан байсан учраас мал тооллого хийхдээ нэг бүртчилэн үзэж тоололгүйгээр утсаар тооллого авсан.

Энэ үед мал тооллогын комисс Б.*******ын нэр дээр 2016 оны жилийн эцсээр байсан 07 үхэр, шилжиж ирсэн 06 үхэр гэж бичээд 13 үхэр болгочихсон байх юм. Үүнийг би мэдээгүй. Гэтэл ******* худлаа баримт гаргаж ирж надаас 13 үхэр нэхээд байна. юун 6 хаанаас шилжиж ирсэн юм бэ? Хэрэв өсөж нэмэгдсэн гэж үзэж байгаа юм бол үхэр тугал нийлсэн 2016 оны эцэст байсан 7 үхэр 1 жилийн дотор 13 болж нэмэгдэх ямар ч боломжгүй гэдгийг шүүх тогтоолгүйгээр мал тооллогын комисс үзэж тоололгүйгээр худлаа тоолсон баримт байна гэж хэлж яриад байхад шүүх анхаарч үзэлгүй 13 үхэр надаар төлүүлэхээр шийдвэрлэсэнд миний бие гомдолтой байна.

Талийгаач Б.******* ах маань 2017 онд хүү *******, Үлэмж хоёрт нэг нэг тугалтай үнээ өгсөн. Өөрөө нэг үхрээ идшиндээ хэрэглэсэн. Одоо надад 1 бяруу, 1 үхэр байна. Эхнэр Даваажаргал бид хоёр ах Б.*******ыг нас барсны дараа ах маань бүр мөсөн явахаа мэдэж байсан юм шиг үхэр малаа цөөлж байжээ гэж хүртэл ярьж байсан юм. Би бол худал ярьж хүний үхэр мал луйвардаж өнгөрсөн ахынхаа ясыг өндөлзүүлэх хүн бишээ. Байхгүй үхэр малыг надаас нэхээд байхаар надад хүнд байна. ******* ажилдаа хариуцлагагүй ханддаг хүмүүсийн буруу бичсэн баримтыг барьж надаас олон тооны үхэр нэхээд тайлбарлаж хэлээд ойлгохгүй, шүүх *******ийн хэлснээр хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Ийм учраас энэ хэргийг дахин буцааж үхрийн тоог шалгаж нарийвчлан тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.*******ийн нэхэмжлээд байгаа Хэрх 4-р баг Сүүл толгойн 1-43 тоотын 4x9 харьцаатай хувийн орон сууцны зориулалттай байшин, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бол бидний аав ээж маань 1986 оноос хойш амьдарч байсан энэ хүмүүсийн эзэмшлийн газар, хашаа байшин юм. ...Б.******* миний бие ямар ч орлогогүй, хөдөлмөрийн чадваргүй болж талийгаач ах Б.Дагважамцын асрамжинд амьдарч байсан учраас иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т заасан хууль ёсны өмчлөгч нь миний бие байх ёстой гэж бодож байна. Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг надад хуваарилан олгож өгнө үү. Д.******* болон түүний ээж тунгалаг нар нь ахыг амьд байхад огт харж хандаагүй атлаа нас барсных нь дараа эд хөрөнгийг нь авах гэж ингэж улайрч байгаад гомдолтой байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хариуцагч нарын гомдол үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, зохигчдын хооронд өв залгамжлалын асуудлаар үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан өөрийн өв болох гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, хувийн сууцыг түүний бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, өв болох 13 толгой үхэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь авга ах Б.Отгонбаярт өвлөх хөрөнгө байдаг гэх үндэслэлээр Б.Отгонбаярыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуагч нар болон түүний өмгөөлөгч тус тус давж заалдах гомдол гаргажээ.

 

Хариуцагч нар болон хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Бямбадоржийн Дагважамц нь 2018 оны 05 сарын 10-ны өдөр нас барсантай холбоотой түүний нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг Сүүл толгойн 1-43 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 398.1м.кв талбай бүхий газар, 36м.кв талбай бүхий хувийн сууц, мөн 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор түүний нэр дээр тоолуулсан 13 толгой үхэр зэргийг өвлөх эсэх талаар зохигчдын хооронд маргаан үүсжээ.

Бямбадоржийн Дагважамц нь эхнэр Тунгалаг, хүү Үлэмж, ******* нарын хамт амьдардаг байсан бөгөөд хоорондын таарамжгүй харьцааны улмаас эхнэр хүүхдээсээ тусдаа амьдардаг болсон ба нас барахаасаа өмнө дүү Б.*******ийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг Сүүл толгойн 1-43 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 398.1м.кв талбай бүхий газар, 36м.кв талбай бүхий хувийн сууцад амьдардаг, харин малыг нь дүү Б.Отгонбаяр нь малладаг байжээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д зааснаар талийгаач Б.*******ын эхнэр Х.Тунгалаг, хүү Д.*******, Д.Үлэмж нар нь түүний хууль ёсны өвлөгч учир түүний өв хөрөнгөөс адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

Өвлөгч нар нь хүсэлт гаргаснаар 2019 оны 07 сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг олгосон ба тус гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч Д.******* нь өвлүүлэгчийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг Сүүл толгойн 1-43 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 398.1м.кв талбай бүхий газар, 36м.кв талбай бүхий хувийн сууцыг 2019 оны 08 сарын 06-ны өдөр бүртгүүлж тухайн хөрөнгийн өмчлөгч болсон боловч өвлүүлэгчийн төрсөн дүү Б.******* нь өвийн талаар маргаан гаргаснаар үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд авч чадаагүй байна.

 

Хариуцагч Б.******* нь талийгаач Б.Дагважамцын төрсөн дүү бөгөөд нас барах үед нь түүнтэй хамт амьдарч байсан, өвчний учир ахынхаа асрамжид байсан гэдэг үндэслэлээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т ...өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заасны дагуу өвлөгч нартай адил хэмжээгээр хөрөнгөөс өвлөх эрхтэй хэмээн марган үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд авчээ.

Хэдийгээр хариуцагч Б.******* нь өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч түүнийг хөдөлмөрийн чадваргүй, өвлүүлэгчийн асрамжид байсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн түүнд холбогдуулан гаргасан түүний хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай шаардлага үндэслэлтэй байна.

Тус хэргийн хамтран хариуцагч Б.Отгонбаяр өвлүүлэгчийн малыг малладаг байсан талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ахад 13 толгой үхэр байгаагүй, талийгаач ахын нэр дээр 2016 онд 7 толгой үхэр тоолуулсан түүнээсээ ах хоёр хүүдээ нэг нэг тугалтай үнээ өгсөн, хүнсэндээ нэг үхрээ хэрэглэсэн. Одоо надад нэг бяруу нэг үхэр байгаа өөр үхэр байхгүй. 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор ахын нэр дээр байсан 07 үхэр, шилжиж ирсэн 6 үхэр гээд нийт 13 толгой үхэр тоолсон гэдэг нь худлаа, мал тооллогын комисс нүдээр тоолоогүй байж хаанаас яаж шилжсэн мэдэгдэхгүй 6 үхэр шилжсэн гэж бичсэн нь худлаа тул тус А данс нь хуурамч надад 13 үхэр байхгүй гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2017 онд өвлүүлэгч нь 13 толгой үхэр тоолуулсан тухай багын засаг даргын тодорхойлолт болон мал тоолсон тухай А данс хэрэгт авагдсан байх тухайн баримтуудыг хариуцагч хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж маргаж байгаа боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх заасан үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл татгалзал түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж үзэх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Б.Отгонбаярын хууль бус өмчлөлөөс хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нар болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Б.Отгонбаярын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөг, мөн хариуцагч Б.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА

 

Г.ДАВААРЕНЧИН