Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00701

 

Д.Иийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр магадлалтай,

Д.Иийн нэхэмжлэлтэй

Б.Ч, Б.Онарт холбогдох

Газар, үл хөдлөх хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх, 13 толгой үхэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Ч, Б.Онарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.И, түүний өмгөөлөгч Б.Солонго, хариуцагч Б.О, Б.Ч, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.И нь Б.Ч, Б.Онарт холбогдуулан газар, үл хөдлөх хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх, 13 толгой үхэр гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Чийн хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх Сүүл толгой 1 гудамж, 43 тоот 36 м2 талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 18610411388192 нэгж талбарын дугаартай 3981м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Д.Ит олгож, хариуцагч Б.Оаас 13 толгой үхэр гаргуулж нэхэмжлэгч Д.Ит тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Иээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 болон 222950 төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чээс 70200 төгрөг, хариуцагч Б.Оаас 222950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ит олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Иээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 болон 222950 төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чээс 70200 төгрөг, хариуцагч Б.Оаас 222950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ит олгож шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нар болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Б.Оын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөг, мөн хариуцагч Б.Чийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Охяналтын гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.И 13 толгой үхэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ёсоор болгож надаас 13 үхэр төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Би шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдсан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж миний гомдлыг хангаагүй орхисонд гомдолтой байна. Миний төрсөн ах Б.Д 2011 онд надад маллуулахаар манайхыг Бороогийн голд байхад 2 тугалтай үхэр (4 толгой) авчирч өгсөн юм. Түүнээс хойш өнөөг хүртэл өөрийнхөө хэрэгцээнд авч хэрэглэсээр байгаад одоо ахын 1 тугалтай үнээ байгаа. Өөр үхэр малын үлдэгдэл байхгүй. Үхэр нь манайд байх хугацаанд Б.Д өөрөө жил бүр 1 үхрээ идшиндээ хэрэглэдэг байсан. Мөн хүү дэр, Үлэмж нартаа өгдөг байсан бөгөөд 2017 оны 07 дугаар сард Д.И, Үлэмж нарт тус бүрт нь 1 тугалтай үнээ өгсөн. Д.И, Үлэмж нар өөрсдөө хүргэн ахтайгаа хамт цэнхэр өнгийн портертой ирж ачаад явцгаасан. Ах портер машиныхаа засвар сэлбэгэнд зориулж 2 үхэрээ махны ченж Долцон түүний нөхөр Батаа нарт зарсан. Мөн портер машиныхаа моторыг боолгосон хүн /Цогтоод / 1 үхэр өгсөн. Ингээд үхэр нь манай дээр байх хугацаанд 10 гаруй үхрийн зарлага гаргасан. Би ахынхаа үхрийг тоо ёсоор нь маллаж байсан. Харин ах өөрөө амьд сэрүүндээ хэрэгцээндээ хэрэглэж ганц тугалтай үхэр л үлдсэн байсан. Одоо надад нэг л тугалтай үхэр байгаа. Д.И 13 үхэр бүртгэлтэй байсан гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэл байхгүй. Би ахын үхрийг гэрээгээр үнэ хөлстэй маллаж байгаагүй. Төрсөн дүүгийн хувьд малыг нь зүгээр маллаж байсан. Малчины хүнд хүчир ажлыг тэд мэдэж байгаа ч ах болон нэхэмжлээд байгаа хүүхдүүд нь өвс тэжээлийн ямар ч тус дэм үзүүлж байгаагүй. Малын эзнийг өөд болохоор нь гэнэт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа юм. Шат шатны шүүхүүд миний тайлбарыг үл хэрэгсэж хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд энэ хэргийг дахин нягтлан хянуулж хуулийн биелэлтийг зөв хангуулахыг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд дээрх шүүхийн шийдвэр магадлалуудыг хүчингүй тооцож зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ч хяналтын гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг Хэрх тосгоны Сүүл толгойн 1-43 тоотод байгаа 38м2 талбайтай орон сууц 3981м/кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нэхэмжлэгч Д.Ит олгохоор шийдвэр гаргасан юм. Хариуцагч Б.Ч миний бие энэ шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж миний гомдлыг үл хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа тул дахин хяналтын шатны шүүхээр нягтлан хянуулж холбогдох хуулийг зөв хэрэглэж миний тайлбарыг хангаж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Д.И надаас нэхэмжлээд байгаа дээрх орон сууц хашаа нь манай төрсөн аав Г.Б, ээж С.Пнарын амьдарч байсан тэдний өөрсдийн өмч бөгөөд миний ах Д бид бүгдээрээ хамт амьдарч байсан юм. Энэ үүднээсээ бидний өмчлөлийн дундын өмч байсан юм, Бид ам бүл 10-уулаа байсан. Гэтэл 1987 онд аав, 1990 онд ээж таалал төгсөн юм. Үүнээс хойш бидний төрсөн ах Д гал голомтыг сахиад үлдсэн юм. Бусад нь тусдаа гараад явчихсан. Ах Д 1994 онд эхнэр Х.Ттүүний охин Удвал, хүү Д.И нарыг авчирч гэр бүл болцгоосон юм. Тэд гэр бүл болоод дундаасаа Д.Үлэмж гэдэг хүү төрүүлсэн. Гэтэл эхнэр Х.Тнь 2 том хүүхдээ аваад бага хүү Үлэмжээ эцэг дээр нь орхиод салаад явдаг байснаа сүүлдээ 2004 онд бүр салаад Баяраа гэдэг хүнтэй суугаад Д.И, Удвал хоёроо аваад өөрийн гэх бүх эд хөрөнгөө аваад юу ч үлдээлгүй хөндий байшинг Үлэмжтэй хамт үлдээгээд явсан юм. Хүүхдэд мөнгө өгдөг болохоор хүү Үлэмжээ 2,3 жилийн дараа хүүхдийн мөнгөний дэвтэртэй нь аваад явсан. X.Тунгалаг нь манай ах Дтай сүүлийн 14 жил ямар ч хамаагүй байсан. Манай ах Д ганцаараа амьдарч байтаад 2013 оноос эхлээд надтай хамт амьдарч байгаад 2018 онд зам тээврийн осолд ороод нас барсан юм. Гэтэл ахыг амьд сэрүүд нь холбоогүй байсан Д.И нь ахын хашаа байшинг авна гэж шүүхдээд шүүх түүний нэхэмжлэлийг ёсоор болголоо. Шүүхийн энэ шийдвэр үндэслэл муутай бөгөөд шүүх миний тайлбарыг нарийн нягталж бодит нөхцөл байдлыг үнэн зөв үнэлэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж тооцож хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Би Б.Дын төрсөн дүү нь бөгөөд сүүлийн жилүүдэд хамт амьдарч байсан. Ах маань ганцаар болсон нөхцөлд би түүнтэй хамаг орон байрыг нь эзэмшиж байсан залгамжлах эрх бүхий хүн мөн гэж ойлгож байна. Иймд Д.Иийн нэхэмжлэлтэй холбогдох анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрүүдийг хүчингүй болгож хуулийг зөв хэрэглэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангаж, шийдвэр магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Б.Ч, Б.Онарт холбогдуулан өвийн зүйл болох гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, хувийн сууцыг Б.Чийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 13 толгой үхрийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Б.Ч маргаж буй газар, үл хөдлөх хөрөнгийг эцэг эхийн гал голомт, тэдний хөрөнгө байсан, орон гэргүй, эрүүл мэндийн хувьд хүний асрамжид байх шаардлагатай болсны улмаас 2015 оноос хойш ах Б.Дын асрамжид, түүний хамт хөрөнгийг эзэмшиж байгаа, Д.И нь 2004 оноос хойш ээжтэйгээ хамт тусдаа амьдарч,  аавтайгаа холбоогүй байсан, үхрийг бол мэдэхгүй, дүү Б.Одээр байсан, 1 үхэр, 1 бяруу үлдсэн гэж байсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Б.Омаргаж, “ах Б.Дын 7 тооны үхэр байсан, Д.И болон түүний дүү Үлэмжид нэг нэг тугалтай үнээ өгсөн, портертоо засвар хийх гэж ах өөрөө 2 үхэр авсан, мөн өвлийн идэш авсан, одоо 1 тугалтай үнээ байгаа, мал малласны хөлс авч байгаагүй” гэсэн үндэслэлийг заажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзжээ. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

8. Б.Д нь 2018.05.10-ны өдөр нас барсан, төрсөн хүү Д.И өвийн зүйл болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг Сүүл толгойн 1-43 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 398.1м.кв талбай бүхий газар, 36м.кв талбай бүхий хувийн сууц, 13 толгой үхрийг өвлөж авах хүсэлт гаргаж, 2019.07.23-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг авчээ.

9. Гэвч дээрх хувийн сууцанд Б.Дын дүү Б.Ч гэр бүлээрээ 2015 оноос хойш, хамт  амьдарч байгаа бөгөөд уг эд хөрөнгийн хамтран өмчлөгч байх эрхтэй гэсэн агуулгаас гадна Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-д заасан “Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө.” гэсэн заалтын дагуу өвлөгч учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байхад шүүх эдгээр үндэслэлд дүгнэлт хийгээгүй, хууль хэрэглээгүй, үүнээс гадна 13 толгой үхэр байгаа эсэх талаар маргаан үүссэн байхад зөвхөн тооллогын баримтыг үнэлээд, хэдэн тооны үхэр байгаа, хэдийг нь авсан, портер машин байсан бол уг машиныг хэн авсан,  хүүхдүүддээ үхэр өгсөн, портерын засварт 2 үхэр авсан, идшиндээ үхэр авсан гэх тайлбараа хариуцагч ямар баримтаар нотолж байгааг тодруулах, улмаар энэ талаар талууд мэтгэлцэх, маргааны бодит үндэслэл тогтоогдох шаардлагатай байжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримт, зохигчдын хоорондох эрх зүйн маргаантай харилцааны талаар хийх ёстой дүгнэлтийг хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байгааг анхаараагүй нөхцөлд хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн шийдвэр гаргах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.31-ний өдөр төлсөн 222,950 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД