Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 502

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан иргэн Ж.Саранчимэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ж.Жийн гараж байрлаж байгаа газрыг давхардуулахгүйгээр Ж.Саранчимэгт Сүхбаатар дүүргийн 15 хороо Хандгайтын Богины аманд хуулийн дагуу оногдох 0.07 га газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Ж, Л.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж Э******* /РД: /.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, *******

 Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол Денверийн гудамж-13.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Ж.Саранчимэг миний бие нь 2007 онд 04 дүгээр сарын 20-ны өдөр Хандгайтын Богино-д 700.0 квадрат метр талбай бүхий газрын байршлын кадастрын зураг гаргуулан төлбөрийг төлсөн. 

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2007 оны 05 дугаар сарын 28-ний өдөр зуслангийн газар хүссэн өргөдлөө кадастрын зургийн хамт өгч, 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын газрын мэдээллийн санд нэгж талбарын дугаар: *******-тай кадастрын зураг баталгаажиж орсон. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 тоот захирамжаар “Газрын эзэмших эрхийн гэрчилгээ” дугаар ******* гэсэн газрын гэрчилгээг Монгол улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсэн заалтаар олгосон. 

Харамсалтай нь Ж.Ж худал хуурмаг баримт гаргаж эхнэр Л.Дд газар авах санаагаа нууж ямарч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүйгээр газрыг миний гаражийн газар дээр иргэн Ж.Саранчимэг газар авсан гэж зарга үүсгэсэн. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 201 тоот тогтоолоор, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан Ж.Жийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон боловч Ж.Ж давж заалдсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 270 тоот магадлалаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийн Ж.Саранчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосон. 

Улмаар Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 215 тоот тогтоолд “...нэхэмжлэгч Ж.Ж нь Ж.Саранчимэгийн тухайн газарт газар эзэмших эрхтэй эсэх талаар биш, зөвхөн өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газартай давхцаж буй газрын асуудлаар маргаж байгааг үндэслэн тухайн маргаж буй газрын хил хязгаарыг ялгамжтайгаар тогтоож, шийдвэрлэхэд шүүхийн энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэж заасан нь Хандгайтын Богины аманд Газрын тухай хуульд заасан журмын дагуу авсан газрыг буруутгаагүй. Гараж байгаа газрыг чөлөөлж, үлдэх газар дээрээ зуслангийн газар авах эрх нь хуулийн дагуу нээлттэй гэж үзэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан.

Ж.Жийн гараж байрлаж байгаа хэсэг газрыг оруулахгүйгээр надад бусад талбайд хуулийн дагуу оногдох 0.07 га газрын кадастрын зургийг шинээр гарган тогтоолд заасны дагуу хил хязгаарыг ялгамжтай тогтоон шийдвэрлэж өгөх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Газрын албанд удаа дараа гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй тул шүүхэд хандаж байна. Сүхбаатар дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 880 тоот албан бичгийг надад мэдэгдсэний дагуу Ж.Э******* миний бие 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан. Тухайн асуудлаар Нийслэлийн Засаг дарга С.Бат-Үүлд хандаж гомдол гаргасан боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5/7337 тоот албан бичгээр “Хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд шилжүүлсэн болохыг” мэдэгдсэн. Өмнө нь удаа дараа Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албанд хандаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй тул шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ж.Жийн гараж байрлаж байгаа газрыг давхардуулахгүйгээр Ж.Саранчимэгт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын Богины аманд хуулийн дагуу оногдох 0.07 га газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын А/428 дугаар захирамжийн Ж.Ж, Л.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Бадарсан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Ж.Саранчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл нь Ж.Жтой холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар гомдол гаргасан бөгөөд газар эзэмших хүсэлтийг тус албанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байна.

Монгол улсын Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг “иргэн энэ хуулийн заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана, овог, нэр, байнга оршин суух хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа”-г гэж заасан. 

Гэтэл нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сард хүсэлтэд хаана байршилтай ямар хэмжээний газар авах нь тодорхойгүй буюу газрын тойм зургаа тус албанд өгөөгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж байгаа нь тодорхойгүй, дүүргийн Засаг дарга эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Бадарсаны нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарт: “... Иргэн Ж.Саранчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын А/428 дугаар захирамжийн Ж.Ж, Л.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилснийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл нь Ж.Жтой холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар гомдол гаргасан бөгөөд газар эзэмших хүсэлтийг тус албанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд иргэн Ж.Ж, Л.Д нар нь тус албанд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших талаар хүсэлтээ Монгол улсын Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг “иргэн энэ хуулийн заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана, овог, нэр, байнга оршин суух хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа”-г гэж заасны дагуу гаргасан нь хувийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж байгаа нь тодорхойгүй, дүүргийн Засаг дарга эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн Газрын тухай хуульд заасны дагуу дээрх 2 иргэнд эрх хэмжээнийхээ хүрээнд эзэмшүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ж.Саранчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ж.Ж миний бие тухайн газрыг Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/176 дугаар захирамжаар эзэмших болсон. 

Энэ газар дээр анхнаасаа байгаагүй Ж.Саранчимэг гэдэг хүн гэнэт гарч ирж миний газрыг авна гэж дайраад байна. Монгол Улсын ардын жүжигчин Н.С******* нь өөрийн бүх ах, дүү нартаа эргэн тойрны газрыг авч өгсөн. Одоо өөрийн хамаатан Ж.Саранчимэгт миний эзэмшиж буй газрыг авч өгөх гэж улайрч байна. Ж.Саранчимэг нь манай хашаа, гаражийг оролцуулан нууцаар захирамж гаргуулсан байсныг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон. Би хуулийн дагуу хүсэлтээ гаргаж 1996 оноос хойш амьдарч байгаа газар дээрээ эхнэр Л.Дтайгаа хамт хууль ёсоор эзэмшиж байгаа”. 

Миний бие 20 жил хөөцөлдөж байгаад энэ газар автал гэнэт өөр хүмүүс орж ирсэн. Энэ бол миний газар 1997 онд захирамжаа аваад 1996 онд энэ бүтээн байгуулалтыг хийгээд байшингаа бариад замыг гаргуулаад тухайн үед дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга байсан хүмүүсээс зөвшөөрсөн бичиг аваад “А*******” ХХК хийлгээд гэр бүлийн зориулалтаар ашиглая гэж авсан. 2004 онд газар авсан бичиг баримт нь цаанаа бүртгэлтэй байгаа. Өөр хүмүүс намайг дээрэлхээд ингээд байна. 20 жил энэ ажлыг хөөцөлдөөд явж байна. Шүүхийн шийдвэр гарч буруу олгогдсон байна гэж нотолж байсан. Тухайн үеийн Нийслэлийн Өмч газрын харилцааны албаны дарга н.Батсайхан гэдэг хүн шууд дээрээс бичиг өгөөд хүчингүй болгох шийдвэрийг хийж өгөөгүй. Энэ н.Батсайхан гэдэг хүнд кадастрын зурганд оруулаад материалаа өгч байхад энэ Ж.Саранчимэг гэдэг хүн анхны 5 хүнд байсан гэж хиймэл бичиг өгч байсан. Энэ газар 2004 онд баталгаажсан байсан миний газар дээр зураг зуруулчихаад, хэнээр зуруулсан нь мэдэгдэхгүй, хэн олгосон нь мэдэгдэхгүй эзэн байхгүй байдаг. Үүнийг шалгуулах гэж 20 жил хөөцөлдсөн. Дэд бүтэц байхгүй байхад дэд бүтэц тавьж, хэн ч байхгүй байхад би очиж буусан. Хамгийн анхны зургийг нь би гаргуулж байсан. Зураг гэдэг чинь учиртай байдаг. Би шийдвэр гаргуулсан гээд мэдэхгүй хүмүүсийг төөрөгдүүлж байдаг нэг арын хаалгаар бичиг гаргуулж байдаг, шүүх прокурорын байгууллагаар явуулж байдаг энэ байдал зөв бурууг би мэдэхгүй. Сүхбаатар дүүргийн Өмч,газрын албыг сайн ажилласан байна гэж бодож байна. Энэ газар нь бидэнд олгогдсон газар. Энийг залилаад шийдвэр гаргуулсан энэ хүмүүсийн баширмаг арга юм. Үүнийг тогтоох хэрэгтэй.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Улсын дээд шүүхийн 215 дугаар тогтоолын дагуу надад газар олгох ёстой байсан гэж яриад байгаа. Гэтэл Улсын дээд шүүхийн 215 дугаар тогтоол дээр юу гэж бичсэн байдаг вэ гэхээр “анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 255 буюу Ж.Саранчимэгт газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай Жийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж дүгнэлт хийсэн. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.2-т заасан шаардлагыг хангажээ. Мөн Ж.Саранчимэгт олгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна” гэсэн байдаг. Энд байдаг нэг өгүүлбэр нь энэ тогтоол саад болохгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газраа хооронд нь зохицуулж олгоход тогтоол хамаарал болохгүй гэсэн ганцхан өгүүлбэр байдаг. Энэ саад болохгүй гэсэн хэсгийг надад олго гэсэн гэж тайлбарлаж урвуугаар яриад яваад байгаа. Шүүхийн шийдвэрийн агуулга бол Ж.Саранчимэгт олгосон газрыг хүчингүй болгосон агуулгатай. Энэ тогтоол саад болохгүй гэдэг нь талууд хоорондоо зохицоод газраа авах юм бол энэ тогтоол саад болохгүй гэсэн санаа байгаа. Тогтоол саад болохгүй гэдэг нь дүүргийн Өмч, харилцааны албанд л эрхийг нь олгоод байгаа заалт юм. Ж.Саранчимэгт газар олго гэсэн заалт биш юм.

Энэ газарт анх н.У*******, Ж.Ж, н.Ганхуяг, Н.С*******, н.Балдорж гэсэн 5 хүн байсан. Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/176 захирамжаар олгогдсон 5 иргэн байсан. Ж.Саранчимэг гэдэг хүн 2007 онд гэнэт ороод ирсэн. Ж.Ж гэдэг хүн 20 жилийн өмнө энэ газар дээр анх байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Энэ маргаан өмнө нь шийдэгдэж байхад Д.Х******* гээд шүүгч дээр гарсан шинжээчийн дүгнэлт үүгээр тогтоогдож байгаа. Ж.Саранчимэг гэдэг хүн 2007 онд газар олгогдсон хэрнээ тэр хүн энэ газар дээр байдаг ямар ч мэдээлэл байдаггүй. Бусдын гараж, байшин байгаа газар дээр  2013 онд гарч ирээд маргаан үүсдэг. Ингээд шүүх маргааныг шийдвэрлээд энэ хүн энэ газар дээр анхнаасаа байгаагүй юм байна. Энэ хүнд анхнаасаа эзэмших эрх байгаагүй юм байна. Бусдын эзэмшиж ашиглаж байгаа газар дээр газар олгосон засаг даргын буруу юм байна гээд шийдвэрийг гаргасан. 

Нэхэмжэлийн үндэслэл дээр бусдын хүсэлт гаргасан газартай давхардаж байгаа учраас хүчингүй болгож өгнө үү гээд тайлбарладаг. Гэтэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлага тавигддаг.  Мөн хуулийн 31.1, 31.2, 31.3 газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тавиад өгсөн. Гэтэл нэхэмжлэгч миний хүсэлт гаргасан газартай энэ хүмүүсийн авсан газар давхардаад байна гэж гардаг. Газрын тухай хуулинд хүсэлт гаргасан газартай давхардсан тохиолдолд орохгүй гэсэн заалт байхгүй. Энэ нь өөрөө үндслэл муутай байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг буруу тайлбарлаад байна гэж үзэж байгаа. 

С******* гэдэг хүн 2015 онд хүсэлт гаргасан байдаг. Энэ Ж.Саранчимэг, Н.С******* гээд яваад байдаг. Хэрэгт авагдсан материалаас хархад цаана нь ардын жүжигчин Н.С******* гэдэг хүн л тэр газар дээр бүх ах дүү нар нь байгаа. Анх олгогдсон 5 хүн бүгд ах дүү нар нь байгаа. Ганцхан Ж.Ж гэдэг хүний газрыг булааж авах гээд ийм үйл ажиллагаа явагдсан байдаг. Хавтаст хэргийн 84 дугаар хуудаст авагдсан Газрын харилцаа геодизи зураг зүйн газарт “надад энэ газрыг олгооч ээ” гэсэн хүсэлт гаргасан байдаг. Газрын харилцаа геодизи зураг зүйн газраас Н.С******* гэдэг хүнд хариу ирүүлсэн байдаг. Уг хүсэлтийг хариуд “энэ нь Ж.Ж, Л.Д нарт олгосон газар байна. Тийм учраас өөрт чинь олгох боломжгүй” гэсэн байдаг. Үүнд бусад хүмүүс дандаа анх дүү нар нь байгаа. Ганц Л.Д, Ж.Ж 2 өөр хүмүүс байгаа. Яг Ж.Саранчимэг гэдэг хүн тэнд газар эзэмших эрхтэй юу, объектоо барьсан уу, анхнаасаа байсан уу, дээд шүүхийн тогтоол энэ хүнд олго гэж гарсан уу гэвэл бүгд худлаа нотлогддоггүй байгаа.  Ганцхан саад болохгүй гэдгийг надад олгох ёстой гэж ийм байдлаар тайлбарлаад байгаа нь өөрөө буруу юм.  

Би түрүүлж өргөдлөө гаргасан гээд байдаг. Түрүүлж өргөдөл гаргасан гэдгээрээ газар олгогддоггүй юм. Газрын тухай хуульд заасны дагуу шаардлагаа хангасан өргөдөл бичиг баримтыг үндэслээд Засаг дарга өөрөө захирамжаар олгодог асуудал юм. Түрүүлж гаргасан гэж байгаа бол энэ хүний хэрэгт авагдсан анхны өргөдөл нь 2014 оны 11 дүгээр сарын 10 гэж байгаа. Гэтэл Ж.Ж гэдэг хүний өргөдөл нь 2014 оны 10 дугаар сарын 30 гэж байдаг. 10 өдөр түрүүлж гаргасан. 2015 оны 04 дүгээр сарын 03-нд гаргасан, 2015 оны 09 дүгээр сарын 10-нд гаргасан. Ингэж 3 удаа гаргасан. Энэ түрүүлж гаргасан гэдэг нь өөрөө үндэслэл муутай байна. Түрүүлж гаргасан гэдгээр мөн давуу эрх үүсэхгүй. Ийм учраас нэхэмжлэл маань өөрөө үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3  дэх хэсэгт заасныг засаг дарга зөрчөөгүй юм байна. А/428 гэдэг  захирамжаараа Ж.Ж, Л.Д нар газар олгохдоо хууль зөрчөөгүй байна. Үнэхээр газар олгосон юм бол 2007 онд газраа авчихаад маргаан үүсгэхгүй яасан юм. Өөрийгөө эзэмших эрхтэй гэж үзэж байсан юм бол тухайн үедээ маргаан үүсгээд явахгүй яасан юм. 2007 онд захирамж гаргуулчихаад 2013 онд анх гарч ирсэн ийм л хүн юм. Энэ нэхэмжлэгчийн ямар ч эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

 

          ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Ж.Саранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* газар эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Жийн гараж байрлаж байгаа хэсгийг оролцуулахгүйгээр Ж.Саранчимэгт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богины аманд 0.07 га газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг даалгах, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Ж, Л.Д нарт холбогдох хэсгийг хүчинүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар Хяналтын шатны шүүхийн тогтоолын агуулгыг хэрэгжүүлэлгүй иргэн Ж.Ж, Л.Д нарт маргаан бүхий газрыг хувааж эзэмшүүлсэн, нэхэмжлэгч Ж.Саранчимэгт газар эзэмших эрх олгож захирамж гаргахгүй байгаа нь хууль бус гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн маргаан иргэн Ж.Саранчимэгт газар эзэмшүүлсэн 2007 оны 255 дугаар захирамжийн Ж.Саранчимэгт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан үеэс хойшхи үйл баримтад хамаарахаар байна.

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг маргаан бүхий газарт зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлттэй байгаа тухайгаа 2015 оны  4, 5, 6, 10 дугаар саруудад удаа дараа хүсэлт гаргаж байсан нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар (хх-42), тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн иргэн “...Ж.Саранчимэг нь хүсэлтээ удаа дараа ирүүлж..” байгаа талаар дурдсан 880 дугаар албан бичиг (хх-43), нэхэмжлэгчийн гаргаж байсан хүсэлтүүд, хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын маягт зэргээр нотлогдож байгаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч хуулийн хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй байсан гэж дүгнэв.  

Хэдийгээр Ж.Саранчимэгийн 255 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн дээд шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий газар төрийн мэдэлд шилжиж дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд түрүүлж хүсэлт гаргасан Л.Д, Ж.Ж нарт эзэмшүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийн тухайн оны өмнөх саруудад гаргасан хүсэлт, Хяналтын шатны шүүхийн тогтоолын агуулгыг үл харгалзан  тухайн газарт зуслангийн зориулалтаар тодорхой хэмжээний газар эзэмшиж байгаа нэг гэр бүлийн 2 иргэнд хувааж эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “..газар эзэмшүүлэхэд шудрага ёс, тэгш байдлыг хангах” гэсэн үндсэн зарчимтай нийцээгүй байна.

Хариуцагч өмнө нь удаа дараа өгч байсан нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүхийн шийдвэрийг биелүүлэх агуулгатай байсан гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж маргаан бүхий газрыг иргэн Л.Д, Ж.Ж нарт эзэмшүүлсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдэлгүй орхиж, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1.1-д “энэхүү журам нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөлийг хүлээн авах, бүртгэх, нягтлан хянах, газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийн төсөл боловсруулах, баталгаажуулах,...тай холбоотой харилцааг зохицуулна.”, мөн журмын 8.1-д “Шийдвэрийн төсөл дэмжигдээгүй бол үндэслэлийг дурдан өргөдөл гаргагчид газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загвар “Хариу өгөх мэдэгдэл”-ээр мэдэгдэж өргөдлийг хаана.” гэснийг зөрчиж нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас энэ хэргийн гуравдагч этгээд нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн А/595 дугаар захирамжийг гарснаас 5 сарын дараа мэдэж 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 

Нөгөө талаар иргэн  Л.Д, Ж.Ж нарт газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2015 оны 12 дугаар сард газар эзэмших эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах үедээ мэдээгүй байсан бөгөөд  захиргааны байгууллагын энэхүү шийдвэр нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр гаргах бол урьдчилан мэдэгдэх, хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаа ил тод нээлттэй байх захиргааны эрх зүйн харилцааны үндсэн зарчмуудтай нийцээгүй байна.

Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаар тогтоолоор “...нэхэмжлэгч Ж.Ж нь Ж.Саранчимэгийг тухайн газарт газар эзэмших эрхтэй эсэх талаар биш, зөвхөн өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газартай давхцаж буй газрын асуудлаар маргаж байгааг үндэслэн тухайн маргаж буй газрын хил хязгаарыг ялгамжтайгаар тогтоож,шийдвэрлэхэд шүүхийн энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.” гэснийг үндэслэн нэхэмжлэгч маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй байна.

Тодруулбал давж заалдах шатны болон, хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолоор өмнө нь 255 дугаар захирамжийн  Ж.Саранчимэгт газар эзэмшүүлсэн хэсэг нь иргэн Ж.Жийн зөвхөн гараж байрлаж байгаа хэсгийг давхцуулан газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж дүгнэсэн бөгөөд үлдэх газрын хил хязгаарыг ялгамжтай тогтоож Ж.Саранчимэгт эзэмшүүлэх боломжтой талаар хяналтын шатны шүүхийн тогтоолын “Хянавал” хэсэгт тодруулсанчлан Ж.Жийн гараж байрлаж байгаа хэсгийг түүнд үлдээж, үлдэх газрыг Ж.Саранчимэгт эзэмшүүлэх боломжтой байсан гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл төр газраа мэдэж, Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхдээ хууль дээдлэн, шудрага ёс, тэгш байдлыг хангах үндсэн зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд Ж.Саранчимэг анхнаасаа тэнд газар эзэмшиж байгаагүй, энэ нь 2013 оны Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1082 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар томилогдсон шинжээчийн “..Ж.Ж нарын газар дээр..Ж.Саранчимэгт давхардуулан газар олгосон... иргэн Ж.Ж болон Ж.Саранчимэг нарын эзэмшиж буй газрууд давхцалтай байна.” гэсэн дүгнэлтээр тогтоогддог гэсэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн болон шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон газрыг Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хэнд олгохоо шийдвэрлэдэг, гуравдагч этгээд Л.Д, Ж.Ж нарын хүсэлт баримт бүрдсэн тул бид үгүйсгэх эрх байхгүй тул эзэмшүүлсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудыг зөвтгөх боломжгүй байна.    

Маргаан бүхий үйл баримтаас үзэхэд энэ хэргийн оролцогчид тухайн газарт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийг хэрэгжүүлээгүй ирсэн бөгөөд харин хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлт, түүний тухайн газарт зуслангийн газар эзэмших талаар дүүргийн болон Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд байнга хандаж байсан үйлдлийг үл харгалзан гуравдагч этгээдүүдийн анх удаагаа хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн тэдэнд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ж.Саранчимэгт газар эзэмших эрх олгох хуульд нийцсэн шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Саранчимэгт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богины аманд маргаан бүхий газарт Ж.Жийн гараж байрлаж байгаа хэсгийг оролцуулахгүйгээр газар эзэмших захирамж гаргахыг даалгаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Л.Д, Ж.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.   

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

 

1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Саранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ж.Саранчимэгт газар эзэмших эрх олгох хуульд нийцсэн шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Саранчимэгт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богины аманд маргаан бүхий газарт Ж.Жийн гараж байрлаж байгаа хэсгийг оролцуулахгүйгээр газар эзэмших захирамж гаргахыг даалгаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Л.Д, Ж.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.НАСАНДЭЛГЭР