Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 208/МА2020/00054

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 208/МА2020/00054

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2019/00090/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.*******

Хариуцагчийн өмгөөлөгч А.******* /онлайн/

Хариуцагчийн өмгөөлөгч Д.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө. нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Д.*******ын нэхэмжлэлтэй С.*******д холбогдох эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох, Д.*******, Д.*******, Д.*******, С.******* нарт холбогдох Өвлөгдсөн хөрөнгөнөөс өөрт ногдох хувь нийт 30.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагатай нийт 35.000.000 төгрөг гаргуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэг. Хуучны дарьганга хийцтэй том мөнгөн тоногтой (манай нутагт 12 завхай гэж ярьдаг) эмээлийг миний аав Төмөрийн Даваахүү намайг 1988 онд цэргээс халагдахад надад бэлдэж өгсөн юм. Гэтэл аавыг нас барсны дараа уг эмээлийг миний эгч Д.******* эгч хүүхдүүдийнхээ нэгэнд өгчхөөд өнөөдрийг хүртэл нуугаад надад хэлэхгүй байна. Иймд уг эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох, Д.*******гээс эмээлийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Д.*******гийн хүү Саранхүүгийн *******, Саранхүүгийн ******* нарт миний эмээл байгаа учраас хамтран хариуцагчаар татсан юм.

Хоёр. Өвлөгдсөн эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах. Миний аав Т.Даваахүү нь Баруунбүрэн суманд нэр хүндтэй, ном эрдэмтэй лам хүн байсан. Бид нар эцэг, эхээс наймуул байж байгаад одоо зургаалаа үлдсэн. Аав маань 2012 онд нас барсны дараа айлын бага хүү, хууль ёсны өв залгамжлагч болох надад манай аавын эд хөрөнгөө өв залгамжлалын журмаар нэг ч эд хөрөнгө ирээгүй. Аав маань нас барах үедээ амьдарч байсан Баруунбүрэн суманд байршилтай хашаа байшин, 4 ханатай гэр, түүний эдэлж хэрэглэж байсан бурхан /хуучны үхэр унасан хүний дүрстэй гуулин бурхан/, Далхбүрэн зурмал бурхан, Өндөр гэгээн нэртэй шаазан бурхан зэрэг 10 бурхан, 50-60 ширхэг хуучны ном судрууд, шүрэн толгойтой их гарын гартаам хөөрөг, Чойбалсангийн үеийн гантиг чулуун хавтантай зандан модон ширээ, 100 толгой бог мал, үхэр 10, Эксел маркийн машин зэрэг эд хөрөнгийг С.*******, хашаа байшин, машин, мал, ном судар, бурхан тахилыг миний эгч Д.Юмжилийн хүүхэд Д.******* авсан ба бусад эд хөрөнгө хөөрөг, эмээлийг манай том эгч Д.******* түүний хүүхэд С.******* өөрийн эзэмшилдээ авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

Гэтэл энэ хугацаанд миний бие нь дэлүү авахуулах маэс засал хийлгэсний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхэлж чадахаа больж, амьдрал ахуй маань доор орсон. Одоо би талийгаач аавын амьдарч байсан хашааны урд талд байршилтай өөрийн хашаа байшиндаа амьдарч, мухлаг ажиллуулж амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл эгч миний төрсөн эгч Д.******* манай байшин руу орох, орц гарцыг хааж мухлаг руу хүн орох боломжгүй болгож, миний ядарсан амьдралыг улам хүнд байдалд оруулж байна.

Иймд дээрх эд хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагч миний бие нь өөрт оногдох хэсгээ 30.000.000 төгрөг гэж тооцон Д.*******, С.*******, С.*******, Д.Юмжил, Д.******* нараас гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн нарын өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ын гаргасан нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Д.Юмжил, С.*******, Д.*******, С.*******, Д.******* нарын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч Д.******* нь талийгаач Т.Даваахүүгийн амьд сэрүүн үед нь 5 тугалтай үнээ, 20 хонь гэх зэрэг эд зүйлийг авсан гэдэг тайлбарыг хариуцагч Д.Юмжил өгдөг.

Хариуцагч С.******* нь эмээлийн хувьд Д.Ганбат ахтай хийсэн наймаа байгаа гэдэг талаараа энэ Д.******* гэдэг хүнд ямар нэгэн хамааралгүй. Надаас нэхэмжлэх үндэслэлгүй гэсэн хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч Д.*******гийн хувьд 2004 онд тэтгэвэртээ гарснаасаа хойш өөрийн аав болох Т.Даваахүүг асарч Амарбаясгалант хийдэд амьдарч байсан талаараа, мөн 2017 онд Д.******* нь өр зээлд орсон болон өөр бусад амьдралын шалтгаан хэлж ирснийх нь дагуу өөрийн нөхөр болох Батсүрэнгийн тэтгэврийн зээлийг 24 сараар авч өгсөн. Мөн охиноосоо 2.000.000 төгрөг, дүүгээсээ 1.000.000 төгрөг гэх мэт мөнгийг авч өгсөн. 7.000.000-8.000.000 төгрөгийн мөнгийг Д.*******од өгсөн. Энэ мөнгөө өгөхгүйн тулд ийм нэхэмжлэл гаргаж байгаа гэдэг хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байгаа.

Хариуцагч Д.*******ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийнх нь хувьд 10 настайгаасаа хойш өөрийн өвөө болох Т.Даваахүүгийн хажууд шавилан сууж улмаар 2000-2004 онд Швейцар улсын шашны сургуульд суралцаж ирээд өвөө болох Т.Даваахүүгийнхээ үйл хэргийг залгамжилж байгаа. Д.*******од ямар нэгэн өгөх өв залгамжлалын асуудал байхгүй. Сургуульд суралцахаар явахад тухайн хөөргийг надад өгч байсан гэдэг тайлбарыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 82 дугаар зүйлийн 82.1, 492 дугаар зүйлийн 492.2.2, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-д зааснаар С.*******д холбогдох эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох, Д.Юмжил, Д.*******, Д.*******, С.*******, нарт холбогдох өвлөгдсөн хөрөнгөөс өөрт ногдох хувь 17,380,000 төгрөгийн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.******* түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 156 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдснээс хойш гурван сарын сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зааснаар талийгаач Т.Даваахүүг нас барах үед нь түүнтэй хамт амьдарч, түүнийг асарч байсан Д.Юмжил, Д.******* нар 29,180,000 төгрөгийн өвийг хүлээн авахаас татгалзсан баримтгүй тул Д.Юмжил, Д.******* өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Учир нь талийгаач Т.Даваахүүг нас барахад Д.Юмжил, Д.******* нар хамт амьдарч байсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй ба тус тусдаа гэр бүлтэй, амьдралтай хүмүүс бөгөөд Өндөр гэгээн шаазан бурхан 1 ширхэг, бурхан 8 ширхэг, ном судрууд 10 ширхэг, гантиг чулуун хавтантай зандан модон ширээ 1 ширхэг, шүрэн толгойтой хаш хөөрөг 1 ширхэг, шүрэн толгойтой гартаам хөөрөг 1 ширхэг, хашаа байшин 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг нийт 29,180,000 төгрөгөөр үнэлэгдсэн өвлөгдөх эд хөрөнгийг Д.Юмжил, Д.******* нар эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан тухай баримт мөн хэрэгт авагдаагүй.

Харин өвлөх эрхгүй талийгаачийн зээ хүү Д.******* нь Өндөр гэгээн шаазан бурхан 1 ширхэг, бурхан 8 ширхэг, ном судрууд 10 ширхэг, гантиг чулуун хавтантай зандан модон ширээ 1 ширхэг, шүрэн толгойтой хаш хөөрөг 1 ширхэг зэрэг өвлөгдөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авсан болон шүрэн толгойтой гартаам хөөргийг мөн талийгаачийн зээ С. ******* нар эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан Д.*******ийн, С.******* нарын тайлбар, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд Д.*******ын Шүрэн толгойтой хаш хөөрөг энд байхгүй, Д.*******ид байгаа гэж тайлбарлав гэх тэмдэглэл, Д.*******ын Бурхан тахилаа миний хүү *******ид байшинтай өвлүүлэн үлдээсэн гэх тайлбар, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өвөөгийнхөө дээлийг өмсөж, өвөөгийнхөө даалин болон маргаан бүхий хөөргийг барьж авахуулсан Чонос Ганзо нэртэй Расеbоок хаягийн нүүр ном дээрээ байршуулсан С.*******ийн фотозураг, гэрч Д.Гансүхийн тод тэмдэгтэй хөөрөг нь С.*******т байгаа.

С.******* цагаан сараар аавыг минь өнгөрсний дараа 2 жилийн дараа гэж санаж байна он сарыг нь сайн мэдэхгүй байна. Надтай золгох гэж ирэхдээ бариад явж байсан юм. гэх мэдүүлэг, Капитал зууч ХХК-ийн Үнэлгээний тайланд шүрэн толгойтой хаш хөөргийг Д.******* нь надад байсан одоо байхгүй ...хэлсэн тул эд зүйлүүдийн фотозургийг авч үнэлгээний тайланд хавсаргаагүй болно гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл маргаан бүхий өвлөгдөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өв залгамжлагч нарын хэн нь ч өвийг хүлээн аваагүй, өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад өв залгамжлах эрхгүй этгээдүүд болох Д.*******, С.******* нар уг эд хөрөнгүүдийг эзэмшилдээ авсан байна.

Иймд 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-д заасан хугацаанд хууль ёсны өв залгамжлагч нар нь байгаа боловч хэн нь ч өвийг хүлээн аваагүй, мөн татгалзаагүй байхад өвлөгдөх эд хөрөнгийг Д.*******ыг хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хувь 17,380,000 төгрөгийн хөрөнгө гаргуулах нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.******* өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлын талаар сонслоо. Тэгэхээр Д.Юмжил, Д.******* хоёрыг тусдаа амьдарч байсан гэж байна. Тэгвэл яг толгойг нь түшиж байгаад өөд болгосон хүн бол Д.Юмжил, Д.******* нар юм. Үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт байгаа.

Мөн 100 насны ойг тэмдэглэх үед Д.*******гийн хүү С.******* тэмдэглэж өгч байхад маргаан бүхий яригддаг хөөргийг талийгаачаас С.*******т өгсөн гэдгийг түүний төрөл төрөгсөд ярьдаг юм. Мөн яалт ч үгүй толгойг нь түшиж асардаг байсан хүмүүс нь Д.Юмжил, Д.******* нар байсан гэдэг нь тогтоогддог тул өв залгамжлалаас тэргүүн эгнээд бичигдэх нь зүйтэй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хуульд зааж өгөхдөө хэрэгтэй учир оруулж өгсөн байгаа.

Энэ хэргийн хувьд 2012 онд талийгаач нас барахад өнөөдрийг хүртэл 1 ч удаа өв залгамжлалын талаар асуудал тавьж байгаагүй хэр нь өнөөдөр нэхэмжлэл гаргаж байна. Тэгэхээр энэ асуудалд хөөн хэлэлцэх хугацааг яригдах нь зүй ёсны юм. Тиймээс одоо маргаан үүсгэж байгаа нь хуулийг гуйвуулж байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байна. Талийгаач амьд үедээ өвийг хүүхдүүддээ хуваарилаж өгсөн байдаг юм билээ. Хамгийн гол нь өөрийнх нь амьдарч байсан орон байр болон тахилгын гэрийг Д.******* болон Д.Юмжил нар хадгалж бурхан тахилгыг нь дээдэлж яваа. Талийгаачийн хувьд ******* гэдэг хүүг өөрөө лам болгож өөрийн хойчийг бэлдсэн хүн юм. Тиймээс талийгаачийн бурхан тахилыг авч явах хүн гэж үзэж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь Д.Юмжил нарын 5 хүнд холбогдуулан өвийн өмчлөгчөөр тогтоолгох, өвлөгдсөн эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан. Хэрэг явдлын тухайд гэвэл талийгаач Даваахүү нь 2012 онд нас барж түүнээс хойш өвийн талаарх маргаан үүсэлгүй явсаар 2019 онд Д.******* нь нэхэмжлэл гаргасан байгаа. Төрсөн ах, эгч, дүү нарын хувьд өвийн асуудлаас гадна зөндөө асуудал байсныг өөрсдөө ярьдаг хэдий ч өвийн харилцааны тухай нэхэмжлэл гарсан байгаа. Өвийн асуудлыг хуульд тодорхой зааж өгснөөр гэрээслэл болон хуульд зааснаар өвлөгдөнө гэж байгаа. Даваахүү гуайн хувьд ямар нэг гэрээслэл үлдээгээгүй тул хуульд зааснаар өвлөх харилцаанд хамааруулна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.*******ын хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу ямар нэг шаардлагыг гаргаагүй байдаг. Хууль мэдэхгүй байж байгаад эрхээ эдлээгүйгээс өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэж байгаа үндэслэл нь хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэх үндсэн зарчмын дагуу байр сууриа илэрхийлж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Мөн өвлөгдөх ёстой гэх маргаантай эд хөрөнгийн талаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулаагүй. Ямар нэг байдлаар шүүхээс эд хөрөнгийг хуваая гэхэд ямар ч улсын бүртгэлээр баталгаажсан эд хөрөнгө байхгүй болохыг дурдая. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Д.******* гуай шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө өвийн асуудлаар эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой байсан ч ямар нэг хүсэлт гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн нэг болсон гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Д.*******, Д.*******, Д.*******, С.******* нарт холбогдуулах өвлөгдсөн хөрөнгөөс өөрт ногдох хувь 17.380.000 төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Д.*******од эцэг Т.Даваахүү нь 1998 онд мөнгөн тоногтой эмээл өгсөн, Д.******* нь уг эмээлийг ашиглалтын журмаар өөрийн төрсөн ах Д.Ганбатын эзэмшилд шилжүүлсэн боловч 2007 онд Д.Ганбат бусдад худалдсан байсныг нэхэмжлэгчийн үеэл болох С.******* худалдан авч улмаар дахин бусдад худалдаж одоо эмээл нь хаана, хэний өмчлөлд байгаа нь тодорхойгүй буюу өөрөөр хэлбэл 2007 оноос эмээл нь бусдын гар дамжин худалдагдсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрхи үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь эмээлийн хууль ёсны өмчлөгч мөн боловч өөрийн хөрөнгө болох эмээл нь 2007 оноос хойш бусдын эзэмшилд шилжсэн өөрөөр хэлбэл түүний эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж өнөөдрийг хүртэл бусдын эзэмшлээс шаардаж байгаагүй тул анхан шатны шүүхээс түүнийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 82 дугаар зүйлийн 82.1, 492 дугаар зүйлийн 492.2.2-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хөрөнгийн өмчлөгчийн хувьд Д.******* нь өөрийн эд хөрөнгөд анхаарал тавьж, өмчлөх эрх зөрчигдсөн гэдгээ мэдэх боломжтой байсан боловч эмээлээ бусдын эзэмшлээс буцаан авах талаар шаардлага тавих, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Д.******* болон түүний өмгөөлөгч нь шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж байгаа боловч хуулийн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна.

Нэхэмжлэгчийн өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528 дугаар зүйлийн 528.3-д зааснаар нэхэмжлэгч буюу өвлөгч 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгдөх хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан байдал тогтоогдоогүй, тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар талийгаачийн бага хүүгийн хувьд хууль ёсны өвлөгч тул түүний хөрөнгийг бусад ах эгч нартай адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь талийгаачийг нас барснаас хойш хуульд заасан хугацаанд өв хүлээн авах эсэх тухай хүсэлтээ зохих этгээдэд гаргаагүй, хуульд заасны дагуу өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, ийнхүү хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар шүүхэд нотлоогүй тул өвлөгч Д.******* хуулийн дагуу өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ.

Талийгаач Т.Даваахүү нь нас барах хүртлээ төрсөн охин Д.*******, Д.******* нарын асрамжид байсан ба түүнийг нас барснаас хойш талийгаачийн өвлөгдөх хөрөнгө тэдгээрийн эзэмшилд шилжсэн, талийгаач нь өндөр хэргэм бүхий лам хүн байсан ба түүний бурхан шашны холбогдолтой эд хөрөнгийг нь түүний зээ хүү /лам/ болох Д.*******ийн эзэмшилд шилжүүлэн зээ хүү Д.******* нь өвөг эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Д.*******, Д.******* нь өвийг хүлээн авснаар тухайн хөрөнгийн өмчлөгч болсон байх ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар хөрөнгийн өмчлөгчийн хувьд хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхтэй тул тус эрхийнхээ дагуу талийгаачийн зээ хүү болох Д.*******, С.******* нарт хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр байх тул талийгаачийн өвлөгдөх хөрөнгийг өвлөх эрхгүй этгээдэд болох Д.*******, С.******* нарт шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн татгалзал хуулийн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн нэрийг Д.*******, Д.Юмжил хэмээн хоёр өөрөөр бичсэн байх ба анхан шатны шүүх хариуцагчийн нэрийг тодруулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарч буй эрх зүйн баримтуудад Д.*******, Д.Юмжил хэмээн хольж бичжээ.

Тус хэргийн хариуцагчийн нэрийг Улсын иргэний бүргэлд Даваахүүгийн ******* гэж бүртгэсэн болох нь Иргэний улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул. шүүх цаашид хэргийн зохигчид болон оролцогчийн нэр зөрүүтэй байгаа байдлыг тодруулж хэргийг шийдвэрлэж байхыг анхааруулах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 244,850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН

 

 

 

Top of Form

Bottom of Form