Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00911

 

 

****ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар шийдвэр,  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****, ****, ****, ****, **** нарт холбогдох, 

Эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох, өвлөгдсөн хөрөнгөөс өөрт ногдох хувь нийт 30,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагатай нийт 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч Д.Оюунтуяад холбогдуулан эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч ****, ****, ****, **** нарт холбогдуулан өвлөгдсөн хөрөнгөөс ногдох хувь болох 17,380,000 төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна. 

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 82 дугаар зүйлийн 82.1, 492 дугаар зүйлийн 492.2.2, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар ****д холбогдох эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох, Д.Юмжил, ****, ****, **** нарт холбогдох өвлөгдсөн хөрөнгөөс өөрт ногдох хувь 17,380,000 төгрөгийн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 244,850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ****ын нэхэмжлэлтэй ****, ****, ****, ****, **** нарт холбогдох эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох, өвлөгдсөн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч **** би Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 156 дугаартай шийдвэрийн зарим хэсэг, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.25-ны өдрийн 54 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх өвлөгдөх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зааснаар талийгаач Т.Даваахүүг нас барах үед нь түүнтэй хамт амьдарч, түүнийг асарч байсан ****, **** нар 29,180,000 төгрөгийн өвийг хүлээн авахаас татгалзсан баримтгүй тул ****, **** өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь талийгаач Т.Даваахүүг нас барахад ****, **** нар хамт буюу нэг гэрт амьдарч байсан тухай улсын бүртгэлийн газрын албан ёсны нотлох баримт, эсвэл өөр ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй ба тус тусдаа гэр бүлтэй, амьдралтай хүмүүс бөгөөд Өндөр гэгээн шаазан бурхан 1 ширхэг, бурхан 8 ширхэг, ном судрууд 10 ширхэг, гантиг чулуун хавтантай зандан модон ширээ 1 ширхэг, шүрэн толгойтой хаш хөөрөг 1 ширхэг, шүрэн толгойтой гартаам хөөрөг 1 ширхэг, хашаа байшин 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг нийт 29,180,000 төгрөгөөр үнэлэгдсэн өвлөгдөх эд хөрөнгийг ****, **** нар эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан тухай баримт мөн хэрэгт авагдаагүй. Харин өвлөх эрхгүй талийгаачийн зээ хүү **** нь Өндөр гэгээн шаазан бурхан 1 ширхэг, бурхан 8 ширхэг, ном судрууд 10 ширхэг, гантиг чулуун хавтантай зандан модон ширээ 1 ширхэг, шүрэн толгойтой хаш хөөрөг 1 ширхэг зэрэг өвлөгдөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авсан болон шүрэн толгойтой гартаам хөөргийг мөн талийгаачийн зээ **** нар эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан ****ийн, **** нарын тайлбар, 2019.09.16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд ****ын “Шүрэн толгойтой хаш хөөрөг энд байхгүй, ****ид байгаа гэж тайлбарлав” гэх тэмдэглэл, ****ын “Бурхан тахилаа миний хүү Даваадоржид байшинтай өвлүүлэн үлдээсэн” гэх тайлбар, 2017.03.02-ны өдөр өвөөгийнхөө дээлийг өмсөж, өвөөгийнхөө даалин болон маргаан бүхий хөөргийг барьж авхуулсан “Чонос Ганзо” нэртэй facebook хаягийн нүүр ном дээрээ байршуулсан ****ийн фото зураг, гэрч Д.Гансүхийн “тод тэмдэгтэй хөөрөг нь ****т байгаа. **** цагаан сараар аавыг минь өнгөрсний дараа 2 жилийн дараа гэж санаж байна он сарыг нь сайн мэдэхгүй байна. Надтай золгох гэж ирэхдээ бариад явж байсан юм гэх мэдүүлэг, Капитал зууч ХХК-ийн Үнэлгээний тайланд “шүрэн толгойтой хаш хөөргийг **** нь надад байсан одоо байхгүй ...хэлсэн тул эд зүйлүүдийн фото зургийг авч үнэлгээний тайланд хавсаргаагүй болно” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл маргаан бүхий өвлөгдөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өв залгамжлагч нарын хэн нь ч өвийг хүлээн аваагүй, хэн нь ч өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, түүнчлэн өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад өв залгамжлах эрхгүй этгээдүүд болох ****, **** нар уг эд хөрөнгүүдийг эзэмшилдээ авсан байна. Иймд хууль ёсны өв залгамжлагч нар нь байгаа боловч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хугацаанд хэн нь ч өвийг хүлээн аваагүй, мөн татгалзаагүй байхад өвлөгдөх эд хөрөнгийг ****ыг хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх ба давж заалдах шатны шүүх мөн л нотлох баримт байхгүй байхад ****, **** нар өвийг хүлээн авсан байна гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсний улмаас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-р зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хувь 17,380,000төгрөгийн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч **** нь хариуцагч Д.Оюунтуяад холбогдуулан эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч ****, ****, ****, **** нарт холбогдуулан өвлөгдсөн хөрөнгөөс ногдох хувь болох 17,380,000 төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

7.1. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 82 дугаар зүйлийн 82.1, 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хөрөнгийн өмчлөгчийн хувьд өөрийн эд хөрөнгө /эмээл/-д анхаарал тавьж, өмчлөх эрх зөрчигдсөн гэдгийг мэдэх боломжтой байсан боловч бусдын эзэмшлээс буцааж авах талаар шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. 

7.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй”, 492 дугаар зүйлийн 492.2-т “Дараахь тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй: ...492.2.2. шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж тус тус заасан. 

7.3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч ****од 1998 онд түүний эцэг Т.Даваахүү мөнгөн тоногтой эмээл өгсөн, нэхэмжлэгч нь эмээлийг өөрийн төрсөн ах Д.Ганбатад ашиглуулахаар өгсөн боловч түүнээс буцааж шаардаагүй, харин Д.Ганбат нь 2007 онд эмээлийг бусдад зарсан байсныг **** худалдан авч, улмаар цааш нь худалдсан, тодруулбал 2007 оноос хойш эмээл бусдад гар дамжин худалдагдсан байхад нэхэмжлэгч энэ хугацаанд, түүний эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж бусдын эзэмшлээс эмээлээ шаардаж байгаагүй нь тогтоогджээ. Иймд шүүхүүдийн, нэхэмжлэгчийн эмээлийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцсэн байна. 

8. Нэхэмжлэгч **** нь ...миний аав Т.Даваахүү нь нэр хүндтэй, ном эрдэмтэй лам хүн байсан. ...Аав маань 2012 онд нас барсны дараа айлын бага хүү, хууль ёсны өв залгамжлагч болох надад өв залгамжлалын журмаар нэг ч эд хөрөнгө ирээгүй. ...Аав маань нас барах үедээ амьдарч байсан Баруунбүрэн суманд байршилтай хашаа байшин, 4 ханатай гэр, түүний эдэлж хэрэглэж байсан бурхан /хуучны үхэр унасан хүний дүрстэй гуулин бурхан/, Далхбүрэн зурмал бурхан, Өндөр гэгээн нэртэй шаазан бурхан зэрэг 10 бурхан, 50-60 ширхэг хуучны ном судрууд, шүрэн толгойтой их гарын гартаам хөөрөг, Чойбалсангийн үеийн гантиг чулуун хавтантай зандан модон ширээ, 100 толгой бог мал, үхэр 10, Эксел маркийн автомашин зэрэг эд хөрөнгийг ****, хашаа байшин, автомашин, мал, ном судар, бурхан тахилыг миний эгч Д.Юмжилийн хүүхэд **** авсан ба бусад эд хөрөнгө хөөрөг, эмээлийг манай том эгч ****, түүний хүү **** өөрийн эзэмшилдээ авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн... гэж марган, хариуцагч ****, ****, ****, **** нарт холбогдуулан өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өвлөгдөх хөрөнгөөс 17,380,000 төгрөгийн хөрөнгийг шаарджээ.  

8.1. Нэхэмжлэгч ****ын төрсөн эцэг Т.Даваахүү нь 2012.02.03-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар эцгийн хөрөнгийг бусад өвлөгч нартай адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй байна. 

8.2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан. 

8.3. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн эцэг Т.Даваахүүг нас барах үед эгч ****, **** нар түүнтэй хамт байж, асарч халамжилж байсан. Хоёр шатны шүүх ...талийгаачийн хүүхдүүд болох ****, **** нар нь эцгийн 29,180,000 төгрөгийн өвийг хүлээн авахаас татгалзсан тухай баримтгүй тул тэднийг эцэг Т.Даваахүүгийн өвийг хүлээн авсан гэж үзнэ, ...тэд өвийг хүлээн авснаар тухайн хөрөнгийн өмчлөгч болсон тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмчлөгчийн хувьд өвлөгдсөн эд хөрөнгийг захиран зарцуулж, хуульд заасан эрхийн дагуу талийгаачийн зээ хүү болох ****, **** нарт хөрөнгийг шилжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

8.4. Мөн, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж тус тус зохицуулсан. 

8.5. Нэхэмжлэгч ****ын хувьд эцэг Т.Даваахүүг нас барсны дараа хуульд заасан хугацаанд, өв хүлээн авах эсэх тухай хүсэлтээ зохих этгээдэд гаргаагүй, хуульд заасан өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, ийнхүү хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг шүүхэд нотлоогүй тул өвлөгч ****ыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т заасны дагуу өв хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн өвлөгдсөн хөрөнгөөс өөрт ногдох 17,380,000 төгрөгийн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна. 

9. Иймд, нэхэмжлэгчийн “...маргаан бүхий өвлөгдөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өв залгамжлагч нарын хэн нь ч өвийг хүлээн аваагүй, хэн нь ч өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, түүнчлэн өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад өв залгамжлах эрхгүй этгээдүүд болох ****, **** нар уг эд хөрөнгүүдийг эзэмшилдээ авсан байна. Иймд хууль ёсны өв залгамжлагч нар нь байгаа боловч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хугацаанд хэн нь ч өвийг хүлээн аваагүй, мөн татгалзаагүй байхад өвлөгдөх эд хөрөнгийг ****ыг хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх ба давж заалдах шатны шүүх мөн л нотлох баримт байхгүй байхад ****, **** нар өвийг хүлээн авсан байна гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

10. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.17-ны өдөр төлсөн 244,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД