Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 208/МА2020/00055

 

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2019/00428/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.******* нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 242 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Г.*******гийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар /засаг дарга С.*******/-т холбогдох 133.071.310 төгрөг гаргуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би 2017 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн ******* сумын халаалтын шугамын өргөтгөлийн ажлын санхүүжилтанд зориулж 43.071.310 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлсэн юмаа. Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын тамгын газраас энэ мөнгийг өгөхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй өдий хүрлээ. ...******* сумын засаг даргын тамгын газарт /С.*******/-д холбогдуулан 43.071.310 төгрөгийг нэхэмжилснийг дараах байдлаар өөрчилж ихэсгэж байна. Үүнд: ******* сумын Иргэдийн төлөөлөгч хурлын дарга Р.Батжаргал, засаг дарга, орлогч дарга нарын оролцоотой тус сумын газар нутагт алт олборлох ажил явуулахын тулд тус суманд хандив туслалцаа үзүүл гэсэн дарамт шахалтаар нийт 133.071.310 төгрөгийг дансаар бэлнээр, эд зүйлээр гэх мэтээр ******* сумын үйл ажиллагаанд зориулж 2017-2018 онуудад өгч байжээ. Үүнийг задалвал:

1. 2017 оны 06 дугаар сард ******* суманд хөрөнгө оруулалтаар уурын зуух шугамын өргөтгөлийн ажлыг гэрээ дүгнэн орон нутгийн өмчид 43.071.310 төгрөгөөр тооцон үнэлгээ тогтоож хүлээн авсан,

2. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 20.000.000 төгрөг,

3. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг,

4. 2018 оны 07 дугаар сард Засаг даргын орлогч Бямбаагийн хэлсэнээр 50.000.000 төгрөгийг сумын замын ажилд хий гэж /дансыг орлогч Бямбаагаас тодруулахад үнэн зөвөөр нь хэлнэ/ авсан байна,

5. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15.000.000 төгрөг, нийт 133.071.310 төгрөгийг тус суманд удирдлагуудын шахалтаар өгчээ.Үүнээс өөр их мөнийг ч авсанг тэд мэдэж байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага бүгд 133.071.310 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 07 дугаар сард шугамын өргөтгөлийн ажил хийх үед үед би ээлжийн амралттай байсан учраас тухайн үеийн асуудлыг мэдэхгүй байна. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15000000 төгрөгийг оюутны төлбөр гэж байгаа боловч хэний дансаар хэн авсан талаар тодруулах хэрэгтэй байна. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр булдозер засвар 5000000 төгрөг гэжээ Манай ******* суманд өнөөдрийн байдлаар мөн түүнээс өмнө 2017, 2018, 2019 онуудад булдозер байгаагүй. 2017 оны 09 дүгээр сард сайн хашаа хөтөлбөр 20000000 төгрөг гэж байна. Энэ ажил нь ******* сумын хэмжээнд сайн хашаа хөтөлбөр хийгдсэн. Нийдтээ 1000 метр хашаа хийгдэж байсан. Гэхдээ дарамт шахалт гаргаж байгаагүй, хаанаас хэнээс хийгдсэнийг нь мэдэхгүй. Сумын хог цэвэрлэгээ зам засварын ажил хийгдэж байсан. ******* сумын нөхөрлөлүүд оролцож байсан. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Тухайн үед ******* сумын нийт уул уурхайн аж ахуй нэгжүүд, нөхөрлөлүүд бүгд нийтээрээ хийж байсан. Сумын хог цэвэрлэгээ 2017 оны 05 дугаар сард хийгдсэн байна. Зам засварын ажил 2018 оны 07 дугаар сард хийгдсэн гэсэн ажлууд байгаа. ******* сумд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж иргэд нийгмийн асуудлыг шийдэхэд хөрөнгө оруулалт хийж байх шаардлагатай гэдэг зүйлүүдийг бид баримталдаг. Түүнийхээ хүрээнд энэ хүн сум орон нутагт хөрөнгө оруулалт хийгээд явж байсан байх. Яагаад сүүлд нь ийм байдлаар мөнгө нэхэмжлээд байгааг нь ойлгохгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 05 дугаар сарын 20-ны өдрийн 242 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох нийт 133.071.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Г.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборох, ******* сумын бүтээн байгуулалтын ажлуудад нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр харилцан тохиролцож 2017 оны 06 дугаар сард ******* сумын уурын зуухны халаалтын шугамын өргөтгөлийн ажлын санхүүжилтанд зориулж 43.071.310 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* сумын сайн хашаа хөтөлбөр-ийн санхүүжилтанд зориулж 20.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сард ******* сумын бетон зуурмагийн үйлдвэрийн өндөр хүчдэлийн шугамын өргөтгөлийн санхүүжилтанд зориулж 50.000.000 төгрөг зэргийг тус тус Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн хэлцэлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 113.071.310 төгрөгийг гаргуулж Г.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч сайн дураараа татгалзсанг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 373.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 373.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...242 тоот шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжилсэн 43.071.310 төгрөгийн талаар: ******* сумын Засаг даргын тамгын газар нь уурын зууханд зориулан иргэний нэхэмжлэгч Г.*******гээс хүлээн аваагүй ашиглаагүй болно. Учир нь Ану жээ ХХК ******* сумын төр төсвийн байгууллага, аж ахуй нэгжийг дулаанаар хангадаг бөгөөд тухайн компани нь нэхэмжлэгчтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр уурын зуух авсныг ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Г.*******гээс нэхэмжилсэн 50.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн талаар: Г.*******гийн нэхэмжлэлтэй 50.000.000 төгрөгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь ******* сумын Засаг даргын тамгын газар нь бетон зуурмагийн үйлдвэр барих ажиллагаанд оролцоогүй бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.*******, Тэ би гэгээн тал ХХК-ны хоорондын иргэний эрх зүйн маргаан юм.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 242 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.*******тэй ******* сумын засаг даргын тамгын газар ямар нэгэн хэлцэл байгуулаагүй харин тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа гэх үндэслэлээр нийгмийн хариуцлага гэдгээр сумд дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байна. Уурын зуухны хувьд Г.*******д огт хамаагүй Анужээ ХХК-тай сум гэрээ байгуулсан. Шүүх талуудын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Гэтэл Г.******* мөнгөө нэхэж байгаа бол сум түүний хэдий хэмжээний алт олборлосон тэр хэмжээний алтыг буцаан олгох ёстой. Яг энэ маргаантай төстэй хэргийг Улсын дээд шүүх 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянаж шийдвэрлэсэн байна. Үүн дээр ...ашигт малтмалыг олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрмийн дагуу биелүүлээгүйгээс гарсан зардлыг хэн нэгнээс шаардах, хэлцлийг хүчин төгөлдөр гэж маргах эрхгүй гэж нэхэмжлэлийг хүчингүй болгосон байдаг юм байна. Энэ шийдвэрийг шүүх бас хараасай гэж бодож байна. Эцэст нь шүүх ямар баримтыг үндэслээд мөнгө гаргуулаад байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт хариуцагч нь хэрэгт байхгүй нотлох баримтыг иш татаж тайлбарлаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд бичил уурхай ажиллуулж байсан, гэрээ байгаа, алт олборлож ашиг олсон гэж байна. Иргэний хэрэг дотор нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулсан, алт олборлосон, ашиг олсон гэх ямар ч нотлох баримт байхгүй.

Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж үүнтэй хариуцагч танилцаж, шүүхийн хэлэлцүүлэгт хүртэл өөрөө оролцсон. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг мэдэхгүй байна, санахгүй байна, тухайн үед байгаагүй гэж тайлбарлаж, хуульд заасны дагуу үгүйсгэсэн нотлох баримт огт гаргаж ирээгүй.

Нийгмийн хариуцлагын хүрээнд бичил уурхай ажиллуулж байсан гэх гэрээ байхгүй. Эрүүгийн хууль болон иргэний хуульд нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллаж байсан гэх ямар ч гэрээ, хэлцэл байхгүй. Хууль бусаар алт олборлосон болох нь тогтоогдож Г.******* эрүүгийн хэрэгт ял хариуцлага хүлээсэн. Тэгэхээр үүнд ямар нэг нийгмийн хариуцлага гэх ойлголт байхгүй. Г.******* алт олборлож уг асуудалдаа хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж, хохирол төлбөрөө төлсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс алт олборлолттой холбоотой биш сум орон нутагт хөрөнгө оруулалт хийх ёстой гэж авсан мөнгөө л нэхэмжилсэн. Уурын зуухтай холбоотой 78,000,000 төгрөгийн асуудал л юм. Энэ талаарх бүх баримт хавтаст хэрэгт нарийн тодорхой авагдсан тул би дэлгэрүүлж хэлэх хэрэггүй байх. Өнөөдөр уурын зуух ажиллаж байгаа. Шүүх хуралдаанд хариуцагч тал тайлбарлахдаа ...Сайн хашаа хөтөлбөрийн 20,000,000 төгрөгийг яг хэн оруулсан болохыг мэдэхгүй байна. Би зөвшөөрч байна гэсэн байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх ямар ч нотлох баримт гаргаж өгөлгүйгээр мэдэхгүй байна, санахгүй байна гэсэн л тайлбар өгдөг. Тийм байж хавтаст хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй асуудлаар тайлбар хийж байгаа нь харамсалтай байна. Нэхэмжлэгчийн зүгээс Батхуяг гэдэг хүний дансанд орсон 15,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгөөс татгалзсан. Учир нь энэ нь хувь хүнтэй холбоотой сургалтын төлбөр, бульдозер засварын мөнгө байсан. Гэхдээ хариуцагч өөрөө бульдозер засварын мөнгийг хүлээн зөвшөөрч байсан ч нэхэмжлэгч өөрөө татгалзаж зөвхөн уурын зуухны мөнгө, Сайн хашаа хөтөлбөрийн 20,000,000 төгрөг, Цаст эрчис компани, иргэдийн хурлын төлөөлөгчийн баталсан газарт цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх асуудалд засаг даргын орлогч Бямбаа шахаж шаардсаны үндсэн дээр 50,000,000 төгрөг хөрөнгө оруулсан гэдэг. Үүнийг гэрч Бямбаа хүртэл шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрсөн байдаг. Иймээс шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн энэ нь хүртэл үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн буюу ******* сумын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд зориулж хандив туслалцаа үзүүлэх хэлбэрээр шилжүүлсэн 133.071.310 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нь Г.******* нь нийгмийн хариуцлагын хүрээнд сумын үйл ажиллагаанд зориулж тодорхой хандив туслалцаа үзүүлсэн тул буцаан төлөх үүрэггүй хэмээн маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, талуудын хооронд хэлцэл хийгээгүй байхад хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Урт булаг гэх газарт 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд 2.123 га газарт, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 0.994 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан байх ба ийнхүү зохих зөвшөөрөлгүй алт олборлож байх үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар, түүний удирдлагуудын хүсэлтээр тухайн орон нутгийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд зориулж хандив, туслалцаа үзүүлэх хэлбэрээр хөрөнгө оруулах тухай хэлцэл хийсний дагуу 2017 оны 06 дугаар сард ******* сумын уурын зуухны халаалтын шугамын өргөтгөлийн ажлын санхүүжилтанд зориулж 43.071.310 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сумын сайн хашаа хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтанд зориулж 20.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сард сумын бетон зуурмагийн үйлдвэрийн өндөр хүчдэлийн шугамын өргөтгөлийн санхүүжилтанд зориулж 50.000.000 төгрөг нийт 113.071.310 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлснийг хариуцагч байгууллага хувь хүний болон өөр байгууллагын данс ашиглан хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, Г.*******гийн Хаан банк дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ...суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд сумын бүтээн байгуулалтанд зориулж мөнгө авдаг байсан, гэхдээ хэн, хэнээс хэдэн төгрөг орж ирснийг мэдэхгүй, Анужээ ХХК сумын уурын зуух ашиглалтанд оруулах ажлыг гүйцэтгэсэн, уурын зууханд Г.******* мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй... гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн ******* сумын халаалтын төвд зуух, шугамын өргөтгөлийн ажлыг санхүүжүүлэх тухай 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай гэрээ авагдсан байх ба тухайн өргөтгөлийн ажлын хөрөнгө оруулалтыг иргэн Дулмаа, Г.******* нар хийхээр тохирч улмаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэсэн ажлаа ******* сумын тамгын газарт хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 38-42/, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон П.Энхтүвшин, М.Бямбаа нарын мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар ******* сумын удирдлагууд нь иргэдийг тус сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлох ажил явуулж байгааг мэдсээр байж зохих ёсны шаардлага тавьж тэдгээрийн хууль бус үйлдлийг таслан зогсоох хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй эсрэгээр нь тухайн иргэдээс сум хөгжүүлэх, нийгмийн хариуцлага гэх зориулалтаар хандив, тусламж, хөрөнгө оруулалт гэж мөнгө шаардан авсан нь тогтоогдож байна.

Хэдийгээр сумын тамгын газар нь орон нутагтаа уурын зуух шинээр барих, өндөр хүчдэлийн шугам татах, зам засварын ажил гүйцэтгэх гэх мэт ажлыг хийж гүйцэтгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн байж болох ч энэхүү ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар нээлттэй тендер шалгаруулалтын журмыг мөрдөх ёстой.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай Босго үнэ шинэчлэн батлах тухай тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөгдөх журмыг сонгоход баримтлах босго үнийг тогтоосон бөгөөд тухай тогтоолоор шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг бараа, ажил үйлчилгээнд 10 сая төгрөгөөр тогтоосон байна.

Гэтэл ******* сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагууд нь тус сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээс хуулийн үндэслэлгүй хэлцэл, гэрээ нэрийн дор их хэмжээний мөнгө авч захиран зарцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

Зохигчдын хооронд байгуулсан дээрхи хэлцлүүд нь хууль зөрчиж хийгдсэн байх тул анхан шатны шүүхээс хэлцэл нь  хуулиар хориглосон, зөвшөөрөгдөөгүй, гэрээний талуудын тэгш байдал, шударга ёсны зарчим, хуульд үл нийцсэн хэлцэл тул зохигчдын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэгэнт талуудын зохигчдын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу хэлцлийн дагуу хариуцагч байгууллагад шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар гаргасан шаардлага нь үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Г.******* нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар гэж Сумын засаг даргын тамгын газраас гаргуулахаар мөнгөө нэхэмжилж байгаа бол суманд түүний хууль бусаар хэдий хэмжээний алт олборлосон тэр хэмжээний алтыг буцааж олгох ёстой. Ашигт малтмалыг олборлох, ашиглах үйл ажиллагааг зохих хууль дүрмийн дагуу явуулаагүйн улмаас гарсан зардлыг хэн нэгнээс шаардах, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргах эрхгүй гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Урт булаг гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай Шийтгэх тогтоолоор түүнд ял шийтгэл оногдуулж, түүний гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь гэм буруутай үйлдэлдээ зохих хариуцлага хүлээсэн гэж үзэх ба зохигчдын хооронд байгуулсан хэлцэл нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай хамааралгүй, харин хариуцагч нь хууль зөрчин бусдаас үндэслэлгүйгээр мөнгө авсан гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийнМандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 242 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 723.307 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН

 

 

 

 

 

 

 

Top of Form

Bottom of Form