Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 00242

 

   Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1973 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн 47 настай, эрэгтэй Цогт ургийн овогт Гонгорын Г /РД:*, утас:*/ нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар,  /Засаг дарга Сандагдоржийн А РД:*, утас:*/-д холбогдох

 

           133071310 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнд,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, хариуцагч С.А, гэрч П.Энхтүвшин, гэрч М.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Би 2017 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын халаалтын шугамын өргөтгөлийн ажлын санхүүжилтанд зориулж 43071310 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлсэн юмаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын тамгын газраас энэ мөнгийг өгөхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй өдий хүрлээ. Миний бие нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Уртбулаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт  малтмал эрэл хайгуул олборлолт явуулсны улмаас 8056943 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн. Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын тамгын газарт шилжүүлсэн 43071310 төгрөгийг хохиролд тооцуулах гомдол гаргасан боловч 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 72 тоот магадлалын 5 дугаар заалтын 5-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцон орон нутгийн өмчид шилжүүлсэн гэх халаалтын зуухтай холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын засаг даргын тамгын газраас 43071310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж исэхгэх тухай:...Баянгол сумын засаг даргын тамгын газарт /С.А/-д холбогдуулан 43071310 төгрөгийг нэхэмжилснийг дараах байдлаар өөрчилж ихэсгэж байна. Үүнд: Баянгол сумын Иргэдийн төлөөлөгч хурлын дарга Р.Батжаргал, засаг дарга, орлогч дарга нарын оролцоотой тус сумын газар нутагт алт олборлох ажил явуулахын тулд тус суманд хандив туслалцаа үзүүл гэсэн дарамт шахалтаар нийт 133071310 төгрөгийг дансаар бэлнээр, эд зүйлээр гэх мэтээр Баянгол сумын үйл ажиллагаанд зориулж 2017-2018 онуудад өгч байжээ. Үүнийг задалвал:

  1. 2017 оны 06 дугаар сард Баянгол суманд хөрөнгө оруулалтаар уурын зуух шугамын өргөтгөлийн ажлыг гэрээ дүгнэн орон нутгийн өмчид 43071310 төгрөгөөр тооцон үнэлгээ тогтоож хүлээн авсан,
  2. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 20000000 төгрөг,
  3. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5000000 төгрөг,
  4. 2018 оны 07 дугаар сард Засаг даргын орлогч Бямбаагийн хэлсэнээр 50000000 төгрөгийг сумын замын ажилд хий гэж /дансыг орлогч Бямбаагаас тодруулахад үнэн зөвөөр нь хэлнэ/ авсан байна,
  5. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15000000 төгрөг, нийт 133071310 төгрөгийг тус суманд удирдлагуудын шахалтаар өгчээ.Үүнээс өөр их мөнийг ч авсанг тэд мэдэж байгаа.

      Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага бүгд 133071310 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай нөхөр Г.Г бид хоёр 2017 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын удирдлагуудтай харилцан ярилцаж тохиролцоод тус сумын “Урт булаг” гэдэг газарт алт олборлох үйл ажиллагаа эхлүүлэхээр болоод ажиллаж эхэлсэн. Ингээд иргэдийн хурлын дарга Батжаргал сумын засаг дарга А нартай харилцан ярилцаад суманд халаалтын уурын зуух авч өгөх шаардлагыг тавьсан. А.Дулмаатай хамтарч уурын зуухыг авч өгөхөөр болоод 43071310 төгрөгийг “Анужээ” ХХКомпанитай яриад бэлнээр болон дансаар мөнгийг өгч асуудлыг шийдсэн. Тэгээд тэр уурын зуухыг тодорхой хугацаанд ажиллуулж байгаад Баянгол сумын Засаг даргын тамгын газраас комисс гараад хүлээж авсан. Үүний дараа 2018 оны 07 дугаар сард 50000000 төгрөгийг сумын өндөр хүчдэлийн шугамны өргөтгөлийн ажилд өгөхийг шаардсан. Үүнийг Засаг даргын орлогч Бямбаа гардаж өөрөө шахаж шаардаж байгаад авсан. Түүнийг өдөр шөнөгүй шаардаад байхаар нь 50000000 төгрөгийг хувааж өгсөн. Энэ мөнгийг өгсөн гэсэн тодорхойлолтыг сумын засаг даргын орлогчоос авах ёстой гэсэн. Би тодорхойлолт авах талаар хэлхэд зөвшөөрсөн. Ингээд үүний дагуу ирээд уулзтал А дарга намайг амарсан хугацаанд болоод өнгөрсөн асуудал засаг даргын орлогч Бямбаагаас бичүүлж ав гэсэн. Бямбаатай уулзахад эхлээд тодорхойлолт хийж өгөхийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд өгөх гээд бичүүлж байхад нь би та тодорхойлолтоо юу гэж бичиж өгөх гэж байна гэж асуутал “Нийгмийн хариуцлагын хүрээнд 50000000 төгрөг өгсөн” гэж хийж өгнө дөө гэхэд нь би “Бид нар нийгмийн хариуцлагын хүрээ энэ тэрийг мэдэхгүй таныг өдөр шөнөгүй шаардаж байгаад авсан юм чинь та тэрийгээ л зүгээр бичээд өгчих” гэж хэлэхэд иргэдийн хурлын дарга Батжаргалтай утсаар яриад Батжаргал нь уурлахад тодорхойлолт бичиж өгөхөө больчихсон. Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр амьдарлын гачигдалтай байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг сумаас гаргаж өгөх шаардлагатай байна гэж хэлээд 15000000 төгрөгийг дансаар авч байсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр булдозер засуулж нөхөн сэргээлт хийж зам засварын ажилд ашиглах гэж байна гээд 5000000 төгрөг авч байсан. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сумын засаг дарга А сайн хашаа хөтөлбөр манай суманд хэрэгжиж байна үүнийг бас та нар санхүүжүүлэх хэрэгтэй яагаад гэвэл манай сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд та нар өгөх ёстой гэж шахаж шаардаад хэлээд 20000000 төгрөгөөр сайн хашаа хөтөлбарийг санхүүжүүлүүлсэн. Одоо бидний нэхэмжилж байгаа үнийн дүн 133071310 төгрөг болж байгаа юм. Үүнээс гадна сумын хог цэвэрлэж байгаа, зам засаж байгаа гэх мэтчилэн биднээс амь болон албандаа дарамт шахалттай маш их мөнгө авдаг байсан. Шүүх шударга шийдвэр гаргаж бидний нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөөч гэж хүсэж байна...гэв.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар /засаг дарга С.А/-аас шүүхэд гаргасан тайлбартаа:...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэгч Гонгорын Г нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн сумын халаалтын шугамын өргөтгөлийн ажлын санхүүжилтэнд зориулсан гэх 43071310 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11-р хороо 23-84 тоот хаягт оршин суух Цогт ургийн овогт Гонгорын Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн магадлалаар байгаль орчинд учруулсан нийт 43071320 төгрөгийн нөхөн төлбөр төлөх шийдвэр гарсан. Иргэн Г.Г нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 27,0 сая төгрөгийн нөхөн төлбөрийг орон нутгийн орлогын дансанд төлсөн байна. Орон нутаг нь Г.Ггээс халаалтын шугамын өргөтгөлийн ажлын санхүүжилтэнд зориулж ямар нэгэн мөнгө дансаар болон бэлнээр аваагүй болно. Тус сумын  уурын зуухыг хариуцан ажиллаж байгаа “Анужээ” ХХК-нь 2017 оны 01 дүгээр сард зуух авах шаардлагатай байгаа талаар сумын удирдлагуудад танилцуулж байсан. “Анужээ” ХХК-ны захирал П.Энхтүвшин нь 2017 оны 09 дүгээр сард өөрийн хөрөнгөөр DZL-2.8 маркийн зуух авчирч суурилуулсан. 2017 оны 10 дугаар сарын 01-нээс 2018 оны 05 дугаар сарын 15-өдрийг хүртэл галлан туршилтын 8 сарын хугацаа дууссан тул сумын өмчид бүртгэж авах тухай 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/188 тоот Орон нутгийн өмчид хөрөнгө хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарган хүлээж авч сумын хөрөнгөнд бүртгэж авсан. 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд уг зууханд хэсэгчилсэн засвар хийгдэж одоогоор хэвийн ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт оршин суугч Г.Ггийн нэхэмжилсэн 43071310 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар /засаг дарга С.А/-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... 2018 оны 07 дугаар сард шугамын өргөтгөл гэж ярьж байна. Цахилгааны шугамын өргөтгөлийн ажил нь засаг даргын орлогчийг нотолно гэрчээр дуудна гэсэн энэ үед би ээлжийн амралттай байсан учраас тухайн үеийн асуудлыг засаг даргын орлогчоос асууж ярилцъя гэж бодож байна. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15000000 төгрөгийг оюутны төлбөр гэж авсан гэж байна. Энэ дээр дансаар шилуүүлж авсан гэж байна. Яг хэний данс вэ тэрийгээ тодруулаач ээ. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр булдозер засвар 5000000 төгрөг гэж байна. Манай Баянгол суманд өнөөдрийн байдлаар мөн түүнээс өмнө 2017, 2018, 2019 онуудад булдозер байгаагүй. Нэг булдозер яригдаж байсан хэдий ч үнэндээ ажиллах боломжгүй байсан учраас бид нар ашиглаагүй. 2017 оны 09 дүгээр сард сайн хашаа хөтөлбөр 20000000 төгрөг гэж байна. Энэ ажил нь Баянгол сумын хэмжээнд сайн хашаа хөтөлбөр хийгдсэн. Нийдтээ 1000 метр хашаа хийгдэж байсан. Гэхдээ дарамт шахалт гаргаж байгаагүй, хаанаас хэнээс хийгдсэнийг нь мэдэхгүй. Сумын хог цэвэрлэгээ зам засварын ажил хийгдэж байсан. Баянгол сумын нөхөрлөлүүд оролцож байсан. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Тухайн үед Баянгол сумын нийт уул уурхайн аж ахуй нэгжүүд, нөхөрлөлүүд бүгд нийтээрээ хийж байсан. Сумын хог цэвэрлэгээ 2017 оны 05 дугаар сард хийгдсэн байна. Зам засварын ажил 2018 оны 07 дугаар сард хийгдсэн гэсэн ажлууд байна... гэв.

 

Гэрч П.Энхтүвшин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ.. Баянгол сумын дулаан хангамж хүчин чадлынхаа хувьд маш дутагдалтай байсан. Бид өвлийн ачаалалынхаа жилүүдэд маш хүнд өвөлжсөн. Тийм учраас миний гол зорилго бол тусгай зөвшөөрөл эзэмшиж дулаан хангамж хариуцаж байгаагийнхаа хувьд зуухныхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь зөв юм байна гээд сумын удирдлагуудад танилцуулж байсан. Би өөрөө тэр чиглэлийн хүн учраас зуны засварын үед хүчин чадлаа нэмэгдүүлэхийн хувьд зуухыг эрэн хайж энэ тэндээс сурч байсан. Тэгээд 6 сард Улаанбаатар хот руу яваад зуухыг нь үзэж шалгаж байгаад авсан. Авахдаа охиныхоо байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж байгаад зуухаа худалдан авч суурилуулсан. Ингэсний дараа би өөрөө санхүүгийн хувьд өр зээлтэй байсан тэгэхэд Дулмаа орон нутгийн дулаан хангамжинд чинь бид туслалцаа дэмжлэг үзүүлье чиний зуухны чинь өр төлбөрийг би төлөлцнө гэсэн ам яриа хийгдсэн. Зуухаа намар халаалтын улирал эхлэхэд ажиллагаанд оруулаад Дулмаа Г нар бид сум орон нутгийн алтыг ухаж байгаа юм чинь хөрнгө оруулъя гэсэн. Тэгээд би энэ хүмүүсээс дэмжлэг авсан. Тэгээд тэр өвөлжингөө галлаад 7 сар ажиллуулаад энэ зуух найдвартай юм байна тийм учраас сум орон нутагтаа хүлээлгэж өгье гээд би хүсэлт гаргаад өгсөн. Тэгээд комисс гарч зуухыг хүлээж авсан. Одоо тэр зуух ажиллаж байгаа ... гэв.

 

Гэрч М.Бямбаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Г.Ггийн талаас надаар тодорхойлолт хийлгүүлж авахаар Баянгол суманд очсон. Би тодорхойлолт хийхдээ зөвхөн бетон зуурмагийн үйлдвэрт мөнгө өгсөн талаар бичиж өгөх гэтэл энэ хүмүүс болон бусад хүмүүс хоорондоо маргалдаад больсон, хоорондоо муудалцаад байхаар нь би хэлсэн юм “улаан нүүр нүүрээ харж байгаад А.Дулмаа бас хурлын даргатай бүгд сууж байгаад асуудлыг шийдэх нь зөв, одоо би болъё гэсэн”. Шарын голоос мөнгө хий гэж би нэхэмжлэгчийг нэг шахсан юм тэгэхэд мөнгө хийсэн байх А.Дулмааг мөнгө хийснийг би санахгүй байгаа. Нэг данс өгсөн гээд байгаа. Би яг хэдэн төгрөг өгсөн тухай мэдэхгүй. Би бол “мөнгөө өг” гэж шахдаг л хүн. Яг хариуцсан хүн нь Болор-Эрдэнэ гэдэг хүн шүү дээ. Тухайн өдөр би ямар тодорхойлолт хийж өгөх байсан гэхээр битонон зуурмагийн үйлдвэрийг барихад шаардлагтай мөнгийг тийм тоот данс руу хий гэдгийг удаа дараа хэлж байсан. Тэр талаараа би доторхойлолт хийж өгөх гэж байсан юм. Тэр ажил хийгдэж дууссан. Нийт 75000000 төгрөгөөр хийгдсэн. Албан ёсоор сум хүлээж аваагүй байгаа. Ажил хийгдэсэн цахилгаан хангамжийн бичиг баримт байгаа. Би бол санхүүжилтийг хий гэж удаа дараа шаардаж байсан. Тэр үед Сарангоо гэж хүн захирал нь байсан. Сумын хурлаас батлагдаж газрын асуудал шийдэгдсэн байгаа. Тэгээд 600-700м газарт агаарын шугам татах шаардлагатай. Үүний санхүүжилтийг нийгмийн хариуцлагын хүрээнд алт олборлодог нөхөрлөлүүдээс гаргана. Миний ойлгож байгаагаар энэ нөхөрлөлүүдээс мөнгө л шаардах. Цаад гүйцэтгэгч компанитай бол анх манай суманд гэрэлтүүлгийн ажил хийж байхад нь танилцаад түүнээс хойш мэддэг болсон. Тэгж явж байгаад л хурлын дарга танайх ийм ажил хийдэг юм бол манай сум өндөр хүчдэлийн шугам хийлгэе гэж хэлээд мэддэг болсон. Хурлын дарга олж ирсэн компани юм. Нийт өртөг нь 75000000 төгрөг байсан. Тэр мөнгө нь яг хэдэн төгрөг орсон эсэхийг би мэдэхгүй. Ггийн зүгээс 20000000 төгрөг шилжүүлсэн, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ггийн талаас 20000000 төгрөг шилжүүлсэн, Баянгол сумын бетон зуурмагийн үйлдвэрийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажилд зориулж шилжүүлсэн. Би 50000000 төгрөгийн талаар сайн мэдэхгүй харин энэ хүмүүсээс шаардсан юм. Утсаар холбогдож байсан. Би хэлж байсан 50000000 төгрөг билүү 55000000 төгрөг багцаагаар орсон гэж 2-лаа ярьж байсан санагдаж байна гэж. Ггээс цахилгаан шугамын өргөтгөлийн ажилд нийтдээ 50000000 төгрөг юм уу 55000000 төгрөг орсон байх аа...гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газраас “Баянгол сумын газар нутагт алт олборлох ажил явуулахын тулд тус сумын удирдлагуудын “Баянгол сумын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд зориулж хандив туслалцаа үзүүл” гэсэн дарамт, шахалтаар 2017 оны 06 дугаар сард Баянгол сумын уурын зуухны халаалтын шугамын өргөтгөлийн ажлын санхүүжилтанд зориулж 43071310 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сумын “сайн хашаа хөтөлбөр”-ийн санхүүжилтанд зориулж 20000000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын зам арчилалтын техник /бульдозер/ засварын санхүүжилтанд зориулж 5000000 төгрөг, 2018 оны 07 дугаар сард сумын бетон зуурмагийн үйлдвэрийн өндөр хүчдэлийн шугамын өргөтгөлийн санхүүжилтанд зориулж 50000000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр сумын оюутны сургалтын зардалын санхүүжилтанд зориулж 15000000 төгрөг тус тус өгсөн ба хариуцагчаас нийт 133071310 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Г нь А.Дулмаа гэх хүнтэй бүлэглэж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Урт булаг” гэх газарт 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүртэл хугацаанд 2.123 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 8056943 төгрөгний шууд хохирол учруулсан, мөн нэхэмжлэгч Г.Г дангаараа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Урт булаг” гэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 0.994 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 7111900 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай “Шийтгэх тогтоол”-оор Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “ Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5500 нэгж буюу 5500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, байгаль орчинд учруулсан хохирол төлбөрт 16071320 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны 72 дугаартай “Магадлал”-аар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалт, 5 дугаар заалтад тус тус өөрчилөлт оруулж “ Г.Ггийн эзэмшлийн DAEWOO маркын эксковатораар түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үлдэгдэл 16071320 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх, ...гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцон орон нутгын өмчид шилжүүлсэн гэх халаалтын зуухтай холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй...”гэж тус тус шийдвэрлэсэн байна.

Г.Г нь дээрхи гэмт хэргийг үйлдэх үедээ буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Урт булаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулж байх хугацаандаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар, түүний удирдлагуудтай харилцан тохиролцож “Баянгол сумын газар нутагт хууль бусаар алт олборлох ажил явуулахын тулд” тус сумын удирдлагуудын “Баянгол сумын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд зориулж хандив туслалцаа үзүүл” гэсний дагуу холбогдох эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэргүй, талуудын хооронд хуульд нийцсэн гэрээ байгуулагдаагүй байхад 2017 оны 06 дугаар сард Баянгол сумын уурын зуухны халаалтын шугамын өргөтгөлийн ажлын санхүүжилтанд зориулж 43071310 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сумын “сайн хашаа хөтөлбөр”-ийн санхүүжилтанд зориулж 20000000 төгрөг, 2018 оны 07 дугаар сард сумын бетон зуурмагийн үйлдвэрийн өндөр хүчдэлийн шугамын өргөтгөлийн санхүүжилтанд зориулж 50000000 төгрөг нийт 113071310 төгрөг өгсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны 72 дугаартай “Магадлал”/ХХ-н 2-5-р хуудас/, Г.Ггийн Хаан банк дахь “Депозит данс”-ны дэлгэрэнгүй хуулга /ХХ-н 31-33, 64-65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба дээрхи хэлцэл нь хуулиар хориглосон, зөвшөөрөгдөөгүй, гэрээний талуудын тэгш байдал, шударга ёсны зарчимд үл нийцсэн, тулгасан гэрээний үүрэг заасан, иргэний эрх зүйн эргэлтэд байж болохгүй агуулгатай байх тул хуулийн шаардлагыг хангаагүй, “хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй”, ”шударга, тэгш” байх зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянгол сумын оюутны сургалтын зардлын санхүүжилтанд зориулж өгсөн 15000000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын зам арчилалтын техник /бульдозер/ засварын санхүүжилтанд зориулж өгсөн 5000000 төгрөг, нийт 20000000 төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэхгүй, нэхэмжлэлийн нийт шаардлага болох 133071310 төгрөгний дээрхи 20000000 төгрөгт холбогдох хэсгээс сайн дураараа татгалзаж байна гэсэн тул нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Г.Ггийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох нийт 133071310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 20000000 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч сайн дураараа татгалзсанг баталж хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.1.”хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г болон хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын хооронд хийсэн /Г.Г нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборох, Баянгол сумын бүтээн байгуулалтын ажилуудад нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх/ хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Ггээс хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газарт олгосон /2017 оны 06 дугаар сард Баянгол сумын уурын зуухны халаалтын шугамын өргөтгөлийн ажлын санхүүжилтанд зориулж 43071310 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сумын “сайн хашаа хөтөлбөр”-ийн санхүүжилтанд зориулж 20000000 төгрөг, 2018 оны 07 дугаар сард сумын бетон зуурмагийн үйлдвэрийн өндөр хүчдэлийн шугамын өргөтгөлийн санхүүжилтанд зориулж 50000000 төгрөг/ нийт 113071310 төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газарт холбогдох нийт 133071310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас “ Г.Г нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборох, Баянгол сумын бүтээн байгуулалтын ажлуудад нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр харилцан тохиролцож 2017 оны 06 дугаар сард Баянгол сумын уурын зуухны халаалтын шугамын өргөтгөлийн ажлын санхүүжилтанд зориулж 43071310 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол сумын “сайн хашаа хөтөлбөр”-ийн санхүүжилтанд зориулж 20000000 төгрөг, 2018 оны 07 дугаар сард Баянгол сумын бетон зуурмагийн үйлдвэрийн өндөр хүчдэлийн шугамын өргөтгөлийн санхүүжилтанд зориулж 50000000 төгрөг зэргийг тус тус Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн” хэлцэлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газраас 113071310 төгрөгийг гаргуулж Г.Гд олгож, нэхэмжлэлээс үлдэх 20000000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч сайн дураараа татгалзсанг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ггээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 373400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газараас 373400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгосугай.

 

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар  шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.