Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0180/З |
Дугаар | 221/МА2017/0500 |
Огноо | 2017-07-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2017/0500
2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаарh221/МА2017/0500 | Улаанбаатар хот |
У.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч У.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, У.Д-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 378 шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д заасныг баримтлан У.Д-ийн нэхэмжлэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргаснаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан. Миний бие 2003 оноос эхлэн 14 жил Шаамарын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тасралтгүй ажилласан бөгөөд яамны сайд өөрчлөгдөж, улс төрийн шалтгаанаар ямар нэгэн ажлын байргүй болж хохирлоо. Гэтэл шүүхээс намайг “ажилд эргүүлэн тогтоолгох” нэхэмжлэл гаргаагүй гэж, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд туйлын гомдолтой байна.
Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамгийн сүүлд ажиллаж байсан захирлын албан тушаалд буцаан томилогдох нэхэмжлэл гаргаагүй, харин хуучин эрхэлж байсан захиргаа, аж ахуйн менежерийн албан тушаалд буцаан томилогдох нэхэмжлэл гаргасан. Ядаж хуучин ажиллаж байсан ажилдаа буцаан орох хүсэлтэй байсан учраас би шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.
Гэтэл шүүх миний энэхүү хүсэл зоригийг хэрэгсээгүй, хохирсон дээр минь улам хохироолоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгчээс хариуцагчид хандаж, “энэ хүнийг яагаад өөр ажлын байраар хангаж болоогүй юм бэ” гэж асууж байсан, би өөрөө энэ тухайгаа нэхэмжлэлдээ бичсэн. Гэтэл шүүх миний нэхэмжлэлийг буруу ойлгож, “ажилд буцаан томилогдох” нэхэмжлэл гаргаагүй мэтээр хэргийг шийдсэнд гомдолтой байна.
Би шүүхийг миний нэхэмжлэлийг ийнхүү буруу ойлгож байгааг мэдээгүй, шүүх хуралдааны өмнө яаруу сандруу хэргийн материалтай танилцсан, шинэ томилогдсон ажил биш хуучин ажил дээрээ буцаан томилогдох хүсэлтэй байгаагаа шүүхэд хангалттай сайн илэрхийлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон.
Хууль буруу хэрэглэсэн. Шүүхээс намайг энэхүү ажилд арын хаалгаар, ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй захирал болсон мэтээр хэргийг шийдлээ. Үнэндээ бол би захирлын ажилд бүр томилогдоогүй, түр томилогдсон байсан. Сонгон шалгаруулалт зарлаагүй байсан тул би сонгон шалгаруулалтад ороогүй. Зүгээр мөрөөрөө ажил хийж байхад яамнаас газрын дарга н.Алтанжаргал ярьж, захирал чинь эзгүй байх үеэр ажил цалгардахгүй үүднээс түр ажиллаж бай гэснээр энэ захирлын ажлыг түр хийж байсан. Түүнээс биш хууль зөрчиж томилогдоогүй.
Үнэхээр хуулийн хэрэгжилт ярьж байгаа бол одоо захирлын ажлыг эрхэлж байгаа этгээд ч гэсэн сонгон шалгаруулалтаар уг ажилд томилогдоогүй, захиргааны байгууллага ийм байхад тэгш эрх, шударга ёсны баталгаа болсон шүүх хуулийг яаж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна.
Шүүхийн “сонгон шалгаруулалтгүй томилогдсон” гэх дүгнэлт бодит үнэнд нийцээгүй, миний оронд томилогдсон хүн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй байхад хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.
Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, мөн маргааны зүйлтэй холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнээгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч У.Д нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан У.Д-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар “сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон” гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...захирлын ажлын байрны сул орон тоонд хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт зарлагдаагүй байхад намайг үүрэг гүйцэтгэгчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, дахин үүрэг гүйцэтгэгчийг томилсон” гэх үндэслэлээр маргаж, харин сонгон шалгаруулалтад оролцож томилогдоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн түр орлон гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан эсэх болон түүний оронд томилогдсон гэх н.Х-ын томилгоотой холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлд дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.
Мөн нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаанд “...би захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч хийж байхдаа Захиргаа, аж ахуйн хэлтсийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан...”[1] гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд “...өмнөх албан үүрэгтэйгээ захирлын үүргийг хавсарч гүйцэтгээгүй” гэсэн[2] зөрүүтэй тайлбар гаргаж байх тул нэхэмжлэгч нь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг өөр ажил үүрэгтэй хавсран гүйцэтгэж байсан эсэхийг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “урьдчилсан хэлэлцүүлгийн үед ямар нэгэн ажлын байраар хангах боломжтой гэж ойлгосон” гэсэн тайлбартай[3] холбогдуулан түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийг тайлбарлах, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн гэх эрхээ сэргээлгэхийг хүсэж байгааг тодруулах нь зүйтэй байна.
Үүнээс гадна хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааны дотор шүүхэд хандсан эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар тодруулах шаардлагатай.
Дээрх байдалд үндэслэн давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН