Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00061

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00061

 

 

 

Ш.Одбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2020/00281/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Хариуцагч Д.Наранбаатар ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10ы өдрийн 322 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлоор Ш.Одбаярын нэхэмжлэлтэй Д.Наранбаатарт холбогдох 1.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Наранбаатар нь 2017 оны 05 дугаар сарын дундуур надаас 6 тооны адуу аваад 1 адууны үнийг өгөхгүй байна. 2018 оны намар хүнд зарчихсан байсан 8 настай бүдүүн халтар зүсмийн морийг зарсан хүнд нь өгөхгүй алга болчихсон гэж худлаа яриад байх юм. Энэ халтар морио би Д.Наранбаатарын адуунд тавьсан байсан. Би дээрхи хоёр тооны морьдоо Д.Наранбаатараас байнга нэхдэг боловч өгнө, өгнө гэсээр өгөхгүй 2-3 жил боллоо. Иймд Д.Наранбаатараас хар зүсмийн байдас, 8 настай халтар зүсмийн 2 тооны морины үнэ 1800000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо би 1,000,000 төгрөгнөөс татгалзаж, нэг морины үнэ 800,000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэжээ.

 

Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Цэрэндоржийн Аюушийн халтар морь манай адуунд байсан л даа. Тэгээд надаас нэг морь авч явсан юм. Мөнгийг нь өгч чадахгүй тугалтай үхэр өгнө гээд. Тэгээд нөгөөдхөө өгч чадаагүй юм. Тэгээд Ц.Аюуштай за чи тугалтай үхрээ өгөхгүй бол чиний халтар морийг аваад зарлаа. Энийг чинь авлаа шүү гээд эхнэр Баярмаагийн хамт халтар морио зарсан юм. Мориныхоо үнэ өртгөнд би авсан юм. Ш.Одбаяр гэдэг хүний морыг би авч зараагүй гэж бодсон юм тухайн үед. Энэ надад хамаагүй болсон. Ц.Аюушд өгөөд мөнгийг нь авч байна. Ц.Аюуш та хоёр учраа олоорой. Танай адуунд байж байг л гэсэн. Ш.Одбаяр гэдэг хүний нэхэмжлэлийг би хариуцахгүй гэв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10ы өдрийн 322 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар Ш.Одбаярын нэхэмжлэлтэй Д.Наранбаатарт холбогдох 1800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Наранбаатараас нэг тооны морины үнэ 800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Одбаярт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Одбаяраас тэмдэгтийн хураамжинд төлсөн 43750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранбаатараас 23750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Одбаярт буцаан олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь би иргэн Ш.Одбаяртай морь малын наймаа хийгээгүй иргэн Ц.Аюушид 2018 оны 09 дүгээр сард сартай хээр мориос өгч оронд нь халтар морийг авсан юм. Нэхэмжлэгч Ш.Одбаяр миний адуунд халтар морийг тавьсан байсан нь үнэн юмаа. Ш.Одбаяр би Ц.Аюуштай наймаа хийчихсэн чи энэ адууг Ц.Аюушид өгчихөөрэй гэж хэлсэн Ц.Аюуш хэд хоногийн дараа ирж адууг үзээд туранхай байна чи халтар морио өгчих гээд аваад явсан. Би Ш.Одбаярт өглөг өр шир байхгүй Ш.Одбаярын морины оронд морь өгчихсэн байсан.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Анхан шатны шүүхийн 322 тоот шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэгч Ш.Одбаярт 800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Одбаяр  хариуцагч Д.Наранбаатарт холбогдуулан  хоёр адууны үнэ 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган нэг адууны үнэ буюу 800.000 төгрөг гаргуулахаар өөрчилжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч Д.Наранбаатар давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч Д.Наранбаатар нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт бодит байдлаар дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Ш.Одбаяр нь хариуцагч Д.Наранбаатарын адуунд халтар зүсмийн морио маллуулдаг бөгөөд 2018 оны 07 сарын дундуур Ш.Одбаяр, Ц.Аюуш нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулж, Ц.Аюушаас адууны үнэ 800.000 төгрөгийг авч морио Д.Наранбаатарын адуунаас өгөхөөр тохиролцсон байна. Гэтэл хариуцагч Д.Наранбаатар нь адууг Ц.Аюуш бид хоёрын хооронд тооцоо байгаа гэдэг үндэслэлээр өгөөгүй тул Ц.Аюуш нь гэрээнээсээ татгалзан адууны үнийг Ш.Одбаяраас буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Д.Наранбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа халтар зүсмийн адууг Ц.Аюушд өгсөн боловч энэ адуу туранхай байна гээд өөр мориор солиод аваад явсан тул Ш.Одбаярт ямар нэгэн өглөг байхгүй гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ дагуу хариуцагч Д.Наранбаатар нь татгалзлаа нотлохын тулд Ц.Аюушийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

Гэрч Ц.Аюуш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...2018 оны 07 дугаар сарын хорин хэдэнд Ш.Одбаяр халтар морио зарья гэсэн тэгээд Ш.Одбаярт 800,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Халтар морь Д.Наранбаатарын адуунд байгаа гээд авъя гээд очтол Д.Наранбаатар би наймаа хийх гэж байна. Чи урдуур орчихлоо гэхээр нь Ш.Одбаяр ахад хэлээд та очиж тэр наймааныхаа учрыг дуусга, цаадхи чинь наймаа хийхэд дундуур орлоо гээд байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд дараа нь Ш.Одбаяр ахыг хоёр удаа Д.Наранбаатар луу халтар морио авчир гэж явуулсан. Ш.Одбаяр ах архи уучихаад буцаад хоосон ирдэг. Ах нь авчирч чадсангүй гэдэг байсан. Би шүүхэд хандаж Ш.Одбаяраас адууны үнийг гаргуулсан гэжээ.

Хэдийгээр хариуцагч нь Ш.Одбаярын адууг Ц.Аюушд хүлээлгэн өгсөн гэж удаа дараа тайлбарлаж байгаа боловч Ц.Аюуш нь адууг хүлээн аваагүй талаар шүүхэд мэдүүлсэн байх тул хариуцагч Д.Наранбаатарыг татгалзлаа нотолж чадаагүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10ы өдрийн 322 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН