Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00062

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00062

 

 

 

Төрийн банкны Зүүнхараа салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2020/00152/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.*******хишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Б.*******

Ж.*******

Хариуцагч Э.******* /онлайн/ ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 272 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Төрийн банк Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Э.*******, Э.******* нарт холбогдох зээл, зээлийн хүүний төлбөрт 16.230.626.78 төгрөг гаргуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.*******, Э.******* нар нь Зүүнхараа салбараас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 80/188 тоот зээлийн барьцааны гэрээгээр 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг дээр нэмэлт гэрээ байгуулан 6,100,00 төгрөг нийт 18,476,465,70 төгрөгийн зээлийг сарын 1.2% /жилийн 14.40%/-н хүүтэй, 60 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. ...Зээлдэгч Э.*******, Э.******* нараас зээл, зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нотариатчийн үйлчилгээний хөлс, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 16,230,626.78 төгрөгийг төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Төрийн банкны Зүүнхараа салбараас ирсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагаас цалингийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 16,230,626.78 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.******* анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ...Э.******* нь тухайн зээлийг авахдаа Төрийн банкинд ажиллаж байсан бөгөөд зээлийн баталгаа нь түүний цалин байсан ба тэрээр зээл авахдаа өөрийн цалинг барьцаалж авч байгаа тул чамд ямар нэг байдлаар эрсдэлгүй гэж ойлгуулсан тул миний бие тухайн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болно. Э.******* нь өөрийн цалинг барьцаалж зээл авсан байтал түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлыг нь хүлээн авахдаа нэхэмжлэгч болох Зүүнхараа төрийн банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хувьд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаад төлбөр авагчийн буруутай үйл ажиллагаа байна гэж миний бие үзэж байна. Мөн үндсэн зээлдэгч Э.******* зээлсэн мөнгөнөөсөө Э.******* надад нэг ч төгрөг өгөөгүй, хамтран амьдрахгүй байгаа зэргээ хүлээн зөвшөөрч Зүүнхараа төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаас Э.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 272 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэг, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Хунчир овогт *******баатарын *******, Бичээч овогт *******билэгийн ******* нараас зээлийн төлбөр 16,230,626.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239103 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******, Э.******* нараас улсын тэмдэгтийн хураамжинд 239103 төгрөгийг гаргуулж Төрийн банкны Зүүнхараа салбарт буцаан олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.

Төрийн банкны ажилтан болох хариуцагч Э.******* өөрийн цалинг барьцаалж зээл авсан байтал түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлыг нь хүлээн авахдаа нэхэмжлэгч болох Зүүнхараа төрийн банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хувьд ямар нэгэн арга хэмжээ аваагүй төлбөр авагчийн буруутай үйл ажиллагаа байна гэж миний бие үзэж байна. Банкны зээлийн журамд 90 хоногоос дээш зээл төлөлгүй хугацаа хэтрүүлсэн бол шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байхад Зүүнхараа төрийн банк нь хариуцагчийг 68 хоногийн хугацаанд огт төлөлт хийлгүй ор сураггүй алга болсон мэтээр нэхэмжлэл гаргасан байгаа нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тохирсон нөхцлийг зөрчсөн.

Э.******* нь өөрийн зээлийн дансанд тодорхой хэмжээний мөнгө байршуулж зээлийн төлбөрөө хийж байсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлсээр байхад хуулийн байгууллагад хандсан. Үндсэн зээлдэгч Э.******* зээлсэн мөнгөнөөсөө Э.******* надад нэг ч төгрөг өгөөгүй, хамтран амьдрахгүй байгаа зэргээ хүлээн зөвшөөрч Зүүнхараа төрийн банк-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасаар байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдийн 272 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас Э.******* надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Үндсэн зээлдэгч Э.******* нь манай банкны ажилтан байсан нь үнэн. Э.******* нь төлбөрийг төлнө гэдэг боловч оршин суугаа газраа өөрчлөн хаана байгаа нь тодорхойгүй, зээлийн төлөлтөө хийхгүй удаа дараа хоцроосон тул бид шүүхэд хандсан. Э.******* мөнгө аваагүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамт амьдарч байх хугацаандаа зээл авах талаар хүсэлт гаргасны дагуу бид зээл олгосон. Нэгэнт хамтран зээлдэгч тул хамтран хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар  хариуцагч Э.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 16.230.626,78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан бол хамтран хариуцагч Э.******* нь зээлээс нэг ч төгрөг захиран зарцуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Э.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хариуцагч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн, хариуцагчийн нэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байхад хамтран зээлдэгч гэсэн үндэслэлээр гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар шийдвэрлэж шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

 

Хэргийг судлан үзвэл:   Төрийн банкны Зүүнхараа салбар, хариуцагч Э.*******, Э.******* нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр 13.500.000 төгрөгийг 50 сарын хугацаатай, цалингийн орлого барьцаалж, жилийн 14.40 хувийн хүүтэй, хугацаандаа зээл, хүүг төлөөгүй бол 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулж улмаар хариуцагч нар нь зээлээ гэрээнд заасны дагуу зохих хуваарийн дагуу төлж байгаад 2018 оны 12 сарын 13-ны өдөр зээлийн хэмжээг 6.100.000 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн гэрээнийхээ хугацааг 60 сар болгон урьд байгуулсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулжээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь гэрээнд зааснаар үүсдэг бөгөөд хариуцагч Э.******* нь Төрийн банктай байгуулсан хоёр удаагийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцон гарын үсэг зурснаар түүнд үүрэг үүссэн гэж үзнэ.

Хариуцагч Э.******* нь зээлээс нэг ч төгрөг аваагүй тул зээлийг төлөх үүрэггүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа боловч зээл авах үедээ Э.*******тай хамтран амьдарч байсан /нэг гэр бүл/ ба хариуцагч Э.******* нь тохиолдлын улмаас буюу Э.*******гийн хүсэлтээр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон гэх байдлаа шүүхэд нотлоогүй байна.

Мөн хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дангаараа хариуцан төлнө гэж хүлээн зөвшөөрсөөр байхад шүүх хамтран хамтран хариуцагчаас төлбөр гаргуулж байгаа нь үндэслэлгүй гэсэн хариуцагчийн тайлбарын хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заасан.

Дээрхи хуулийн зохицуулалтаар хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага буюу гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ч /үүрэг гүйцэтгүүлэгч/ нэхэмжлэгч Төрийн банк Э.*******гаар дангаар нь үүргийг бүхэлд нь гүйцэтгүүлэхээр зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн үүргээс хамтран хариуцагчийг чөлөөлөх хуулийн үндэслэлгүй бөгөөд хариуцагч Э.******* нь гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлээгүй тохиолдолд Э.Эрдэнийн гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр ба хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэг нь гэрээний үүргийг хүлээн зөвшөөрснөөр нөгөө хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болох хуулийн үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 272 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 239.103 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН