Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч: 1989 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*, */ Хунчир овогт Эбаатарын Х,

 

Хариуцагч: 1990 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*/ Бичээч овогт Эбилэгийн Э нарт холбогдох

 

Зээл, зээлийн хүүний төлбөр 16,230,626.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандхай, Ж.Энхжаргал, хариуцагч Э.Э /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганзаяа нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Зээлдэгч Э.Х, Э.Э нар нь Зүүнхараа салбараас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 80/188 тоот зээлийн барьцааны гэрээгээр 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг дээр нэмэлт гэрээ байгуулан 6,100,00 төгрөг нийт 18,476,465,70 төгрөгийн зээлийг сарын 1.2% /жилийн 14.40%/-н хүүтэй, 60 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд: гэрийн эд хогшил, цахилгаан бараа бүгд 400,000 төгрөгийн үнэтэй, ирээдүйн цалингийн орлого 60 сараар тус тус барьцаалсан. Зээлдэгч Э.Х, Э.Э нар нь цалингийн зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй 68 хоногоор хугацаа хэтэрч банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээл төлөх сонирхолгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс банк Э.Х, Э.Э нартай байгуулсан зээлийн гэрээний 2.2.1 дахь заалт: Зээлдэгч "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол төлөгдөөгүй зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба энэхүү Гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 3.2.6 дахь заалт: Зээлдэгч энэ Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл Банк гэрээг цуцалсан тохиолдолд барьцаа хөрөнгийг Банкны шаардсанаар, үл маргах журмаар банкны захиран зарцуулах эрхэд. 3.2.7 дахь заалт: Барьцааны зүйл нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг бүрэн барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр төлөх. 3.2.8. дахь заалт: Зээлдэгч "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн "дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг хугацаандаа бүрэн төлөөгүйн улмаас зээл төлүүлэхтэй холбогдон банкнаас гарсан бүх зардлыг бүрэн хариуцах. 3.3 дахь заалт: Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Тус тус заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул 6.2, 6.2.1, 6.2.2, 6.3 дахь заалтыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 15,860,078.01 төгрөг, Үндсэн хүүний өр 364,748.77 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 5,800 төгрөг, Нотариатчийн үйлчилгээний хөлс 1,000 төгрөг,  Улсын тэмдэгтийн хураамж 239,103 төгрөг. Зээлдэгч Э.Х, Э.Э нараас зээл, зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нотариатчийн үйлчилгээний хөлс, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 16,230,626.78 төгрөгийг төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандхай, Ж.Энхжаргал нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч Э.Х, Э.Э нар нь Зүүнхараа салбараас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 80/188 тоот зээлийн барьцааны гэрээгээр 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг дээр нэмэлт гэрээ байгуулан 6,100,00 төгрөг нийт 18,476,465,70 төгрөгийн зээлийг сарын 1.2% /жилийн 14.40%/-н хүүтэй, 60 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Зээлдэгч Э.Х, Э.Э нар нь цалингийн зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй 68 хоногоор хугацаа хэтэрч банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээл төлөх сонирхолгүй өнөөдрийг хүрлээ. Иймд гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 15,860,078.01 төгрөг, Үндсэн хүүний өр 364,748.77 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 5,800 төгрөг, Нотариатчийн үйлчилгээний хөлс 1,000 төгрөг,  Улсын тэмдэгтийн хураамж 239,103 төгрөг. Зээлдэгч Э.Х, Э.Э нараас зээл, зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нотариатчийн үйлчилгээний хөлс, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 16,230,626.78 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: … Миний бие нь Төрийн банкны Зүүнхараа салбараас ирсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагаас цалингийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 16,230,626.78 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: … Миний бие нь Төрийн банкны Зүүнхараа салбараас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ хүү тайлбарыг гаргаж байна. Учир нь тухайн зээлж авсан мөнгөнөөс би болоод манай гэр бүлийн гишүүд нэг ч төгрөг аваагүй бөгөөд Э.Х авсан зээлээ зөвхөн өөрийн хэрэгцээнд зарцуулсан төдийгүй уг зээлийг авсанаасаа хойш манай гэрт амьдрахаа больсон болно. Э.Х нь тухайн зээлийг авахдаа Төрийн банкинд ажиллаж байсан бөгөөд зээлийн баталгаа нь түүний цалин байсан ба тэрээр зээл авахдаа өөрийн цалинг барьцаалж авч байгаа тул чамд ямар нэг байдлаар эрсдэлгүй гэж ойлгуулсан тул миний бие тухайн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болно. Э.Х нь өөрийн цалинг барьцаалж зээл авсан байтал түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлыг нь хүлээн авахдаа нэхэмжлэгч болох Зүүнхараа төрийн банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хувьд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаад төлбөр авагчийн буруутай үйл ажиллагаа байна гэж миний бие үзэж байна. Мөн үндсэн зээлдэгч Э.Х зээлсэн мөнгөнөөсөө Э.Э надад нэг ч төгрөг өгөөгүй, хамтран амьдрахгүй байгаа зэргээ хүлээн зөвшөөрч Зүүнхараа төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаас Э.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар нь үндсэн зээлдэгч Э.Х, хамтран зээлдэгч Э.Э нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үндсэн төлбөр 15,860,078.01 төгрөг, Үндсэн хүүний өр 364,748.77 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 5,800 төгрөг нийт 16,230,626.78 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.Х нь зээлээ төлөхийг зөвшөөрч, хариуцагч Э.Э нь уг зээлсэн мөнгөнөөс би хэрэглээгүй, Э.Х хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тиймээс уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргана.

Хариуцагч Э.Х, хамтран зээлдэгч Э.Э нар нь Төрийн банкны Зүүнхараа салбараас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр №80/188 “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 13,500,000 төгрөгийг жилийн 14.40 %-ийн хүүтэй, 50 сарын хугацаатай, цалингийн орлогыг барьцаалж мөн нэмэлт гэрээ байгуулан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №189/681 “Барьцаат зээлийн гэрээ”-ээр 6,100,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 14.40 %-ийн хүүтэй тус тус зээлж авсан байна.

Уг зээл авахад нь Э.Э нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь  тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх хуулийн үндэслэлгүй ба зохигчид гэрээг бичгээр үйлдсэн бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлдэгч нар нь Төрийн банкны Зүүнхараа салбараас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр №80/188 “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан 13,500,000 төгрөгийг жилийн 14.40 %-ийн хүүтэй, 50 сарын хугацаатай, цалингийн орлогыг барьцаалж мөн нэмэлт гэрээ байгуулан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №189/681 “Барьцаат зээлийн гэрээ”-ээр 6,100,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 14.40 %-ийн хүүтэй тус тус зээлж авсан ба уг гэрээнүүдэд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэн аль нь гарын үсэг зурсан, зээлийн гэрээнд зээлдэгчийн эрх, үүргийг зааж өгсөн ба мөн хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч Э.Х, Э.Э нар нь зээлийн гэрээний нөхцөлийг ойлгон ухамсарлаж гэрээ байгуулсан байх тул Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Мөн шүүх хариуцагч Э.Хд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэйг сануулсан, эрх, үүргийг нь дэлгэрэнгүйлэн тайлбарлан өгсөн байна.

ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Х нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нараас гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд хариуцагч Э.Х, Э.Э нараас Үндсэн зээлийн үлдэгдэл 15,860,078.01 төгрөг, Үндсэн хүүний өр 364,748.77 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 5,800 төгрөг нийт 16,230,626.78 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239103 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Э.Х, Э.Э нараас 239103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэг,  242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Хунчир овогт Эбаатарын Х, Бичээч овогт Эбилэгийн Э нараас зээлийн төлбөр 16,230,626.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239103  төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Э.Х, Э.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 239103 төгрөгийг гаргуулж Төрийн банкны Зүүнхараа салбарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ.