Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

 

 С.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор О.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.С

Шүүгдэгч С.О

Хохирогчийн өмгөөлөгч Д.Д

Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч С.Оийн давж заалдах гомдлоор 22220000... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1960 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Д аймагт төрсөн, 63 настай эмэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, хүүгийн хамт Д аймгийн Х сумын .. баг ...гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Сын О /РД: /

С.О нь /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ Д аймгийн Л сумын “Б” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Л.Тг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Д аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Сын Ог Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Сын Од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Оээс 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч Л.Тд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг баримтлан өмгөөллийн хөлс 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлээс 162.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 30.600 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Т хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, шүүгдэгч С.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

          Шүүгдэгч С.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний бие Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 2023/ШЦТ/..тоот шийтгэх тогтоолоор С.О намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдааж шийдвэрлэсэнд туйлаас гомдолтой байна. Учир нь:

               ... 2022 оны 4 сарын 21-ний өдөр хүү Анх ойр хавийн хүмүүст цай уулгаж бид хэд тэнд нь очоод буцах болоход А замаараа Тнд буугаад явъя гэсэн гээд хамт тэднийд буусан. Улмаар тэнд А согтчихоод гэрээс гараад Гыг өшиглөж унагааснаас болж муудалцахаар нь миний бие салгах гээд чадалгүй Тг гаргаж ирээд голоор нь ортол Т улам гал дээр тос нэмсэн юм шиг нэмж агсамнаж Г руу дайрч самардан улмаар би салгах гэсэн биш намайг үсдэж дараад би арайхийж салаад машиндаа суугаад явсан ийм л үйл явдал болсон.

          Гэтэл хохирогч Т нь ээж шигээ настай хүн намайг гүтгэж улайм цайм худал мэдүүлэг өгч надад зодуулж, биед нь учирсан гэмтлийг намайг учруулсан гэж байна. Одоо ч муухан хөдөлж явдаг, бие муутай хөшин намайг ингэж худал гүтгэж үүнийг нь анхан шатны шүүх хүлээн авч буруутай байна гэж шийдсэнд маш их гомдолтой байна.

         Ер нь хохирогч Т мэдүүлэг өгөх болгондоо зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь болон гэрч А буюу Тгийн нөхөр хүртэл гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө “...юу ч санахгүй байна” гэж байсан мөртөө, 2 дахь удаагаа өгсөн хавтаст хэргийн 134-рт байгаа мэдүүлэгтээ “...Би эхнэрээ зодоогүй, Г намайг зодоод байхаар нь манай эхнэр голоор орж намайг салгасан байсан. Би эхнэрийнхээ нүүр рүү цохисон зүйл байхгүй. Би Гыг зодох гэж дайраагүй” гэж огт юм санахгүй тасарчихсан байсан гээд байсан хүн “би эхнэрийгээ зодоогүй...” гэж яагаад санаад байгаа юм. Мөн би Гыг зодох гэж дайраагүй гэж яриад эхэлж байгаа нь энэ гэрчид хэн нөлөөлж байгаа нь илт тодорхой байгаа шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү.

         Мөн Хохирогч Тийн худлаа мэдүүлэг өгөөд байгаагийн бас нэг жишээ гэвэл хавтаст хэргийн 13-15, 16-17-рт өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...би гадаа муудалцацгаагаад байхаар нь би өөрөө гарч очоод салгах гэсэн” гэж мэдүүлдэг боловч гэрч Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Тг гэрээс С.О гуай авч гарч ирээд болиулах гэсэн” гэж гэрчилдэг ба энэхүү мэдүүлгийг шүүгдэгч С.О би хавтаст хэргийн 67-рт байгаа яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ч хэлж ярьсан байгаа.

         Мөн хохирогч Тийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд “... О архи уусан байсан. Тнд ирээд архи уусан, согтуу байсан” гэж мэдүүлээд байтал гэрч Дын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “...О гуай манайд ирэхэд архи уугаагүй байсан. Манайд О гуай архи уугаагүй” “...Т архи нэлээн уусан, согтсон байсан. Манайд бас архи уугаад согтсон” гэж байгаагаас үзэхэд хохирогч үнэн яриад байна уу? шүүгдэгч би анхнаасаа үнэн яриад байна уу гэдэг нь ч тодорхой байгаа. Тэр өдөр Т намайг хүүдээ гай болсон гичий минь үхээч гэж агсам тавьж байсан ба Год хандаад “...наад эхийгээ зайлуулаач ээ. Хүүгийнхээ амьдралд гай болсон гичийгээ зайлуулаач ээ, чи тэнэгээ наад эхээсээ салаач ээ...” гээд  зуураад байсан.

          Бас нэг зүйл гэвэл Т мэдүүлгүүддээ “...О эгч миний үснээс дараад байж байхдаа миний нүүр лүү өшиглөсөн...” гэж мэдүүлдэг. Гэтэл шинжээч эмчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар хохирогчийг тус байрлал болох 2 гараараа үснээс нь дараад өшиглөж гэмтээх боломжгүй. Харин “хөдөлгөөний инерци хүч их гарч байж дээрээс нь уян хатан байдлаас хамаарч энэхүү гэмтлийг учруулах боломж үүснэ. Бусдаар үүсгэх боломжгүй” гэсэн тайлбар нь мөн хөгшин настай надаас байтугай хүчтэй залуу хүнээс ийм хүч, уян хатан байдал гарах боломжгүй байгаа юм. Ийм байрлалаас өшиглөөд гэмтлийг учруулах ийм уян хатан залуу хүн ч ховорхон байх. Хөдөлж явахдаа муухан болсон хөгшин надаас ийм хүч, уян хатан байдал гарах боломжтой юу үүнийг шүүх бүрэлдэхүүн  минь анхаарч өгнө үү. Энэ байдлыг тодруулах гэж өмгөөлөгч хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй... надад ашигтайгаар шийдвэрлэх нөхцөлүүд байгааг анхаарч хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна.

         Иймд шүүх бүрэлдэхүүн минь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 2023/ШЦТ/... тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О Л.Тг зодсон гэх үйл баримт хэрэгт хангалттай авагдаагүй. Шийтгэл тогтоол үндэслэл бүхий гаргасан гэдэгт эргэлзэж байна. Мөрдөн байцаах явцад хохирогчоос 3 удаагийн мэдүүлэг авахад О энэ гэмтлийг учруулсан гэж мэдүүлдэг. Тухайн үйл явдлыг ярьж байхдаа үнэн зөв мэдүүлж байна уу гэдэг дээр эргэлзээ төрүүлж байгаа нь бусад нотлох баримтаар нотлогдож байна. Би Тнд ирээд архи уугаагүй гэж мэдүүлдэг боловч шүүх хурал дээр Д нь манайд ирэхдээ Тогосоо нь архи уусан согтсон байсан гэх мэдүүлгийг өгсөн. Хохирогчийн мэдүүлэг нь тогтворгүй байгаа нь үүгээр харагдаж байна. Хохирогч нь анх цагдаад гомдол гаргахдаа намайг чулуугаар цохиж гэмтээсэн гэдэг. Гэрч А нь анхны мэдүүлэг дээрээ би юу ч мэдэхгүй тасарсан байсан гэдэг боловч хоёрдох мэдүүлгээс би эхнэрээ зодоогүй гэсэн зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн. Эргэлзээ төрүүлэх зүйлүүд байгаа тул үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Тухайн маргалдаан болж байх үед гэрээс Л.Тг С.О түшээд гарч байхыг шүүх хуралд оролцсон Д мэдүүлдэг боловч Л.Т өөрөө гарч ирсэн гэдэг. С.О нь үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа мэдүүлсээр ирсэн. Хохирогчийн эргэлзээтэй 3 удаагийн мэдүүлгийг үндэслээд шийтгэх тогтоол гарсанд гомдолтой байна. Шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: С.Од холбогдох хэргийг 2023 оны 3 сарын 17-ний өдрийн Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж үндэслэл бүхий хийсэн гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс харж байна. Миний үйлчлүүлэгч Л.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан эрүүл мэнд, эд хөрөнгийн хувьд хохирол хүлээсэн. 2022 оны 4 сарын 21-ний орой С.Од зодуулж, үсдүүлж, хөшиглүүлж, хэрэгт авагдсан шинжээчийн 138 дугаартай дүгнэлтэд заасан гэмтлүүд түүнд учирсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд явагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Гомдолтой холбоотой тайлбар хийхэд Д гэдэг гэрч прокурорын санаачилгаар анхан шатны шүү хуралд оролцсон. 2022 оны 5 сарын 20-ны өдрийн өмнө мөрдөх шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө гараад явцгаасан гадаа чанга дугараад байхаар нь 2 машины голд А, Г 2 муудалцаад зогсож байхаар нь боль гээд болиулсан. Гыг машинд суулгах гээд аваад явтал өөдөөс яах гээд байгаа юм бэ гээд уурлаад байхаар нь орхиод вагончиг руу орсон. Надтай зөрөөд вагончигоос Т гараад явсан гэсэн мэдүүлгийг өгдөг. Мөн анхан шатны шүүх хурал дээр тодруулж асуусан мөн л Г агсраад байхаар нь голоор нь орсон уурлаад байхаар нь вагончиг руу орсон чинь Т зөрөөд гарсан гэсэн ийм л мэдүүлгийг өгдөг. Гэтэл шүүгдэгчийн зүгээс Т согтуу байсан би аваад гарсан гэх зөрүүтэй худлаа мэдүүлэг өгсөн нь гэрч Дын мэдүүлгээр шүүгдэгч худлаа ярьж байна гэж нотолж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Д гэдэг гэрчийг шүүх хуралд оролцуулсан, шинжээч эмчийг хүртэл шүүх хуралд оролцуулсан. Энэ хэргийн хувьд бүх зүйлийг харж байсан гэрч байхгүй, аль аль талаас ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байсан. 4 хүний хооронд болсон асуудал байгаа юм. Хамгийн боломжит гэрч нь Д. Энэ хүнээс хэн хэн хэр зэргийг согтолттой байсан талаар бүрэн тодруулсан. Тухайн үед Л.Т гэдэг хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхдээ гайгүй байсан гэж шүүх хурал дээр хэлдэг. Гэрч Д нь Л.Т намайг ороход өөрөө зөрөөд гарсан, араас нь гарсан гэсэн үйл баримтыг мэдүүлдэг. Анхан шатны шүүх хурал дээр шинжээч эмчийг оролцуулж гэмтэл нь тухайн үед боломжит байдлаар үүсэх боломжтой гэж тусгай мэдлэгийн хүрээнд асууж тодруулсан. Энэ 2 хүний дунд маргаан үүсэхийн хувьд үүсэн. Шүүгдэгчийн төрсөн хүүгээс эрх үүрэг сануулаад авсан мэдүүлэг дээр энэ үйл баримт болсны маргааш хохирогчийн гэрт очсон гэх үйл баримт тогтоогддог. Яагаад очсон гэхээр эвлэрэх гэж очсон гэдэг. Шүүгдэгчийн хувьд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хангалттай нотлогдож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч С.Оийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.О нь Д аймгийн Л сумын “Б” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Л.Тг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, түүний  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна.

         Шүүгдэгч С.О: “2022 оны 04 сарын 21-ний өдөр манай хүү Ан хүүхдийн 1 насны ойд очсон. Мал хийж шөл уулгаж, хүүхдүүд хэд гурван шил архи уусан. Тараад явах гэтэл А замдаа Т ахынхаар буугаад явъя гэсэн. Тнд очоод 1 шил архи уучихаад байж байтал дахиад 1 шил архи гаргаж өгөхөөр нь ууцгаасан. Тын гэрт байхад А намайг янз бүрээр хэлж өдөөд байсан. Д гэрээс гарч орж ирэхдээ машинд хүүхдүүд уйлалдаад байна гэсэн. Тэгэхээр нь би явъя гээд гартал хүү 2 машины голд шээгээд зогсож байсан. А хажууд нь зогсож байсан. Гэтэл хүү гэнэт ойчиж босч ирээд заамдалцаад ноцолдоод эхэлсэн. Т нэлээн согтсон Цтэй тэврэлдсэн уйлаад сууж байхаар нь явъя гээд аваад гартал нөхрөө өмөөрөөд хүүг самардаад чи хүүгийнхээ амьдралд саад болсон гичий минь үхээч, зайлаач гэж хашхирсан. Хүүгээ салгаж авах гэтэл намайг толгойноос доош дарсан. Лай болсон гичийгээсээ салаач гэсэн. Хүүгээ салгаж аваад явах гэтэл Т гараас нь зуурчихаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би машинаа унаад нэлээн зайтай очиж 20-30 минут байж байгаад очтол айлаас жоохон урагшилсан яг хэвээрээ байхаар нь яваад өсгөн. Өглөө эрт гэрт нь буухад танай тэнэг эх чинь намайг зодсон. 10.000.000 төгрөг өгөхгүй бол та хоёрыг шоронд хатаана гэж хэллээ гэж ирсэн. Би хамгийн түрүүнд эмнэлэгт үзүүлж цагдаад гомдол гаргачихаад мал руугаа буцсан. Энэ хүн биеэр өргөдөл өгсөн зүйл байхгүй байх. Эгч рүүгээ утсаар хэлсэн гэж бодож байна. Энэ хүнийг зодсон зүйл байхгүй” гэж мэдүүлжээ.

        Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч “Л.Тийн биед хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...” гэж дүгнэсэн байна.

Шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгож, хохирогч Л.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 4 удаагийн  мэдүүлэг, шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Дын 2 удаагийн мэдүүлэг, Аын 2 удаагийн мэдүүлэг, Гын 2 удаагийн мэдүүлэг болон бусад нотлох баримт болох С.Оийн болон Л.Тийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтүүд,:мөн эдгээр хүмүүсийн Д аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирлын баримтуудыг шинжлэн судалж, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн гэдгээ дүгнэжээ.

Хохирогч Л.Т мөрдөн байцаалтын шатанд:: “...Г, А хоёрыг зодолдож байна гэхээр нь гараад очтол дээлнийх нь захаар боогоод нүүр рүү нь өшиглөж байхаар нь болиоч гээд салгах гээд голоор нь ортол миний толгой дээрээс дараад нөхрийн дээрээс унагааж дараад амьсгалж болохгүй байсан. Гэтэл хажуу талаас О эгч үснээс зулгаагаад байхаар нь би О эгчийн үснээс татсан. Тэгсэн Г миний ээжийн үснээс тавивал үснээс чинь тавина гэхээр нь би О эгчийн үснээс нь тавьсан чинь миний үсийг тавьчихсан. О эгч миний үснээс дараад байж байхдаа миний нүүр рүү өшиглөөд салцгаасан...” гэж

        Тэрээр дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Г, О эгч 2 үснээс татаад доош нь дараад нөхрийн дээр хэвтүүлсэн байхад О эгч дээрээс нь нулимаад маань уншаад дээрээс нь шээнэ гээд өмдөө тайлаад толгой дээр шээсэн” гэж, 

         Мөрдөн байцаалтын шатанд гурав дахь удаа өгсөн мэдүүлэгтээ: “...О нь миний нүүр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тухайн үед дээрх гэмтлүүд үүссэн. О түүний хүү Ганболд нар миний үснээс татаад байсан. Өөр халдаж зодсон асуудал байхгүй. Тухайн үйлдлийн улмаас миний хамраас цус гарсан ба Гд ээж чинь миний нүүр рүү өшиглөчихлөө гэхэд Г сүртэй юм миний ээж тийм ширүүн өшиглөнө гэж юу байдаг юм гэж хэлсэн...”,   “...Анх Г манай нөхөртэй муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгах гэхэд Г ээж Отэй нийлж зодсон. Би хүний биед халдаж зодсон зүйл байхгүй. Намайг О үсдээд доош дарсан байх үед би Одсүрэнг үсдэж байгаад больсон. ...” гэж,

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:: “Намайг согтуу байсан гэлээ би энэ хүнээр түшүүлж вагончигоос гараагүй. Настай хүн байж яагаад худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Уйлж намайг элдвээр хараасан гэж хэллээ. Би хараагаагүй. Айлд очихдоо манайхаар ороод гар гэж хэлэхээр нь цуг очсон. Тэр айлд 2 шил архи уусан. 1 нь бүтэн, 1 нь тал шил архи байсан. Муудалцаад байхаар нь салгах гээд дундуур нь ортол Г толгой дээрээс доош нь дараад О гуай үсдээд дээр чинь шээчих үү гэхэд хүү нь таны шээс гарахгүй бол би шээчих үү гэсэн. ...” гэж тус тус мэдүүлсэн байна.  Ийнхүү түүний  4 удаагийн  мэдүүлгийг  шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон ба бусад гэрчүүд дараах байдлаар мэдүүлсэн байна. Үүнд:

Гэрч И.А мөрдөн байцаалтын шатанд : “Би 2022 оны 04 сарын 21-ний өдөр Л сумын .-р багт байдаг Аийн хүүхдийн нэг насны ой болоод урьсан болохоор нь нар шингэх үед очсон. Агийн гэрт нь очоод нэлээд архи уусан. Тэгээд харих замдаа Т гэдэг айлд тэднийд Г, О бид хэд хамт очсон. Тнд очсоноос хойш нэг шил 0.5 литрийн архи задалж байсан. Тэрнээс би ууж байснаа тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд гэртээ сэрсэн. Тэгсэн эхнэрийн нүд нь хавдсан, хамар нь хавдсан байсан. Миний нүд жаахан хөхөрсөн хамрын баруун доод хэсэгт шалбарсан баруун нүдний дээд талд хөхөрсөн байсан. Тэгээд би эхнэрээс юу болсон талаар асуухад Гтой маргалдсан. Намайг бас дээлээр боосон гэсэн. Эхнэрийг унагаж байгаад зодсон гэж хэлсэн. Би Гтой юунаас болж маргалдсан талаар мэдэх юм алга. Тд очоод нэг шил 0.5 литрийн архи ууж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Гэрт сэртэл баруун нүдний дээд талд хөхөрсөн, нүд хөхөрсөн, хамрын баруун доод хэсэг шалбарсан байсан. Надад Гтой хэрэлдэж маргалдсанаа санаж байгаа юм байхгүй. Би Анд дундын хундагаар 7-8 татсан байх. Тэр айлаас явахдаа нэлээн согтсон. Тэгээд Тнд ирээд 0.5 литрийн архинаас нэлээн уусан. Тэгээд л тасарсан байна лээ. Манайх Ох гэдэг айлтай ойр бууцанд байдаг юм. Бууцны ойр малаа явууллаа гэж хэлж ярьж байсан. Гэхдээ хэрэлдэж муудалцаад байсан юм байхгүй. Г бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй.” гэж /хх-ийн 23-24/

Гэрч И.А дахин өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд: “Би эхнэрээ зодоогүй. Г намайг зодоод байхаар нь манай эхнэр дундуур орж салгасан байсан. Тэгээд салгаж байх үед О, Г нар манай эхнэрийг боож унагаад зодсон байсан. Би яг тэр үедээ мэдээгүй. Би Гыг цохиж зодох гэж дайраагүй. Манай эхнэр машин жолоодоод намайг аваад явсан байсан. Би тухайн үед болсон асуудлыг санаж байгаа. Тэр өдрөөс 2-3 хоногийн өмнө цас ороод байхаар нь би үхэртээ яваад өөрийнхөө үхрийг О гэх айлын үхэртэй тууж ирээд бөөнд нь хашсан. Гэтэл манай болон Оийн үхрүүд багтахгүй байхаар нь Ох рүү залгаад “үхэр багтахгүй байна, үхрээ ирж ав” гэж хэлтэл Г ирээд үхрээ аваад явсан юм. Тэгээд архи ууж байх үед С.О нь “манай үхэр танай хороонд багтахгүй байна уу” гээд хэрүүл өдөөд байсан. Тэрнээс болж би Гатой хэрэлдсэн.” гэж /хх-ийн 134/

Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд: “ ...Айлд байхад А ээжийг “та яах гээд байгаа юм" гээд байсан. /Өдөж байгаа юм/ Адыг гараад явахаар араас нь гарсан. Гараад 2 машины голд шээгээд зогсож байхад А “чи надыг зодлоо” гэхээр нь “та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь А өшиглөөд намайг унагаасан. Тэгснээ намайг дайрч ална гээд машин руугаа яваад машиныхаа хаалганы бариулаас татахаар нь би хормойноос нь татсан чинь газар унаснаа босч ирээд миний баруун талын нүд рүү цохихоор нь би хавирч унагаад хоёр гараараа дээрээс нь дараад сууж байхад ээж Одсүрэн “хүүхэд багачууд орилолдоод байна явъя” гээд вагончиг орж хэлж байсан. Тэр хооронд А бид хоёр босч зогсоод барилцаад байж байхад вагончигоос Аын эхнэр Т гарч ирээд нүүр ам самардаад “чи ээжийгээ үхүүл, чи ээжийгээ зайлуул холд” гээд хашхираад байхад ээж дундуур орж ирээд намайг авч явах гэсэн чинь тэр хүүхэн ээжийг үсдээд доош нь дарсан. Тэгэхээр нь би тавиулаад ээж машин руу яваад өгсөн. Т бас над руу дайраад хашхичаад гуйлгачин гээд доромжлоод байж байхад С намайг боль яв гэсэн чинь Тогосоо дээлнээс зуурчихаад явуулахгүй байсан. Тэгээд би ээжийг яв, яв гэчихээд тэр хүүхэнтэй нэг хэсэг юм ярьж байсан. Тэгтэл А ирээд намайг цохих гэж байгаад эхнэрийнхээ нүүр рүү цохисон. Тэгсэн хамраас нь цус гарсан тэгснээ А намайг дайрч ална гээд машинаа дугуйлдаж эргүүлээд байсан. Миний дээлний хормойд шүргээд л байсан. Маргааш нь Т гэдэг хүүхэн уулзаад толгой дээр шээсэн гээд байгаа юм. Тэр хүүхний толгой дээр шээсэн юм огт байхгүй. Намайг шээгээд зогсож байхад А нуруу руу тийрээд газар унагаасан. Бас миний нүд рүү цохихоор нь би хавирч унагаасан. Бид 2 бие биеэ цохиж зодсон асуудал байхгүй. Би уусан гэхдээ ухаангүй болтлоо уугаагүй. Нэг их согтоогүй гайгүй байсан. Ээж уугаагүй. Т, А 2 нэлээн согтуу байсан. Т миний санаж байгаагаар ээж бид хоёрыг цохиж зодсон, өшиглөсөн асуудал огт байхгүй. Тогосоо ээжийн үснээс зулгаагаад байсан болохоор тавь гээд тавиулсан. Миний нүд рүү А цохисон. Т хуруугаа хийгээд самардчихсан болохоор хэд хоног нүд улайгаад хорсоод байсан.” гэж, /хх-ийн 26-27/

Гэрч О.Гын дахин өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд:  “...Би Аын эхнэр Тгийн хамт завилж суугаад юм ярьж байтал А машинаасаа бууж ирээд намайг цохих гээд гараа явуулахаар нь би биеэрээ хойшоо болж бултахад А эхнэрийнхээ хамрын дээд хэсэгт цохисон юм. Дахин юм яриад сууж байхад Т хамраас цус гарлаа гэж хэлсэн ба би яг өөрөө хараагүй. Тэгэхэд нь “би чамайг цохиогүй шүү” гэж хэлсэн. Т бид хоёрыг юм яриад сууж байх үед А машинаа жолоодоод “та хоёрыг дайрч ална шүү пизда минь” гээд машинаа жолоодож яваад байсан. Тэгээд 00 цаг өнгөртөл би Ттой юм ярьж сууж байгаад А, Т хоёроор гэртээ хүргүүлсэн. Намайг яг мөргөөгүй, дайрч ална гээд байсан. Миний биед гэмтэл шарх учраагүй. Тухайн асуудал болсны маргааш Аынд яваад очтол А гэртээ байгаагүй. Т хүүхдийнхээ хамт байсан. Тэгээд би “яав, ийв” гэхэд Т “чи намайг цохисон, ээж чинь намайг чулуутай гараараа цохисон” гэж хэлэхэд нь би тийм зүйл болоогүй гэж хэлсэн. Би хэдүүлээ цагдаа сэргийлэх гээд яахав, энүүгээрээ учраа олъё гэж хэлтэл Т “чи надад 10.000.000 төгрөг өг” гэсэн. Тухайн үед би надад тийм их мөнгө байхгүй, чи явдаг газраараа яв гэж хэлсэн. Би Тг зодсон асуудал байхгүй. Би тухайн үед болсон асуудлыг бүгдийг нь санахгүй, заримыг нь мартчихаад байгаа юм. Тухайн асуудал болох үед Т, А бид 3 их согтуу байсан. Ээж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Тд ээж чамайг цохиогүй гэж хэлсэн. Тэгэхэд Т цохисон гээд гөрдөөд дайраад байсан. Ээж тухайн үед Тг цохисон асуудал байхгүй. Т 10.000.000 төгрөг өг гээд байхаар нь “надад тийм их мөнгө байхгүй, чи явдаг газраараа яв” гэж хэлсэн.” гэсэн  /хх-ийн 136-137/ байна.

Гэрч Т.Д С.Огийн Л.Тг зодсон асуудлын талаар хараагүй байна. Харин  Г, А 2 нэлээн согтуу байсан. Тогосоо архи уух нь уусан, гэхдээ гайгүй байсан. О эгч эрүүл байсан. “ , “... Надаас өөр харсан хүн байхгүй.” гэж мэдүүлжээ. /хх-ийн 28-30/

Шийтгэх тогтоолын үндэслэл болсон хохирогч гэрч нарын мэдүүлэгт дүгнэлт хийж үзвэл хохирогч Л.Тийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар шүүгдэгч С.Оийн өшиглөх үйлдлийн улмаас түүний хамарт гэмтэл учирсан нь хангалттай нотлогдоогүй, зарим гэрчийн мэдүүлэгт эргэлзээтэй нөхцөл байдал байгааг анхаарах шаардлагатай байна. Тухайлбал:: Гэрч О.Гын :  “...Би Аын эхнэр Тийн хамт завилж суугаад юм ярьж байтал А машинаасаа бууж ирээд намайг цохих гээд гараа явуулахаар нь би биеэрээ хойшоо болж бултахад А эхнэрийнхээ хамрын дээд хэсэгт цохисон юм. Дахин юм яриад сууж байхад Т хамраас цус гарлаа гэж хэлсэн ба би яг өөрөө хараагүй. Тэгэхэд нь “би чамайг цохиогүй шүү” гэж хэлсэн. Т бид хоёрыг юм яриад сууж байх үед А машинаа жолоодоод “та хоёрыг дайрч ална шүү пизда минь” гээд машинаа жолоодож яваад байсан. Тэгээд 00 цаг өнгөртөл би Ттой юм ярьж сууж байгаад А, Т хоёроор гэртээ хүргүүлсэн. ...” гэж мэдүүлсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийг хэн, яаж үйлдсэнийг тогтоох, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг заавал олж тогтоохыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

С.Ог Д аймгийн Л сумын “Б” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Л.Тг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтээр  шүүгдэгч хохирогчийг ямар сэдэлт зорилгоор, яаж зодсон, түүнийг зодох болсон шалтгаан нөхцөл нь юу байсан гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн зорилгод нийцүүлэн  эргэлзээгүй тогтоох нь хуульд нийцнэ.

Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуудсанд “...Рентген зурагт: Гавал ясны хугарал, цууралт харагдахгүй...”  гэсэн эмч Бийн онош тэмдэглэгдсэн байхад шинжээч эмчийн хэсэгт газрын үзлэгт: “Хамрын нуруу тэмтрэлтээр баруун талдаа ясны эмгэг хөдөлгөөнтэй...гэж бичигдэж улмаар “..хамар ясны хугарал...” гэсэн дүгнэлт гарсан байдал нь мөн эргэлзээ төрүүлэхүйц нөхцөлийг үүсгэсэн байна.

Хохирогч Л.Т: “О эгч миний үснээс дараад байж байхдаа миний нүүр рүү өшиглөөд салцгаасан. ...” гэснээс үзвэл тэд бие биенээ үсдэлцсэн байх үед О Тг өшиглөсөн үйл баримтын талаар хохирогч мэдүүлдэг байна.

         Энэ талаар шүүгдэгч гомдол тайлбартаа:  Т хэлэхдээ “О миний үснээс дараад байж байхдаа миний нүүр лүү өшиглөсөн...” гэж мэдүүлдэг. Гэтэл шинжээч эмчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар хохирогчийг тус байрлал болох 2 гараараа үснээс нь дараад өшиглөж гэмтээх боломжгүй. Харин “хөдөлгөөний инерци хүч их гарч байж дээрээс нь уян хатан байдлаас хамаарч энэхүү гэмтлийг учруулах боломж үүснэ. Бусдаар үүсгэх боломжгүй” гэсэн тайлбар нь мөн хөгшин настай надаас байтугай хүчтэй залуу хүнээс ийм хүч, уян хатан байдал гарах боломжгүй байгаа юм. Ийм байрлалаас өшиглөөд гэмтлийг учруулах ийм уян хатан залуу хүн ч ховорхон байх. Хөдөлж явахдаа муухан болсон хөгшин надаас ийм хүч, уян хатан байдал гарах боломжтой юу үүнийг шүүх бүрэлдэхүүн  минь анхаарч өгнө үү. Энэ байдлыг тодруулах гэж өмгөөлөгч хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй...гэжээ.

          Шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн нотлох чадвар, нотолгооны шинж чанараар нь үнэлэх хуульд заасан зарчимтай хэдий ч хохирогчийн мэдүүлэгт эргэлзээтэй зүйл байна гэж үзэв. Тухайлбал: Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч хохирогчийн  толгой дээр шээсэн асуудалд шалган тогтоож, хариуцлага тооцоогүй ч хохирогч шээсэн эсэх тал дээр тогтвортой бус мэдүүлсэн байдал нь  хохирогчийн мэдүүлгийн үнэн эсэхэд эргэлзэх нөхцөлийг үүсгэж байна.

         Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн бүх хүмүүсийн мэдүүлгийг тусгасан атлаа “О.Г  шүүгдэгч С.Огийн төрсөн хүү нь байх ба гэрчүүд нь хохирогч, шүүгдэгч нартай хамаарал бүхий ашиг сонирхол нэг этгээдүүд байх тул” нотлох баримтаар үнэлэхгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан “ Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэх заалт, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15-д заасан .хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ,  16.3 дугаар зүйлийн 9-д заасан Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

         Давж заалдах шатны шүүхээс ийнхүү хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн  нотлох баримтын хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзээтэй  байдал үүссэнд  дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд  заасан “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.гэсэн зарчимд нийцүүлэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан  С. Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 22220000... дугаартай эрүүгийн хэргийг хэрэгт бүртгэлтэд буцаасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                    Ц.О 

ШҮҮГЧИД                         Р.М,

                                        Ш.Т