Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2020/00071

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2020/00071

 

 

С.Дуламхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс:149/2020/00285/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр /онлайн/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлоор С.Дуламхандын нэхэмжлэлтэй Ш.Энхтөгсөд холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.972.850 төгрөг гаргуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие нь хүү Б.Мөнхжингийн хамтаар явсан Ш.Энхтөгсийн жолоодож явсан Тоёотай Марк 2 загварын 49-32 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж яваад зам тээврийн осолд орсон. Уг ослын улмаас миний хүү Б.Мөнхжин нас барсан. Миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. ...Би осол болсноос хойш эмчилгээ тогтмол хийлгэж байнгын эмчийн хяналтад байгаа. Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны эмчилгээний зардал болох 2.972.850 төгрөгийг Ш.Энхтөгсөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Энхтөгс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би гурван зүйл хэлнэ. Дуламханд гэдэг хүнтэй 2016 оноос хойш танилцаад жилийн дотор миний амьдралыг бөө гэдэг зүйлээрээ сүрдүүлж далайлгаж, одоо болтол би сэтгэл дотроо шаналж, өөрөө өөрийгөө буруутгаж, охин хүүхдээ санаж явдаг юм. .. Юм л бол мөнгө, мөнгө гэдэг. Намайг хорих 445-р ангид байхад газрын дарга руу хүртэл хоёр, гурван удаа нэхэмжлэл явуулаад наад хүнээс мөнгөө авмаар байна. Хохирлыг минь төлүүлж өг гээд шаардлага явуулсан. Тэр хүн тэрнээс болоод намайг Сэлэнгэ рүү явуулсан. Би Сэлэнгэд ах дүү нараасаа хол хүн амьтан байхгүй. Эргэлт уулзалт байхгүй үнэхээр хэцүү байсан. Би ч гэсэн гомдолтой байна. Би ажил хийж чадахгүй байна. Гэртээ хүүхдээ хараад эхнэрээрээ тэжээлгэж байна. Би ч гэсэн адил үр хүүхдээ алдсан. Адилхан гомдол гаргана. Тийм учраас би зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ш.Энхтөгсөөс гэм хорын хохиролд 2.972.850 /хоёр сая есөн зуун далан хоёр мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дуламхандад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Дуламханд нь Улсын тэмдэгтийн хураамжинд 62516 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Ш.Энхтөгсөөс 62516 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Ш.Энхтөгс нь нэхэмжлэгч С.Дуламханд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ба Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09-р сарын 24-ны өдрийн 464 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. С.Дуламхандын эрүүл мэндэд учирсан 2.972.850 төгрөг надаас нэхэмжилж байна. Бид хоёр сайн танил байсан. С.Дуламхандын бөөгийн асуудлаар Дархан хот ороод буцаж явахдаа осолд орж Дуламхандын хүү , миний охин нас барж бид хоёр биедээ гэмтэл авсан. Энэ хэргийн улмаас хорих ял эдэлсэн. Одоо группэд байдаг. Миний энэ байдлыг С.Дуламханд сайн мэдэж байгаа өөрийнх нь биеийн байдал гайгүй л байгаа гэж би сонссон. Би хэрэгт цугларсан нотлох баримтанд ч эргэлзэж байна. Дээрх байдлыг минь харгалзан үзэж нотлох баримтыг нарийн шалгаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдолд дараах тайлбар гаргаж байна. Осол болсон талаар хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн хувьд удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн шүүх хурал болох үед ухаангүй байсан. Энэ ослын улмаас биед нь ихээхэн өөрчлөлт орж зарим тохиолдолд юмыг давхардуулан хардаг болсон учраас түүний хөдөлмөр алдалтын чадварыг 60 хувь алдсан гэсэн Нийгмийн даатгалын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан байгаа. Одоогоор эмчийн хяналтад байдаг бөгөөд эмнэлэгт үзүүлсэн болон эм тарианы зардлаа хариуцагчаар гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэлтэйгээ холбоотой 15 хуудас нотлох баримт гаргаж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Дуламханд нь хариуцагч Ш.Энхтөгсөд холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохиролд 2.972.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Хариуцагч Ш.Энхтөгс нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчин осол гаргасны улмаас нэхэмжлэгч С.Дуламхандын биед хүндэвтэр гэмтэл учирсан байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Ш.Энхтөгсийг бусдын биед болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцон зохих хариуцлага оногдуулжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан тул нэхэмжлэгч С.Дуламхандын хариуцагч Ш.Энхтөгсөд холбогдуулан эрүүл мэндэд учруулсантай холбогдон гарсан зардал буюу гэм хорын хохирлоо гаргуулахаар гаргасан түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Хэргийн хариуцагч Ш.Энхтөгс нь татгалзлаа ...нэхэмжлэгч С.Дуламханд нь авто осол гаргахад нөлөөлсөн, ослын улмаас эрүүл мэндээрээ адилхан хохирол учирсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул бусдад учруулсан хохирлоо арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь өөрөө тухайн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон нь гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэдэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигчид нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзал түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч Ш.Энхтөгс нь шүүхэд нэхэмжлэлийн татгалзалтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй харин нэхэмжлэгч С.Дуламханд нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 15 хуудас /хх-ийн 22 хуудас/ бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай,ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэнэ гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад дараах дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс ирүүлсэн эм тариа худалдан авсан тухай баримтуудыг нэг бүрчлэн үнэлэн үзэхэд зарим баримтын бичиглэл арилж үзэгдэхгүй болсон, ямар эм тариа худалдан авсан эсэх нь тодорхойгүй, худалдан авсан тухай баримт дээр эм, тариа авсан тухай тэмдэглэл нь харагдаж байгаа боловч үнийн дүн бүдгэрч харагдахгүй болсон, зарим баримт нь эмчилгээ сувилгаатай холбоогүй байх тул тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан доорх баримт болох /хх-ийн 8 хуудас/ 65.150 төгрөгийн, /хх-ийн 9 хуудас/ 206.253 төгрөгийн, /хх-ийн 10 хуудас/ 161.000 төгрөгийн, /хх-ийн 11 хуудас/ 224.767 төгрөгийн, /хх-ийн 12 хуудас/ 103.050 төгрөгийн, /хх-ийн 13 хуудас/ 320.450 төгрөгийн, /хх-ийн 14 хуудас/ 19.066 төгрөгийн, /хх-ийн 15 хуудас/ 62.970 төгрөгийн, /хх-ийн 16 хуудас/ 36.800 төгрөгийн, /хх-ийн 17 хуудас/ 36.520 төгрөгийн, /хх-ийн 18 хуудас/ 132.400 төгрөгийн, /хх-ийн 19 хуудас/ 41.430 төгрөгийн, /хх-ийн 20 хуудас/ 52.206 төгрөгийн, /хх-ийн 21 хуудас/ 38.805 төгрөгийн, /хх-ийн 22 хуудас/ 57.345 төгрөгийн буюу нийт 1.558.212 төгрөгийн баримтууд хуулийн шаардлага хангасан гэж үзлээ.

Харин 1.414.638 төгрөгийн баримт нь хуулийн шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2.972.850 төгрөгөөс нотлох баримтаар тогтоогдсон 1.558.212 төгрөгийн шаардлагыг хангаж,үлдэх 1.414.638 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж тооцон 39.881 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ш.Энхтөгсөөс эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1.558.212 /нэг сая таван зуун тавин найман мянга хоёр зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дуламхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.414.638 /нэг сая дөрвөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун гучин найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтыг:

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Дуламханд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Ш.Энхтөгсөөс тэмдэгтийн хураамж 39.881 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ш.Энхтөгсөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 62.520 төгрөгөөс давж заалдах гомдол хангагдсан хэсэгт ногдох 37.584 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх хэсгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН