Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Насанд хүрээгүй хохирогч Б.П-г төлөөлж Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгаалал, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Рагчаа,

Шүүгдэгч А.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Л-д холбогдох эрүүгийн 1838000000168 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Л. 

Шүүгдэгч А.Л нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоотод байрлах гэртээ 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд болох 5 настай Б.П-той харгис хэрцгий харьцаж, сэтгэл санааны зовиур шаналал үүсгэж зодсоны улмаас биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Л нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоотод байрлах гэртээ 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд болох 5 настай Б.П-той харгис хэрцгий харьцаж, сэтгэл санааны зовиур шаналал үүсгэж зодсоны улмаас биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...намайг аав Л зодсон учраас миний бие шархтай, өвчлөлтэй болсон. ...намайг аав түлээ оруулах гэж байхад гэдэс рүү өшиглөөд галын төмөр хайчаар гарыг минь хавчин, ээжийн цүнхний оосроор ороолгосон. Чихийг минь татаж ураад тоглоомон динозавр амьтнаар нүдний доод тал руу цохьсон. ...намайг аав олон удаа зоддог. ...аав намайг өшиглөж унагаасан, миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 09-12 дугаар хуудас/,

Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай ангийн сурагч П ...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ирэхдээ нүүрэндээ шалбарсан нэг долоовор хуруу нь идээлсэн ирэхээр нь ээжээс нь яасан талаар асуухад зүгээрээ гэсэн. Би өдөр ангийнхаа хүүхдүүдийг унтуулах гээд хувцаснуудыг нь тайлуулж оронд нь оруулах гэтэл П-ын бүх бие нь хөхөрч няцарсан байдалтай байхаар нь цагдаад хандсан юм. ...би асуусан чинь аав намайг түлээ оруулах гэж байхад гэдэс рүү өшиглөөд тоглоомоор шидээд төмөр хайчаар гар хавчсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг ажлаасаа буугаад гэртээ ирэхэд манай хүү П-ын зүүн гар нь түлэгдчихсэн байсан. Тэгэхээр нь би хүүгээсээ яасан талаар асуухад намайг аав түлээ авч өгч байхад аав галын хайчаар хавчсан гэж хэлсэн. Тэгээд хүү П-ыг орой усанд оруулах гэж байгаад хувцасыг нь тайлтал бие нь хөх алаг болчихсон байхаар нь яасан талаар асуухад аав намайг зодсон гэж хэлсэн. Би нөхөр Л-оос “чи яаж байгаа юм бэ” гэхэд дахин зодохгүй, П хоёр дүүтэйгээ хэрэлдээд байхаар нь би гарыг нь цохьсон гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 Гэрч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай хамт ажилладаг А гэдэг залуу руу Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч О утасдаад 2 дугаар цэцэрлэгийн 5 настай ангид хүүхэд гэртээ зодуулсан байдалтай ирсэн байна гэсэн дуудлагын дагуу очиход 5 настай П гэдэг хүүхэд давтамжтайгаар зодуулсан шинэ болон хуучин сорвитойгоор харагдаж байсан. Мөн биеийн ар нуруу болон бүх хэсгээрээ хөхөрч хавдсан байсан. Тиймээс шүүх эмнэлэг дээр очиж үзүүлээд нэгдсэн эмнэлэгт эмч нарын үзлэгт оруулж гэмтлийн тасагт хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Р.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “П-ын бүлгийн багш Б надад П-ын бие хөх алаг болсон байна гэхээр нь ангид орж үзтэл П-ын бүх бие хөхөрсөн байсан. Би П-оос яагаад бүх бие нь хөхөрсөн талаар асуухад аав зодсон гэж хэлсэн. Би цагдаа руу утасдаж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, 

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай: “Б.П-ын биед баруун хацар, чих, эрүү, баруун шуу бугуйнд шинэ зулгаралт, зүүн бугалга, алга, цээж, дал, хэвлий, баруун ташаа, умдаг, баруун зүүн гуянд цус хуралт, баруун бугуй болон зүүн сарвуу, баруун сарвууны 4-р хуруунд тус тус 2-р зэргийн түлэгдэлт, хамар яс болон 12-р хавирганд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...Б.П-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

            Шүүгдэгч А.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дагавар хүү П-ыг түлээ аваад өг гэтэл түлээ авч өгөхгүй байсан. Тэгэхээр нь би сураар дал руу нь ороолгосон. Тэгээд дараа нь борви хэсэг рүү нь өшиглөсөн. Гарыг нь хайчаар түлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

            Эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 52-56 дугаар хуудас/,

            Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 60-63 дугаар хуудас/,

            Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 70-74 дүгээр хуудас/,

            Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 75-81 дүгээр хуудас/,

            Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх-ийн 93-95 дугаар хуудас/,

            Аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит бус нэгдүгээр хурлын тэмдэглэл /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

            Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 98 дугаар хуудас/,

            Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтан Б.А-ын дүгнэлт /хх-ийн 103 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч А.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Л- нь урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай  болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/, Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай: “1. А.Л нь сэтгэцийн хувьд эрүүл. 2. А.Л нь сэтгэцийн тасгаар үйлчлүүлж байгаагүй. 3. А.Л нь болсон хэргийн талаар үнэн зөв хариулна. 4. А.Л нь хэрэг хариуцах чадвартай, албадан эмчилгээ шаардлагагүй” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Л-ийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учирсан, насанд хүрээгүй хохирогч Б.П-ын эмчилгээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай тоот /хх-ийн 114 дүгээр хуудас/-д дурьдсанаар 95.746 төгрөгийн зардал гарсан бөгөөд дээрх зардал нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч А.Л-оос 95.746 /ерэн таван мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Р-д олгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн 1838000000168 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Л-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-ийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож 30 хоног буюу 01 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 /нэг/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-д оногдуулсан 01 /нэг/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Л-оос 95.746 /ерэн таван мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Р-д олгосугай. 

6. Гэр бїлийн тухай хуулийн 64 дүгээр зїйлийн 1.3, 66 дугаар зїйлийн 66.1-д зааснаар  2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Б.П-т асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргад үүрэг болгосугай.

7. Эрүүгийн 1838000000168 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л-д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НЯМСҮРЭН