| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05573/И |
| Дугаар | 102/ШШ2024/01992 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/01992
2024 оны 04 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2024/01992 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:................................
Хариуцагч, хүсэлт гаргагч: ............................
Нэхэмжлэл, хүсэлтийн шаардлага: ....................................
.................................” ХХК-иас татварын өр төлбөрт 148,504,922 /нэг зуун дөчин найман сая таван зуун дөрвөн мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай . ..............дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., хариуцагчийн өмгөөлөгч.................., хэрэг гүйцэтгэгч .............. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .................... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч “....................” ХХК-ийн төлөөлөгч ............... шүүхэд гаргасан хүсэлтэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улсын бүртгэлийн ................. дугаар, ............ тоот регистрийн дугаартай “................” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, геофизикийн суурь судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 20,000 төгрөгийн дүрмийн сантай 3 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Манай компани 2018 онд Хурд группийн хамаарал бүхий “................... ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлыг “................” Гадаадын хөрөнгө оруулалттай компанитай уул уурхайн инженер техникийн мэргэшсэн болон мэргэшсэн оператор, механикийн багийг бүрдүүлэх, туслах гүйцэтгэгч компаниар ажиллах зорилгоор “..................” ХХК-ийг үүсгэн байгуулж, “............... ХХК-тай менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг байгуулж ажилласан юм. Тус гэрээний дагуу уурхайд ажиллах 100 орчим мэргэшсэн ажиллах хүчнийг цуглуулж “...............” ХХК-ийн нүүрсний уурхайн уулын ажлын инженер, техникийн ажилчид, оператор болон механикуудыг хариуцан ажиллах, мэргэжлийн, стандарт, хөдөлмөр аюулгүй ажиллагааны болон техник эдийн засгийн үндэслэлд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэж байсан. Гэрээний төлбөрийг гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр буюу сард гүйцэтгэсэн уулын цулын хэмжээгээр тохирсон байсан боловч Хурд группийн хамаарал бүхий “....................” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоох, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах зорилгоор зарим нэг улс төрд нөлөө бүхий этгээдүүд, хэвлэл мэдээлэл, орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагын удаа дараагийн дарамт шахалт, сүрдүүлгээс шалтгаалж уул уурхайн үйл ажиллагаа хэд хэдэн удаа зогсох, ажил гүйцэтгэх боломжгүй болох зэрэг шалтгаануудын улмаас ажлын гүйцэтгэл багасч, ажилтнуудын цалинг бүрэн олгож хүрэлцэхгүй нөхцөл байдал тулгарч, ажилчдаа алдах эрсдэлд хүрээд байлаа. Иймд энэ нөхцөл байдлыг давагдашгүй хүчин зүйл гэж талууд харилцан тохиролцож “.................” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр бус, ажилчдын цалингийн хэмжээгээр нэхэмжилж авахаар өөрчлөн ажиллаж байсан.
Гэтэл Монгол улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Байгалийн нөөц, газрын хилийн заагийг тогтоох тухай 319 дугаартай тогтоол гарч, уг тогтоолоор уурхайн газрыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэж, “...............с” ХХК, .” ХХК-ийн ашигт ..................малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон. Манай компани үйл ажиллагаа эхэлсэн эхний жилд хэдийгээр алдагдалтай ажиллаж байсан хэдий ч цаашид уурхайн ажил жигдэрснээр манай ашиг нэмэгдэнэ гэсэн хүлээлттэйгээр ажиллаж байсан боловч биднээс үл шалтгаалах хүчин зүйлсээс болж компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон юм. Манай компани 2021 оны санхүүгийн тайлангаар 1,160,900 төгрөгийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөтэй, газар, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл болон бусад хөрөнгөгүй, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар харилцах дансны үлдэгдэл 0.00 төгрөг байна. Өр төлбөрийн хувьд Баянгол дүүргийн ..................148,504,922 төгрөгийн, Баянгол дүүргийн .................... 58,436,400 төгрөгийн, нийт 206,941,322 төгрөгийн өр төлбөртэй байна. Ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг компанийн хувьцаа эзэмшигчид өөрийн хөрөнгөөр барагдуулж дуусгасан. Бусад этгээдэд өөр ямар нэгэн өр төлбөр байхгүй. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар бусдаас авах авлага байхгүй. Энэ өдрийн байдлаар өөрийн хөрөнгөөсөө хэт давсан буюу 1782%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байгаа бөгөөд цаашид тус компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх санхүү, эдийн засгийн нөөц боломж байхгүй болсон нөхцөл байдлуудад үндэслэн дампуурлын хэрэг үүсгэн, төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэж өгнө үү.
Манай компани бол зөвхөн ажиллах хүчээр хангах үйл ажиллагаатай байгууллага байсан. Ажил гэнэт зогсоход тухайн үедээ татвар, нийгмийн даатгалын тайлан илгээгдсэнийг ч мэдээгүй явж байсан. Нийгмийн даатгалаас шүүхэд хандаад, шүүхийн шийдвэр гарсны дараа нь би мэдсэн. Энд ашигтай ажилласан, өртэй гээд татварт тайлагначихсан байсныг сүүлд олж мэдсэн. Яагаад ингэж тайлагнасныг ойлгоогүй. Нэгэнт ийм тайлан гаргаад, төлбөр үүссэн учир хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас дампууруулж өгөөч гэж хүсэж байгаа. Бид нийгмийн даатгал болон татварын өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн учраас дампуурах хүсэлт гаргасан. Иймд дампууруулж өгнө үү.
Хариуцагчийн өмгөөлөгч: Дампуурлын эрх зүйд төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж байгууллагуудыг зомби буюу амьд үхдэл компани гэж нэрлэдэг. Яагаад гэвэл үйл ажиллагаа явуулах боломжгүй, улсын бүртгэлээр бол амьд юм шиг байдаг учраас Олон улсын ийм нэршил байдаг. Дампуурал үндсэн 3 төрөл байдаг. Санаатай, болгоомжгүй, азгүй тохиолдлын дампуурал байна. Зориуд буюу санаатай дампуурлыг эрүүгийн журмаар шийдвэрлэнэ. Болгоомжгүй дампуурлыг иргэний журмаар шийдвэрлэнэ. Манай тохиолдлын хувьд азгүй байдлын дампуурал юм. Учир нь уул уурхайн боловсон хүчнээр хангах үйл ажиллагаа эрхлэх явцад Босоо хөх монгол нэртэй тэмцэгчид уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй гэж тэмцэж, “.........................” ХХК нь улс төрд нөлөө бүхий иргэн болох Хурд групп өртсөн учраас Засгийн газрын тогтоол гарч уул уурхайн ажлыг бүхэлд нь хаасан шийдвэр гарснаас болж үйл ажиллагаа цаашид явуулах бүрэн боломжгүй болсон. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төлбөрийн чадваргүйд тооцохоор зохицуулсан ба санхүүгийн тайлан, балансын аргаар шийдвэрлэхийг зааж өгсөн. Төлбөрийн чадваргүйд тооцохдоо бэлэн мөнгөний хүрэлцээтэй байдал /cash flow/ болон балансын байдлаар шийддэг. Улсын дээд шүүхийн тайлбараар “төлбөрийн чадваргүй байдал”-ыг тайлбарласан. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын лавлагаануудаас тус компани нь Худалдаа хөгжлийн банкинд 46,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь cashflow байдлын хувьд төлбөрийн чадваргүй болсон гэх байдал харагдаж байна. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүхэд хэргийн оролцогчдоос тус компанийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт ирүүлээгүй, Татварын байгууллага нь төсвийн байгууллага учраас дахин хөрөнгөжүүлэхээр хөрөнгө гаргах боломжгүй бөгөөд ийм хүсэлт ирүүлээгүй учир Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар дампуурсанд тооцож татан буулгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна...гэв.
2. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн .............. хэлтсийн дарга ...........шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, уг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“......................” ХХК нь Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн ногдлоор 48,570.82 төгрөгийн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн ногдлоор 53,063,099.05 төгрөгийн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ногдлоор 95,393,252.56 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байх тул тус хуулийн этгээдээс улсад төлөх татварын өрийг гаргуулж өгнө үү. Татвар төлөгч өөрөө тайлангаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь борлуулалтын орлого юм. Эндээс хасагдах зардлыг хассан үнийн дүнгийн 10 хувь дээр татвар тооцогдоно. 953,000,000 төгрөгийг борлуулалт гэж тайлагнасны 10 хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвар юм. Ашиггүй, зөвхөн цалин тавих гэж мөнгө авсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хуулиар олгогдсон үүргээ биелүүлж татвараа төлөх үүрэгтэй. Улсад төлөх ёстой 148,504,922.43 төгрөгийг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.
3. Хариуцагч “......................” ХХК-иас нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Татварын нэхэмжлэлийн шаардлагатай маргаан байхгүй, зөвшөөрч байна...гэв.
4. Хүсэлт гаргагч “.................... ХХК нь хүсэлтийн үндэслэлээ нотлохоор: ................... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-4/, компанийн шинэчилсэн дүрэм /1-р хх-5-7/, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр /1-р хх-8/, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-10/, “......................” ХХК-ийн 2018-2021 онуудын жилийн санхүүгийн болон татварын тайлангууд /1-р хх-11-67/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1-р хх-68/, “...................” ХХК-ийн нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ, хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр хаяг төлбөрийн хэмжээ /1-р хх-69-70/, ажилчдын цалин олгох хүснэгт /2-р хх-50-65/, “.........................ийн дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-78-79/, “.................. ХХК-ийн аудитын тайлан /2-р хх-19-33/, Монгол улсын Сангийн яамны 2023 оны 03/7442 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх-34/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
5. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн .......... хэлтсээс шаардлагын үндэслэлээ нотлохоор: “..............” ХХК-ийн татварын тооцоолол /2-р хх-44/, мөн компанийн 2018, 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /2-р хх-84-89/, 2020 оны Х тайлан /2-р хх-90-92/, Татварын хяналт шалгалт хийх томилолт /2-р хх-93-94/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 01777 дугаар захирамжаар “.......................” ХХК-ийн өмчлөл эзэмшилд газар, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх, хуулийн этгээдийн түүхчилсэн лавлагаа, компани болон эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчид ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх, шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа байгаа эсэх, татварын өр төлбөр, нийгмийн даатгалын өр төлбөр байгаа эсэх, арилжааны банкуудад харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг эсэх, зээлийн өр төлбөртэй эсэх, гаалийн өр төлбөр, авлагатай эсэх лавлагаа, 2018-2023 он хүртэл хугацааны санхүүгийн тайлан, шүүхүүдэд хэрэг маргаан шийдвэрлэгдэж дууссан эсэх лавлагаа зэргийг нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-81/, захирамжийн дагуу шүүхүүдээс лавлагаа бүхий албан бичгүүд /1-р хх-120-123, 167-168/, арилжааны банкууд лавлагаа бүхий албан бичиг, дансны хуулгууд /1-р хх-124, 130-143, 147-152, 157-166, 169-170, 178, 181-186, 194-195/, ШШГЕГ-ын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас лавлагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтын хамт /1-р хх-125-129/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-144-146/, “Готик голд менежмент” ХХК төлбөр төлөгчөөр бүртгэлгүй тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа бүхий албан бичиг /1-р хх-153/, Сангийн яамнаас 2018, 2019 онуудын санхүүгийн тайлан /1-р хх-171-177/, Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөлтийн мэдээлэл бүхий албан бичиг /1-р хх-179-180/, Авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа /1-р хх-187-191/, Гаалийн ерөнхий газраас лавлагаа бүхий албан бичиг /1-р хх-192-193/, Татварын ерөнхий газраас лавлагаа бүхий албан бичиг /1-р хх-196-197/, Нийслэлийн газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас албан бичиг /1-р хх-198-199/, Ашигт малтмал, газрын тосны газраас албан бичиг /1-р хх-200/ зэрэг болно.
7. Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17779 дугаар захирамжаар дампуурлын түр хэрэг гүйцэтгэгч томилж /2-р хх-2/, түр хэрэг гүйцэтгэгч “..................” ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр санал, дүгнэлт гаргаж /2-р хх-12-16/, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21180 дугаар захирамжаар “......................” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож /2-р хх-37-39/, “Өнөөдөр” өдөр тутмын хэвлэлд “..................т” ХХК төлбөрийн чадваргүй болсныг нийтлэн мэдээллэж /2-р хх-40-41/, нэхэмжлэгч Баянгол дүүргийн ......................хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /2-р хх-43/
8. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчдийн хурлыг 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр зарлаж, тус хурлаас ................ дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр томилохоор шийдвэрлэж /2-р хх-47/, шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 04384 дүгээр захирамжаар ............... дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр томилсон. /2-р хх-49/
8.1. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч ...................гаргасан дүгнэлтэд: “.................” ХХК нь жил бүр буюу 2019, 2020, 2021 онуудад татварын байгууллагад тайлан тэнцлээ гарган тайлагнаж байсан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2018 оны ТТ-02 маягтаар 130 хүн ажиллаж байсан бол 2019 оны ТТ-02 маягтаар 112 хүн ажилласан мэдээтэй байснаа 2020 онд үйл ажиллагаа нь зогссон байна. 2018-2021 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг 2 хувилбараар тооцож үзэхэд 1-р хувилбараар компани 206,941.3 мянган төгрөгийн өрөнд орж, өөрийн хөрөнгийн 42,5-196,4 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт оржээ гэсэн тооцоо гарсан бол 2-р хувилбараар 189,045.1 мянган төгрөгийн өрөнд орж, өөрийн хөрөнгийн 275.3 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон гэсэн тооцооны үр дүн гарч байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасан байдаг. Тус компанийн 2018-2021 оны санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр 2019 оноос санхүүгийн хүнд байдалд орж, төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэж байна. Энэ дүгнэлт нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1............... дугаар захирамжаар “........................” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон дүгнэлттэй тохирч байна.
.” ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ..........дугаар шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 87,654,641 төгрөгийг төлөх, улсын тэмдэгтийн хураамж 596,223 төгрөгийг тус тус төлж чадаагүй бөгөөд “..............” ХХК-иас 120,000,000 төгрөгийн авлагаа нэхэхэд БНХАУ-ын иргэд үйл ажиллагаа нь явахаа болихоор 2019 онд нутаг буцаад явсныг мэдээгүй, түүнээс хойш үйл ажиллагаа зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндэслэл болжээ. Тус компанид хуваарилагдах хөрөнгө байгаа эсэхийг тодруулахад 2021 оны санхүүгийн тайланд 56,448.27 төгрөг байсан гэх боловч банкны лавлагаагаар ямар ч мөнгөн хөрөнгийн мэдээлэл гараагүй. 2019-2021 оны санхүүгийн тайлангаар дансны авлага 120,000,000 төгрөгийн авлага сүүлийн 3 жил хөдөлгөөнгүй байсан байна. Гэтэл “..................” ХХК-тай Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний дагуу энэ төлбөрийг авах гэсэн боловч тус компанийн эзэд болох БНХАУ-ын иргэд 2017 онд нутаг руугаа гарч яваад тэр чигтээ ирээгүй тул нэхэмжилж авч чадаагүй байсаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарласан. Санхүүгийн тайланд ямар нэгэн үндсэн хөрөнгө бүртгэгдээгүй байна. Гүйцэтгэх захирал З.Түмэнжаргал 2023 оны 4 дүгээр сарын 14-ний бичгээр “шаардсан үндсэн хөрөнгө, хөрөнгө, бараа түүхий эд, бусад ямар нэгэн материал тус компанид байхгүй” гэжээ. 2021 оны санхүүгийн тайланд эзэмшигчдийн өмч 20,000 төгрөг, хуримтлагдсан алдагдал 68,649,885.44 төгрөг болж, эзний өмчийн дүн 68,629,885.44 төгрөг болсон байна. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн болон бусад баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд, шүүхийн шийдвэрүүд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээр “.....................” ХХК нь 2019 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэлтэй гэж үзэж, хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах санал оруулж байна...гэжээ.
8.2. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар хариуцагч нь өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш буюу 275%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. “Готик голд мине” гэдэг компаниас авлагаа авч чадаагүй юм байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл байгаагүй. Татварын өр 148.5 сая, нийгмийн даатгалын өр 87.6 сая, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас лавлахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй байсан. Хуваарилагдах хөрөнгө одоогоор байхгүй байна. Улс даяар төлбөрийн чадваргүйд тооцож зарласан ч Баянгол дүүргийн ........... хэлтэс л нэхэмжлэл гаргаж ирсэн байна. Дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй учир татан буулгах үндэслэлтэй байна гэж үзэж санал оруулсан...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч “..............” ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт болон “................. ХХК-иас татварын өр төлбөрт 148,504,922.43 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн ............ хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. “...................” ХХК нь хүсэлтийн үндэслэлээ “Хурд группын хамаарал бүхий Сауд гоби транс ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажилд оролцох ажилд туслах гүйцэтгэгчээр оролцох зорилгоор 3 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, ................ Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажилласан боловч удаад араагийн дарамт шахалт, сүрдүүлгээс шалтгаалан үйл ажиллагаа хэд хэдэн удаа зогссоны улмаас гүйцэтгэл багасч, ажилтнуудын цалин олгож хүрэлцэхгүй болж, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 319 дүгээр тогтоолоор уурхайн газрыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авч, тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаар өөрсдөөс үл шалтгаалах хүчин зүйлсээс болж үйл ажиллагаа бүрэн зогссон. Ажил гэнэт зогсоход татвар, нийгмийн даатгалын тайлан илгээгдсэнийг мэдээгүй байсан. Ашигтай ажилласан, өртэй гээд татварт тайлагнасан байсныг сүүлд олж мэдсэн. Яагаад ингэж тайлагнасныг ойлгоогүй” гэж тайлбарлан, төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцуулан, татан буулгуулахыг хүссэн байна.
3. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс шаардлагын үндэслэлээ ....................... ХХК-иас Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн ногдлоор 48,570.82 төгрөгийн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн ногдлоор 53,063,099.05 төгрөгийн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ногдлоор 95,393,252.56 төгрөгийн татварын өрийн үлдэгдэл, нийт 148,504,922.43 төгрөгийн татварын өр төлбөр гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлон, хариуцагч “....................” ХХК нь тус нэхэмжлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.
4. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдоос гаргасан тайлбар, дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, санал зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. “....................” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр . “..............Г.........” ХХК, .................нарын гурван гишүүнтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө, 302 дугаар байрны ..... тоот хаягт байрлах, гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, геофизикийн суурь судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 20,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд ....... тоот хувийн хэргийн дугаар, ............. регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байна.
4.2.................. ХХК нь Нийслэлийн дүүргүүдэд өмчлөлийн болон эзэмшлийн газаргүй, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, тус компанийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, мөн компанийн эзэмшилд ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүртгэлгүй, өмнө бүртгэлтэй байсан тухай мэдээлэл байхгүй болохыг холбогдох байгууллагууд шүүхэд лавлагаа ирүүлсэн байна. Түүнчлэн, хүсэлт гаргагч нь арилжааны банкуудад данс эзэмшдэггүй байна.
4.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ............дугаар шийдвэрээр “...............ХХК-иас 87,654,641 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн Нийгмийн ............хэлтэст олгох, улсын тэмдэгтийн хураамж 596,223 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэж, мөн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу ШШГЕГ-ын харьяа, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
5. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ........... нь төлбөр авагч Баянгол дүүргийн .............даатгалын хэлтэст . төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 596,223 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулах үүрэгтэй болох нь зохигчдын тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдсон, хариуцагчийн 2018-2020 онуудын татварын тайлан болон зохигчдын тайлбараар нийт 148,504,922.43 төгрөгийн татварын өртэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Баянгол дүүргийн .............хэлтсийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
6. Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21180 дугаар захирамжаар “....................” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, “Өнөөдөр” өдөр тутмын хэвлэлд ...................” ХХК төлбөрийн чадваргүй болсныг нийтлэн мэдээллэж, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан.
7. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчдийн анхны хурал 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хийгдэж, хуралд оролцогч нэхэмжлэгчийн 100% саналаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр .................... дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр томилон, шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 04384 дүгээр захирамжаар .................. дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
8. Хэрэг гүйцэтгэгч 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр №01 тоот дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн. Уг дүгнэлтээр ..................ХХК-ийг Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар хариуцагч нь өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш буюу 275%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон гэж дүгнэн тус компанийг татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж, хариуцагчийг татан буулгах санал гаргасан.
9. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу зохигчдоос болон хэрэг гүйцэтгэгчээс “Готик голд менежмент” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, хүсэлт шүүхэд гаргаагүй байна.
10. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс ...................-ийн өөрийн нийт хөрөнгө болон өр төлбөрийн нийт дүн, зохигчдын дахин хөрөнгөжүүлэх хүсэл сонирхолгүй байгаа зэргийг харьцуулан дүгнээд, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар .................К-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж үзлээ.
12. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “....................... татварын өр төлбөр гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт тус тус зааснаар хуулиар тогтоосон хугацаанд татвар төлөх үүрэг хүлээнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир Баянгол дүүргийн татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ.
13. Нэхэмжлэгч нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд шүүх “....................” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хуулийн этгээдийн 6333915 регистртэй “................. ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ......................ХХК-иас татварын өр төлбөр 148,504,922.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэтсийн нэхэмжлэлийг хангасугай.
3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар .....................ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч ....................... шилжүүлсүгэй.
4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсгүүдэд зааснаар ................... ХХК-ийг татан буулгах ажиллагааг явуулж дуусгавар болгон, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, Улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ......................” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг дурдсугай.
6. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар /С.Нэргүй/-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд, шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА