| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/01364/И |
| Дугаар | 102/ШШ2023/03722 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2023/03722
2023 оны 10 дугаар сарын 17 өдөр Дугаар 102/ШШ202/03722 Улаанбаатар хот
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч О, Б сум, 0 дугаар баг, 0 замын уулзвар, өөрийн байранд байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Үндсэн хуулийн дугаар гудамжинд байрлах Ш Б х з х т б ажлын албанд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А
Бие даасан шаардлага гаргаагүй этгээд “К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Бие даасан шаардлага гаргаагүй этгээд Л.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М” ХХК, хариуцагч Н холбогдуулан дараалал 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд тус шаардлагаа дэмжиж оролцож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02180 дугаартай шийдвэр гарч, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 437 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор “М” ХХК-аас 1.274.170.305 төгрөг 65 мөнгө гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Шийдвэр, магадлал, тогтоолууд дээр нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд байгаа.
Хэрвээ төлбөр төлөгч үүргээ биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гарсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “М” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Гтийн өмчлөлд бүртгэлтэй Ү-0000000000 дугаартай, Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 1 дүгээр хороо, “Богд холдин” ХХК-ийн барьсан 0 дүгээр байрны 00 тоот, 139.12 метр квадрат талбайтай, 5 өрөө орон сууцыг 400.000.000 төгрөгт тооцон “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч өөрийн төлбөрт тооцон энэ үеэс хөрөнгийн өмч шилжүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын алба явуулсныг хууль бус гэж үзэж байна.
Л.Гт, Э.С нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч, төлбөр авагч биш. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг “М” ХХК төлөх үүрэгтэй. Хэрэв төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан хөрөнгөөс албадан дуудлага худалдаа явуулах журмаар төлөх ёстой.
Гэтэл энэ хуульд заасан журмыг зөрчиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах газар банкны эрх хүлээн авагч болон гуравдагч этгээд Л.Гт нартай ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү.
Л.Гт 2014 онд “М” ХХК-д хувьцаа эзэмшигч байх үедээ н.Батзориг гэх хүнтэй нийлж 1.200.000.000 төгрөгийг зээлэхдээ өөрийнхөө хөрөнгийг барьцаанд тавьсан.
“М” ХХК-ийг 2016 онд Э.Золбаяр, н.Наранхүү гэх хүмүүс рүү шилжүүлэхдээ 1.200.000.000 төгрөгнөөс юу ч байгаагүй. Тухайн зээлсэн мөнгийг Л.Гт, н.Батзориг гэх хүнтэй хамтран захиран зарцуулсан.
Миний хувьд хариуцагчийн татгалзал болоод байгаа 84 дүгээр зүйлийг арай өөр зохицуулалт гэж ойлгож байна.
Төлбөр төлөгчийн бусдын барьцаанд байгаа хөрөнгийг суутгал хийх зохицуулалт гэж ойлгож байна.
Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсгийг барьж барьцааны орон сууцыг бусдад шилжүүлсэн ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй.
2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад тухайн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуул гэсэн байдаг. 2022 оны 06 дугаар сарын 20-ны албадан гүйцэтгэх захирамж, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0187 дугаартай гүйцэтгэх хуудас дээр мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлээс борлуулсан үнийг хасах гэж үүрэг болгосон.
Шүүхийн шийдвэр ийм байдлаар биелэгддэг бол төлбөр төлөгчийн эрх байх хэрэггүй. Тухайн зээлийг Л.Гт гэх хүн авсан.
Шүүхийн журмаар борлуулаагүйгээс үүдээд төлбөр төлөгч өөрийнхөө хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу эрхээ эдэлж, баталгаажуулах ажиллагаанд оролцох ёстой.
Хэрвээ мэдэгдэх хуудас гардуулаагүй бол эрэн сурвалжлуулах, албадан ирүүлэх гээд хариуцагчид хуулиар олгосон эрх байдаг.
Өнөөдөр ганц Л.Гтийн эрх ашиг гэж яригдаж байгаа боловч энэ ажиллагаа хууль ёсны байх ёстой.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль гэж байна.
Шүүх барьцааны зүйлийг худалдах үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж тодорхой заасан. Энэ хуулийн зохицуулалтыг зөрчсөн.
Гуравдагч этгээд мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож болно гэж заасан.
Гэвч энэ хуульд дуудлага худалдаанд орох үнийн саналыг тохиролцох агуулгыг талууд илэрхийлж байна.
Түүнээс энэ заалтыг үндэслээд шүүхийн бус журмаар ажиллагаа явуулсан нь хууль ёсны байна гэсэн хууль зүйн үндэслэл бүрдэхгүй учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгааг хангаж өгнө үү, гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М” ХХК-аас банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авч дараахь тайлбарыг гаргаж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02180 дугаартай Шийдвэрээр “М” ХХК-аас 1.274.170.305 төгрөг 65 мөнгө, улсын тэмдэгтийн хураамжид 6.528.801 төгрөгийг гаргуулан “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас тус газарт 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч “М” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Гтийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, “Б.Х” ХХК-ийн барьсан, 0 дүгээр байрны 00 тоот, 139.12 метр квадрат талбайтай, 5 өрөө орон сууцыг талууд харилцан тохиролцож “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч 400.000.000 төгрөгийн төлбөрт тооцон Э.Сгийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах талаар хүсэлт гаргасан.
Энэ хүсэлтийг үндэслэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай Албан бичгийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч эсвэл барьцаалагчийн хүсэлтийг үндэслэн барьцааны хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах эсвэл төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлэх шийдвэр гаргана гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул “М” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А: Манайхаас барьцаа хөрөнгийг заавал дуудлага худалдааэд борлуул гэсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу талууд тогтоолтойгоо хамт хүсэлт гаргах, төлбөр авагч төлбөртөө тооцон авах хүсэлт ирүүлсний дагуу манайх төлбөр авагчид шилжүүлдэг.
Энэ журмын дагуу ажиллагаа явагдсан, гэжээ.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дээрх зээлийг “М” ХХК, К” банк ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан. Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд Л.Гт, С.ОюунГ мөн “М” ХХК-ийн хөрөнгүүд барьцаанд байдаг. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гурван шатны шүүхийн шийдвэр эцэслэж гараад “М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэг , улсын тэмдэгтийн хураамжид 1.280.699.106 төгрөг 65 мөнгийг гаруулж, сайн дураараа төлбөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулна гэж заасан. Үүнээс хойш төлбөр яаж төлөгдсөн гэхээр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “М” ХХК 90.000.000 төгрөгийг төлж н.ОюунГ н.Ариунжаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн. Учир нь шүүх дээр хэрэг маргаан явж байх үед уг иргэний биеийн байдал муудсан тул 90.000.000 төгрөгийг төлж чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн яриа явагдсан.
Өөрөөр хэлбэл шаардлага өндөртэй, бие муу байсан учраас “М” ХХК-ийг шахаж хамгийн түрүүнд энэ хүмүүсийн төлбөрийг төлж хэл амнаас салж байгаа нэг хэлбэр. Үүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 119.170.306 төгрөг төлсөн. Энэ төлбөрийг компанийн удирдлага н.Наранхүү, Э.Золбаяр нар болж өөрчлөгдсөнөөсөө хойш төлсөн.
Дахин төлбөр төлөгдөөгүй. Банкны төлбөр барагдуулах газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Тогтоолоор үүсгэж мэдэгдлийг гардуулах гэсэн боловч гардаж авахгүй байсан.
Гардаж авахгүй явсаар 01 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд Э.Золбаяр хөрөнгө байдлын мэдүүлэгтээ “М” ХХК сард 700.000.000-800.000.000 төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг гэдэг тайлбарыг өгдөг.
“М” ХХК Эрдэнэт хотод байрлаж үйлдвэрийн ажилласан масолыг шатаах зууханд хийж нэрээд дизель бүтээгдэхүүн гаргах зориулалттай үйлдвэр. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнийг үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нар харилцан тохиролцох эрхтэй. Нэгэнт үүрэг гүйцэтгэгчээс өөр этгээд өмчлөгч байгаад үүрэг гүйцэтгэгч өр төлбөрийг төлөхгүй байхад өмчлөгчтэй харилцан тохиролцох боломжтой гэж үзэж байгаа.
Харин Л.Гтийн өмчлөлийн орон сууцыг түүний оролцоогүйгээр “М” ХХК-тай тохирох боломжгүй. Төлбөр авагчийн зөвшөөрөлтэйгөөр өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх нь хуулиар нээлттэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад үнэлгээчиний гаргасан үнийн 70 хувиар, зарагдахгүй бол 50 хувиар хямдруулах зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл Л.Гтийн хувьд үнэлгээчний үнийн дүнгээс 50 хувиар хямдруулаад алдах эрсдэл бодитоор үүссэн байсан. Бид удаан хугацаанд хоорондоо уулзсан. “М” ХХК-тай уулзаж чаддаггүй, утсаа авдаггүй, ирдэггүй нөхцөл байдал үүссэн.
Л.Гт хадгаламж банкнаас авлагатай этгээд Э.С гэх хүнд буюу банкны эрх хүлээн авагчаар баталгаажсан дараалалд байдаг иргэнтэй уулзаад хоорондоо тохиролцоод ирсэн. Би жилийн хугацаанд Э.Сд 2.000.000 төгрөгөөр түрээсэлж байгаагаар тооцоод нэг жилийн дараа 420.000.000 төгрөгөөр буцааж авъя гэдэг хүсэлтийг аль аль нь гаргаад банкны эрх хүлээн авагч хүсэлтийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БЭХА-166 дугаартай “Зээл төлүүлэх, өр барагдуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж нотариатаар гэрчлүүлсэн.
Үүний дагуу “К” банк ХХК Э.Сд өгөх өглөгөөсөө 400.000.000 төгрөгийг хасаж “М” ХХК-ийн шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрөөс 400.000.000 төгрөгийг барагдуулан өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Сгийн нэр дээр гарсан. Энэ 400.000.000 төгрөгийг хасахаар төлбөр төлөгчийн өр төлбөрийн үлдэгдэл 672.528.800.төгрөг 65 мөнгө болсон. Энэ ажиллагаанаас хойш “М” ХХК нэг ч төгрөг төлөөгүй.
Товчхондоо хувьцаа эзэмшигч нарын маргаан, өмнөх үйлдвэрийг эзэмшилдээ байлгасан хүн төлбөрийг хийсэн ба одоогийн удирдлагууд ирснээс хойш төлбөр огт төлөгдөөгүй, үйлдвэр байнга ажиллаж сард 700.000.000-800.000.000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласаар байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг харахад ямар эрх ашиг зөрчигдөөд байна гэхээр “М” ХХК-д их хэмжээний хохирол учрах гээд байна гэж хэлээд байгаа юм. Нөгөө талаар ингэж хоорондоо тохиролцох биш дуудлага худалдаагаар албадан зарах байсан юм байна.
Ийм үйл ажиллагаа хийгдээгүй учраас манай компанид хохиролтой боллоо гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй. Мөн манай компанийн төлбөрийг төлөх ёстой байсан гэж тайлбарлаад байгаа атлаа төлбөр төлдөггүй.
Нэхэмжлэлийн зорилго бол Орхон аймагт явагдаад байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх зорилготой түүнээс хойш хугацаа авч нэлээд удсан.
Шүүх энэ орон сууцтай холбоотой ажиллагааг түдгэлзүүлнэ гэж шийдсэн учраас өнөөдөр ийм байдлаар явж байх шиг байна.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
Тухайн үед Л.Гт удаа дараа уулзалт хийж байж шийдвэрт хүрсэн.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа төлбөр төлөгч, өмчлөгчид сэтгэл зүйн хувьд шаналгаа үүсгэдэг. Үүнд үнэлгээчин орон сууцанд нэвтэрнэ, хураах ажиллагаа явна. Үүнд Л.Гт гуай эхнэрийн бие муу, одоо орж ирвэл эхнэрийн бие тэсэхгүй гэдэг талаар ярьж байсныг хэлмээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ, хувьцааны шилжилт хөдөлгөөн хязгаарласан учраас бид орлого олж чадахгүй байна гэдэг худлаа.
Үйлдвэрлэл өдөр шөнөгүй явж байна. Уурын зуух шиг дизель үйлдвэрлэж худалдаж байна. Мөн байгаль орчны яам гомдол гаргасан гэж ярьж байна. Үүнийг иргэн хүнийхээ хувьд би гаргасан.
Одоо тэнд хэн үйлдвэрийг ажиллуулж бензинээ аваад зарах бэ? Өвлөөс өмнө мөнгөө аваад яаж алга болох бэ? гэдэг марафон явж байна. Тэнд насанд хүрээгүй хүүхдүүд ажиллаж байгаа талаар иргэн Д.Гантөмөр би мэдэгдсэн.
Шүүхийн шийдвэрт заасан бол албадан дуудлага худалдаан оруулна гэх зохицуулалтыг хэрэглэх нь өөрөө үндэслэлгүй.
Энэ хэрэгт хөрөнгөө барьцаалсан н.Наранхүү гэх хүн бий. Энэ хүнийг бас оруулах ёстой гэдэг зүйл ярьж байна.
Өмгөөлөгчтэй тохиролцсон талаараа би хэлсэн. Өнөөдрийн байдлаар Э.Золбаяр гэх хүн олдохгүй Эрдэнэтийн шүүх битүүмжлэх ажиллагаа хийж чадахгүй байна, гэжээ.
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Гт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Банкнаас надтай холбогдоод таны хөрөнгө ийм байна гээд хэлэхээр нь “М” ХХК дээр очиж төлбөрөө төл гэхээр төлдөггүй. Миний хувьд Б.А гүйцэтгэгчтэй байнга очиж уулзаж байсан.
Мэдэгдлээ хүлээж авдаггүй. Би өөрөө хүртэл надад өгөөд явуулчих би өөрөө өгье гэж байсан. Сүүлдээ банкнаас шийдвэр гүйцэтгэлээс байрыг чинь хураагдаад зарагдах нь тодорхой гэж байсан. Бид хамаатан садангийн холбоотой учраас удахгүй болгоно, бүтээнэ гэхээр нь ойлгоод яваад байсан.
Та банкнаас байраа аваарай, сар болгон мөнгө өгнө, та үрэхгүй байж байгаад байраа худалдаад аваарай гэж хэлж байсан ч 5 сараас хойш нэг ч удаа мөнгө хийгээгүй. Тэр ч байтугай ийм байх ёсгүй гээд нэхэмжлэл гаргаад явж байна. Энэ хүмүүс шүүхийн ажиллагааг удаашруулж банкны төлбөрийг төлөхгүй гэж бодож байгаа юм байна.
Тэр хүний хэлдгээр ах, дүү нар хоорондоо ярилцаад явах ёстой байтал ийм байдлаар цаг аваад байгааг ойлгохгүй байна. Хэзээ нэгэн цагт төлбөр төлөх нь ойлгомжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Шүүхийн танхимд хүнийг шууд гүтгэж болдог юмуу? Банкны төлбөрөө төлөхгүй байгаа бол тэр үйлдвэр ажиллах шаардлага байхгүй.
Байгаль орчин гээд ярьж байна. Би тийм зүйл хийх хүн биш.
Надтай уулзахгүй, албан бичиг ирүүлээгүй гэж байна. Надтай ч уулзахгүй зугтаад алга болдог, би олон хэлээд байхаар нь өрөвдөөд явуулдаг. М.А бас хэлж байна.
Гүйцэтгэх хуудас ирсэн байхад би авч болдоггүй юмуу гээд хэлсэн. Миний хажууд утсаар ярихад н.Наранхүү улаан цагаан худлаа ярьж байсныг сонсоод гайхсан. Хамаагүй хүнийг гүтгэж болохгүй байх. н.Наранхүү банкинд 600.000.000 төгрөг төлөх ёстой үүнээс 200.000.000 төгрөгийг төлсөн. Би хувьцаа авах нь яах бэ? Хамгийн гол нь банкны өр төлөгдөх ёстой. Олон удаа эвлэрэх гэж үзсэн. 04 дүгээр сарын 26-ны өдөр эвлэрэх эвлэрлийн гэрээ хүртэл явуулж байсан.
Ингээд алга болдог хүмүүс. Э.Золбаяр 04 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэрийн дагуу “М” ХХК-аас төлбөр төлөх хуваарь хийх замаар 2022 оны Л.Гтийн 2023 онд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх замаар үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулана гэж байсан. Би зөөлөн хандаж байгаа.
Манайд ирээд төрсөн эгчтэйгээ уулзаад маргааш нь гараад алга болдог. Би үйлдвэр дээр нь очиж янз бүр болохгүй байгаа. Энэ хүн хугацаа хожиж өөрсдөө мөнгө хийж авах зорилготой. Тэртээ тэргүй 2-3 жилийн дараа энэ байрыг алдах нь тодорхой болжээ, гэжээ.
8.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
9.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2213 дугаартай “Магадлал”, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00437 дугаартай “Тогтоол”, “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/3991 дугаартай “Орхон аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэст”, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/39 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”
10.Хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/01 дугаартай “Итгэмжлэл”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/710, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/870 дугаартай “Гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай”, 2023 ны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/710 дугаартай “Албан бичиг”,2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/870 дугаартай “Гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай”
11. Шүүхийн журмаар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/935 дугаартай “Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй газар-437 дугаарт нээлттэй хорих ангийн “Албан бичиг”, 2022 оны 06 дугаар сарын 102/ГХ2022/01087 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022/11482 дугаартай “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж”, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02180 дугаартай “Шүүхийн шийдвэр”, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2213 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн “Магадлал”, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00437 дугаартай “Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны “Тогтоол”, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1306 дугаартай “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ”, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1457 дугаартай “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23360006 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дугаартай “Барьцааны гэрээ”, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/3992 дугаартай “Газрын захиран зарцулуулах эрх түдгэлзүүлэх тухай”, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23360006/02 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23360006/05 дугаартай “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас”, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “М” ХХК-ийн үүсгэн байгуулагчид хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23360006/06 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээх тухай тогтоол”, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2/6776 дугаартай улсын бүртгэлийн ерөнхий газрын “Албан бичиг”, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 676 дугаартай “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батбаяр нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж барьцааны орон сууцыг бусдад шилжүүлсэн ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй. Мөн хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж тодорхой заасан зохицуулалтыг зөрчсөн. Шүүхийн бус журмаар ажиллагаа явуулсан нь хууль ёсны байна гэсэн хууль зүйн үндэслэл бүрдэхгүй төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндөж хууль бус ажиллагаа явуулсан” гэж тодорхойлов.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А “Хүсэлтийг үндэслэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч эсвэл барьцаалагчийн хүсэлтийг үндэслэн барьцааны хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах эсвэл төлбөрт суутган төлбөр авагчид шилжүүлэх шийдвэр гаргана гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Хариуцагч байгууллага барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулна гэсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу талууд тогтоолтой хамт хүсэлт гаргах, төлбөр авагч төлбөртөө тооцон авах хүсэлт ирүүлсний дагуу орон сууцыг шилжүүлж ажиллагаа хуулийн явагдсан” гэж татгалзлаа илэрхийлж байна.
5.Зохигчид Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж байна.
6.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02180 дугаартай Шийдвэрээр хариуцагч “М” ХХК-иас 1.549.001.503 төгрөг 41 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “К” банк ХХК-д олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хариуцагч “Монпити” ойл ХХК эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000193297, улсын бүртгэлийн Ү-2101015126 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, “Малчин” гурван замын зүүн талд Нарийн хөндий 02 тоотод байрлах 142.68 метр квадрат талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000193300, улсын бүртгэлийн Ү-2101015127 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, “Малчин” гурван замын зүүн талд Нарийн хөндийн №01 тоотод байрлах, 176.11 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193299 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн 03 тоотод байрлах 384.79 метр квадрат талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний 000297173, нэгж талбарын 18441439838070 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын “Малчин” баг, Улаанбаатар хот явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 метр квадрат талбайтай газрыг үйлдвэрийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээний 0115067, улсын бүртгэлийн Ү-2101014820 дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Согоот” багийн 6-14-60 тоотод байрлах 62 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний 0172596, нэгж талбарын 55/5393 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баруун гүрүүний аманд байрлах 10.000 метр квадрат талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000076657, улсын бүртгэлийн Ү-2204026258 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 69 дүгээр байрны 84 тоот, 52.67 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000116603, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, “Богда холдинг” ХХК-ийн барьсан 0 дүгээр байрны 00 тоот, 139.12 метр квадрат талбайтай, 5 өрөө орон сууц, 41-53-ОРО улсын дугаартай, “Кia bongofrontier” маркийн ачааны автомашин, 49-36-ОРО улсын дугаартай, Зил-130 маркийн ачааны автомашин, 25-73-ОРО улсын дугаартай, “Ssangyong” маркийн суудлын микроавтобус, БНХАУ-д үйлдвэрлэсэн “CQ-ZL -100” маркийн моторын хаягдал тос дахин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн “ZТС” маркийн резин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн “ZTC1-100” маркийн тос боловсруулах 1-ком тоног төхөөрөмжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгч “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох 69-99-ОРО улсын дугаартай, “WRANGLER JEEP” маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, хариуцагч “Монпити ойл” ХХК-д холбогдох гуравдагч этгээд Х.Ариунжаргал, С.ОюунГ нарын бие даасан шаардлагаас “К” банк ХХК, “М” ХХК-ийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 81 дугаартай “Барьцааны гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан жагсаалтын Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 15 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 69 дүгээр байрны 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 15 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 69 дүгээр байрны 84 тоот, 52.67 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагаас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11-319429 дугаартай барьцаалбарыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
7.Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2213 дугаартай Магадлалаар хариуцагчаас 1.452.228.986 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 96.772.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчилж, тогтоох хэсгийн 5 дахь заалт “....7.973.158 төгрөг” гэснийг “7.419.094 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн Шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00437 дугаартай Тогтоолоор хариуцагч “М” ХХК-аас 1.274.170.305 төгрөг 65 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 274.831.197 төгрөг 76 мөнгө, хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байна.
8.Талуудын тайлбар, бичгийн баримтаар хариуцагч байгууллага маргаан бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийн талаар доорхи ажиллагааг явуулжээ.
9.Тус шүүх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022/11482 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ГХ2022/01087 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, тус байгууллага 212 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Ад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 23360006 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолыг гаргасан байна.
10.Ингээд шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3/3992, 23360006/02 дугаартай төлбөр төлөгчийг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах мөн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авсан тогтоолуудыг гаргажээ.
11.Хариуцагч байгууллага төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй байна гэж үзээд дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдэд заасан Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн ”Б.Х” ХХК-ийн барьсан 0 дүгээр байрны 00 тоот, 139.12 метр квадрат талбайтай, 5 өрөө, Хариад овогт ЛхагваСгийн Гийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу өмчлөгч Л.Г шүүх хуралдаанд “М” ХХК-д мөнгөө төлөх хугацаа байсан боловч төлөхгүй байсан учраас өөрийн өмч хөрөнгөө алдахгүйн тулд гурвалсан гэрээ байгуулсан нь хэний ч эрхийг зөрчөөгүй” гэж тайлбарлаж байна.
12.Зохигчдын маргааны зүйл болох Л.Гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Л.Г, Э.С нар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БЭХА-166 дугаартай “Зээл төлүүлэх, өр төлбөр барагдуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ” байгуулж, шүүхийн шийдвэрт тусгагдсан Л.Гийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн орон сууцыг “К” банк ХХК-аас хадгаламжийн авлагатай Э.Сгийн өмчлөлд шилжүүлж, Э.Сгийн хадгаламжаас 400.000.000 төгрөгийг хасаж, төлбөр төлөгч “М” ХХК-ийн “К” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид төлөх төлбөрөөс 400.000.000 төгрөгийг хасаж тооцсон байна.
13.Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн дагуу явагдаагүй гэж маргаж байна.
14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж заасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд талууд байлцахаар заасны дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч “М” ХХК-аас санал авах, оролцуулах мөн төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд заасан арга хэмжээг авч, дуудлага худалдааг явуулаагүй талаар хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар маргахгүй байна.
15.Иймээс хариуцагч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн нь зохигчдын тайлбар, бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
16.Иргэний хуулийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах мөн төлбөр авагч, төлбөр төлөгч нарын аль алины саналыг авах ажиллагааг хариуцагч хийхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1,Шүүхийн шийдвэр гүйцэттгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/0012 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА