Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 313/ШШ2025/00055

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 28 өдөр

        Дугаар 313/ШШ2025/00055

Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д***** овогт Б***-ын Э********** 

 

Хариуцагч: Л** овогт С********ийн У********** 

 

Хариуцагч: Л*** овогт Г*******ийн О******** 

 

8 920 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 9 027 400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э*******, хариуцагч С.У*******, Г.О*******, хариуцагч С.У*******ийн өмгөөлөгч А.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр О*******, гэр бүлийн хүн У******* нартай 3 жилийн хугацаатайгаар өөрийн амины малаа маллуулахаар тохирч гэрээ хийсэн билээ. Гэрээний хугацааны явцад хоорондоо үл ойлголцол гарсан учраас гэрээг цуцлахаар болж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүх малаа тоолж хүлээн авсан.

Малаа хүлээлцэх үед хонь-11, ямаа-3, тугалтай үнээ-1, азарга-1, нийт 16 толгой мал дутаж хохирлоо барагдуулах гээд ярилцаж үзсэн боловч тохиролцоонд хүрээгүй учир хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдэх хүсэлтэй байна.

Дутсан малыг зах зээлийн үнэлгээгээр үнэлбэл:

11 хонь 280 000 төгрөг нийт 3 080 000, 3 ямаа 180 000 төгрөг нийт 540 000 төгрөг, 1 үнээ /тугалтай/ 1 800 000 төгрөг, 1 азарга 3 500 000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 8 920 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: С.У*******ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Зарим хэсгийг хүлээн зөвшөөрнө мал хүлээлцэхэд мал дутсан учир сүүлийн сарын цалин, бензиний үнийг өгөөгүй. Тооцоо хийж байгаад өгье гэж өөрт нь хэлсэн. Өөрөө мэдэж байгаа.

17 хонь 2 ямаа нь өөрийнх нь манай малд нийлүүлж маллаж байсан мал юм болов уу гэж бодож байна. Ямар мал хэдэн тоо толгойг хэзээ алдсаныг бид мэдэхгүй. Ер нь хэчнээн мал манай малд нийлүүлснийг би мэдэхгүй. Хэчнээн мал нийлүүлсэн бэ гэж асуухад би мэдэхгүй гэж байсан хүн шүү дээ. Иймд мал төлөхийг би зөвшөөрөхгүй.

Мотор, мотоцикль унааны эвдрэл нэхсэн би зөвшөөрөхгүй. Учир нь өөрийнхөө тэдгээр зүйлийг бүрэн бүтэн аваад буцсан. Маллаж байх үед нь сэлбэгийг нь өгдөг байсан. Ер нь бодоход өвөл хаврын саруудыг ус бууцыг асуудалгүйгээр өвөлжөөд буцсан гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүмүүстэй 2021 оны 09 дүгээр сард мал маллуулах гэрээ хийгээд малаа хүлээлцэж өгөөд 2022 онд буцааж хүлээж авахад 11 хонь, 3 ямаа, 1 үхэр, 1 адуу дутуу хүлээлгэж өгсөн. Тухайн үед ажлын гэрээ хийгээд ажлын гэрээний үүрэгт цалин хөлсийг цаг тухайд нь өгөөд явж байсан. Тэгээд дутуу малаа тухайн үеийн ханшаар нь үнэлж нэхэмжилсэн байгаа. Бид нар хоорондоо хүлээлцэхдээ төдий дутуу гээд хүлээн зөвшөөрцгөөсөн. Тэгээд малаа хүлээлцсэнээс хойш эргээд холбоо барих юм болов уу гээд 4, 5, 6 сарын хугацаанд харсан. Ерөөсөө эргэж холбоо бариагүй. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед ажлын гэрээний дагуу цалин хөлсөө өгч байсан, ажлын гэрээний дагуу юмаа бүрэн бүтэн хүлээж авна гэсэн хэлэлцээртэй байсан учраас нэхэмжилсэн.

Би цалингаа С.У*******т өгч байсан, С.У******* нь 100 хувь бүх юмаа хариуцаж байсан. Ер нь бол С.У******* гэдэг хүнээс нэхэж байгаа. Цалинг шууд С.У*******ийн данс руу хийдэг байсан. С.У*******ээс 8 920 000 төгрөг гаргуулна. Г.О*******оос нэхэмжлэхгүй, С.У*******ээс нэхэмжилнэ. 10 хоноогүй явсан хүнээс юугаа нэхэмжлэх вэ дээ. Тухайн үед Т.С******* гэж бодоод бичсэн байх. Тэгтэл дүү нь байсан.

9 027 400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс 1 сарын цалин 600 000 төгрөг, 40 литр бензин 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Сүүлийн цалин нь байгаа юм. 17 хонь, 2 ямааг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөө өөрсдийнхөө малыг маллаж байгаад хүнийг авсан гээд байх юм. Сарын дараа гэнэт л манайхаас мал алга болчихлоо гэсэн. Тэгэхээр нь ямар сонин хулгайч вэ, гэнэт танайхаас аваад, гэнэт манайхаас аваад гэж хэлж байсан. Хүний маллаж байгаа малыг хөндлөнгийн хүн төлөөд байна гэж байхгүй байх. Тэгж гэрээнд тусгаагүй. Мотор, мотоцикл хоёрыг хүлээн зөвшөөрөхгүй. Төл тэд болгож байсан гэж мөнгийг нь өгч байсан. Мотоциклд нь олгой, бакришк хоёр тавьж өгч байсан. Өөрсдөө унаатай юм бол энэ жилдээ ингэцгээчихье гэж хэлэлцээрт хүрсэн. Сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

2. Хариуцагч С.У******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.У******* миний бие хамтран амьдрагч Т.С*******ын хамт Э*******ын 226 хонь, 134 ямаа, 18 адуу, 47 үхэр тоолон авсан нь үнэн. Бод мал нь хээрээр байдаг усалж байхад болно гэсэн билээ. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Б.Э*******ын 11 хонь алга болсон. Би Б.Э*******т хэлсэн танай мал нэг нэгнийгээ иддэггүй биз дээ. Танай мал дангаараа алга гэж хэлсэн. Би төлж чадахгүй. Би аваагүй. Цагдаад хэлсэн.

2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө С.У******* миний хувийн өмч болох 17 хонь алга болж цагдаад мэдэгдсэн. Б.Э*******т мөн хэлсэн. Яагаад энэ малыг ялгаж аваад байна. Гаднаас хулгай хийсэн бол ялгаж авах ёсгүй.

Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мал тоолоход 5 ямаа дутсан. Энэ айлын малыг маллахаас өмнө манай мал алдагдаж байгаагүй. Э******* гэдэг хүн малчин авдаг боловч малчингаа мал дутлаа гэж дээрэлхдэг, агсан тавьдаг гэж нутаг ойр айл хэлж байсан.

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мал тоолж өгөхөд хурга 126, ишиг 86, тугал 9, унага 4 төл бойжуулж өгсөн нь үнэн билээ. Б.Э*******ын нэхэмжлээд байгаа 11 хонь, 3 ямаа, 1 тугалтай үхэр, шарга зүсний азарга зэргийг төлүүлнэ гэсэн байна. Би хулгай хийгээгүй намайг хулгайч гэж ор үндэсгүй хэлэх нь миний сэтгэлд хар толбо үлдээсэн. Цагдаад хандаж тэмдэглүүлж байсан. Иймд үнэн зөвийг олж иргэн намайг энэ хэрэгт буруугүйг тогтоож өгнө үү. Э******* нь өөрөө хулгайч урьд нь Х гэгч хүний үхэр хулгай хийж цагдаад асуугдаж байсан зэрэг нутгийн улсын хэлснээр үнэн болно. Урьд нь мал маллаж байсан хүмүүсийг архи ууж согтуурсан үедээ дээрэлхдэг мөн У******* намайг ойр дотно баймаар байна гээд биед хүрдэг. Энэ байдлаас болоод манай хамтран амьдрагч хардаж явсан. Одоо би ганцаараа байгаа их айж байна. Тугалтай үхэр нь замын осолд орсон. Шарга азарга нь үл мэдэх шалтгаанаар үхсэн болохыг Э******* үзсэн. Миний буруу байхгүй.

Гэрээнд заасан унаа өгөөгүй унаагүй байсан. Мал усалдаг мотор нь /1 500 000/ У******* минийх, одоо эвдэрсэн. У******* би өөрийн эзэмшлийн машинаар 9 сар мал хариулсан нь үнэн билээ. Э******* нь сүүлийн сарын цалин болох 600 000 төгрөг, 40л бензин өгөөгүй. Удаан байвал гэр бүлийн маргаан гаргах болоод малаа ав гэж удаа дараа хэлж байсан боловч малаа авахгүй ажлын байрны дарамт учруулж дээрэлхэж дарамталдаг байсан. Одоо би айж байна. Яав мотоцикль эвдэрсэн мөн мал усалдаг мотор эвдэрсэн учир энэ хохирлыг иргэн Б.Э*******аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.У******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Э*******тай мал маллах гэрээгээр нүүж ирсэн. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирсэн нь үнэн билээ. Мал маллах хугацаанд гэрээнд заасан унаа өгөөгүй. У******* би өөрийн эзэмшлийн унаагаар мал эргүүлдэг байсан. Уг унааны эвдрэлийн үнэ болох 1 000 000 төгрөг, Э*******ын 324 хонь, 213 ямаа, 22 адуу, 50 үхэр зэргийг өөрийн энэ моторын үнэ болох 1 500 000 төгрөг, сүүлийн сарын цалин 600 000 төгрөг, 40 литр бензин × 2 500 = 100 000 төгрөг, мөн 17 хонь × 280 000 = 4 760 000 төгрөг, 2 ямаа × 180 000 = 360 000 төгрөг, нийт 8 320 000 төгрөгийг иргэн Б.Э*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.У******* сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: С.У******* миний бие Б.Э*******тай “Малчны гэрээ”-г 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж, гэрээний үүргээ биелүүлж Б.Э*******ын малыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл маллаад гэрээ цуцлагдаж буцааж малыг хүлээлгэн өгсөн билээ. Тус малчны гэрээнд мал малласны сарын цалин хөлсийг 600 000 төгрөгөөр тохирч, сар бүрийн 10-ны өдрөөс 15-ны хооронд олгохоор тохиролцож гэрээ байгуулсан. Б.Э******* нь 2022 оны 05 дугаар сарын буюу миний сүүлийн сарын цалин болох 600 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Уг сүүлийн сарын цалинг миний бие шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж Б.Э*******аас нэхэмжилсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д ...зааснаар Б.Э******* болон С.У*******, О******* нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр сарын 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно” гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 393 хоногт олгох ёстой байсан 600 000 төгрөгт 0,3 хувийн алданги тооцож, 707 400 төгрөгийг Б.Э*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мал тоолж авсан нь үнэн. Тоолсон малынхаа ар дээр гарын үсгээ зураарай гэсэн, гурвуулаа байсан учраас үнэнээр нь тоолоод гарын үсэг зурсан. Би яг малчин гэдгээр нь гарын үсэг зураагүй. Мал тоолоход тоо нь үнэн байсан болохоор би гарын үсэг зурсан. Жинхэнэ малчин байсан хүн нь утсаар ярьсан эрэгтэй хүн гэдгийг Б.Э******* мэдэж байгаа. Т.С******* гэдэг хүн маллана гэсэн. Би хамтран амьдрагч нь учраас дагаад ирэхээс үлдээд хоцролтой нь биш. Тэгээд ирсэн нь үнэн.

Мал тоолж өгөхөд 11 хонь, 3 ямаа дутсан нь үнэн. Би тэр болгонд цагдаад хандаж байсан. Тоолоход бүдүүн мал нь дутсан. Гэхдээ би 200 гаруй төл бойжуулж өгсөн. Тэрийгээ энэ хүн ярихгүй байна. Зүгээр дагаж ирээд мал тоолсон нь үнэн гээд гарын үсэг зур гэсэн, би зурсан нь үнэн. Тэр л миний буруу болох шиг боллоо. Бусдаар бол маллагч нь би биш. Гэрээ хийх хүнтэйгээ гэрээ хийж яриагүй учраас би их гомдолтой. Тэгээд бойжуулсан төлийг энэ хүн тоолж авсан, мэдсэн хэрнээ тэрийгээ бичээгүй байна. 300 малыг 500 гаруй болгож тоолж өгсөн нь үнэн. Бас Б.Э******* чинь маллана гэсэн хүнээ дагуулж явж архи уулгаад над руу турхирч байсан. Тэгээд би тэр хүнээ хөөсөн.

Г.О******* байгаагүй. Би байсан. 04 дүгээр сарын 05-нд эднийх авдгаа аваад, хог новшоо хаячхаад хороонд явсан. Ерөнхийдөө би л голчлоод байсан. Би Б.Э*******ын малыг 2021 оны 09 дүгээр сарын 05-нд авсан. 2022 оны 06 дугаар сарын 08-нд өгсөн. 11 хонь, 3 ямаа буюу 14 бог мал дутсан нь үнэн.

Сөрөг нэхэмжлэлийн талаар: 17 хонь, 2 ямаа, мотор, мотоцикл. Унаа өгнө гэсэн өгөөгүй. Би өөрөө мотоцикл, машинтай байсан. Тэр болгоныгоо хэрэглэсэн. Унааг өгөөгүй байж унааг төв рүү унахгүй гэсэн гэрээтэй юм байна лээ. Тэрийг нь сүүлд нь үзэж байгаа юм. Мотоцикл /яав/-ыг үнэлгээгээр гарсан үнээр нь нэхье. Би хуучин мотоциклтой ирсэн нь үнэн. Гэхдээ энэ хүн мотоцикл авч өгнө гэж байсан юм. Унаагаа өгсөн бол өөр. Унаагаа өгөөгүй болохоор дуусаж байгаа нь үнэн шүү дээ. Мөн усны мотор /помп/ нэхэмжилж байгаа. ...17 хонь, 2 ямааны үнэ нэхэмжлэхээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Г.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөхгүй. Би нэг их удаагүй. Мал тоолж хүлээж авсан гэдэг дээр нь гарын үсэг зурчхаад 10-аад хоноод малаа аваад явсан гэв.

 

Хариуцагч С.У*******ийн өмгөөлөгч А.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.У*******ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Э*******, Г.О*******, С.У*******, Т.С******* гэж хүмүүсийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ буюу малчнаар гэрээ байгуулж ажилласан байдаг. Тухайн гэрээн дээр малчны эрх, үүрэг хүлээж С.У*******, Т.С*******, Г.О******* гэсэн 3 хүн гэрээн дээр гарын үсэг зурж гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулсан хэнээсээ юугаа нэхэх нь энэ хүний эрх хэмжээний асуудал боловч тухайн хэргийн материал дотор байгаа баримт, энэ хүмүүсийн гаргаж байгаа тайлбар зэргээс харахад 2021 оны 09 дүгээр сарын 05-нд мал хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор буюу Г.О*******, Т.С*******, С.У******* нарыг гурвууланг нь байж байхад, малаа хариулж байхад нь Б.Э*******ын хулгайд алдсан гээд байгаа 11 хонь, 3 ямаа алга болсон байдаг. Үүнийг Б.Э*******, Г.О*******, С.У******* 3-уулаа хүлээн зөвшөөрдөг. Гэтэл ганц С.У*******ээс Б.Э******* нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм, ганц С.У******* хулгайд алдсан малыг хариуцах үндэслэлгүй юм.

Гэрээн дээр хулгайд алдсан тохиолдолд малчин тэр малыг хариуцна гэсэн байгаа боловч Б.Э******* хулгайд алдсан гэдэг үйлдлийг тогтоолгосон, цагдаагийн байгууллагаар явсан, малынхаа тоо толгойд хяналт тавьсан үүргээ биелүүлээгүй. Дээрээс нь цагдаагийн байгууллагаар 11 хонь, 3 ямаа нь хулгайд алдсан гэдэг нь тогтоогдсон зүйл байдаггүй. Тухайн 11 хонь, 3 ямаа нь өөр айлын малд ч явж байгаа юм бил үү, өөрсдөө өөр жалганд очоод унаад үхчихсэн ч юм бил үү, үүний хувьд тогтоогдсон зүйл байдаггүй. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд, ялангуяа С.У*******ийн хувьд хариуцах үндэслэл байхгүй юм гэдгээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тугалтай үнээ, азарга нь үхсэн гэдгийг хэргийн явцад бүгд хэлж байна. Дээрээс нь Б.Э******* 1 азарга үхсэн байсан юм гээд өөрөө зургийг нь аваад хэргийн материалд өгчихсөн байна. Дээрээс нь машинд дайруулсан тохиолдолд маллуулагч хариуцна гээд Б.Э******* хэлж байна. Гэрээн дээр тийм үг, үсэг байхгүй шүү. Өвчин эмгэгээр үхсэн тохиолдолд харин маллуулагч хариуцна гэсэн байгаа. Малчин нь бороо шороо, шавар шавхай, ус үер, адгуус амьтан, хулгайд алдсан, сохор доголон болсон тохиолдолд малчин хариуцна, бусад тохиолдолд маллуулагч хариуцна гээд байхад азарга, үхэр машинд дайруулаад өвчин эмгэгээр үхсэн тохиолдолд малчин хариуцах ямар нэгэн үндэслэлгүй юм.

Б.Э*******ын хувьд 280 000 төгрөгөөр үнэлээд, 200 000 төгрөг болоод шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ дээр нэг эргэлзээтэй нөхцөл байдал байгаад байдаг. Яг мал хүлээж авахдаа бүдүүн эр хонь байсан юм уу, үгүй юм уу гэдгийг Б.Э******* ч мэддэггүй, С.У******* ч мэддэггүй. Б.Э******* бүдүүн эр ямаагаар тооцоод байдаг, шинжээчийн дүгнэлт ингэж гараад байдаг. Тэгэхээр энэ дээр 200 000 төгрөг байх уу, үгүй юу. С.У*******ийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлээд тухайн малыг алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад ч хэлдэг, Б.Э*******т ч хэлдэг нөхцөл байдлууд харагдаж байдаг. Б.Э*******ын хувьд гэрээнд зааснаар маллуулагчид өвс тэжээлээр хангах, услах нөхцөл боломжоор хангах зэрэг үүргээ хангалттай биелүүлээгүй нөхцөл байдлууд 2 талын тайлбараар харагдаж байдаг.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлс өгөөгүй тохиолдолд алданги тооцно гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1 дэх хэсэгт зааснаар тухайн 600 000 төгрөг нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сар хүртэл 393 хоногоор тооцож 600 000 төгрөгөөс 0,3 хувийн алданги буюу 707 400 төгрөг нэхэмжилсэн. Дээрээс нь энэ хүний хувьд өөрийнхөө мотоцикл, усны помпоор Б.Э*******ын малыг маллаж байсан гэдэг утгаараа нэхэмжилсэн. Дээрээс нь 700 000 төгрөгийн цалин, бензин нэхэмжилсэн. С.У*******ийн хувьд энэ нэхэмжлэлийг дангаараа хариуцах үндэслэлгүй юм, энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд С.У*******ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн дүнгээр хангаж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн малчны гэрээ, үрэгдсэн адууны гэрэл зураг, 2021 оны мал тооллогын дүн,

Хариуцагчаас: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, үрэгдсэн мал, мотоцикль, моторын гэрэл зургууд, Ч дэлгүүрийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн 445 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлан, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр С.Х, Т.С*******, Д.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Э******* нь С.У*******, Г.О******* нарт холбогдуулан 8 920 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, С.У******* нь Б.Э*******т холбогдуулан 9 027 400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Э******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр О*******, У******* нартай 3 жилийн хугацаатайгаар өөрийн амины малаа маллуулахаар тохирч гэрээ хийсэн. Гэрээний явцад үл ойлголцол гарсан учраас гэрээг цуцлахаар болж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүх малаа тоолж хүлээн авсан. Малаа хүлээлцэх үед хонь-11, ямаа-3, тугалтай үнээ-1, азарга-1, нийт 16 толгой мал дутсан. Дутсан малыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж, 11 хонь 280 000 төгрөг нийт 3 080 000 төгрөг, 3 ямаа 180 000 төгрөг нийт 540 000 төгрөг, 1 үнээ /тугалтай/ 1 800 000 төгрөг, 1 азарга 3 500 000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 8 920 000 төгрөгийг гаргуулна” гэжээ.

 

3. Хариуцагч С.У******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мал тоолж авсан нь үнэн. Мал тоолоход тоо нь үнэн байсан болохоор би гарын үсэг зурсан. Би голчилж малласан. Мал тоолж өгөхөд 11 хонь, 3 ямаа дутсан нь үнэн. Би тэр болгонд цагдаад хандаж байсан. Би Б.Э*******ын нэхэмжлээд байгаа 11 хонь, 3 ямаа, 1 тугалтай үхэр, 1 шарга зүсний азарга зэргийг хулгайлаагүй тул хариуцахгүй” гэж маргадаг.

 

Хариуцагч Г.О******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Би мал тоолж хүлээж авсан гэдэг дээр нь гарын үсэг зураад нэг их удаагүй 10-аад хоноод малаа аваад явсан. Би төлөхгүй” гэж тайлбар гаргадаг.

 

4. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Б.Э******* нь Г.О*******, С.У******* нартай 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Малчны гэрээ” нэртэй гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр малчин Г.О*******, С.У******* нар мал маллагааны бүхий л ажиллагааг гүйцэтгэх, маллуулагч Б.Э******* нь малчны цалин болон хэрэгцээт зүйлээр хангах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э******* нь шүүхэд Г.О*******, С.У******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “гэрээний үүргийг зөвхөн С.У*******ээс шаардаж, Г.О*******оос нэхэмжлэхгүй” талаар тайлбар гаргаж байх тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

Гэрээний дагуу С.У******* нь Б.Э*******ын малыг маллаж байсан ба хоорондын үл ойлголцлын улмаас талууд гэрээг цуцлахаар тохиролцож 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр малаа хүлээлцэхэд Б.Э*******ын малаас хонь 11, ямаа 3, тугалтай үнээ 1, азарга 1, нийт 16 толгой мал дутсан нь талуудын тайлбараар нотлогдож байх ба дээрх үйл баримтад зохигчид маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч С.У******* нь дутсан малаас 11 хонь, 3 ямаа, нийт 14 тооны бог мал нь хулгайд алдагдсан тухай Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж байсныг сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьсан бичлэг нотолно гээд тухай бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

 

Зохигчдын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Малчны гэрээний “Гурав. Талуудын хариуцлага” хэсэгт “Малчин өөрийн буруугаас үүссэн малын хорогдлыг малчин хариуцна. Үүнд: бороо шороо, нохой, шавар шавхай, ус үер, адгуус амьтан, хулгайд алдах, сохор, доголон болгох гэх мэт” гэж заасан байх ба Б.Э*******ын малаас 11 хонь, 3 ямаа хулгайд алдагдсан талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд “...хулгайд алдсан малын хохирлыг малчин хариуцах”-аар тохиролцсон байх тул нэхэмжлэгч Б.Э******* нь хулгайд алдагдсан 14 тооны бог малын хохирлыг хариуцагч С.У*******ээс шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжилсэн 1 тугалтай үнээ, 1 азарга нь тус тус үхсэн байсныг Б.Э******* өөрөө үзсэн тул малчин хариуцахгүй гэх хариуцагч С.У*******ийн татгалзал гэрээнд зааснаар үндэслэлтэй байхаас гадна дээрх 2 тооны бод мал нь малчинд хамаарах шалтгаанаар үхсэн эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хохирлыг хариуцагч С.У******* арилгах үүрэггүй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.У*******ийн хүсэлтээр хийгдсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 445 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлангаар “2021 оны байдлаар Бүдүүн эр хонь: 200 000 төгрөг, 11 хонь 2 200 000 төгрөг, Бүдүүн эр ямаа: 140 000 төгрөг, 3 ямаа 420 000 төгрөг” гэж үнэлжээ. 

 

Иймд талууд хөрөнгийн үнэлгээтэй маргаагүй тул шүүх үнэлгээний тайланг баримтлан 1 хонь 200 000 төгрөг, 1 ямаа 140 000 төгрөгөөр тооцож, 11 хонь×200 000=2 200 000 төгрөг, 3 ямаа×140 000=420 000 төгрөг, нийт 2 620 000 төгрөгийг хариуцагч С.У*******ээс гаргуулан нэхэмжлэгч Б.Э*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Хариуцагч С.У*******ийн 9 027  400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч С.У******* сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

-Б.Э*******ын мал болон өөрийн малыг хамт маллаж байх үед манай малаас 17 хонь, 2 ямаа алга болсон тул 17 хонь×280 000 төгрөг=4 760 000 төгрөг, 2 ямаа×180 000 төгрөг=360 000 төгрөг,

-Мөн мал маллах хугацаанд мотор маань мал усалсаар байгаад эвдэрсэн, эдний малыг хамт усалдаг байсан тул моторын үнэ 1 500 000 төгрөг,

-гэрээнд заасан унаа өгөөгүй, би өөрийн эзэмшлийн унаагаар мал эргүүлдэг байсан, мотоцикл дээрх хэрэгцээнд явж байгаад эвдэрсэн учир мотоциклын эвдэрлийн үнэ болох 1 000 000 төгрөг,

-2022 оны 05 дугаар сарын цалин 600 000 төгрөг, уг цалинг хугацаанд олгоогүй тул алданги тооцож, алданги 707 400 төгрөг,

-40 литр шатахууны үнэ×2500 төгрөг=100 000 төгрөг, бүгд 9 027  400 төгрөг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын цалин 600 000 төгрөг, 40 литр шатахууны үнэ 100 000 төгрөг, нийт 700 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

 

Хариуцагч С.У******* нь Б.Э******* мал маллахад шаардлагатай мотоцикл өгнө гэж тохиролцсон боловч өгөөгүй, өөрийн мотоцикл мал маллах ажилд явж байгаад эвдэрсэн учир мотоциклын эвдэрлийн үнэ болох 1 000 000 төгрөг гаргуулна гэж шаардсан.

 

7. Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1 дэх хэсэгт зааснаар ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй.

 

Мөн зохигчдын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Малчны гэрээний “Хоёр. Талуудын эрх, үүрэгхэсэгт “2.2 Маллуулагчийн эрх үүрэг: Маллуулагч нь малчныг хэрэгцээт зүйлээр хангах” гэж заасан байх ба энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Т.С******* “...Б.Э******* нэг мотоцикль авч өгөхөөр тохирсон ч мотоцикль өгөөгүй” гэж мэдүүлжээ.

 

Иймд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулагч нь ажлын байр, тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээдэг тул шүүх хөрөнгө үнэлсэн тайланг баримтлан 1 ширхэг мотоциклын үнэ 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э*******аас гаргуулан хариуцагч С.У*******т олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч С.У******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хулгайд алдагдсан гэх 17 хонь, 2 ямааны үнийг нэхэмжлэхээс татгалзсан хэдий ч тэрээр сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлага болох 19 тооны бог мал, мотор зэргийг Б.Э*******аас гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлоогүй, мөн цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй үед тооцох алданги нэхэмжилсэн боловч талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээгээр анзын талаар тохиролцоогүй байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасан алданги тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Б.Э*******аас нийт 1 500 000 төгрөгийг гаргуулан хариуцагч С.У*******т олгож, илүү нэхэмжилсэн 7 527 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардлыг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 363 дугаар зүйлийн 363.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.У*******ээс 2 620 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э*******т; нэхэмжлэгч Б.Э*******аас 1 500 000 төгрөг гаргуулан хариуцагч С.У*******т тус тус олгож, нэхэмжлэгч Б.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 6 300 000 төгрөгт холбогдох хэсэг; хариуцагч С.У*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 527 400 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч Г.О*******оос нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Э*******ын төлсөн 157 670 төгрөг, хариуцагч С.У*******ийн төлсөн 169 598 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.У*******ээс 56 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э*******т; нэхэмжлэгч Б.Э*******аас 38 950 төгрөг гаргуулан хариуцагч С.У*******т тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э*******аас шинжээчийн ажлын хөлс 150 000 төгрөг, хариуцагч С.У*******ээс шинжээчийн ажлын хөлс 150 000 төгрөгийг тус тус гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ОТГОНСҮРЭН