| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/04111/И |
| Дугаар | 102/ШШ2023/03541 |
| Огноо | 2023-10-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2023/03541
2023 оны 10 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2023/03541 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, “Б” хорооллын 00-А дугаар байрны 000 тоотод байрлах “П ББСБ” ХХК,
Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Нарны зам гудамжны 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух Д овогт Д.Д
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух Б овогт С М нарт холбогдох
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 111.478.983 төгрөг 07 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15-00000000 дугаартай зээл болон баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баасансүрэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл
Хариуцагч Д.Д өмгөөлөгч Т.Мөнх-Оргил
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК,, хариуцагч Д.Д, С.М нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 111.478.983 төгрөг 07 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15-00000000дугаартай зээл болон баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С.М, Д.Д нар 3 өрөө орон сууцыг барьцаалж, 40.000.000 төгрөгийн зээл хүссэн. Манайхаас зээлийг судалж үзээд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүсэлтийг зөвшөөрч 00000000дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлийг олгосон.
Зээлийг гурван сарын хугацаатай авсан бөгөөд үүнээс хойш хариуцагч хэд хэдэн удаа хугацаа сунгуулах хүсэлт гаргаж сунгалтын гэрээ байгуулсан.
Хамгийн сүүлд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манайд ирж 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гэрээгээ сунгасан. 06 дугаар сарын 29-ний өдөр буюу зээл сунгах үед дутуу төлсөн хүүгээ төлж зээлийг хэвийн болгосон.
Үүнээс хойш төлөхгүй явж байгаад 11 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлд 84.542.978 төгрөг 88 мөнгө гаргуулахаар шаардсан.
Үүнийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 26.935.995 төгрөг 19 мөнгөөр нэмэгдүүлж нийт 111.478.983 төгрөг 07 мөнгө болсон.
Зээлийн гэрээн дээр хоёр хариуцагч маань гарын үсэг зурж мөн барьцаа хөрөнгийг нотариатаар батлуулан улсын бүртгэлд бүртгүүлж ирсэн байдаг.
Зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нараас хувь тэнцүүлэн 55.739.491 төгрөг 53 мөнгийг хариуцагч тус бүрээс нэхэмжилж байна.
Хоёр дахь шаардлага зээлийн гэрээний үүргийн барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлж байна.
Иймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
4.Хариуцагч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золжаргал нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй, гэжээ.
5. Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо,0 дүгээр байрны 0 тоотод оршин суух өмчлөх эрхийн Ү-2205019637 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эзэмшиж байна.
Тус байрны гэрчилгээг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С.М байрны гэрчилгээг ганцхан сар хэрэглээд өгье эсвэл 14 хоногийн дараа өгч магадгүй яаралтай хэрэг гараад байна, та туслаач гээд гуйгаад байхаар нь өгсөн.
Гэтэл би зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй.
4 жил болж байхад удахгүй аваад өгнө гэж хэлж авсан атлаа өнөөдрийг хүрч байна. Учир нь:
Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мөрдөн байцаах албаны Баянгол дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гомдол гаргаж эрэн сурвалжлуулсан.
Үүнээс хойш холбоо бариагүй, утсаа ч салгасан.
Хүнд залилуулж, луйвардуулж, хохирогч болсон учраас хүний өмнөөс төлбөр төлөх боломжгүй, гэжээ.
6.Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээл болон баталгаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн гэрээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэг байдлаар хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд тухайн эд хөрөнгийг барьцаалах, бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхтэй холбоотой харилцааг тухайн эд хөрөнгийн өмчлөгч нар шийдвэрлэхээр заасан.
Гэвч барьцааны гэрээгээр барьцаалуулсан Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, Төмөр замын 0 дүгээр байрны 0 тоот, 31 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах үед 5 иргэний өмчлөлд байсан боловч тус 5 иргэний зөвшөөрлийг аваагүй учраас гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл учраас ямар нэгэн байдлаар эрх, үүрэг үүсэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, гэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагад хэлэх тайлбаргүй.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Гэрээг байгуулахад хариуцагч С.М, Д.Д нар хоёулаа банкин дээр ирж гарын үсгээ зурж, зээлийн мөнгийг бэлнээр аваад явсан.
Би энэ зээлийг судласан ажилтан гэв.
8.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд
9.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15/1722 дугаартай “Итгэмжлэл”, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15-18020532 дугаартай “Зээлийн гэрээ”, иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн Ү-000283366 дугаартай “Гэрчилгээ”, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26ё1-3/6750 дугаартай “Албан бичиг”, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15-2118 дугаартай “Итгэмжлэл”
10.Хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0025 дугаартай “Итгэмжлэл”, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0177 дугаартай “Итгэмжлэл”
11.Шүүхийн журмаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2-46/1538 дугаартай “Албан бичиг”, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 28ё1-2/5599 дугаартай Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, “Н” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23/267 дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай”, Монгол улсын гадаад харилцааны яамны 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10/2117 дугаартай “Албан бичиг”, “Н” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29/349 дугаартай Нотлох баримт хүргүүлэх тухай баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч С.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золжаргал, хариуцагч Д.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, хариуцагч Д.Д нарт шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “за ойлголоо” гэсэн хариуг өгч, эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн учраас хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3.Үндсэн нэхэмжлэлийн шаардлага:
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баасансүрэн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас зээлийг төлөх үүрэгтэй мөн хариуцагч нар хоёулаа банкин дээр биеэр ирж зээлийг авсан. Хариуцагч Д.Д барьцааны хөрөнгийн гэрээг авч яваад улсын бүртгэлт бүртгүүлсэн.Нэхэмжлэгч гэрээнд зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаагаас нэмэгдүүлсэн хүүг багасгаж болно” гэж тодорхойлов.
5.Хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй болно.
6.Хариуцагч Д.Д нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Миний бие зээлээс нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.
7.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
8.Хариуцагч С.М, Д.Д нар, нэхэмжлэгч “П ББСБ” ХХК,-аас 40.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаатай, 15-00000000дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 4 дүгээр хороо, Төмөр замын 1 дүгээр байрны 5 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаартай, 31 метр квадрат талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, талуудын шүүхэд өгсөн тайлбар, зээлийн анкетаар тогтоогдож байна.
9.Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
10.Хавтаст хэргийн 3,4 дүгээр хуудсанд авагдсан баримтаар тус банк бус санхүүгийн байгууллага зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь 0000000000 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 1/208 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр батлагдаж байна.
11.Улмаар зээлдэгч С.М зээлийн гэрээг сунгах хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлдүүлэгчид гаргаад 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш зээлийг төлөөгүй талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.
12.Харин зээлдэгч Д.Д зээлээс аваагүй үүрэг хүлээхгүй гэж маргаж байна.
13.Иймээс зээлдэгчийн үүрэг зээлдэгчид мөнгө эсхүл эд хөрөнгийг шилжүүлж, авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, ижил хэмжээний чанарын эд хөрөнгийг хугацаанд нь буцааж өгөх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбараар зээлийн гэрээнд заасан хугацаа дуусаж зээлдэгч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол зээлдүүлэгч зээлээ төлөхийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
14.Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч нар зээлийн гэрээгээр хариу үүрэг хүлээж, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул зээлийг төлөх үүрэгтэй байна.
15.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн нэмэгдүүлсэн шаардлагаас 50 хувийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж хариуцагч нараас үндсэн зээлд 84.542.987 төгрөг 88 мөнгө, хүүд 15.698.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11.237.329 төгрөг 03 мөнгө нийт 111.478.983 төгрөг 07 мөнгө нэхэмжилснээс Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаартай “Тогтоол”-ын 8 дугаарт банк, банк бус, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан хэдий ч энэ зохицуулалт үндсэн зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул тогтоолын дагуу нэмэгдүүлсэн хүү 11.237.329 төгрөг 03 мөнгийг 50 хувиар тооцоод нэмэгдүүлсэн хүүд 5.618. 664 төгрөг 52 мөнгө буюу хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 105.868.321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17.Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурдах нь зүйтэй.
18.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:
19.Хариуцагч Л.Д 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15-00000000дугаартай зээл болон баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
20.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баасансүрэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Манайх цагдаагийн байгууллагад хандах учраас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан тул хэлэх тайлбар байхгүй. Харин зохигчдын байгуулсан гэрээ бичгээр хийгдсэн, хариуцагч нар зээлийн төлбөрийг төлж байсан бөгөөд гэрээнд өөрсдийн биеэр ирж гарын үсгээ зурж хуулийн дагуу гэрээ байгуулагдсан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.
21.Банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдтэй байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар заавал бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул зохигчдын тайлбар, дансны хуулга зэрэг нотлох баримтаар талууд зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.
22.Хариуцагч Д.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтаар нотлож, үгүйсгэж, чадахгүй байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
23.Харин баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал шаардлагаас татгалзсан тул шүүх хэлэлцэх ёсгүй гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний нэг тал шаардлагаасаа татгалзахад нөгөө талын түүний эсрэг тайлбар, татгалзлаа илэрхийлэх буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид эрх тэгш эрхийг эдлэж оролцох тул нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
24.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасанчлан “Барьцааны гэрээ”-г бичгээр байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд гэрээг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үздэг.
25.Гэтэл хэрэгт нотлох баримтаар Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа Элчин сайдын яам, Монгол улсаас Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Г.Дашдондог, Д.Дамдинсүрэн нар Д.Дд итгэмжлэл, баримт бичиг баталгаажуулахаар тус БТГ-д хандаж байгаагүй болно” мөн гэрч нар, нотариатч Т.Марияшийн мэдүүлгээр 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15-00000000дугаартай Баталгаат ипотекийн гэрээг байгуулах тухайн цаг мөчид гэрээнд дурдагдаж бичигдсэн Д.Даас бусад үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар гарын үсгээ зураагүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж хийгдсэн байна гэж дүгнээд баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943.495 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 687.292 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Дд олгож, хариуцагч Д.Даас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.М, Д.Д нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 105.868.321 төгрөг 07 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “П ББСБ” ХХК,-д олгож, үлдсэн 5.618.662 төгрөг, хариуцагч Д.Дын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15-00000000дугаартай Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “П ББСБ” ХХК, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943.495 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 687.292 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Дд олгон, хариуцагч Д.Даас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА