Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Н.Нарантуяа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Улсын яллагч П.Энхболд,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

            Иргэдийн төлөөлөгч Г.Алтанцэцэг,

            Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан,   

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон Цовогт Э.Нт холбогдох 1702000860049 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багт оршин суух бүртгэлтэй боловч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 6 дугаар хэсэгт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймгийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Э.Н (РД:00000000),

нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Баяннуур аймгийн Эрээн хотын Шинэ зээлийн үүдэнд 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.Амгаланбаатарыг пивоны шилээр цохиж цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун талд хий хуралт, цээжний баруун 10 дугаар хавирганы далд хугарал бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Н нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би зээл дээр байж байгаад Амгаланбаатартай таарсан. 10 юань нэхэхээр нь мөнгө байхгүй гэсэн. Жоохон явж байгаад Анхаа бацаанаас 80 юань авахаар нь 20 юань өгөөч гэтэл Амгаланбаатар чи надаас мөнгө нэхдэг хэн бэ гээд намайг дарамтлаад одоохондоо чи надаас мөнгө нэхэх болоогүй шүү чи гээд намайг нүүрэн тус газар руу цохисон. Тэгээд би буцаагаад цохисон. Нүүрээ дараад суухад миний нүүр рүү өшиглөсөн тул би арагшаа унасан. Тэгэхэд Түвшөө зугтаая гэсэн тул зугтаахад нь би араас нь хагарсан шил авч шидсэн. Энэ асуудлаас болж 4 сар хохирч байна. Улаанбаатар хотод таних хүн байхгүй, өглөө, оройд цагдаад бүртгүүлдэг ажилтай болсон.” гэв.

            Хохирогч Б.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 8 дугаар сарын 18-наас 19-ний өдөр байх гэр бүлээрээ БНХАУ-ын Эрээн хот руу хувийн ажлаар гараад “Минзү” захын зүүн талын авто зогсоол дээр Түвшин гэх ахтайгаа хамт явган алхаж явахад араас Э.Н гүйж ирээд сайн уу? гэж ойр зуурын юм ярьж байгаад 10 юань байна уу гэж асуухаар нь би байхгүй гэтэл дахин дахин асуугаад байсан. Тэгээд би байхгүй гэсэн чинь Э.Н сүртэй бацаан бэ? гэж хэлээд гараараа миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд түүний зүүн талын хацар шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохьчихоод явсан. Гэтэл ар талд шил хагарах чимээ гарахаар нь би эргээд хартал Э.Н нь /архи, ундаа/-ны ногоон өнгийн шил хагалаад барьж байснаа над руу шидсэн. Тэгэхээр нь би толгойгоо хамгаалаад газарт суутал миний нурууны баруун тал, уушигны ар хэсэгт нөгөө шил нь зоогдчихсон, тэгэхээр нь би зоогдчихсон шилийг гараараа татсан чинь цус гараад эхэлсэн. Би тэр чигээрээ яваад Хятад улсын хилээр гарч Замын-Үүд сумын эмнэлэгт ирээд ухаангүй болсон байсан. Миний бие 2 хоног ухаангүй хэвтээд, уушигны хагалгаа хийлгээд 10 хоног эмнэлэгт хэвтээд эмнэлгээс гарсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардалд Насанбаяраас 520.000 төгрөг авсан.” гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

            1.О.Оюунбилэг: “…Шинэ зээлээр ороод гараад ирсэн чинь Б.Амгаланбаатар нуруугаа зүсүүлчихлээ гээд явж байсан. Тэгээд би нурууных нь шархыг боож байтал Насаа гэх залуу ирээд нэг мөсөн гүйцээгээд хаячихъя гээд Амгаланбаатар руу дайраад байсан. Тэгээд тэр хавиар Монгол хүмүүс байсан болохоор больцгоо гээд байсан. Тэгээд Насаа гэх залуу ч яваад өгсөн. Амгаланбаатарын ярьж байгаагаар Насаа гэх залуутай таарахад 20 юань нэхээд байхгүй гэхэд намайг цохиж авахаар нь би зөрүүлээд цохиод буцаад явж байхад миний араас шил шидсэн гэсэн.” гэжээ.

            2.Д.Энхтүвшин: “…2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө Зээл буюу Минзу гэх газрын үүдэнд хүн ачаад Монгол руу гарах гэж байхад Амгаланбаатартай таарч мэнд усаа мэдэлцээд зогсож байхад Насанбаяр явж таарсан. Тэгээд Амгаланбаатар, Насанбаярыг хөөе гэж дуудаад ирүүлсэн. Эхлээд тэр хоёр тоглоом шоглоомоор бие биенийгээ пизда нахуу энэ тэр гэж байгаад уурлаад нэг нэгийгээ цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгээд тэр хоёр дахиад барилцаж аваад Амгаланбаатар, Насанбаярыг нүүрэн тус газарт нь цохиод авсан чинь Насанбаяр газарт байсан шилэн ундааны савны хагархайг авч Амгаланбаатарын нуруу руу шидчихсэн. Хятадад байдаг ундааны шил шидсэн. Тэр нь зузаан шилээр хийгдсэн, сав байдаг ундааны шилний хагархайны хэлтэрхий нь Амгаланбаатарын нуруунд зоогдоод уначихсан юмаа.” гэжээ.

            Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.30-ны өдрийн ¹299 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Б.Амгаланбаатарын биед цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун талд хий хуралт, цээжний баруун талд 10-р хавирганы далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтлүүдийн цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун тал дахь хий хуралт гэмтэл нь ир үзүүртэй болон ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Цээжний баруун талд 10-р хавирганы далд хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

            3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно. Цээжний баруун талд 10-р хавирганы далд хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн гэмтэл хамаарна.

            4.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төсгөлийн байдлаас хамаарна гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.12.01-ний ¹1036 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Э.Н нь F 70 хөнгөн оюуны хомсдол өвчтэй байна.

            2.Э.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдсэний дараа F 70 хөнгөн оюуны хомсдол өвчтэй байсан байна. Э.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Э.Н нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Баяннуур аймгийн Эрээн хотын Шинэ зээлийн үүдэнд 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.Амгаланбаатарыг юань өгсөнгүй гэх шалтгаанаар харилцан бие биенээ цохилцож маргалдан, улмаар Э.Насанбаяр нь Б.Амгаланбаатарын араас пивоны шил хагалж шидсэний улмаас хохирогчийн биед шилний хагархай зоогдож, цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун талд хий хуралт, цээжний баруун 10 дугаар хавирганы далд хугарал бүхий хүнд гэмтэл учирсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Амгаланбаатарын “…гараараа миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд түүний зүүн талын хацар шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохьчихоод явсан. Гэтэл ар талд шил хагарах чимээ гарахаар нь би эргээд хартал Э.Н нь /архи, ундаа/-ны ногоон өнгийн шил хагалаад барьж байснаа над руу шидсэн. Тэгэхээр нь би толгойгоо хамгаалаад газарт суутал миний нурууны баруун тал, уушигны ар хэсэгт нөгөө шил нь зоогдчихсон, тэгэхээр нь би зоогдчихсон шилийг гараараа татсан чинь цус гараад эхэлсэн. Би тэр чигээрээ яваад Хятад улсын хилээр гарч Замын-Үүд сумын эмнэлэгт ирээд ухаангүй болсон байсан.” гэх мэдүүлэг, гэрч О.Оюунбилэгийн “…Шинэ зээлээр ороод гараад ирсэн чинь Б.Амгаланбаатар нуруугаа зүсүүлчихлээ гээд явж байсан. Тэгээд би нурууных нь шархыг боож байтал Насаа гэх залуу ирээд нэг мөсөн гүйцээгээд хаячихъя гээд Амгаланбаатар руу дайраад байсан. Амгаланбаатарын ярьж байгаагаар Насаа гэх залуутай таарахад 20 юань нэхээд байхгүй гэхэд намайг цохиж авахаар нь би зөрүүлээд цохиод буцаад явж байхад миний араас шил шидсэн гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Энхтүвшингийн “…Тэгээд Амгаланбаатар, Насанбаярыг хөөе гэж дуудаад ирүүлсэн. Эхлээд тэр хоёр тоглоом шоглоомоор бие биенийгээ пизда нахуу энэ тэр гэж байгаад уурлаад нэг нэгийгээ цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгээд тэр хоёр дахиад барилцаж аваад Амгаланбаатар, Насанбаярыг нүүрэн тус газарт нь цохиод авсан чинь Насанбаяр газарт байсан шилэн ундааны савны хагархайг авч Амгаланбаатарын нуруу руу шидчихсэн. ... ундааны шилний хагархайны хэлтэрхий нь Амгаланбаатарын нуруунд зоогдоод уначихсан юмаа” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.30-ны өдрийн ¹299 тоот шинжээчийн дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.12.01-ний ¹1036 тоот шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Цэрэндорж овгийн Э.Ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь пивоны шилийг зориудаар хагалж, хагархай шилийг ашиглаж хохирогчид хүнд гэмтэл учруулсан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь гадаад улсад Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн ба тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй тул Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлд заасныг баримтлан түүнд мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчийн эмчилгээний зардалд 520.000 төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчээс хохирогчийн гэм хорын зардалд 520.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

Шүүгдэгч Э.Насанбаяр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 3 жил 3 сар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд уг ялын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрснийг шүүх харгалзсан болно. Гэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил хүртэл тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээ болох 5 жил буюу 60 сарын гуравны хоёр нь 3 жил 4 сар (40 сар) болж байх тул ялыг хуульд заасан журмаар тооцож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл тооцооллын алдааг зөвтгөсөн болно.  

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул улсын яллагчийн саналаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, шүүхийн тогтоол уншиж сонсгомогц цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг хөнгөн оюуны хомсдол өвчтэй, хохирогч нь байнга архи уудаг, түүнийг дээрэлхдэг, тухайн үед хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг гарсан хэмээн маргаж байгаа боловч шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, эсхүл болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Цэрэндорж овгийн Э.Ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Ныг 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

 

ШҮҮГЧИД                                                            Н.НАРАНТУЯА

 

                                                                           Б.ХАЛИУН