Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 18

 

Л.У-ийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ч-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                   Х.Батсүрэн

                                     Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд томилохыг даалгах”

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0504 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, түүний өмгөөлөгч Ц.Ж,  

Гуравдагч этгээд Ш.Э нар,

Нэхэмжлэгч Л.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.3, 17 дугаар зүйлийн 17.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.6, Нийтийн  албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У-ийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ч-д  холбогдох нэр дэвшигчийг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй  хууль бус болохыг тогтоолгох, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0504 дүгээр магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, 351 дүгээр зүйлийн 351.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Л.У-ийн гаргасан “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ч-д холбогдох “нэр дэвшигчийг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддуламын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Л.У-ийн хяналтын гомдол: “... бодит байдалд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Чаас нэхэмжлэгч Л.Уийг томилох эсэхийг Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхгүйгээр 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр дангаараа шийдвэрлэж, томилох боломжгүйгээ салбар зөвлөлд илэрхийлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна тухайд:

4. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах хэсгийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасан байдаг. Дээрх заалтын дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны шалгалтын баримт болон сонгон шалгаруулах комиссын 02 тоот шийдвэрийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд 72,51 оноогоор тэнцсэн Л.Уийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дэвшүүлэх шийдвэр гарсан байдаг.

5. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Л.Уийг дээрх албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлэхгүй, төрийн албаны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй.

6. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д “Эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” гэж Хурлын даргын бүрэн эрхийг хуульчлан заасан.

7. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж заасан. Энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Тэргүүлэгчид хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэхээр хуульд заасан байхад Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Ч нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж Л.Уийг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг зохион байгуулаагүй, хэлэлцүүлж, шийдвэрлүүлээгүй, дангаараа Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь хууль бус байна.

8. Тодруулбал хуульд заасан бүрэн эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хэрэгжүүлээгүй, шийдвэрлүүлээгүй байна.

9. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан болон Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж хэлэлцсэн гэх тэмдэглэл байдаг бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч нь “...манайх тэмдэглэлээрээ асуудлаа шийдвэрлээд явдаг, тогтоол гардаггүй” гэж хариулсан байдлаас хуулийг мөрдөж ажиллаагүй гэж үзэхээр байна.

10. Хариуцагчаас хурлын тэмдэглэлээр асуудлыг шийдвэрлэж, Л.Уийг томилохоос татгалзсан гэсэн нь хариуцагч анхнаасаа нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилох сонирхолгүй гэж ойлгогдож байна. Хариуцагч үнэхээр Л.Уийг томилохоос татгалзсан бол энэ талаар мэдэгдэх буюу Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулж хуулийн дагуу бүхий л үйл ажиллагааг явуулах ёстой байсан бөгөөд төрийн үйл ажиллагаагаандаа баримтлах хууль дээдлэх зарчим алдагдаж, захиргааны байгууллагын гаргасан гэх шийдвэр нь хуульд үндэслэх зарчим зөрчсөн гэж үзэхээр байна.

11. Нэхэмжлэгчийн ээж О.Оюунчимэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээс чөлөөлөгдөөгүй байхад түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилох боломжгүй гэх тухайд:

12. Нэхэмжлэгч Л.У-ийн ээж Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2 удаа өгсөн байдаг бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бичгээр өгсөн хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар хуралдаанаар О.Оюунчимэгийн өргөдлийг шийдвэрлэж Хурлын Тэргүүлэгчдийн албан тушаалаас чөлөөлсөн.

13. Энэ нь Л.Уийг ажилд томилохгүй гэж татгалзаж байгаа нөхцөл байдал арилсан гэж үзэхээр байна.

14. Иймд, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0504 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            15. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай (2002), Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            16. Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр албан бичгээр “... Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Ломбо овогтой Уранбилэгийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны 41 дүгээр тогтоолоор томилуулахаар нэр дэвшүүлснийг санал дүгнэлтийн хамт...” Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр “... Л.Уийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга буюу нарийн бичгийн даргын албан тушаалд томилох боломжгүй...” гэх хариу ирүүлсэн, үндэслэлээ “... Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 ..., 351 зүйлийн 351.6-д ... /заасныг үндэслэсэн/” гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс “... ямар ч шалтаг, шалтгаангүйгээр намайг уг албан тушаалд томилохгүй байгаа ... нь /хууль зөрчсөн/” гэж маргажээ.

17. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Л.У-ийн төрсөн эх О.Оюунчимэг нь Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, тус сумын “Сангийндалай” 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд сонгогдон ажилладаг, талууд уг үйл баримттай маргаагүй, Авлигатай тэмцэх газраас Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Л.У-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад, “... Л.У-ийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эх О.Оюунчимэг нь мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж /байна/  ..., ... Л:Уранбилэг нь нэр дэвшсэн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт ... заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж ирүүлсэн нь хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 05/3336 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

18. Төрийн албаны тухай (2002) хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т “... хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол ... /төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглох/”-оор, 351 дугаар зүйлийн 351.6-д “...томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгох”-оор, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах”-аар  тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн төрсөн эх О.Оюунчимэг нь Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байхад, түүний төрсөн охин Л.Уийг Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох боломжгүй, нэхэмжлэгчийн уг албан тушаалд томилохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл дээрх хуулийн заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Л.У-ийн “Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

19. Хоёр шатны шүүх уг асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нэгэнт тухайн тохиолдолд, “албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглох”-оор хуульд заасан байхад, хуулиар хориглосон үйлдэл хийхийг шүүх хариуцагчид даалгах боломжгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасан /байхад/ ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Л.Уийг дээрх албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлэхгүй, төрийн албаны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй”, “...төрийн үйл ажиллагаагаандаа баримтлах хууль дээдлэх зарчим алдагдаж, захиргааны байгууллагын гаргасан гэх шийдвэр нь хуульд үндэслэх зарчим зөрчсөн” гэх гомдлыг хангах боломжгүй.

20. Түүнчлэн, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Тэргүүлэгчид хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэхээр хуульд заасан байхад Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ч нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж Л.Уийг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг зохион байгуулаагүй, хэлэлцүүлж, шийдвэрлүүлээгүй, дангаараа Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь хууль бус” гэх боловч, уг “хуралдаанаар хэлэлцүүлээгүй” гэх үйл баримт нь Л.Уийг маргаан бүхий албан тушаалд томилохоос татгалзсан хариуцагчийн “татгалзал”-ын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх, өөрчлөх нөхцөл байдлыг үүсгэхгүй, уг үйл баримт нь нэхэмжлэгч Л.У-ийн “албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохооргүй байна.

21. Өөрөөр хэлбэл, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Чаас нэхэмжлэгч Л.Уийг Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилох боломжгүй талаар албан бичгээр мэдэгдэж, “татгалзсан” нь тухайн тохиолдолд, Төрийн албаны тухай (2002) хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасантай нийцсэн, нэхэмжлэгч Л.У-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, түүнийг “албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй илт хууль бус болох” нь тогтоогдохгүй байх тул “...хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гаргаагүй” нь Л.Уийг тухайн албан тушаалд томилохыг шүүхээс даалгах үндэслэл болохгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

22. Нэхэмжлэгчээс “... 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар хуралдаанаар О.Оюунчимэгийн өргөдлийг шийдвэрлэж Хурлын Тэргүүлэгчдийн албан тушаалаас чөлөөлсөн” гэх үйл баримтыг хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдаж, “...Уранбилэгийг ажилд томилохгүй гэж татгалзаж байгаа нөхцөл байдал арилсан” гэх боловч, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

23. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт гарсан алдааг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд, үндэслэлтэй зөв байх тул дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0504 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.У-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Л.У-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА