Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/01154

 

“Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1189 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Рэнцэнмядагт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 171 096 600 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонбаяр, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Рэнцэнмядаг нь 2014.09.04-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай ЗГ0100140212 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр, 95 тоот, 103.62 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан, 80 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хариуцагч зээлийн гэрээ байгуулснаас хойш 2014.10.15-ны өдөр 2 893 400 төгрөгийг хүүд, нэмэгдүүлсэн хүүд 240 000 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 366 000 төгрөгийг зээлийн хүүд, нэмэгдүүлсэн хүүд 528 000 төгрөг, нийт 2 удаа л төлөлт хийсэн. Хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан боловч одоогоор мэргэшсэн өмгөөлөгчтэй болоогүй учир хууль зүйн туслалцааны зардал 15 500 000 төгрөгөөс татгалзаж байна.Иймд зээлдэгч Т.Рэнцэнмядагаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 80 000 000 төгрөг, зээлийн хүүд 63 380 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12 216 000 төгрөг, нийт 155 596 600 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-ын нэхэмжилсэн мөнгөн дүнгээс зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Рэнцэнмядагаас 140 111 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 30 985 480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Рэнцэнмядагийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6а байр, 95 тоот хаягт байршилтай, 103.62 м.кв талбай бүхий, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 1013 433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 856 505 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1189 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дугаар шийдвэрийн удиртгал хэсэг, тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтын “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-д” гэснийг “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д” гэж, 3 дахь заалтын “1 1013 433” гэснийг “1 013 433” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралд биеэр оролцуулаагүй. Хүндэтгэх шалтгаантай гэсэн Хан-Уул дүүргийн эмнэлгийн эмчийн магадлагааг тухайн өдөр шүүхэд өгсөн. Шүүхийн шийдвэрээс нэмэгдүүлсэн хүү гэж гаргуулахаар шийдвэрлэсэн 7 178 520 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.Рэнцэнмядагийн нэхэмжлэгч “БИД” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргаж байсан. Үүнийг зөвшөөрч байгаа нь тухайн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл “БИД” ББСБ нь Т.Рэнцэнмядагийн зээлийг найдваргүй зээлээр Монгол банкинд бүртгүүлээгүй байснаар нотлогдох болно. Мөн шүүгч төлбөр тооцох аргачлалыг буруу тооцож гаргасан.Дээрх шалтгаануудыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсвэл өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн банк, эрх бүхий этгээдээс зээл олгох харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний дагуу хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр, улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүн зэрэг анхан шатны шүүхийн шийдвэрт ташаа бичигдсэн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээний биелэлт зэрэг маргааны үйл баримтын талаар хоёр шатны шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангасан байна.

Хариуцагч зээлийн гэрээний хугацааг сунгуулах талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргасан боловч талууд гэрээний хугацааг сунгаагүй тул зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсэнд нэмэгдүүлсэн хүү тооцох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т заасан зохицуулалт, зохигчдын хоорондох зээлийн гэрээний 3.1.2.-т заасан тохиролцоонд нийцнэ. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргийнхээ дагуу нотолж чадаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1189 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН