Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1188

 

“ХХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч ХХт холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 171 096 600 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

           

            Хариуцагчийн итгэмжилэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

            Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай ЗГ0100140212 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байр, ХХ тоот, 103.62 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан, 80 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хариуцагч зээлийн гэрээ байгуулснаас хойш 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2 893 400 төгрөгийг хүүд, нэмэгдүүлсэн хүүд 240 000 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 366 000 төгрөгийг зээлийн хүүд, нэмэгдүүлсэн хүүд 528 000 төгрөг, нийт 2 удаа л төлөлт хийсэн. Хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан боловч одоогоор мэргэшсэн өмгөөлөгчтэй болоогүй учир хууль зүйн туслалцааны зардал 15 500 000 төгрөгөөс татгалзаж байна.

            Иймд зээлдэгч ХХаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 80 000 000 төгрөг, зээлийн хүүд 63 380 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12 216 000 төгрөг, нийт 155 596 600 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан тайлбартаа: “ХХХ” ББСБ-ын нэхэмжилсэн мөнгөн дүнгээс зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХаас 140 111 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ББСБ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 30 985 480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ХХийн өмчлөлд бүртгэлтэй, ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байр, ХХ тоот хаягт байршилтай, 103.62 м.кв талбай бүхий, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 1013 433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 856 505 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ББСБ-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг доорх байдлаар давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралд биеэр оролцуулаагүй. Хүндэтгэх шалтгаантай гэсэн эмчийн магадлагааг тухайн өдөр өгсөн.

2. Хариуцагчид өмгөөлөгч авах бололцоог олгоогүй.

3. Шүүхийн шийдвэрээс нэмэгдүүлсэн хүү гэж гаргуулахаар шийдвэрлэсэн 7 178 520 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ХХийн нэхэмжлэгч “ХХХ” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргаж байсан.

Дээрх шалтгаануудыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсвэл өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шүүх хуралдаанд биеэр оролцох хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэгчийн нэр, улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүн зэргийг буруу бичсэн байгааг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 171 096 600 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 155 596 600 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж хариуцагч нь 80 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар өөрийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байр, ХХ тоот, 103.62 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

 /хэргийн 4-7 дугаар тал/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны эрхийн харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3 133 400 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 894 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

            Хариуцагч зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ нэхэмжлэгчид гаргаж байсан боловч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн гэрээний 3.1.2-т зааснаар зээл төлөх хугацааг хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй тул хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүснэ.

 

            Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Шүүх хариуцагчаас 140 111 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн туслалцаа авах хүсэлтийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааныг 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулж, товыг зохих журмын дагуу түүнд мэдэгдсэн байх тул тэгш байдлын үндсэн дээр мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэрийг “ХХХ” ББСБ гэж, мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 013 433 төгрөгийг 1 1013 433 төгрөг гэж тус тус буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/02891 дугаар шийдвэрийн удиртгал хэсэг, тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтын “ХХХ” ББСБ-д” гэснийг “ХХХ” ХХК-д” гэж,  

3 дахь заалтын “1 1013 433” гэснийг “1 013 433” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                       

                                                          ШҮҮГЧИД                            Ш.ОЮУНХАНД     

                    

                                                                                          С.ЭНХТӨР