| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/00993/И |
| Дугаар | 102/ШШ2023/03440 |
| Огноо | 2023-09-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2023/03440
|
|
|
|
2023 оны 09 сарын 26 өдөр Дугаар 102/ШШ2023/03440 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00-А дугаар байрны 00 тоотод оршин суух Ховогт Б Днэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дүгээр хороонд байрлах “З” СӨХ
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дүгээр хороонд байрлах “З” СӨХ-ийн удирдах зөвлөлд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэх захирлыг томилсон удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулж, удирдах зөвлөлийн гишүүнээс С.Б чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Хариуцагч “З” СӨХ-ийн төлөөлөгч С.Б
Хариуцагч “З” СӨХ-ийн удирдах зөвлөлийн төлөөлөгч Ч.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч “З” СӨХ, “З” СӨХ-ийн удирдах зөвлөлд холбогдуулан гүйцэтгэх захирлыг томилсон удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулж, удирдах зөвлөлийн гишүүнээс С.Быг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Д Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43-А дугаар байрны 13 тоотын оршин суугч, “З” СӨХ-ны гишүүн.
2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар гүйцэтгэх захирал н.Л үйл зажилгааны тайланг хэлэлцэх, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн тоог тогтоох, гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцээд удирдах гишүүдийн тоо 3, хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо 5 байхаар шийдвэрлэсэн.
Удирдах зөвлөлийн гишүүдээр Ч.З, н.Б, С.Б нарыг, Хяналтын зөвлөлийн гишүүдээр н.Э, н.Ө, н.Б, н.О, н.Ө нарыг сонгосон байдаг.
Энэ хурлаар СӨХ-ны гүйцэтгэгч захирлыг сонгох асуудлыг огт хэлэлцээгүй.
СӨХ-ны удирдах, хяналтын зөвлөлийн гишүүдийг хэзээ, хаана болгосон нь тогтоолоор тодорхойлох боломжгүй.
Удирдах зөвлөлийн гишүүн С.Быг СӨХ-ийн даргаар томилсон.
СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар СӨХ-ны гүйцэтгэх захирлыг томилох эрх зөвхөн удирдах зөвлөлд байдаг.
Гэтэл СӨХ-ны хяналтын зөвлөлийн гишүүд гүйцэтгэх захирлыг сонгосон нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлснээр хууль бус шийдвэр гаргасан үйлдэл гэж үзэж байна.
Мөн хуулиар удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар сонгохоор хуульчилсан.
2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар огт хэлэлцэгдээгүй н.Норовжав гэх хүнийг залруулга хийх хэлбэрээр удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр томилсон нь мөн хуулиар олгогдоогүй, хууль бус шийдвэр гаргасан.
2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр оршин суугч н.Л хүргүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “З” СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлтийн гишүүдийн хурлын протокол, хурлаас гарсан шийдвэрлэсний хоёрдугаарт “З” СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг 2019 оны 02 дугаар сарын 23-ны бямба гарагт зарлан хуралдуулах, энэ хурлаас дараагийн шинэ СӨХ-ны даргыг сонгон шалгаруулахыг шийдвэрлэв гэж протоколд тусгасан.
Гэвч 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүх гишүүдийн хурал болсон эсэх нь тодорхойгүй.
СӨХ-ны гишүүд хурлын тов хугацааг буруу заан мэдэгдсэн, хэдэн гишүүн оролцсон, хурал хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй.
СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүн С.Б өөрөө өөрийгөө сонгож томилсон нь үндэслэлгүй.
Удирдах зөвлөлийн гишүүн гүйцэтгэх захирлаар ажиллахыг хуулиар хориглоогүй гэхдээ гүйцэтгэх удирдлагад хяналт тавих чиг үүрэг, удирдах зөвлөлийн гишүүн өөрөө гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг бүтээдэг нь СӨХ-ны гишүүдийн хэвийн байдлыг хангах, эд хөрөнгийг үр ашигтай захиран зохицуулах боломжгүй болгож байна гэж үзэж байна.
Дээрх асуудлыг шалгуулаад нэхэмжлэгч Баянгол дүүргийн Засаг даргад гомдол гаргахад гомдлын дагуу Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хяналт шалгалт хийгээд хуулийн зөрчилт дутагдлыг илрүүлсэн гэж хариу ирсэн.
Хууль бус шийдвэр гаргасан гүйцэтгэх захирал СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг эвдэж, СӨХ-ны төлбөрийг хууль бусаар захиран зарцуулж байгаа нь өөрөө СӨХ-ны гишүүн, сууц өмчлөгчид, нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Хууль бус үйлдлийн улмаас “З” СӨХ-ны гүйцэтгэх захирал, нягтлан бодогч оршин суугчаас хурааж СӨХ-ны төлбөрийг өөрсдийн дураар нэмж авдаг, оршин суугчдаас санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа хуульд зааснаар албан ёсоор танилцуулахгүй, гүйцэтгэх захирал С.Б холбооны данснаас гүйлгээ хийхдээ өөрийн хувийн дансаар зарлага гаргаж байгаа мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байх нөхцлийг бүрдүүлж байна.
Иймд Зурагт” СӨХ-ны гүйцэтгэх захирлыг томилсон удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулж, удирдах зөвлөлийн гишүүнээс С.Быг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах хүчингүй болгож өгнө үү, гэжээ.
4.Хариуцагч “З” СӨХ-ны төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Намайг олонхын саналаар хуралдаад дарга болгосон юм.
Энэ байранд миний хүү амьдардаг байсан.
СӨХ-ны ажлыг булаагаад авсан хүн би биш, надад тийм ухамсар байхгүй.
Оршин суугчид намайг томилж шийдвэрлэсэн.
Миний бие хөгшин хүн н.Л, Б.Д нартай хэрэгт оролцож явахаас залхаж байна.
Би энэ ажлыг 4 жил буцааж өгөх гээд өгч чадахгүй байна, зайлъя гээд ч зайлж чадахгүй байна.
Яагаад эд нар ингээд байдаг бэ? гэхээр СӨХ-ны төлбөрөө огт төлдөггүй.
Бид шүүхэд нэхэмжлэл гаргаад явахаар ялагдаад байдаг.
Өмнө н.Л энэ ажлыг хийдэг атлаа огт төлбөрөө төлдөггүй байсан байна.
Мөн Б.Дтой холбоотой төлбөрөө СӨХ-ны төлбөрөө явагдаж байна.
Цувруулаад өгөх юм бол өр нь дарагдана гэж хэлээд одоогоор дуусаагүй байна.
Мөнгөтэй хүмүүс мөнгөөр тоглодог юм байна. Шүүх хуралд оролцож явахдаа мөнгөтэй. СӨХ-ны төлбөрөө төлөх гэхээр мөнгөгүй.
Ямар хэцүү хүмүүс байдаг юм. Би гайхаж байна:
Оршин суугчдыг хуралдаа ирээчээ энэ ажлыг чинь өгмөөр байна гэж хэлэхээр та гарч яах юм бэ? гээд хуралдаа ирэхгүй байна.
Би бушуухан өгөөд явмаар байна. Надад хорогдох юм алга, гэжээ.
5.Хариуцагч Зурагт” СӨХ-ийн удирдах зөвлөлийн төлөөлөгч Ч.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай хуучин СӨХ-ны дарга бол н.Л.
н.Л дээр асуудал гарсны дараа 2019 онд байраараа хуралдаад, СӨХ-ны даргаа солихоор шийдсэн.
Энэ шийдвэрийн шалтгаан н.Лын ёс зүйгүй харилцаанаас шалтгаалсан.
Тухайн өдрийн хурал дээр шинэ удирдах зөвлөлөө сонгож, хуралд оролцсон нийт оршин суугчдаас СӨХ-ны даргыг томилох болсон.
Бид С.Бы идэвх ихтэй тул даргаар томилсон.
Энэ болсон бүх зүйл шүүхэд хэрэгт өгсөн тэмдэглэл, бичлэг дээр байгаа.
Гэтэл Б.Д хууль бус дарга болсон гэж ярьж явдаг атлаа өөрөө тэр хуралд суугаагүй.
н.Л заналхийж С.Быг ална, хядна гэж дайрдаг болсон бөгөөд “миний дүү залуу хүн биз дээ”, “гурван хүүхэдтэй биз дээ”, “амьдралаа бодох хэрэгтэй шүү дээ” гэж намайг тааралдах болгонд сүрдүүлдэг.
н.Л СӨХ-ны дарга байх үедээ мөнгө хураамжийг төлөхгүй, СӨХ-ийн мөнгийг хувийн хэрэглээнд ашигладаг байсан.
Б.Д ямар шалтгаан үндэслэлээр сайн дураараа оршин суугчид сонгосон хүнийг томилсон шийдвэрийг хууль бус гэж үзэж, ярьж байгааг огт ойлгохгүй байна.
Гэхдээ Б.Дийг оролцуулан манай байрны СӨХ-ны мөнгөө төлдөггүй хэдхэн оршин суугчид дургүйцэж ийм үйлдэд гаргаад байдаг.
СӨХ-ны мөнгийг төлдөггүй мөртлөө шүүх хуралдаанд хүн томилуулж оролцуулах, өмгөөлөгч авах ямар их мөнгөтэй юм гайхаж байна.
С.Б гуайг та ажлаа сайн хийдэг гээд манай байрны оршин суугчид бүгдээрээ сайн харьцаа харилцаатай.
Зөвхөн Б.Д түүний эхнэр, н.Л түүний эхнэр бас өөр нэг хүн эд нар С.Быг сонгосонд дургүйцдэг.
Одоо С.Б гуай маш хэцүү дарамтанд амьдарч байгаа бөгөөд энэ хүнийг алах бий, зодож цохих бий гэж айж амьдрахаас залхаж байна.
н.Л бас нэг өөр байрны СӨХ-ны дарга болсон.
Гэвч мөнгө идсэн гэж баригдаад болиулсан байсан.
Би удирдах зөвлөлийн гишүүний тооноос өөрөө татгалзаж гараад жил гаруй болж байна.
Гэтэл намайг СӨХ-ны мөнгө хөрөнгөөс авсан гэж одоо болтол гүтгэж хэл ам хийгээд байлаг. Надад тийм зүйл байхгүй. Шалгуул гэж хэлсэн.
Манай байрны 180 орчим оршин суугчдаас дээрх хүмүүс гадна нийлээд 5 хүн СӨХ-ны мөнгөө өгөхгүй, шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хураамжийг авсан ч дахиад дараагийн төлбөрөө жил гаруй өгөхгүй байна.
Сүүлд намайг дахиж сүрдүүлэхэд би энэ хэвээр үргэлжлэх юм бол шүүхэд хандана шүү гэж хэлээд арай тайван болсон.
Эдгээр хүмүүст хэрвээ дарга болох хүсэлтэй байгаа бол зүгээр хуралдаад болоо гэж олон удаа хэлсэн.
С.Б гуай одоо өөр газарт амьдарч, би өөрөө хөдөө орон нутагт ажиллаж байна.
Дахин дахин шүүхэд дуудагдаж цаг зав үрээд байгаа нь хэцүү байна.
Бичлэг дээрээс харагдаж байгаа бүх оршин суугчид цуглараад шийдвэр гаргасан байхад яагаад өс хонзон хадгалаад байгааг ойлгохгүй байна.
Дан ганц намайг биш гэр бүлийн гишүүдийг амьдрах байх нөхцөлгүй болгож айлгаж сүрдүүлээд байдаг.
Энэ мөнгөө өгдөггүй хүмүүс амьдарч байгаа байраа засаж, сайжруулахад эсрэгээрээ эвдэж, дордуулж эсрэг юм хийдэг.
Энэ төлөөлөгч хүүхдээс би ичиж байна. Яагаад ийм шударга бус зүйл дээр яваад байдаг юм. Больж болдоггүй юмуу? Тэр хүмүүстээ зөвөөр ойлгуулж, ярьж хэлж болдоогүй юмуу? Худлаа юм яриад байх юм. Би бол ийм зүйл дээр явахаас ичнэ. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.
6.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
7.Нэхэмжлэгч талаас Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0070 дугаартай “Итгэмжлэл”, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 10 дугаар 30-ны өдрийн 05/2807 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын “Тайлбар хүргүүлэх тухай”, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “З” СӨХ шинэ даргыг томилох тухай, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “З” СӨХ удирдах зөвлөлийн тогтоолыг өгчээ.
8.Хариуцагч талаас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/62 дугаартай “З” СӨХ-ны удирдах зөвлөлийн “С.Быг захирлын ажилд томилох тухай”, иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №80 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №45 дугаартай “З” СӨХ “Тодорхойлолт”-ыг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Оршин суугчдын хурлаар СӨХ-ны гүйцэтгэгч захирлыг сонгох асуудлыг хэлэлцээгүй. СӨХ-ны удирдах, хяналтын зөвлөлийн гишүүдийг хэзээ, хаана болгосон тодорхойлохгүй. СӨХ-ны хяналтын зөвлөлийн гишүүд гүйцэтгэх захирлыг сонгосон нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлснээр хууль бус шийдвэр гаргасан. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүх гишүүдийн хурал болсон эсэх нь тодорхойгүй. СӨХ-ны захирлаар С.Б өөрөө өөрийгөө сонгож томилсон нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагч “З” СӨХ-ны төлөөлөгч С.Б “Намайг оршин суугчдын олонхын саналаар хуралдаад дарга болгосон. Би өөрийгөө сонгоогүй” гэж,
5.Хариуцагч “З” СӨХ-ийн удирдах зөвлөлийн төлөөлөгч Ч.З “Биднийг оршин суугчид СӨХ-ны хурлаа хийгээд сонгосон. Хуучин СӨХ-ны дарга н.Л, Б.Д гэх төлбөрөө төлдөггүй хүмүүс ийм зүйл яриад яваад байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
6.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Б.Д Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжны 43-А дугаар байрны 13 тоотод орон сууцны өмчлөгч бөгөөд тухайн байранд оршин суудаг болох нь үл хөдлөх өмчлөх эрхийн 000527195 дугаартай гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
8.Дээрх орон сууц “З” СӨХ-нд харъяалагддаг талаар талуудын хэн аль маргахгүй байна.
9.Зохигчдын тайлбар, бичгийн баримтуудаас үзэхэд “З” СӨХ-ны захирлаар С.Быг томилсон болох 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хурлын тэмдэглэл, СД-ны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Удирдах, хяналтын гишүүдийн хурлын протколь зэрэг баримтаар нотлогдож байна.
10.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг мөн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо байхаар тодорхойлж заажээ.
11.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4 дэх хэсэгт орон сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоог байгуулж болох бөгөөд холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдуулж, холбооны эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хурал байх ба удирдах, хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгоно гэж заасны дагуу “З” СӨХ-ны захирлаар С.Б, “З” СӨХ-ийн удирдах зөвлөлийн даргаар Ч.З нарыг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Сууц өмчлөгчдийн хурлын олонхи буюу оршин суугчдын саналаар томилсон нь тогтоогдож байна.
12.Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарыг ажлаас нь чөлөөлсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлож үгүйсгэж чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
13.Харин Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар Сууц өмчлөгчдийн холбооны хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон байдаг бөгөөд оршин суугчид, гишүүдэд Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг олгосныг дурдах нь зүйтэй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хэрээд овогт Будын Дийн нэхэмжлэлтэй, хариуцагч “З” СӨХ, “З” СӨХ-ийн удирдах зөвлөлд холбогдох гүйцэтгэх захирлыг томилсон удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулж, удирдах зөвлөлийн гишүүнээс С.Быг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА