Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 203/МА2021/00001

 

Ц.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох, урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Б миний бие Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуульд 2017 оноос нярвын ажлыг хийж эхэлсэн. Ажиллаж байх явцдаа өөрийн ажилдаа хариуцлагатай хандан ямар нэг зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн.

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр захирал Ж.Б нь тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас гарсан үндэслэлийн тухайд: Ө аймагт манай хамаатны өндөр настай хүний бие муудсаны улмаас тухайн үед сургуулийн захирал ээлжийн амралтай байсан тул захиргаа аж ахуйн нэгдлийн ахлагч болох сургуулийн нягтлан бодогч Х.Н-т чөлөө хүссэн хүсэлтээ өгсөн. Миний хүсэлтийг нягтлан бодогч Х.Н хүлээн авсан тул 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 5 хоногийн чөлөө авсан гэж ойлгон Ө аймаг руу явсан.

Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн захирал Ж.Б над руу утсаар ярин олон хоног ажил тасаллаа, хөдөлмөрийн гэрээг цуцаллаа, ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн. Ингээд тухайн өдрөө буюу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр б/19 дугаартай, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гэсэн утга бүхий тушаал гаргасан.

Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Миний хувьд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй гэж үзэж байна.

Мөн тушаалд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 15.5 дахь хэсэгт “багш ажиллагсад нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээ хангалтгүй биелүүлсэн, 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд ажлаас бүрэн чөлөөлнө” гэсэн заасныг баримталсан байна. Миний хувьд гурваас дээш хоног ажлаа таслаагүй, чөлөө аваад явсан.

Иймд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн б/19 дүгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь үндэслэлгүй гарч үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан гэж үзэж байгаа тул Ц.Б намайг урьд ажиллаж байсан тус сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 07 дугаар сарын 27-нд Ө аймагт байдаг манай 93 настай эгчийн бие нь тааруухан байна. Тэр хүнийг өнгөрөхөөс нь өмнө хэдүүлээ нэг уулзалдаад ургийн баяр хийе. Энэ хүнийг байгаа дээр бүгдээрээ нэг цуглая гэсэн учраас би явсан.

Тухайн үед захирал Ж.Б нь ээлжийн амралттай Б аймагт явж байсан. Мөн гурван менежер ээлжийн амралттай байсан. Манай сургуулийн нягтлан намайг ажил үүргийн хувьд хариуцдаг гэж би боддог. Тэгээд нягтландаа хүсэлтээ гаргаж өгөөд явсан.

07 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед намайг Улаанбаатар хотод байхад ажлаас залгаад чөлөөлөх шийдвэр гарлаа гэж хэлсэн. 7 дугаар сарын 27-ны өдөр нь нэг дэх өдөр,шуурхайтай байсан гэсэн. Тэр шуурхай нь намайг байхгүй байхад ажлаас халах гэсэн тийм л шуурхай байсан гэж бодож байна.

Иймээс намайг ажлаас халсан нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ би Өмнөговь нутгийн хүн байсан бол ургийн уулзалт нь энд болох байсан байх. Харин би хол нутгийн хүн. Яагаад ийм байдлыг минь харгалзан үзэж болсонгүй вэ гэж бодож байна. Намайг урьд ажиллаж байсан нярвын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү”гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж захирал Ж.Б шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие 2020.07.08-ны өдрөөс 2020.08.18 өдөр хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ээлжийн амралттай байсан. Энэ хугацаанд орон нутгийн санхүүжилтээр хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, сургуулийн гадаа үүдний тохижилт, цэцэрлэгт хүрээлэнгийн явган зам зэрэг сургуулийн гадна орчны тохижилтын бүтээн байгуулалтууд хийгдсэн.

Захиалагч байгууллагын зүгээс гүйцэтгэгч “Д” ХХК-ийн ажлын явцад өдөр бүр хяналт хийх шаардлагатай байсан. Бүтээн байгуулалт хийж байгаа компанийн ажлын явцад сургуулийн зүгээс байнгын хяналт хийх зорилгоор аж, ахуй хариуцсан нярав Ц.Б-н ээлжийн амралтыг 2020.08.03-ны өдрөөс 2020.08.24 өдөр хүртэлх хугацаанд тооцон олгохоор шийдвэрлэн тогтоосон.

Миний бие 2020.07.11-ний өдрөөс 2020.07.24-ний хооронд хөдөө орон нутагт түр хугацаанд амрахдаа нярав Ц.Б-д үүрэг даалгавар өгч гүйцэтгэгч компанийн ажлын явцад өдөр бүр хяналт хийж байх чиглэл өгсөн. Гэвч тус компанийн ажлын явцад сургуулийн цахилгааны утсанд гэмтэл гарч 1 давхрын гэрлүүд, ариун цэврийн өрөөний гар хатаагч эвдэрч сургуулийн цахилгааны шугам гэмтсэн шалтгааныг тодруулж холбогдох эзэнд хариуцлага хүлээлгэх, сургуулийн цахилгааны хэвийн ажиллагааг хангах чиглэл өгсөн боловч зөрчлийг арилгах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд ажил таслан эзгүй явсан байсан. 2020.07.27-ны өдрийн 11.00 цагт байгууллагын шуурхай хурал зарлан бичиг хэрэг Б.Э, номын санч Н.У, нярав Ц.Б, нягтлан бодогч Х.Н нарын гүйцэтгэж байсан ажил үүргийн явц, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл авахад Ц.Б нь ажлын байрандаа байгаагүй тул бичиг хэрэг Б.Э утсаар холбогдон мэдээлэл авсан тухайн үед “Хөдөө явж байна захиралд би өөрөө хэлчихнэ” гэсэн хариу өгсөн бөгөөд нягтлан бодогч Х.Н “би Ц.Б-д чөлөө өгсөн юм” гэж тайлбар хийсэн ч албан бичгээр өргөдөл өгөөгүй.

Уг хурлаас хойш Ц.Б нь албан ёсны мэдээлэл өгөөгүй ба 2020.07.31 болтол ажилдаа ирээгүй тул утсаар холбогдож Хөдөлмөрийн тухай хууль болон сургуулийн дотоод журамд заасан заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж сонсох ажиллагаа хийсэн.

Ажлаас чөлөөлөх үндэслэл:

Б-тай ажлын хариуцлагын талаар дөрвөн удаа арга хэмжээ авч байсан. Хоёр удаа амаар, хоёр нь журмын дагуу авч байсан.

- 2018-2019 онд шилжих үе буюу 2019 оны зуны засвар үйлчилгээг ажилчид хийх үед ажилчид засвар хийж байхдаа удаа дараа ажлын байранд архи ууж байсан учраас тодорхой хугацаагаар сануулж байсан. Засварын явцад архи ууж болохгүй гэж сануулж байсан. Тухайн үед би Б-д хэлж сануулж байсан. Наад архинаас чинь болоод будгийн хор хоёр нийлээд хүний биед хортой гэж хэлж байсан. Зарим хүмүүс нь ухаан алдаж унасан асуудал хүртэл гарч байсан. Үүний дараа 2019 оноос 2020 оны хичээлийн жилийн нээлтийн үеэр сургуулийн үйл ажиллагаа нээлтийн ажилд оролцож, сургуулийн ажилчид гар бие оролцож ажил хийсэн.

-Үүний дараа Сумын Тамгын газраас ирсэн хяналтын комисс болон мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгаж явсан байдаг.  

09 дүгээр сарын 01-ний өдрийн нээлтийн дараа сум орон нутгийн удирдлагууд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр манай байгууллагад нь сануулах арга хэмжээ авсан. Сургуулийн шинэ хичээлийн жилийн бэлтгэл муу, цэвэрлэгээ муу, завсар үйлчилгээний үлдэгдэл бүрэн цэвэрлэгдээгүй байна гэсэн. Үүний дагуу няравт үүрэг даалгавар өгсөн байсан учраас бүх засуулах шаардлагатай зүйлсийн зургийг нь авч өгсөн. Хэдэн зүйл янзлаагүй. Одоо хэдийг янзлах шаардлагатай байна гэдэг талаар зургийг нь аваад өөрт нь 2019.09.26-нд сануулах арга хэмжээ авсан.

- Дараа нь 2019 оны 02 дугаар сард Аймгийн санхүү Аудитын хяналтын шалгалт ирэхэд шатахуун гээд 1.300.000 төгрөгийн бензиний баримт хуурамчаар үйлдэж акт тавиулсан.

Энэ акттай холбоотойгоор нярав, нягтлан хоёрыг дуудаж уулзсан. Нярав та ажлын хамгийн эхний өдөр бензиний баримт дээр зөрчил гаргаад манай байгууллага дээр акт тавиулчихлаа. Хэрвээ цалингийн 20 хувиар ч юм уу нэмэлт арга хэмжээ авчихаар урамшууллаа авах боломжгүй болох учраас өөр нэмэлт арга хэмжээ авч болохгүй байна гээд амаар сануулаад бие даан суралцаж мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх амлалт өгсөн тул аман сануулга өгч итгэл хүлээлгэсэн.

- Гэтэл 07 дугаар сарын 27-ны хурал дээр өөрөө ирээгүй байсан. Хуурамчаар хүсэлт бичсэн гэж би тодорхойлж байна. Тухайн үед надад нягтлан ямар ч хүсэлт өгөөгүй. Би чөлөө өгсөн л гэж хэлсэн байдаг. Түүнээс хойш надтай нэг ч холбоо барилгүйгээр ажлын 5 хоног сураггүй алга болсон.

Сургуулийн дотоод журамтай танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан заалтуудаа санаатай зөрчин нягтлан бодогч Х.Н-с чөлөө авч явсан гэж худал хэлсэн. Уг үйлдэл нь 2020.07.27-ны өдрийн 11.00 цагт болсон байгууллагын шуурхай хурал дээр нягтлан Х.Н сургуулийн захиралд өргөдөл өгөөгүйгээр нотлогдсон.

 Нягтлан бодогч Х.Н-с эрх зүйн үндэслэлгүй чөлөө авч сургуулийн дотоод журмын 13 зүйлийн 11-т заасан “ажилтны 1 өдрийн чөлөөг захиргаа аж ахуйн нэгдлийн ахлагч, түүнээс дээш хоногийн чөлөөг сургуулийн захирал олгоно” гэсэн заалтыг санаатай зөрчсөн.

 Сургуулийн дотоод журмын 15.5-д заасан “багш, ажиллагсад нь хүндэтгэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд ажлаас бүрэн чөлөөлнө” гэсэн заалтыг зөрчсөн. /хавсралт: Сургуулийн дотоод журам/

Нэг хоногийн чөлөөг захиргаа, аж ахуй нэгдлийн ахлагчаас авч болно. Нэгээс дээш хоногийн чөлөө авах гэж байгаа бол захирал буюу надад заавал мэдэгдсэн байх ёстой.

Надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Мөн хөдөлмөрийн зөрчлийг давтан гарсан гэх үндэслэлүүдээр халах тушаал гаргасан.

Хариуцлага хүлээлгэх ёс зүйн зөрчил:

- Шүүх хяналтын байгууллагад худал мэдээлэл өгсөн. Сургуулийн цахим орчинд санхүүд хүсэлт гаргах нь гэсэн зурган мэдээлэлд “ургийн уулзалтдаа яваад ирсэн чинь халах тушаал авлаа” гэсэн утга бүхий мэдээлэл оруулсан бол Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан нэхэмжлэлдээ “хамаатны өндөр настай хүний бие муудсаны улмаас" гэх худал мэдээлэл өгсөн.

- Миний бие Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн мэдэгдэх хуудаст хариу өгөх хугацаанд 2020.08.27-нд мөнгө зээлсэн гэх, 2020.09.09 мөнгө шилжүүлж авсан гэх үндэслэлгүй гүтгэлэг, хийж сэтгэл зүйн дарамт учруулсан. /хавсралт-1/

Нэхэмжлэлтэй холбоотой авсан арга хэмжээ нь өмнө сахилгын шийтгэл сануулах арга хэмжээ авсан байсан учраас энэ арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гарсан байдаг.

Надаас чөлөө авах гэж нэг ч удаа ямар нэгэн оролдлого хийгээгүй.

 Энэ чөлөө авах өргөдлийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Байгууллагын шуурхай хурал дээр тийм өргөдөл байсан бол нягтлан ямар нэгэн байдлаар надад үзүүлэх ёстой байсан. Энэ өргөдлийг 24-нд үйлдсэн гэдгийг хэн ч нотолж чадахгүй.” гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Д овогт Ц.Б-г Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын  сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж” шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Гэтэл анхан шатны шүүхээс “захирлын ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал дээр заасан үндэслэлүүдэд ажилтан чухам сахилгын ямар зөрчил гаргасан нь тодорхой тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь:

1. Нэхэмжлэгч Ц Б-д 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б\50 дугаартай захирлын тушаалаар Сургуулийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасан “Сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан. Гаргасан сахилгын зөрчил нь тодорхой буюу сургуулийн дотоод журамд заагдсан “Сургуулийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Дотоод журмын хориглох заалтуудыг зөрчсөн, ... сургуулийн орчинд ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн нотлогдсон \согтууруулах бодис үнэртсэн\ бол ... сахилгын шийтгэл ногдуулна." гэсэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан учир захирлын тушаал гарган сахилгын шийтгэл ногдуулж, тушаалынхаа үндэслэлийг тодорхой дурдаж бичсэн байдаг.

Тухайн Захирлын тушаалыг хариуцагчийн төлөөлөгч Ж.Б нь анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж, шүүх хурал дээр тушаалынхаа үндэслэлийг “...нярав Ц.Б нь сургууль дээр засвар хийх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн учир сануулах шийтгэл ногдуулсан" гэж тайлбарласан. Энэ тайлбарыг нэхэмжлэгч Ц.Б нь "би архи уугаагүй хамт ажиллаж байсан багш нар уусан” гэж үгүйсгэсэн боловч тухайн үгүйсгэж буй үндэслэлээ нотлож няцааж чадаагүй, тухайн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар гомдол гаргаагүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй." гэж хуульчилсан байдаг. Тиймээс 2019.09.26-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь сахилгын зөрчил гаргаагүй гэж маргаж байгаа ч тухайн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт гомдол гаргах хугацаанд нь гомдол гаргаагүй байж 2020.10.26-ны өдрийн шүүх хурал дээр тухайн 2019.09.26-ны өдрийн сануулах шийтгэл ногдуулсан шийдвэрийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй төдийгүй анхан шатны шүүхэд ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байхад шүүхээс зөвхөн хариуцагч талыг нэхэмжлэгч ямар зөрчил гаргасан нь тодорхой биш нотлоогүй гэж үзэж байгаа нь нэг талыг баримталж буй шударга бус шийдвэр юм.

2. Мөн 2020.03.25-ны өдөр тус сургуульд хийгдсэн санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар нярав Ц.Б нь юунд зарцуулсан нь тодорхойгүй, шаардах хуудас болон зарлагын баримтгүй шатахууны зарцуулалт хийсэн, зарлагын баримтыг нөхөж хуурамчаар бичиж үйлдсэн, сургуульд 1 359 267 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байхад шүүхээс нярвын энэ үйлдлийг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцохгүй, энэ актаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Ажилтан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам, мөн мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэрэг хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзнэ.

Тус сургуулийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.11 дэх хэсэгт “сургуулийн үндсэн хөрөнгийг түрээслэн, ашиглаж ашиг олсон, бичиг баримт хуурамчаар үйлдсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална" гэжээ.

Нярав Ц.Б нь өөрийн хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн, хуурамч бичиг баримт үйлдэж, байгууллагын эд хөрөнгийг өөрийн хувьдаа зарцуулж сургуульд нийт 1 359 267 төгрөгийн хохирол учруулсан нь сургуулийн дотоод журмын дээрх заалтыг зөрчсөн болох нь мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар нярвын хариуцсан ажил үүргийн зөрчил болохыг тогтоосон байхад сургуулийн зүгээс давхар нотлох шаардлага байхгүй.

Тухайн гаргасан үйлдэл нь сургуулийн дотоод журмаар ажилчдад хориглосон хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцохоор тусгасан байгаа учир нярав Ц.Б-г хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэж тайлбарласан байдаг.

Сургуулийн зүгээс нярав Ц.Б-д дээрх үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулалгүй сургуульд учруулсан 1 359 267 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулахыг үүрэг болгож, амаар дахин ийм үйлдэл гаргахгүй байх талаар сануулаад өнгөрөөсөн.  Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б нь анхан шатны шүүх хурал дээр “...сургуулийн зүгээс хохирлоо төлүүлж авах нь нэн тэргүүний асуудал байсан учраас энэ хүнд сахилгын арга хэмжээ тооцоогүй ажлыг нь хийлгэж, цалингаас нь хохирлоо төлүүлж авахыг хүссэн мөн ч нэг хүний амьдрал яригдаж байгаа учир сургуулийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулбал нярав Ц.Б нь цалин, үр дүнгийн урамшуулал авах боломжгүй болох учраас сахилгын шийтгэл ногдуулалгүй өнгөрүүлсэн" гэдэг.

Тиймээс анхан шатны шүүхээс Ц.Б-н хуурамч баримт бичиг бүрдүүлж, байгууллагадаа 1 359 267 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нь хөдөлмөрийн сахилгын зөрчил биш, амаар сануулсан гэж байгааг сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь чухал бус түүнийг илрүүлсэн байх нь чухал гэж үзэж байна.

3. Шүүхээс “нярав Ц.Б нь ажил тасалсан зөрчил гаргаагүй, ажилтанд чөлөө олгох эрх бүхий хүмүүс нь тухайн цаг хугацаанд ээлжийн амралттай байсан учир хэнээс чөлөө авах нь тодорхойгүй учраас ажил тасалсан гэж үзэхгүй” гэсэн нь үндэслэлгүй юм.

Тухайн сургуулийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт "Түр чөлөө авах ажилтан холбогдох удирдлагад өргөдөл /чөлөөний хуудас/ гарган цохолт хийлгэснээр чөлөө хүчин төгөлдөр болно", мөн зүйлийн 13.11 дэх хэсэгт “Ажилтны 1 өдрийн чөлөөг захиргаа аж ахуйн нэгдлийн ахлагч, түүнээс дээш хоногийн чөлөө сургуулийн захирал олгоно" гэжээ. Мөн сургуулийн дотоод журмын 5-р хавсралтаар чөлөөний хуудасны маягтыг баталсан, бүх ажилчдад сургуулийн дотоод журмыг танилцуулж гарын үсэг зуруулсан тухай баримтыг хавсаргасан байдаг. Нярав Ц.Б нь сургуулийн дотоод журамтай танилцаж гарын үсэг зурсан болох нь үүнээс харагдаж байгаа.

Нярав Ц.Б нь чөлөө хүссэн rap өргөдөл дээр 2020.07.27-ны өдрөөс 2020.07.31-ний өдрийг дуустал буюу ажлын 5 хоногийн чөлөө хүссэн байдаг. Анхан шатны шүүх хурал дээр Ц.Б нь чөлөөг ямар журмаар хэнээс авах талаар мэдэж байсан талаар өөрөө хариулт өгсөн, өөрөөр хэлбэл мэдсээр байж сургуулийн дотоод журмаа зөрчсөн гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөг хэдий ч захирал тэр үед эзгүй, ээлжийн амралттай байсан учраас чөлөө авах боломжгүй байсан гэж тайлбарладаг.

Сургуулийн захирал Ж.Б нь тухайн цаг хугацаанд хэдийгээр ээлжийн амралттай байсан ч ажлаараа ирж очоод явж байсан, тухайн үед ажил дээрээ байхгүй ч чөлөөгөө албан ёсоор авах боломж нь нээлттэй буюу утсаар, интернетээр холбогдож мэдэгдэх бүрэн боломжтой байхад мэдэгдээгүй байдаг. Мөн чөлөө хүссэн эхний өдөр нь болох 2020.07.27-ны өдөр сургуулийн захирал Ж.Б нь ажилдаа очиж 12:00 цагт сургууль дээр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын улмаас үүссэн тог цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр ажилчдын шуурхай хурал зарлаж хуралдсан байдаг.

 Энэ нь анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Ц.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаалын ард авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогддог. Хэдийгээр иргэний хэрэг дээр сонсох ажиллагаа гэж хийгддэггүй ч нэг талаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг ажилтанд мэдэгдэж буй тэмдэглэл гэж ойлгож болно.

Түүнчлэн Ц.Б нь чөлөө хүссэн өргөдлийг нягтлан Х.Н-т өгсөн учир чөлөө олгогдсон гэж ойлгосон гэдэг. Нягтлан Х.Н мэдүүлэхдээ нярав Ц.Б-н чөлөө хүссэн өргөдлийг хүлээн авсан гэхдээ би чөлөө олгоогүй, би ажилтанд 5 хоногийн чөлөө олгодог эрх бүхий хүн биш ажилтны 5 хоногийн чөлөөг сургуулийн захирал олгодог, сургуулийн захирал надад ээлжийн амралттай байх хугацаанд миний өмнөөс ажилчдад чөлөө олгож бай гэсэн эрх олгосон зүйл байхгүй” гэдэг.

Тиймээс нярав Ц.Б нь ажлын 5 хоногийн чөлөөг хэнээс ямар журмаар авахаа мэдэж байсан, түүнчлэн чөлөө хүссэн эхний өдөр нь буюу 2020.07.27-ны өдөр өөрийн биеэр захиралтайгаа уулзаж чөлөөгөө авах боломжтой байсан, өөрийн биеэр уулзах боломжгүй ч утас, интернетээр холбогдож мэдэгдэх бүрэн боломжтой байсан.

Мөн хүндэтгэн үзэх шалтгаан Ц.Б-д гараагүй, чөлөөгөөр явах шалтгаан нь ургийн уулзалтад оролцох шалтгаанаар ажил тасалсан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

Ажил таслаад явсан хойно нь зам, талбайн засварын ажлын улмаас сургуулийн тог цахилгаанд асуудал үүссэн байдаг.  

Гэтэл анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн ажилтны буюу нэг талыг баримталсан шийдвэр гаргасан, нотолгооны тэнцвэрт байдлын зарчим алдагдсан буюу зөвхөн нэг тал болох хариуцагч талыг тайлбар, татгалзлаа нотлохыг шаардаж буй нь үндэслэлгүй юм. Талууд харилцан шаардлага, татгалзлаа нотлох шаардлагатай гэж үзэж байна.

Тиймээс Ц.Б нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй гэсэн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

Ц.Б нь эхний хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2019.09.26-ны өдөр, дараагийн зөрчил нь 6 сарын дараа буюу 2020.03.25-ны өдөр, сүүлийн зөрчлийг эхний зөрчлөөс 10 сарын дараа, хоёр дахь зөрчлөөс 4 сарын дараа гаргасан байна.

Ц.Б нь хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад давтан зөрчил гаргасан байна.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь ЕБС-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ. /хэргийн 01, 20 дугаар хуудас/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна

Талуудын тайлбараас үзэхэд хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэл нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын  гуравдугаар сургуулийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн б/19 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Б-г нярвын үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Сургуулийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.5 дахь заалтуудыг  баримталжээ. /хэргийн 02 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нь“...Ө аймагт манай хамаатны өндөр настай хүний бие муудсаны улмаас ...захирал ээлжийн амралттай байсан тул захиргаа аж ахуйн нэгдлийн ахлах нягтлан бодогч Х.Н-т чөлөө хүссэн өргөдлөө өгсөн. Миний хүсэлтийг ...хүлээн авсан тул 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 5 хоногийн чөлөө авсан гэж ойлгон Ө аймаг руу явсан. Гурваас дээш хоног ажил таслаагүй чөлөө аваад явсан ” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан  байна.

 ЕБС-ийг төлөөлж захирал Ж.Б, ажилтан Ц.Б нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1031 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ. /хэргийн 04 дүгээр хуудас/

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийн аль нэгийг болон хамтад нь гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Хариуцагч нь Ц.Б-г ажлаас чөлөөлсөн үндэслэлээ сахилгын зөрчил давтан гаргасан гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргах гэдгийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан нь хөдөлмөрлөх явцад дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, зөрчлийн хоорондох хугацаа нь өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол нэг жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж ойлгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 130.4-т нийцнэ. Мөн энэ зохицуулалтаар зөрчилд заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй байна.

Шүүх энэ төрлийн маргааны хувьд ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн тушаал нь эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаж, баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил, халагдсан үндэслэлтэй тохирсон, зөрчил тус бүр нь тогтоогдсон эсэх, зөрчил нь давтан зөрчил гаргасан гэж үндэслэлд хамаарах эсэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж дүгнэлт өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хууль хэрэглээний зарчимд нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болох бөгөөд чөлөөг олгох журмыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн Сургуулийн дотоод журмын 13.1-д ажилтаны 1 өдрийн чөлөөг захиргаа аж ахуйн нэгдлийн ахлагч, түүнээс дээш хоногийн чөлөөг сургуулийн захирал олгоно, 13.8-д түр чөлөө авах ажилтан холбогдох удирдлагад өргөдөл /чөлөөний хуудас/ гарган цохолт хийлгэснээр чөлөө хүчин төгөлдөр болно, 13.9-д сургуулийн захирал ажилтны гаргасан хүсэлтийг харгалзан сургалтын менежер, аж ахуйн даргатай тохиролцсоны үндсэн дээр түр чөлөө олгоно гэж чөлөө олгох журмыг зохицуулжээ. /хэргийн 59 дүгээр хуудас/

Энэ дотоод журамтай танилцсан багш, ажилчдын нэрсийн 61 дүгээрт Ц.Б-н нэр бичигдсэн ба тэрээр гарын үсгээ зурсан байна. Ц.Б нь энэ дотоод журмыг ажилтнуудад нэг хувийг өгсөн тухайгаа шүүх хуралдаанд тайлбарлажээ.   /хэргийн 26, 110 дугаар хуудас/

Уг дотоод журмын үйлчлэлийн талаар талууд маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлсэн гэж үзэж улмаар ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх ажил олгогчид үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь чөлөө хүссэн өргөдөл, чөлөөний хуудас зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул Ц.Б-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Энэ нь түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан ажилтан нь ...хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан холбогдох хууль тогтоомж, сургуулийн дотоод журмыг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.  /хэргийн 4-6 дугаар хуудас/

Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд талууд нэхэмжлэгчийн ажилд ирээгүй хугацааны талаар хариуцагч нь “2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлаас тасалсан” гэж, нэхэмжлэгч нь “27-ны өдрөөс чөлөө хүссэн” гэж мэтгэлцсэн нь тусгагдсан байх ба  нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ чөлөө авсан гэх хугацааг “7 дугаар сарын 28-ны өдрөөс 5 хоногийн чөлөө авсан” гэх агуулгаар бичсэн  боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “...7 дугаар сарын 27-ны өдөр баасан гариг байсан. Би 7 сарын 24-нөөс 26-ны өдрийг хүртэл чөлөө авсан...” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж мэтгэлцсэн.

Х.Н анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож гэрчээр “...хэд хоног явж ирээд жижүүрээ нөхөөд хийгээрэй гэх зүйлийг яриад чөлөө олгоод явуулсан...” гэх мэдүүлэг өгч, үүний дараа шүүх хуралдааны оролцогч нарын асуултад  “... өрөөнийхөө түлхүүрийг орхисон байсан. Тэр түлхүүр ч сонин биш байсан. ..захирал Б-г яасан юм бэ гэсэн, би ургийн баяртай гээд явсан гэж хэлсэн. Захирал хэнээс чөлөө авсан юм бэ гэхээр нь надад юм бичиж өгчхөөд явсан гэж хэлсэн..., ажил гайгүй байсан учраас яваад ирээ гэсэн, ...явахынхаа өмнөх 5 дахь бил үү хагас сайн  өдөр ... надад шөнө аваачиж өгсөн,...тэгэхэд би хүсэлтийг нь бүрэн дүүрэн уншиж чадаагүй, ...хурал болдог өдөр би өрөөнийхөө түлхүүрийг орхисон байсан. Харин өгсөн хүсэлтийг нь гэртээ орхисон байсан...” гэх хариулт өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ба энэ мэдүүлэг дэх мэдээлэл нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эсхүл ач холбогдолгүй эсэх талаас нь шүүх үнэлээгүй байна. /хэргийн 107-109 дүгээр хуудас/

Иймээс шүүхийн “Х.Н-н... тухайн үед сургуулийн захирал ээлжийн амралттай, захирлыг орлож байсан менежерүүд бүгд ээлжийн амралттай байсан тул хүсэлтийг нь хүлээн авч чөлөө өгч явуулсан гэх мэдүүлгээр түүнийг ажил тасалсан гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлтийг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, эргэлзээгүй үнэлж гаргасан дүгнэлт гэж үзэх боломжгүй. Энэ нь шүүхийг нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

 Талууд дээрх гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болох эсэх талаар маргаагүй ба шүүхээс гэрчийн мэдүүлэг авахдаа хууль зөрчөөгүй байх тул шүүх хуралдааны тэмдэглэлийг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой тул гэрч Х.Н-н мэдүүлэгт авагдсан мэдээллээр нэхэмжлэгч Ц.Б нь 7 дугаар сарын 27-ны өдрөөс ажилдаа ирээгүй болох нь тогтоогдож байна, харин гэрч нь  Ц.Б-д хэд хоногийн чөлөөг, хэзээнээс эхэлж, ямар үндэслэл шалтгаанаар, ямар хэлбэрийн шийдвэрээр /амаар, бичгээр/ олгосон зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдүүлж чадаагүй байна гэж үзлээ. 

Сургуулийн захирлын ээлжийн амралт олгосон шийдвэртэй боловч орон нутгийн санхүүжилтээр хийж байгаа бүтээн байгуулалтад хяналт тавих зорилгоор  ажиллаж байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Б нь түр чөлөөг хуульд тогтоомжид заасан журмын дагуу авахгүйгээр ажилдаа ирээгүйг ажил тасалсан гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Мөн хариуцагч нь Ц.Б-г сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээ үүнээс өмнө нэхэмжлэгч Ц.Б-г 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр б/50 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан, 2019 оны санхүү, аудитын шалгалтаар зарлагын баримтгүй шатахуун зарцуулсан зэрэг зөрчилд амаар сануулах арга хэмжээ авсан гэж тайлбарласан.

Хариуцагчаас Ц.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Сургуулийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтын үндэслэн сануулах арга хэмжээ авсан 2019 оны 09 дүгээр  сарын 26-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хэрэгт нотлох баримтаар 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж өгсөн байна.  /хэргийн 23 дугаар хуудас/

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ тушаалын талаар нэхэмжлэгч Ц.Б-н “...тэр үед надад яагаад арга хэмжээ авсныг би ойлгоогүй...” гэсэн тайлбар,  гэрч Х.Н-н  “...би сайн мэдэхгүй. Надад албан ёсоор бичиг ирээгүй. Сургаар сонсож байсан...” гэсэн мэдүүлэг тус тус тусгагдсан байх тул уг тушаал гарсныг нэхэмжлэгчийг мэдээгүй гэх боломжгүй тул түүний давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “шүүх дээр мэдсэн” гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.  /хэргийн 107 дугаар хуудас/.

Түүнчлэн хариуцагч энэ тушаалаар сануулах арга хэмжээ авах болсон үндэслэлээ “2019 оны хичээлийн жил эхлэхэд ...засвар үйлчилгээний будаг, цэвэрлэгээ хангалтгүй хийсэн...” , “...засвар хийж байсан ажилчид архи ууж байсан, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгаж, ...цэвэрлэгээ, үйлчилгээ, засварын будаг зэрэг нэмэлт ажлыг хийх шаардлагатай гэсний дагуу няравт үүрэг өгсөн, ... ” гэх агуулгаар тодорхойлж тайлбарласан байна. /хэргийн 20, 105 дугаар хуудас/

 Нэхэмжлэгч нь энэ тайлбарын талаар анхан шатны шүүх хуралдаан дээр “...манай ажилчид бүгдээрээ гадна доторгүй засвар хийж байсан...бүтэн будагтай орчинд ... ямар байдалтай ... ямар байсныг та мэдэж байгаа...тэрнээс болоод ...хүмүүс хорыг хороор гээд ганц шил архи уувал зүгээр гээд тэд нар ганц, хоёр юм ууж байсан...” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон тул дээрх үйл баримт тухайн үед болсон гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасны дагуу эрхээ хэрэгжүүлж дээрх хугацаанд уг тушаалын талаар нэхэмжлэгч гомдлоо гаргаж байсан нь нотлогдоогүй тул тушаалыг хүчинтэй гэж үзнэ.

Иймд шүүхийн “энэхүү арга хэмжээг авах болсон үндэслэл буюу сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон талаарх баримтыг ирүүлээгүй тул дээрх тушаал нь ...Ц.Б-г сахилгын зөрчил гаргасныг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй.

 2019 оны 09 дүгээр  сарын 26-ны өдрийн Б/50 тоот тушаалаар арга хэмжээ авагдаж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Өмнөговь аймгийн улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Үргүй зардал төлүүлэх тухай” а/16/30-01/54 дугаартай актад “1359267 төгрөгийг нягтлан бодох бүртгэлд өглөг, авлагаар тусгаж нярав Ц.Б-гаар төлүүлж байгууллагыг хохиролгүй болгох”-оор заасан байх тул нэхэмжлэгчийн энэ хохирлыг төлсөн гэх тайлбар нь түүнийг зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.  /хэргийн 99-100 дугаар хуудас/

 Иймд шүүхийн “ ...актыг үндэслэж ажилтан Ц.Б-д амаар сануулж байсан гэх боловч энэ талаарх холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, түүнчлэн энэ актаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй...” гэсэн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй. 

Шүүхээс нэхэмжлэгч талд эрх, үүрэг тайлбарласан,  шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарахаас өмнө  нэг удаа, шүүх хуралдаан зарласнаас хойш 4 удаа хэргийн материалыг танилцуулсан баримт хэрэгт байна. /хэргийн 17, 19, 56, 86, 91, 101 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь хариуцагчаас ирүүлсэн нэхэмжлэлийг татгалзсан тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримттай танилцсан боловч түүнийг эсэргүүцсэн тайлбарыг шүүхэд гаргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, нөгөө талаар шаардлагаа нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, нэг талын тайлбар гэдэгт нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар хамаарах тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан эрх зүйн актынхаа бодит болон хууль зүйн үндэслэлийг нотолсон хариуцагчийн нотолгоог нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөнд тооцох гэх үр дагавар үүсгэхийг шүүх анхаараагүй байна.

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч хэрэгт цугларсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул  шүүхийн шийдвэрийг  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Гэвч хэргийн болон маргааны үйл баримт нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул дээрх үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1-т заасан шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан хугацаанд Ц.Б нь хөдөлмөрийн сахилгын хэд хэдэн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн б/19 дугаар тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзэж  хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан мессенжер чатын хуулбар, нэхэмжлэгчийн санхүүд гаргасан хүсэлт зэргийг  шинжлэн судалсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх боловч уг нотлох баримтыг шүүхээс хэрхэн үнэлсэн нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, мөн энэ баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй, талууд мэтгэлцээгүй тул энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзлээ. /хэргийн 27-28, 108 дугаар хуудас /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаар  шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-н хариуцагч ЕБС-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Голомт банк дахь 1165117377 тоот дансаас шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

     ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                       Ц.ОТГОНЦЭЦЭГ