Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00597

 
 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаар шийдвэр,

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 203/2021МА/00001 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль

 

нэхэмжлэл: урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын хяналтын журмаар 2021.02.04-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Н.Нармандах, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2020.07.31-ний өдөр захирал тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Манай хамаатны өндөр настай хүний бие муудсан бөгөөд тухайн үед сургуулийн захирал ээлжийн амралттай байсан тул захиргаа аж ахуйн нэгдлийн ахлагч болох сургуулийн нягтлан бодогч Х.Наранцэцэгт чөлөө хүссэн хүсэлтээ өгсөн. Миний хүсэлтийг нягтлан бодогч Х.Наранцэцэг хүлээн авсан тул 2020.07.28-ны өдрөөс 5 хоногийн чөлөө авсан гэж ойлгосон. Гэтэл 2020.07.31-ний өдөр сургуулийн захирал ярьж, олон хоног ажил тасаллаа, хөдөлмөрийн гэрээг цуцаллаа, ажлаа хүлээлгэж өг гэж хэлээд б/19 дугаартай, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргасан. Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-г үндэслэсэн байдаг.Би сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, мөн ноцтой зөрчил гаргаагүй. Тушаалд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 15.5-г баримталсан байна.Би гурваас дээш хоног ажлаа таслаагүй, чөлөө аваад явсан. Иймд намайг сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: ******* 2019.09.26-нд сануулах арга хэмжээ авагдсан байсан. 2019 оны санхүү, аудитын шалгалтаар нөхөн төлбөр гаргасан, нярвын анхан шатны мэдлэггүй байсан тул ажлаа хүлээлгэн өгөх шаардахад ур чадвараа нэмэгдүүлэх амлалт өгсөн тул сануулга өгч итгэл хүлээлгэсэн. Сургуулийн дотоод журмыг зөрчин нягтлан бодогчоос чөлөө авч явсан гэх боловч 2020.07.27-ны өдрийн 11.00 цагт болсон байгууллагын шуурхай хурал дээр нягтлан Х.Наранцэцэг захиралд өргөдөлийг нь өгөөгүй, нягтлан бодогчоос чөлөө авч сургуулийн дотоод журмын 13 зүйлийн 11-г зөрчсөн. Ажилтны 1 өдрийн чөлөөг захиргаа аж ахуйн нэгдлийн ахлагч, түүнээс дээш хоногийн чөлөөг сургуулийн захирал олгоно. Сургуулийн дотоод журмын 15.5-д заасан багш, ажиллагсад нь хүндэтгэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд ажлаас бүрэн чөлөөлнө гэж заасан. Түүнчлэн, худал мэдээлэл өгсөн. Ургийн уулзалтдаа яваад ирсэн чинь халах тушаал авлаа гэсэн мэдээлэл цахим орчинд оруулсан атлаа нэхэмжлэлдээ хамаатны өндөр настай хүний бие муудсан гэжээ. 2020.08.27-нд мөнгө зээлсэн гэх, 2020.09.09 мөнгө шилжүүлж авсан гэх үндэслэлгүй гүтгэлэг, хийж сэтгэл зүйн дарамт учруулсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 143/ШШ2020/00497 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, *******г Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 203/2021МА/00001 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: *******д 2019.09.26-ны өдөр 6/50 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан тухайд: ******* нь дээрх тушаалаар өөрт сахилгын арга хэмжээ авсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн байдаг. Хариуцагч тал энэхүү тушаалын үндэслэлийг ******* нь сургууль дээр засвар хийх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж тайлбарладаг боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, яг энэхүү зөрчлийг гаргасан эсэх нь сануулах арга хэмжээ авагдсан тушаал байхгүй болно. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131-д заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа *******гийн гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгож арга хэмжээ авч болно. Гэвч уг тушаалдаа заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй нь тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн энэхүү арга хэмжээг авах болсон үндэслэл буюу сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон талаарх баримтыг ирүүлээгүй тул дээрх тушаал нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасныг нотлох баримт болохгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болсон. Харин давж заалдах шатны шүүхээс сануулах арга хэмжээ авсан тушаалд ******* нь хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, энэ талаарх тайлбараа бичгээр өгөөгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт би энэ тушаалыг ойлгохгүй байна гэсэн тайлбар зэрэг нь хариуцагчийн дурдсан ажлын байрандаа архи уусан гэх зөрчлийг гаргаагүй гэдгээ нэхэмжлэгч нотлож чадахгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ******* нь надад арга хэмжээ авсан тушаалыг би шүүхэд хандсан дараагаа мэдсэн, гэрч Х.Наранцэцэг *******д арга хэмжээ авсан тушаалыг би тухайн үедээ мэдээгүй, надад тушаал нь албан ёсоор ирээгүй, дараа нь сонсож байсан гэсэн тайлбарыг тус тус гаргадаг бөгөөд тэдний тайлбарт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх учиртай. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь ИХШХШТХ-н 25.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэжээ. Энэ үүрэг мөн хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг юм. Талууд шүүхэд гаргасан тайлбаруудаа аль аль давхар нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байтал зөвхөн хариуцагч талын тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэх хуулийн шаардлагыг давж заалдах шатны шүүхийн магадлал хангасангүй. 2. *******г хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө аваагүй ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж давж заалдах шатны шүүх үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2020.07 сард зайлшгүй шалтгаанаар чөлөө аваад явах үед чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан болох сургуулийн захирал ээлжийн амралттай байсан, сургуулийн захирлыг орлох сургалтын менежерүүд мөн ээлжийн амралттай байсан. Сургуулийн захирал ээлжийн амралтаараа өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймагт амарч явсан байдаг. Чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан байхгүй тул нэхэмжлэгч нь нягтлан бодогч Х.Наранцэцэгт учир шалтгаанаа хэлж чөлөө хүссэн хүсэлт бичиж өгөөд явсан. *******гийн хувьд хамаатны өндөр настай хүний бие муудаад, нас барахаас нь өмнө ах дүү нарынхаа санаачлагаар хийх болсон ургийн уулзалт оролцохоор явсан. Хариуцагчийн тайлбараар *******д хүндэтгэн үзэх өөр ямар нэг шалтгаан тохиолдсон бол сургуулийн удирдлагууд байхгүй гээд Хөдөлмөрийн тухай хуульд заасан энэ эрхээ эдлэж чадахгүй байх байсан уу. Тус сургуулийн дотоод журамд заасан ажлаас чөлөө хүссэн маягт одоогоор тус сургуульд байхгүй бөгөөд багш, ажилчид гараар өргөдөл бичин сургуулийн захиралдаа өгдөг болно. *******тай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2020.07.31-ний өдрийн 6/19 тушаалыг гаргасан сургуулийн захирал Б.Баярбаатар нь ээлжийн амралттай байсан бөгөөд ээлжийн амралтынхаа хугацаанд уг тушаалыг гаргасан. Ээлжийн амралтын тухайд ээлжийн амралттай албан тушаалтан, албан хаагч өөрийн эрхэлдэг ажил албан тушаалаа явуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна. гэж заасан. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч Б.Баярбаатарт зайлшгүй тохиолдлоор ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, ХХША-ны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2020.08.13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, няравын ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирал 2020.07.31-ний өдөр б/19 дүгээр тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Сургуулийн дотоод журмын 15.5-г үндэслэн ажил тасалан... гэж *******г няравын ажлаас халснаас маргаан үүссэн байна.

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн дотоод журам/ хх24-26,60-85/-н 13.11-т нэгээс дээш хоногийн чөлөөг сургуулийн захирал олгох талаар заасан хэдий ч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалтыг тусгана. Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болох бөгөөд чөлөөг олгох журмыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан хэн болох нь тодорхойгүй байна. Тухайлбал, захирал ажил үүргээ гүйцэтгээгүй үед нэгээс дээш хоногийн чөлөөг ажилтан ямар албан тушаалтнаас авах талаар хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй, захирал ээлжийн амралттай байсан тухайн үед түүнийг ямар албан тушаалтан орлох талаар шийдвэр гарсан эсэх, энэ тухай ажилчдад мэдэгдсэн эсэх баримт хэрэгт байхгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн ...ажил олгогч нь... Хөдөлмөрийн хууль..хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй...., 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсгийн ... дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалтыг... тусгана... гэснийг хэрэглээгүй, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн ...чөлөө олгох журмыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.. гэснийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн дотоод журмын 13.11-т нэгээс дээш хоногийн чөлөөг сургуулийн захирал олгох талаар заасан, нэхэмжлэгч 5 хоногийн чөлөө хүсэх үед захирал ээлжийн амралттай байсан нь нотлогдсон, ажилтан чөлөө авах талаараа тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан албан тушаалтанд мэдэгдсэн, тухайн албан тушаалтан нь татгалзаагүй нь тогтоогджээ.

Ажилтан чөлөө авахдаа хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул ******* ...2020.07.27-ны өдрөөс 5 хоног ажил тасалсан.. гэх хариуцагчийн тайлбар буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2020.07.31-ний өдрийн б/19 дүгээр тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Анхан шатны шүүх *******гийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг харьцуулан үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.

 

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болно.

 

Нэхэмжлэгч 2020.07.27-ны буюу өдрөөс эхлэн 5 хоног ажил тасалсан нь тогтоогдоогүй тул ажилтан ...сахилгын зөрчлийг давтан гаргасан.. мөн ноцтой зөрчил гаргасан.. гэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангахдаа хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 203/2021МА/00001 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШЗ2021/00234 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД, С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ