Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2022/03108

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

2022 он 09 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2022/03108 Улаанбаатар хот

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нью сенчьюри плаза, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 00 регистртэй Ч ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол БХН 48-4 тоот хаягт өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 00 регистртэй М ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун хотхон, 100 дүгээр байрны 18 тоот хаягт оршин суух, 00 регистртэй, Хонин онход овогт Базаррагчаагийн Д ,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Блю скай хотхон, 44а байрны 17 тоот хаягт оршин суух, 00 регистртэй, Баяуд тайж овогт Чимэддагвын О ,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Блю скай хотхон, 44а байрны 17 тоот хаягт оршин суух, 00 регистртэй, С овогтой М (хууль ёсны төлөөлөгч Чимэддагвын О ),

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Харзатын хотгор, 17041 хаягт байрлах, хуулийн этгээдийн 00 регистртэй Ө ХХК,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт М ХХК-иас 654,115,474 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр хангуулах,

Сөрөг нэхэмжлэл: Ч ХХК-тай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ББГ-2019/ЗГ/75 дугаар зээлийн гэрээний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулж Ч ХХК-иас 3,940,000 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо,

Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Я.С ,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Еркебулан,

Хариуцагч Б.Д ,

Хариуцагч Ч.О , С.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжиндулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ч ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

М ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ББГ-2019/ЗГ/75 дугаартай зээлийн гэрээг Ч ХХК-тай байгуулж, 300,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 20,4 хувийн хүүтэй зээлсэн байна. Мөн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ББГ-2019/ЗГ/75/01 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1-ийг Ч ХХК-тай байгуулж, 94,000,000 төгрөг нэмж, нийт 394,000,000 төгрөг зээлдсэн байна. Улмаар дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:

- 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ББГ-2019/БГ/75/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч Б.Д гийн өмчлөлийн 00 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол /13336/ ХД 36/а байрны 00 тоот хаягт байрлах 89,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч ХХК-ийн барьцаанд тавьж,

- 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ББГ-2019/ФГ/75/02 дугаартай Фидуцийн гэрээгээр 18-86 ГЧ, 18-87 ГЧ улсын дугаартай цагаан өнгийн тусгай зориулалтын 2 ширхэг бутлуурын механизмуудыг Ч ХХК-ийн өмчлөлд шилжүүлж,

- 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ББГ-2019/БГ/75/02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Я.С , Ч.О , С.М нарын өмчлөлийн, 00 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 41 дүгээр байрны 26 тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч ХХК-д барьцаанд тавьсан байна.

М ХХК нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/123 дугаар, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/475 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/688 дугаар, 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/78 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус М ХХК-д хүргүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 392,586,674 төгрөг, зээлийн хүү 225,781,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,747,364 төгрөг, нийт 654,115,474 төгрөгийг М ХХК-иас гаргуулах, хэрэв хариуцагч дээрх зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон Фидуцийн гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахад хариуцагч нар гуравдагч этгээдээр орж ирэх ёстой гэсэн асуудал яриад байгаа. Шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа учир заавал хариуцагчаар татаж байгаа юм. Хариуцагч тал тайлбар гаргахдаа манайхыг үүргийн гүйцэтгэлээ шаардах ёстой хугацаанд нь шаардаагүйгээс учирсан хохирлыг төлөхгүй гэдэг байдлаар хандаад байгаа. Сая хариуцагч байгууллагын төлөөлөгч уг мөнгийг төлөх боломжтой байсан гэж ярьж байна. Бид энэ хүнтэй энэ хүртэлх хугацаанд зээлээ төлчих гэж олон удаа харьцаж байсан. Ийм зүйл дээр биднийг шаардах ёстой байсан хугацаандаа шаардаагүйгээс уг хохирлыг төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт 20.4 хувь гэсэн байгаа нь жил эсхүл сараар тооцно гэдгийг мэдэхгүй гэж тайлбарлаад байна. Зээлийн гэрээг байгуулахдаа бид ард талд нь тооцооллыг нь хийж өгдөг. Үүнд энэ хүү нь жилийн хүү гэж тогтоогоод өгчихсөн байгаа. Үүнийг байсаар байтал хариуцагч талаас мэдэхгүй гэж байна. Бид үүнийг ойлгож зээл авах хэмжээний хүмүүст зээл өгөх ёстой байсан юм уу? Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүүг заавал гэрээнд тодорхой тусгах ёстой. Тусгаагүй бол Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан тухайн гэрээг албан ёсоор байгуулахад мөрдөгдөж байсан хуульд ч тэр, одоо байгаа хуульд ч тэр яг энэ заалтаараа тусгагдсан байгаа. Хариуцагч талаас тайлбартаа дурдаад байгаа хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан 24.3 дахь хэсэгт заасан шимтгэлийг л нэхнэ шүү гээд байгаа юм. Гэтэл 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлдэгч хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн хүүг нэмэгдүүлсэн хүүтэй нь төлөх хүртэл хугацаанд шаардаж авна гэж заасан. Үүнээс харахад нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч зээлийн төлбөрийг төлөхгүй байх арга хэрэглээд байна гэж харж байна. Үнэхээр төлөх талаар санаачилга гаргасан зүйл огт байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлбөрийг барагдуулсан зүйл байхгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагад тодруулах ёстой нэг зүйл байгаа ба 2 барьцаа хөрөнгө, 1 фидуцийн хөрөнгө байгаа. Гурван хөрөнгөөр бүгдээр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгаа...гэв.

2.Хариуцагч М ХХК-ийн захирал Я.С нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ББГ-2019/ЗГ/75 дугаар зээлийн гэрээ, мөн оны 8 дугаар сарын 12-ны өдөр ББГ-2019/ЗГ/75/01 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулагдсан. Зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээлдэгч зээлийн хүү, төлбөрийн хуваарь зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ зээлийн хүүгийн тооцооллыг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 4 удаа нэмэгдүүлэх замаар 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус тооцсон байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсныг үл харгалзан 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүү-г хуримтлуулан тооцжээ. Талууд зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойшхи хугацаанд хүү тооцох бол хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тусгасан байхыг хуульчилжээ. Эндээс харахад зээлийн гэрээндээ хэтрүүлсэн хугацааны хүүг тусгайлан тохироогүй бол банк хэтрүүлсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна. Тэгвэл М ХХК нь зээлийн гэрээгээр хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг хүлээгээгүй, мөн хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хугацааны хэтэрсэн хугацааны хүүг М ХХК-иас шаардах эрхгүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон байхад зээлдүүлэгч зээлийн гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 1 жил 3 сар 8 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гарган, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулж нэхэмжилж байгаа нь зээлдэгчийг хэт хохироож байгаа үйлдэл юм. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэх байсан зээлийн үнийн дүнгээс 3,940,000 төгрөгийг суутган шилжүүлсэн байдаг. Үүний үндэслэлийг зээлийн гэрээний 3.5-д үндэслэсэн гэх боловч зээлийн хүүг бүрэн олгоогүй мөнгийг хасалгүй 394,000,000 төгрөгөөр бодож хүү тооцож байгаа нь зээлдэгчийг ашиглаагүй мөнгөний хувьд хүү төлөх нөхцөл байдлыг бий болгож байх тул үндэслэлгүй байна. Иймд Ч ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хугацааны хэтэрсэн хугацааны хүү болон энэ хугацааны нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 142,972,970 төгрөгийг, мөн шимтгэлд ногдох хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний дагуу тооцогдох үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү гэдэг ойлголтыг ялгаж ойлгохгүй байна. Нэг нь үндсэн хугацаанд, нөгөөх нь гэрээний дагуу авсан зээлээ гэрээний хугацаанд биелүүлээгүйн улмаас хүлээх хариуцлагын шинжтэй хуулийн зохицуулалт юм. Мөн зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг тохирох ёстой гэдгийг талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан урт нэртэй хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт тодорхой заасан. Гэрээнд хэтэрсэн зээлийн хүүг тусгахдаа 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтэрч болохгүй гэсэн 2 урьдчилсан нөхцлийг зааж өгсөн. Нэгдүгээрт, хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн төлөх ёстой хүүгийн хэмжээ хэд байх ёстойг зээлийн гэрээнд тусгах ёстой. Хоёрдугаарт, хугацаа хэтэрсэн хүүгээ тохирч байгаа хэмжээ нь үндсэн зээлийн гэрээнд тооцогдох хугацааны хүүгийн хэмжээнээс хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалтыг банкнуудад тавьсан. Харамсалтай нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын байгуулсан зээлийн гэрээнд үндсэн хүү, зээлийн хүү 20.4 гэдэг ганц хувийг л тусгасан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тавиад байгаа 20.4 хувь гэдгийг сарын хүү, жилийн хүү, улирлын хүү гэдэг нь тодорхойгүй. Уг тохиролцоо нь зээлийн үндсэн хугацаанд тооцогдож зээлдэгчийн хариуцах ёстой хүү юм уу, эсвэл зээлийн гэрээ дууссанаас хойш зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд тооцогдох хүү юм уу гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэгэнт банкнуудаас зээлдэгчид санал болгож байгуулж байгаа гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасны дагуу стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд хэрэв стандарт нөхцөлтэй гэрээний үг үсэг ойлгомжгүй, тодорхойгүй, хоёрдмол утга агуулсан бол зээлдэгчид ашигтай байдлаар тайлбарлаж хэрэглэнэ гэдэг зохицуулалт бий. Энэ зохицуулалтуудаас үзэхэд талууд гэрээ байгуулсан, гэрээ байгуулахдаа хэтэрсэн хугацааны хүүг бичгээр байгуулсан гэрээнд харилцан тохиролцож тусгаагүй юм байна. Хэтэрсэн хугацааны хүүг бичгээр байгуулсан гэрээнд харилцан тохиролцоогүй учир гэрээний хугацаа дууссан. Мөн нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойших хугацааны үндсэн хүүг М ХХК-аас шаардах эрхгүй. 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойших хугацааны үндсэн хүү шаардах эрхгүй учир түүнээс хойш хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн асуудал давхар яригдах хууль зүйн үндэслэл байхгүй...гэв.

3.Хариуцагч Б.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ч ны нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжилсэн 654,115,474 төгрөгт гаргуулах барьцаа хөрөнгөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ч ХХК-аас зээл авахад манай нөхөр М ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Тиймээс зээлд 89.91 м.кв байрыг барьцаанд тавьсан байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу байрыг суллах цагт нь суллаж өгнө...гэв.

4.Хариуцагч болон хариуцагч С.М хууль ёсны төлөөлөгч Ч.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжиндулам шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Маргааны зүйл болох 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ББГ-2019/ЗГ/75 тоот зээлийн гэрээний хувьд Ч ХХК болон М ХХК нарын хооронд байгуулагдсан гэдэг нь харагдаж байх тул талуудын хооронд үүссэн зээлийн маргаан иргэн Ч.О д хамааралгүй юм. Иргэн Ч.О нь Ч ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй, иргэний эрх зүйн харилцаанд ороогүй учраас их хэмжээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох болсонд гайхаж байна. Иймд Ч ХХК-иас М ХХК-д холбогдох хэрэгт Ч.О г хамтран хариуцагчаар татан оролцуулах болсон үндэслэлээ шүүхийн өмнө баримтаар тайлбарласны дараа дэлгэрэнгүй хариу тайлбар бичгээр хүргүүлэх болно. Хариуцагч Ч.О , С.М нар нь Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны хамтран өмчлөгч гэдэг байдлаар хэрэгт оролцож байгаа. Зүй нь гуравдагч этгээдээр уг хэрэгт оролцох байсан гэж үзэж байна...гэв.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч М ХХК болон Ч ХХК нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан байсан бутлуурын машиныг дагалдах хэрэгслийн хамт манай компани 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 22/01 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан. Тус бутлуурын машин нь одоогоор Өвөрхарзат ХХК-ийн бодит өмчлөлд байх тул тус хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тохиолдолд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөөр байна...гэжээ.

6.Хариуцагч М ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд захирал Я.С өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Ч ХХК болон М ХХК-ийн хооронд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ББГ-2019/ЗГ/75 дугаар зээлийн гэрээ, мөн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ББГ-2019/ЗГ/75/01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээгээр Ч ХХК нь М ХХК-д 394,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон боловч зээлийн гэрээний нийт үнийн дүнгээс 3,940,000 төгрөгийг зээлийн шимтгэлд хууль бусаар суутгаж авсан. Ийнхүү суутган авсан үндэслэлээ зээлийн гэрээний 3.5-д заасан гэж тайлбарлаж байсан. Энд зээл олгосны шимтгэл: олгосон зээлийн 1 хувь гэж заасан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1-т зээлийг ашигласан хугацаанд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан бөгөөд зээлийн хөрөнгийг ашигласны хариу төлбөр гагцхүү хүү байхаар хуульчилсан байтал хүнээс гадна давхар шимтгэл авахаар гэрээнд тусгах замаар зээлээс суутгасан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Зээлийн мөнгөн хөрөнгөөс хууль бусаар суутгал хийсэн үйлдэл нь мөн хуулийн 22.1-т заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлийг хянан үзэж зээлийн гэрээний 3.5 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж Ч ХХК-иас 3,940,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэл нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах агуулгатай. Зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд уг хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жилийг тоолох ёстой. Тухайн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч хариуцагч талаас энэ асуудлаар 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан учир хөөн хэлэлцэх хугацааны асуудал байхгүй. Мөн нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа хууль нь хүчингүй болсон гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед ямар хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байсан тэр хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагчаар оролцож байгаа бол өөрийн татгалзлыг шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй. Зээлийн шимтгэлтэй холбоотой татгалзаж байгаа гол үндэслэл нь судалгааны зардал ба бизнесийн зээл учир банк тодорхой хэмжээний судалгаа хийхтэй холбоотой зардал гардаг учир уг зардлыг шимтгэлээр авч байгаа гэдэг тайлбарыг гаргаж байна. Гэвч үүнтэй холбоотой ямар ч баримт байхгүй. Хариуцагчид зээл олгосонтой холбоотой ямар зардал гаргасан тухай нэг ч баримт хэрэгт гаргаж өгөөгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлтэй холбоотой татгалзлаа шүүхийн өмнө баримтаар нотолж чадахгүй байна. Мөн хариуцагч өөрөө санаачилгаараа төлсөн бөгөөд банк суутгаж аваагүй гэдэг тухайд хавтаст хэрэгт М ХХК-ийн зээлийн дансны хуулга нотлох баримтаар авагдсан. Уг бичилтүүдээс үзэхэд М ХХК-д 2 удаагийн гүйлгээгээр 394,000,000 төгрөгийн зээлийг олгоод буцаагаад 3,940,000 төгрөгийг тэр өдөртөө тэр даруй суутгаж авсан бичилт нь зээлийн дансны хуулгаас тодорхой харагдаж байгаа. Түүнээс биш зээлдэгч өөрөө хүсэж зээлд шимтгэл төлдөг зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн гол шаардлагыг нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт урт нэртэй хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтуудыг зөрчсөн хууль бус зохицуулалт болсон гэж нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Нэхэмжлэгч тал нь сөрөг нэхэмжлэлд бичгээр тодорхой тайлбар гаргаагүй учир уг үндэслэлийг ойлгохгүй байгаа, эсхүл буруу мушгисан байдлаар тайлбар тавьж маргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгэнт нэхэмжлэгч талаас М ХХК-д зээл олгохдоо зээлийн шимтгэл нэрээр 3,940,000 төгрөгийг хууль бусаар суутгаж авсан учир суутгаж авсан уг мөнгөнөөс хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Зээлийн хүүг зээлдэгчид бодитой олгосон үнийн дүнгээс тооцох ёстой. Гэтэл шимтгэл нэрээр суутгаж авсан мөнгөнөөс М ХХК гар дээрээ бодитойгоор аваагүй, энэ мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй учир энэ мөнгөнөөс хүү тооцож төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нийт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нь манай тооцоогоор 495,607,688 төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрч байна...гэв.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Иргэний хуульд гэрээний үүргийн шаардах хугацааг заасан. Өөрөөр хэлбэл бид гэрээний үүргийг хэдэн жилээр тооцож буцааж шаардаж болохыг заачихсан. Уг гэрээний үүрэг нь 394,000,000 төгрөгийг зээлдүүлснийхээ шимтгэл болгож 1 хувь авсныг буцаан шаардаж байгаа. Гэрээтэй холбоотой үүргийг буцаан шаардаж байгаа гэж ойлгосон. Уг гэрээтэй холбоотой үүргийг буцааж шаардаж байгаа бол гэрээний үүргийг буцаан шаардахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн өмнө дуусчихсан. Мөн гэрээ 2019 оны 6 дугаар сард байгуулагдсан, тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль буюу Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдаад 2021 онд хүчин төгөлдөр бусд тооцуулж шинэ хууль батлагдсан. Хариуцагч талаас уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг буюу хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр гэрээнд тусгана гэж байгаа. Өөрөөр хэлбэл гэрээнд уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан хэмжээгээр зээлийн хүүг тусгаарай гэсэн санаа юм. Гэтэл тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүг, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан байгаа. Тиймээс хариуцагчийн тайлбараар яг одоо бид хуульд заасны дагуу гэрээний үүргээ шаардаж байгаа. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт хүү 20.4 хувь байна гэж заасан. 5 дугаар зүйлд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх 20 хувиас хэтрэхгүй гэж заасан. Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу шимтгэлийн хувь 1 хувь байна гэж заасан. Ингэж шимтгэл олгож байгааг яагаад буруу гэж үзээд байгааг, буруу гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Банк зээлийн мөнгийг хариуцагчид захиран зарцуулах эрхийг дансанд нь бүрэн олгосон. Хэрэв өмнө нь тооцож өгөөгүй байгаад дараа нь манайх шимтгэл суутгаж аваад 200,000,000 гаруй төгрөг шилжүүлсэн бол ийм асуудал ярьж болно. Эсвэл тухайн үедээ уг шимтгэлийг зөвшөөрөхгүй гээд нэхэмжлэл гаргах боломж нь байсан. Гэтэл гаргаагүй бүтэн 3 жил зээлээ төлөөгүй явж байгаад одоо уг шимтгэлийг төлөхгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Уг зээл нь бизнесийн зээл учир судалгаа хийдэг учир шимтгэл авдаг. Тиймээс хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа уг шимтгэл олгосныг яагаад буруу гэж тайлбарлаж байгаагаа нотолж чадахгүй байна. Бидний хувьд уг шимтгэлийг хүчээр, эсхүл хүний данснаас банк дур мэдээд мөнгийг гаргаад авчихсан эсэхийг нэхэмжлэгч өөрөө тодруулж чадахгүй байж манай байгууллагыг зээлийн шимтгэлийг хууль бусаар авчихлаа гэх ямар ч үндэслэл байхгүй байна...гэв.

8.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Ч ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-11/, М ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13-16/, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ББГ-2019/ЗГ/75 дугаар зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-17-19/, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ББГ-2019/ЗГ/75/01 дугаар Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-20-21/, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ББГ-2019/БГ/75/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар, өмчлөх эрхийн гэрчилгээ, Б.Д гаас Я.С т олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-22-26/, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ББГ-2019/БГ/75/02 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар, өмчлөх эрхийн гэрчилгээ, Ч.О болон С.М нараас Я.С т олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-27-31/, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ББГ-2019/ФГ/75/02 дугаар Фидуцийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-32-34/, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-35-37/, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол /хх-55, 100, 183, 205-206/, М ХХК-ийн Харилцагчийн дансны хуулга эх хувь /хх-168-172, 195-196/, М ХХК-ийн зээлийн дансны хуулга /хх-207/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

9.Хариуцагч М ХХК-иас шүүхэд нотлох баримтаар: Өвөрхарзат ХХК-тай байгуулсан 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 22/01 дугаар Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-157-158/-ыг нотлох баримтаар гаргасан бол, хамтран хариуцагч Б.Д , Ч.О , С.М нарын зүгээс шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэгч Ч ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Ч ХХК нь шаардлагын үндэслэлээ хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу 394,000,000 төгрөгийг зээлдэгч талд бүрэн шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээлийн үлдэгдэл 392,586,674 төгрөг, зээлийн хүү 225,781,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,747,364 төгрөг, нийт 654,115,474 төгрөгийг М ХХК-иас гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болон фидуцийн зүйлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Хэтэрсэн хугацааны хүүг банк шаардах эрхтэй, гэрээнд энэ талаар тусгасан гэж тодорхойлсон.

3.Хариуцагч М ХХК нь татгалзлын үндэслэлээ Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 392,586,674 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Учир нь талууд зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүү хэдэн хувь байх талаар тусгаж тохиролцоогүй. Тиймээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний нийт 142,972,970 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас нийт 495,607,688 төгрөгийг зөвшөөрнө гэж тайлбарлаж байна.

4.Хариуцагч Б.Даарай нь өөрт холбогдох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар гаргасан.

5.Хариуцагч Ч.О , С.М нар өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагад Ч ХХК болон М ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний оролцогч тал биш учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө ХХК-иас нэхэмжлэлтэй холбогдуулан Фидуцийн гэрээний зүйл болох хоёр ширхэг бутлуурын машиныг М ХХК-иас 2022 оны 2 дугаар сард худалдаж авсан, одоо эзэмшилдээ байлгаж байгаа учир маргаан бүхий зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулахаар шийдвэрлэвэл тус компанийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлнө гэх агуулга бүхий тайлбар гаргажээ.

7.Хариуцагч М ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн гэрээний 3.5 дахь заалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1, 22.1-т заасныг ноцтой зөрчсөн, хууль бусаар нийт зээлийн үнийн 1 хувийн шимтгэл авсан учир Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилган хууль бусаар шимтгэлд тооцож авсан 3,940,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон байна.

8.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч М ХХК-д бизнесийн зээл олгосон бөгөөд тухайн гэрээний заалтаар зээл судалсны шимтгэл тооцож авсан, мөн хариуцагч тал гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан учир шаардах эрхгүй гэж тайлбарлаж маргасан.

9.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, Фидуцийн гэрээ, М ХХК-ийн Ч ХХК дахь харилцагчийн дансны хуулга, зээлийн дансны хуулга, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, фидуцийн зүйлийн эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

9.1.Ч ХХК болон М ХХК нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Ч ХХК нь зээлдэгч М ХХК-д 300,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, жилийн 20,4 хувь хүүтэй зээлдүүлсэн байна.

9.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар хамтран хариуцагч Б.Д гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол /13336/ ХД 36а байрны 00 тоот хаягт байрлах, 00 улсын бүртгэлийн дугаартай, 89,1 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Б.Д гаас олгогдсон итгэмжлэлийн дагуу Я.С нь Ч ХХК-тай 00 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж барьцаалуулан, 11-1449573 дугаартай барьцаалбар үйлдэн, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

9.3.Зээлийн гэрээний талууд дахин 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ББГ-2019/ЗГ/75/01 дугаар Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 байгуулж, зээлдүүлэгч нь уг нэмэлт өөрчлөлтөд заасан нөхцөл болзлын дагуу 94,000,000 төгрөгийг зээлдэгчид нэмж зээлдүүлэхийг зөвшөөрч, Зээлийн гэрээний 3.1-д заасан зээлийн хэмжээ 394,000,000 төгрөг болсныг баталгаажуулж, зээлийн төлбөрийн хуваарийг хавсралтаар батлан, мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар хамтран хариуцагч Ч.О , С.М нараас олгогдсон итгэмжлэлээр Я.С нь Ч ХХК-тай ББГ-2019/БГ/75/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Я.С , Ч.О , С.М нарын 3 иргэний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байрны 26 тоот хаягт байрлах, 00 улсын бүртгэлийн дугаартай, 49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулан, 11-1491618 дугаар барьцаалбар үйлдэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

9.4.Зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор талууд мөн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ББГ-2019/ФГ/75/02 дугаар Фидуцийн гэрээ байгуулж, LHL-9280 маркын цагаан өнгөтэй 00 улсын дугаартай, мөн LHL-9280 маркын цагаан өнгөтэй 00 улсын дугаартай тус тус 2 ширхэг тусгай зориулалтын бутлуурын механизмыг тус бүрийг 75,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгөөр үнэлэн Ч ны өмчлөлд шилжүүлжээ.

9.5.Фидуцийн гэрээний зүйл болох 2 ширхэг бутлуурын механизмыг хариуцагч М ХХК нь Өвөрхарзат ХХК-тай 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 22/01 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 570,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

10.Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, нэхэмжлэгч Ч ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 394,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш зээлдэгчид 3 хуваан шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

11.Зээлийн гэрээ 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсанаас хойш 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч М ХХК нь үндсэн зээл 1,413,326 төгрөг (2019 оны 10 дугаар сарын 07), зээлийн хүү 22,459,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,091 төгрөгийн төлөлт хийж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй ба гэрээний хугацаа дууссан 2020 оны 12 дугаар сарын 07-ны байдлаар үндсэн зээл 392,586,674 төгрөг, зээлийн хүү 93,691,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,373,284 төгрөг, нийт 495,651,574 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна.

12.Ч ХХК нь М ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг 2020 оны 3 дугаар сарын 03, 6 дугаар сарын 18, 10 дугаар сарын 08, 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж шаардсан ба 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүнд 132,089,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 26,358,989 төгрөг, нийт 158,448,809 төгрөгийг хэтэрсэн хугацаанд тооцон шаарджээ.

13.Хариуцагч М ХХК-ийн зүгээс үндсэн зээл 392,586,674 төгрөг болон зээлийн гэрээний хугацаанд тооцогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх ба Зээлийн гэрээний дагуу ашиглаагүй 3,940,000 төгрөг буюу зээлдүүлэгчид буцаан шилжүүлсэн мөнгөнөөс хүү тооцсоныг эс зөвшөөрч 2,052,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр, мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрөн маргаж байна.

14.Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд: зээлийн хүү бодох давтамж нь өдрөөр бол жилийн хүүг 365 хувааж хуанлийн дагуу ашигласан хоногоор тооцно. Зээлдүүлэгч зээлдэгчийн дансанд зээлийг шилжүүлсэн өдрөөс эхлэн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд ашигласан зээлд хүү тооцогдоно гэж, 6 дугаар зүйлд: зээлдэгч зээлээ гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.2-т заасан хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, гэрээний 3.2-т: зээлийн хүү 20,4 хувь байна гэж тус тус заажээ.

15.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүний хэмжээг мөн хуулийн 24.3-т заасан хэмжээнээс буюу зээлийн үндсэн хүүнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж хуульчилсан нь талууд зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүүг тооцож тогтоон, тохиролцох ёстой ба тухайн тохиролцох хэтэрсэн хугацааны хүү нь зээлийн үндсэн хүүнээс хэтрэхгүй байхыг ойлгоно.

16.Маргаан бүхий зээлийн гэрээнд болон өөрчлөлт оруулсан гэрээнд талууд хэтэрсэн хугацааны хүүний хэмжээг тусгайлан зааж тохиролцоогүй байх бөгөөд Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд ...зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд ашигласан зээлд хүү тооцогдоно гэж заасан нь гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд ямар хэмжээний хүү тооцохыг тодорхой тусгаагүй байна.

17. Талууд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлийг буцаан төлөх хүртэлх хугацаанд хүү тооцохоор заасан боловч ямар хэмжээгээр тооцох талаар тусгаагүй нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч М ХХК-иас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзлээ.

18.Харин зээлийн гэрээний 6 дугаар зүйлд нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлийн гэрээний ерөнхий ба хэсэгчилсэн хугацааны төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 3.2-т заасан буюу зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасанд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж дүгнэн, үндсэн зээлийн үлдэгдэл 392,586,674 төгрөг, зээлийн хүү 93,691,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,373,284 төгрөг, хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү 26,358,989 төгрөг, нийт 522,010,563 төгрөгийг хариуцагч М ХХК-иас шаардах эрхтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

19.Маргаан бүхий зээлийн гэрээний 3.5 дахь хэсэгт Зээл олгосны шимтгэл: Олгосон зээлийн 1% /ХШЕН-н дагуу дээд хэмжээ 5,000,000 төгрөг/ гэж тусган, нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч М ХХК-иас олгосон зээлийн 1% шимтгэл гэж 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,550,000 төгрөг, 6 дугаар сарын 13-ны өдөр 1,450,000 төгрөг, 8 дугаар сарын 15-ны өдөр 940,000 төгрөг, нийт 3,940,000 төгрөгийг дээрх гэрээний заалтыг үндэслэж авсан байна.

20.Хариуцагч М ХХК нь сөрөг нэхэмжлэлээр гэрээний дээрх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Ч ХХК-ийг шимтгэл авах эрхгүй, зээл судалсны зардалд тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй гэж тодорхойлсон.

21.Нэхэмжлэгч талын зүгээс сөрөг нэхэмжлэлийг гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд 1 хувийн шимтгэл нь бизнесийн зээлийн судалгаа хийхэд зарцуулагдсан гэж тайлбарлах боловч уг тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

22.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх бөгөөд маргаан бүхий зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан учир уг гэрээтэй холбоотой буюу гэрээний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор хариуцагч М ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шаардсан нь хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

23.Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд зааснаар гэрээний стандарт нөхцөл хамаарах бөгөөд мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна... гэж,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

24.Зээлдүүлэгч нь шимтгэлийг тухайн бизнесийн зээлийн судалгаа хийхэд зарцуулсан талаар болон гэрээний 3.5 дахь заалтыг зээлдэгч талд тайлбарлаагүй, шүүх хуралдаанд тайлбарлаж буй тухайн судалгааны зарцуулалтын талаар баримтаар нотлоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбар татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

25.Иймд дээрх үндэслэлээр талуудын байгуулсан Зээлийн гэрээний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгч Ч ХХК-иас үндэслэлгүйгээр шимтгэлд тооцож авсан 3,940,000 төгрөгийг гаргуулан хариуцагч М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас уг шимтгэлд тооцсон 3,940,000 төгрөгөөс тооцсон гэх 2,052,000 төгрөгийг хасаж, хариуцагч М ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 519,958,563 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгох нь зүйтэй.

26.Шүүх Ч ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар тэмдэгтийн хураамжийг хуваарилан, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 4,130,715 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 79,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 2,757,743 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д, нэхэмжлэгч Ч ХХК-иас 148,100 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид 77,990 төгрөг дутуу төлсөн байх тул хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

27.Талуудын байгуулсан барьцааны болон фидуцийн гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйл, 235 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Д гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол /13336/ ХД 36а байрны 00 тоот хаягт байрлах, 00 улсын бүртгэлийн дугаартай, 89,1 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Я.С , Ч.О , С.М нарын 3 иргэний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байрны 26 тоот хаягт байрлах, 00 улсын бүртгэлийн дугаартай, 49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, фидуцийн зүйл болох LHL-9280 маркын цагаан өнгөтэй 00 улсын дугаартай, мөн LHL-9280 маркын цагаан өнгөтэй 00 улсын дугаартай тус тус 2 ширхэг тусгай зориулалтын бутлуурын механизм зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 519,958,563 /таван зуун арван есөн сая есөн зуун тавин найман мянга таван зуун жаран гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 134,156,911 /нэг зуун гучин дөрвөн сая нэг зуун тавин зургаан мянга есөн зуун арван нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Д гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол /13336/ ХД 36а байрны 00 тоот хаягт байрлах, 00 улсын бүртгэлийн дугаартай, 89,1 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Я.С , Ч.О , С.М нарын 3 иргэний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байрны 26 тоот хаягт байрлах, 00 улсын бүртгэлийн дугаартай, 49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, фидуцийн зүйл болох LHL-9280 маркын цагаан өнгөтэй 00 улсын дугаартай, мөн LHL-9280 маркын цагаан өнгөтэй 00 улсын дугаартай тус тус 2 ширхэг тусгай зориулалтын бутлуурын механизм зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч ХХК, М ХХК нарын байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ББГ-2019/ЗГ/75 дугаар зээлийн гэрээний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч ХХК-иас 3,940,000 /гурван сая есөн зуун дөчин мянган/ төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 4,130,715 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 79,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 2,757,743 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д, мөн М ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 68,990 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод, нэхэмжлэгч Ч ХХК-иас 148,100 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 00 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 00 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА