Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 214/МА2020/00027

 

Ж.Н ийн нэхэмжлэлтэй, Ш.Б д

холбогдох иргэний хэргийн тухай 

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 667 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Н ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Б д холбогдох, гэм хорын хохиролд 8.241.669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Ш.Б ын давж заалдах гомдлоор 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.О, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов. 

Нэхэмжлэгч Ж.Н  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б  нь 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр над руу утсаар яриад мөнгөө өсгөх үү гэсэн. Би цаад хүнтэй нь харьцаагүй ба намайг мөнгөө хурдан өг гэсэн тул Төрийн банкнаас цалингийн зээл авч Ш.Б ын дансанд мөнгөө шилжүүлсэн. 7 хоногийн дотор мөнгийг гаргаж өгнө гэж анх хэлж авсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Дараа нь дахин над руу яриад дахиад мөнгө шилжүүлэхгүй бол мөнгөө олж авч чадахгүй гэсэн тул дахин энэ хүний данс руу нь мөнгө шилжүүлсэн. Анх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 3.700.000 төгрөгийн зээл авч 2.280.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ш.Б ын дансанд хийсэн. 2.280.000 төгрөгийн зээлийн хүү 422622 төгрөг зээлтэй хамт төлөгдөж дууссан. 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр дахин 7.500.000 төгрөгийн зээл нэмж авч 3.868.000 төгрөгийг Ш.Б ын төрийн банкны дансанд шилжүүлж өгсөн. Холбогдох зээл, зээлийн хүүтэй холбоотой 1.600.000 гаран төгрөгийг Төрийн банкинд төлж барагдуулсан. Анх 2016 оны 11 дүгээр сард мөнгийг чинь өсгөж 20.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлж байсан. Би Ш.Б д итгээд мөнгөө өгсөн. Дараагийн зээлийг мөнгөө шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүргээд өмнөх мөнгийг чинь өгч чадах ганц арга нь дахиж мөнгө өгөх гэж хэлсэн тул шилжүүлсэн. Би “Жи тайм” сүлжээнд элсэж ороогүй. Хариуцагчийн хариу тайлбарт намайг анх ярьсан гэсэн ч би яриагүй. 2 дугаарт хариуцагчид мөнгийг явуулахдаа  Ш.Б  гэсэн нэр, регистрийн дугаарыг  бичиж байсан. 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр мөнгө шилжүүлсэн нь хөтөлбөрт элсүүлсэн огноотой зөрж байна. Би энэ хүнд мөнгө өгсөн гэдэг нь Төрийн банкны зээл авсан баримт болон банкны хуулгаар нотлогдож байна. Нийт шилжүүлсэн мөнгөө 24 сарын хугацаагаар жилийн 21.6 хувийн хүүгээр тооцож 8.241.669 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

Хариуцагч Ш.Б  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 10 дугаар сард “Жи тайм” сүлжээнд 2.280.000 төгрөгөөр нэг хүнтэй хамтран элсэн орж 7 хоногийн дараа эхний цалин 500 долларыг авч байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монголд албан ёсоор нээгдэхэд нилээдгүй хүн орж байсан. Манай Дашинчилэн сумаас зөндөө хүн орсон. Тухайн үед Ж.Н  рүү 2 удаа утасдаж байсан ч тэр үед ороогүй. Дараа нь Ж.Н  над руу яриад манай сумынхан элсээд зөндөө мөнгө авч байна. Чамайг таньдаг болохоор танай багт оръё гэж ярьсан. Эхний 2.280.000 төгрөгөнд 2 цүнхтэй бэлэг ирснээс нэгийг нь Ж.Н т өгч байсан. Ж.Н  цүнхтэй бэлгийг авсан. Сүүлдээ мөнгө авах нь  удааширч эхэлсэн. Нэг хүн 4 суудалд элсэж ороод суудал бүрээс 5.000.000 төгрөг авдаг юм байна гэсэн тайлбарыг хэлж байсан. Тэгээд Ж.Н  4 суудлаар ороод өөрөө хотод очиж манай нутгийн охин А аас би ямар нэрээр, ямар суудлаар орсон байна гэдгээ харсан байсан. Эхний 40 гаруй хүний мөнгө орсон байгаа. Эхний хуудсанд Н ийн нэр байхгүй байсан тул эхний хуудасны он сарыг дараагийн хуудаснаас Н ийн нэрийг хуулбарлаж авсан байсан тул он сар зөрөх нь тодорхой. Миний хувьд компанийн дансаар орж нэрээ авсан. Сумдуудаар цагдаа нар явж байгаа тул өргөдлөө логин нэр, зурагтайгаа хавсаргаад өгөөрэй гэж Ж.Н т хэлсэн. Компанид мөнгө нь орсон тул тэр мөнгийг би төлөх боломжгүй. Би ч гэсэн өөрийн мөнгөө оруулж байсан. Ж.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 667 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Б аас 6.148.000 /зургаан сая нэг зуун дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.093.669 /хоёр сая ерэн гурван мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг гаргуулах хэсгийн хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146817 /нэг зуун дөчин зургаан мянга найман зуун арван долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б аас улсын тэмдэгтийн хураамжинд 113318 /нэг зуун арван гурван мянга гурван зуун арван найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н т буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.гэж шийдвэрлэжээ.  

Хариуцагч Ш.Б  давж заалдах гомдолдоо: “Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 132/ШШ2020/00667 дугаар шийдвэртэй Ж.Н ийн нэхэмжлэлтэй Ш.Б д холбогдох 8.241.669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.   Зохигчид маргаан бүхий 8.241.669 төгрөгийг “Жи тайм корпорейшн” ХХК-д элсэх зорилгоор шилжүүлсэн гэдэг дээр огт маргадаггүй. Нэхэмжлэгч Ж.Н  нь ЖИ ТАЙМ сүлжээний хохирогчоор огт мэдүүлэг өгөөгүй гэж шүүх хурал дээр удаа дараа худал мэдүүлэг өгч байгаа боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа яллагдагч Э.О т холбогдох эрүүгийн 201701000037 дугаартай хэрэг буюу “ЖИ ТАЙМ” сүлжээний хэргийн хохирогчдын нэрсийн жагсаалтыг Монгол улсын Шүүх сайт дээр хэвлэгдсэн байдаг. Уг жагсаалтын 5626 дугаарт нэхэмжлэгч Ж.Н ийн нэр бичигдсэн байгаа болно. Мөн Ж.Н  нь 2020 оны 7 дугаар сарын 8-нд болсон анхан шатны шүүх хурал дээр Монгол улсад Н  гэдэг нэртэй 36 мянга гаруй хүн байдаг. Үүнээс Ж.Н  гэх хүн хэдэн зуугаараа байдаг учраас намайг гэж үзэх ёсгүй гэж худал мэдүүлэг өгч байсан. Гэвч МУ-ын хүн амын мэдээллийн санд Жанчивдорж овогтой Н  гэж 2 хүн бүртгэгдсэнээс 1962.03.14-нд төрсөн Жанчивдорж овогтой Н нь 1997.02.07-ны өдөр барсан гэж бүртгэгдсэн байдаг юм байна. Иймд нэхэмжлэгч Ж.Н нь ЖИ ТАЙМ сүлжээний хохирогчоор өргөдөл мэдүүлгээ өгч байсан нь гарцаагүй үнэн юм.

ЖИ ТАЙМ сүлжээний Монгол талын захирал Э.О  нь эрүүгийн хэрэгт шалгагдаж 5 жилийн хорих ялаар өнгөрсөн 7 сард шийтгэгдсэн талаар нийтийн хэвлэл мэдээллээр мэдээлж байсан. Эрх зүйн маргаантай харилцааны талаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн иргэний хэргийн хариуцагч эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа тохиолдолд иргэний нэхэмжлэгч нь хэн болох, энэ иргэний хэргийн маргааны зүйл эрүүгийн хэрэгт хэрхэн хамаарч байгаа нь тодорхой байх учиртай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Н  тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож, маргааны зүйл болж буй мөнгийг нэхэмжилсэн бол иргэний хэргийн нэхэмжлэл давхардах болно. Энэ байдлыг тодруулахгүйгээр зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байтал анхан шатны шүүх иргэний нэхэмжлэл давхардах эсэхийг шалгалгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.   Шүүх хуралдаан дээр хариуцагч эхний удаагийн 2.800.000 төгрөг шилжүүлсний нэхэмжлэгчид тухайн үнийн дүнд тохирсон бэлэг шилжүүлсэн хэмээн тайлбарладаг ба нэхэмжлэгч тухайн бэлгийн хүлээн авсан талаар маргадаггүй.

3.    Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. учир нь тухайн бэлгийн үнийн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах эсэх асуудал тухайн маргааны зүйлд чухал ач холбогдолтой байсан.

Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 132/ШШ2020/00667 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү “ гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Н  нь Ш.Б д холбогдуулан 8.241.669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл анхан шатны шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Н  нь мөнгө өсгөх зорилгоор 2016 оны 11 дүгээр сард, 2017 оны 12 дугаар сард нийт 6.148.000 төгрөгийг хариуцагч Ш.Б ын ХААН банкан дахь дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар  зохигчид маргаагүй байна. /х.х-ийн 8-23/

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар “бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг” гэж үзэн мөн хуулийн 492.1.1-т заасныг баримталсан нь тухайн маргааны талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна. 

Харин хариуцагч Ш.Б  нь нэхэмжлэгчид 2.800.000 төгрөгийн үнэ бүхий цүнхтэй бэлэг өгсөн нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтаар нотлогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  / х.х-ийн 27,28,31, 90/   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167  дугаар зүйлийн 167.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. Хариуцагч Ш.Б ын давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ний өдрийн 667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “6.148.00” гэснийг “3.868.00” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.   Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76.838 /далан зургаан мянга найман зуун гучин найм/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

  

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ё.БЯМБАЦЭРЭН

       ШҮҮГЧИД                            Д.МӨНХӨӨ

                                                            М.ХҮРЭЛБААТАР