Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 214/МА2020/00028

 

Ч.Б ийн нэхэмжлэлтэй, С.Ж д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 841 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ж д холбогдох, 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч С.Ж ы давж заалдах гомдлоор 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , хариуцагч С.Ж , түүний өмгөөлөгч П.Ган-Очир, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов. 

Нэхэмжлэгч Ч.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн MITSUBISHI РАJЕRО маркийн **-** ОРО улсын дугаартай авто машинаа 3 сая төгрөгөөр иргэн С.Ж д худалдсан юм. Бид хоёр авто машины үнийг өгч авалцах тохиролцоогоо худалдах худалдан авах гэрээгээрээ тохиролцож, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2 сая төгрөг, үлдэх 1 сая төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулхаар тохиролцоод би машинаа С.Ж д шилжүүлсэн юм. Гэрээн дээрээ төлбөрөө төлж тооцоо дууссанаар машины эзэмших эрхийг С.Ж ы нэр дээр шилжүүлэхээр тохирсон боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учир би эзэмших эрхээ шилжүүлж өгөөгүй байгаа болно. Машины үлдэгдэл болох 1 сая төгрөгийг төлөх ёстой хугацаандаа төлөөгүй учир гэрээнд заасан ёсоор алданги 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөийг гаргуулан Ч.Б  надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Б  болон Ж  нарын хооронд авто машин 3 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2 сая төгрөг, үлдэх 1 сая төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч 1.000.000 / төгрөг алданги 500.000 төгрөг нийт 1.500.000 / төгрөг нэхэмжилж байсан. Хариуцагч хариу тайлбартаа 300.000 төгрөг төлсөн гэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа 300.000 төгрөгийг багасгаж, хариуцагчаас 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч С.Ж  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Миний бие иргэн Ч.Б тэй 2019 оны 05 дугаар сард ОРА **-** PAJERO маркийн авто машинийг нь 5 сая төгрөгөөр өгч авахаар аман гэрээ байгуулсан. Би эхний ээлжинд машины эзэнд 1 сая төгрөг өгсөн.  Ч.Б  машинаа анх ямар ч эрсдэлгүй явна та санаа зоволтгүй гэж хэлж байсан юм. Гэтэл уг машин авснаас хойш 3 сар ч явсангүй эрсдэл дагуулж эхэлсэн. Тухайлбал жанам шатсан, апортур гацсан, либэн гол хугарсан, дохиурууд хугарсан, лаб тасархай байсан эдгээрийг сольсон. Дээр солигдсон эд ангиудыг би өөрөө авч тавьсан. Ер нь бүтэн мотор засварын Зэвгээ гэж хүнээс худалдан авч засварт ашигласан. Ер нь маш их зардал гарсан болно. Иргэн Ч.Б д 1 сая төгрөг өгөх нь үнэн. Сүүлд Б  нь дүүгээ зодчихсон цагдаа шүүх болоод байна гэхээр нь авах байсан 1 сая төгрөгнөөс нь 300.000 төгрөг өгч 700.000 төгрөгийн өглөгтэй үлдсэн. Ч.Б д ер өр авлага байхгүй гэж үзэж байгаа. Учир нь Б  2019 оны 5 дугаар сард миний танил О гийн соната 6 маркийн машиныг 3 сая төгрөгөндөө бодож дайрч давшилж байгаад авчихсан байсан. О  уг нь надад 3 сая төгрөг өгөх байсан. О  уг машинаа засаад 6.000.000 төгрөгөөр зараад мөнгөө өгнө гэж байсан юм. Ер нь энэ байдлаас ч авч үзсэн ч би дээрх хүнд өр авлага байхгүй гэж үзэж байна. Иймд Ч.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 841 дугаартай шийдвэрээр:  

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Ж аас 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 29750 /хорин ес мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.гэж шийдвэрлэжээ.  

Хариуцагч С.Ж  давж заалдах гомдолдоо: “...Ч.Б  нь машинаа ямар ч асуудалгүй гэж өгсөн. Гэтэл уг машин 3 сар ч болоогүй эд ангиуд нь эвдэрч эхэлсэн. Би энэ тухай Б д хэлсэн. Өөрөө машины эвдэрлийг хүлээн зөвшөөрч байсан. Тийм ч учраас анхан шатны шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулах хүсэлт гаргаж байсан. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ч.Б ийг би хохироосон биш харин намайг хохироосонд гомдолтой байна. Аймгийн шүүхээс хүсэхэд шүүх хуралдаанд Ч.Б ийг заавал оролцуулж өгөхийг хүсч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжэгч Ч.Б нь С.Ж д холбогдуулан 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.200.000 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч С.Ж тай 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл “худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу  нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч С.Ж аас 2.000.000 төгрөг авч үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор авахаар тохиролцож өөрийн өмчлөлд байсан  тээврийн хэрэгслийг хариуцагч С.Ж д шилжүүлснээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрх нь дуусгавар болжээ. 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар “ худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэжээ.

Хариуцагч С.Ж нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан “ ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах  үүрэгтэй.”  энэ үүргээ хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан “... тухайн  эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор” доголдлын талаар худалдагчид мэдэгдээгүй нь зэргээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1- заасан  доголдлыг арилгуулах талаар шаардах эрхгүй болжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:               

1. Хариуцагч С.Ж ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 841 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Хариуцагч С.Ж ы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29750 /хорин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

       

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ё.БЯМБАЦЭРЭН

       ШҮҮГЧИД                            Д.МӨНХӨӨ

                                                            М.ХҮРЭЛБААТАР