Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 841

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: М  овогт Ч.Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г  овогт С.Ж -д холбогдох, 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , хариуцагч С.Ж , хариуцагчийн өмгөөлөгч П.Г , гэрч Л.О  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар  оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн MITSUBISHI РАJЕRО маркийн **-** ОРО улсын дугаартай авто машинаа 3 сая төгрөгөөр иргэн С.Ж д худалдсан юм.

Бид хоёр авто машины үнийг өгч авалцах тохиролцоогоо худалдах худалдан авах гэрээгээрээ тохиролцож, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2 сая төгрөг, үлдэх 1 сая төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулхаар тохиролцоод би машинаа С.Ж д шилжүүлсэн юм. Гэрээн дээрээ төлбөрөө төлж тооцоо дууссанаар машины эзэмших эрхийг С.Ж ы нэр дээр шилжүүлэхээр тохирсон боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учир би эзэмших эрхээ шилжүүлж өгөөгүй байгаа болно.

Машины үлдэгдэл болох 1 сая төгрөгийг төлөх ёстой хугацаандаа төлөөгүй учир гэрээнд заасан ёсоор алданги 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөийг гаргуулан Ч.Б  надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Б  болон Ж  нарын хооронд авто машин 3 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2 сая төгрөг, үлдэх 1 сая төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч 1.000.000 /нэг сая/ төгрөг алданги 500.000 /таван зуун мянга/ төгрөг нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилж байсан. Хариуцагч хариу тайлбартаа 300.000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн гэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа 300.000 төгрөгийг багасгаж, хариуцагчаас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч С.Ж  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: ... Миний бие иргэн Ч.Б тэй 2019 оны 05 дугаар сард ОРА **-** PAJERO маркийн авто машинийг нь 5 сая төгрөгөөр өгч авахаар аман гэрээ байгуулсан. Би эхний ээлжинд машины эзэнд 1 сая төгрөг өгсөн.  Ч.Б  машинаа анх ямар ч эрсдэлгүй явна та санаа зоволтгүй гэж хэлж байсан юм.

Гэтэл уг машин авснаас хойш 3 сар ч явсангүй эрсдэл дагуулж эхэлсэн. Тухайлбал жанам шатсан, апортур гацсан, либэн гол хугарсан, дохиурууд хугарсан, лаб тасархай байсан эдгээрийг сольсон. Дээр солигдсон эд ангиудыг би өөрөө авч тавьсан. Ер нь бүтэн мотор засварын З  гэж хүнээс худалдан авч засварт ашигласан. Ер нь маш их зардал гарсан болно.

Иргэн Ч.Б д 1 сая төгрөг өгөх нь үнэн. Сүүлд Б  нь дүүгээ зодчихсон цагдаа шүүх болоод байна гэхээр нь авах байсан 1 сая төгрөгнөөс нь 300.000 төгрөг өгч 700.000 төгрөгний өглөгтэй үлдсэн. Ч.Б д ер өр авлага байхгүй гэж үзэж байгаа. Учир нь Б  2019 оны 5 дугаар сард миний танил О гийн соната 6 маркийн машинийг 3 сая төгрөгөндөө бодож дайрч давшилж байгаад авчихсан байсан. О  уг нь надад 3 сая төгрөг өгөх байсан. О  уг машинаа засаад 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр зараад мөнгөө өгнө гэж байсан юм. Ер нь энэ байдлаас ч авч үзсэн ч би дээрх хүнд өр авлага байхгүй гэж үзэж байна.

Иймд Ч.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч С.Ж д холбогдуулан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг багасгаж, хариуцагчаас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсоныг хариуцагч нэхэмжлэгч Ч.Б ийн машин эвдрэлтэй байсан, өгөх байсан 1.000.000 /нэг сая/ төгрөгнөөсөө 300000 /гурван зуу мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Мөн миний танил Л.О гийн засаад 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр зарах гэж байсан соната 6 маркийн машиныг 3 сая төгрөгөндөө бодож авсан тул би Ч.Б д өр авлагагүй гэж бодож байна гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч С.Ж  нарын хооронд MITSUBISHI РАJЕRО маркийн **-** ОРО улсын дугаартай авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэргийн 4-р хуудсанд авагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний үнийг 3.000.000 төгрөг гэж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлдэг. Харин хариуцагч болон гэрч Л.О  нар гэрээний үнийг 5.000.000 төгрөг гэж тайлбарлаж, гэрчилдэг. Гэрээний үнэ дээр талууд саналын зөрүүтэй байгаа боловч хариуцагч нэхэмжлэгчид гэрээний үнийн үлдэгдэл 1.000.000 төгрөгийг дутуу төлсөн. Нэхэмжлэгчид төлөх байсан 1.000.000 төгрөгөөсөө 300.000 төгрөгийг төлж 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн болохоо шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа хүлээн зөвшөөрсөн.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр худалдан авагч гэрээний үлдэгдэл үнэ 1.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж тохиролцсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохирсон анзыг алданги гэж гэжээ.

Хариуцагч 700.000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүндээ 0.5 хувиар алданги төлөх нь гэрээгээр тохиролцсон Иргэний хуульд нийцсэн тохиролцоо юм. Хариуцагч гэрээний үлдэгдэл үнийн дүнг 2019 оны 10 дугаар сарын 1-ний дотор төлж барагдуулахаар зохигчийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан байна. Хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа нэхэмжлэл гаргах өдрийн байдалаар 308 хоногоор хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг болох 700.000 төгрөгийн 50 хувиар алданги тооцож, алданги 350.000 төгрөг гаргуулах нь Иргэний хуульд нийцэж байна.

Иймд хариуцагчаас гүйцэтгээгүй үүрэг 700.000 төгрөг, алданги 350.000 нийт 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 29750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Ж аас 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 29750 /хорин ес мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ХИШИГДЭЛГЭР