Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0389

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаарh221/МА2017/0389 

Улаанбаатар хот

  З.С-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0033 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д.Е, Ж.З, Ж.Г, М.Ө, Б.Г нарын өмгөөлөгч Я.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор, З.С  нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0033 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, 163.2, 163.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.С тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойргийн дүнг гаргасан тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн ... дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл” бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр Ногооннуур сумын Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт тус сумын Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Я.С-д давж заалдах гомдолдоо: “...Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Д.Е, Ж.З, Ж.Г, М.Ө, Б.Г нар Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийн дагуу Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан 2016 оны 10 дугаар сард Ногооннуур сумын Цагааннуур тосгонд явагдах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшиж, Ногооннуур сумын сонгуулийн хороонд Сонгуулийн тухай хуульд заасан бүрдүүлбэл зохих бичиг материалуудыг бүрдүүлэн өгснөөр Ногооннуур сумын сонгуулийн хороо Д.Е, Ж.З, Ж.Г, М.Ө, Б.Г нарын нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүссэн хүсэлтийг Ногооннуур сумын сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцээд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгэх тухай тогтоол гарган тус бүрт нь нэр дэвшигчийн үнэмлэх олгосон.

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд сурталчилгаа хийж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон орон нутгийн сонгуульд сонгогчдын олонхийн санал авч 9 дүгээр тойрогт ялалт байгуулсан. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Цагааннуур тосгоны тойрогт явагдсан сонгуулийн дүнг Ногооннуур сумын сонгуулийн хороо хуралдаанаар хэлэлцэж, Сонгуулийн тухай хуулийн дагуу шударгаар өрсөлдөж, тухайн тойргийн сонгогчдын олонхийн санал авсан гэж үзээд тогтоол үйлдэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гэж үзээд түр сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гэж үнэмлэх олгосон.

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, Д.Е, Ж.З, Ж.Г, М.Ө, Б.Г нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тогтоол гаргасан. Одоо Д.Е, Ж.З, Ж.Г, М.Ө, Б.Г хууль ёсоор Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Д.Е, Ж.З, Ж.Г, М.Ө, Б.Г нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоол хүчинтэй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно”, 13.1.1-д “нас барсан”, 13.1.2-т “хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан”, 13.1.3-д “хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан”, 13.1.4-д “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор баталсан”, 13.1.5-д “тухайн орон нутгаас шилжсэн”, 13.2-т “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 13.1.4-т заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол гаргах бөгөөд 13.1.1-д заасан тохиолдолд шууд гарсан гэж үзэж шийдвэр гаргахгүй” гэж хуульчилсан. Ингэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчийг дахин сонгууль явуулсан тохиолдолд бүрэн эрхийг дуусгавар болгох заалт байхгүй.

Нэхэмжлэгч Ногооннуур сумын Ардчилсан намаас гуравдагч этгээд буюу Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Е, Ж.З, Ж.Г, М.Ө, Б.Г нарын бүрэн эрхийг баталсан тогтоолыг хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймээс гуравдагч этгээд нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол хүчингүй болоогүй байхад хэрвээ тухайн 9 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах шийдвэр гарлаа гэхэд бодитой биелэгдэх магадлал байхгүй. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч З.С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр нэр дэвшигчээр бүртгэж аваагүй асуудалд гуравдагч этгээд Д.Е, Ж.З, Ж.Г, М.Ө, Б.Г нарын буруутай үйл ажиллагаа байхгүй.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно”, 159.4-д “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийн хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж тус тус заасан.

Гэтэл Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Е, Ж.З, Ж.Г, М.Ө, Б.Г нар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн холбогдох хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй энэ талаар шүүхээс шийдвэр гараагүй. Анхан шатны шүүх З.С нэхэмжлэлтэй Ногооннуур сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан саналыг дараах байдлаар няцаасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Гуравдагч этгээд болон хариуцагчийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан үндэслэл байхгүй тохиолдолд тус сумын сонгуулийн 9 дүгээр тойргоос сонгогдсон Д.Е нарын 5 хүний Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хэвээр үлдэх бөгөөд сонгуулийн тухайн тойрогт дахин сонгууль явуулах үндэслэл байхгүй гэх маргаан нь Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1.1-д заасантай нийцэхгүй байна гэж үзлээ” гэжээ.

Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан үндэслэлийг дэлгэрэнгүй байдлаар няцааж чадаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай харшилж байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байхад шүүх түүний нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч З.Серикбай нь анх шүүхэд “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хорооны тус сумын 9 дүгээр тойрог 165 дугаар хэсгийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүн гаргасан тогтоолыг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр дахин сонгууль зохион байгуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгах шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ногооннуур сумын 9 дүгээр тойргийн 165 дугаар хэсгийн сонгуулийн дүнг гаргасан тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн саналын нэгтгэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр дахин сонгууль явуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгах шийдвэр гаргуулах”-аар тодруулсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, ...шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан бөгөөд хуулиар тогтоосон энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр тойргийн 165 дугаар хэсгийн сонгуулийн дүнг гаргасан саналын нэгтгэл бүхий шийдвэр нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан байх тул мөн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тооцох учиртай.

Гэтэл нэхэмжлэгч нь “Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнг гаргасан тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр дахин сонгууль явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлээ 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргаж, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудтай нийцэхгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч З.С-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн мөн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч гардан авсан өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу, энэ нь хуулиар тогтоосон нэхэмжлэл гаргах хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй.

Нэгэнт захиргааны хэрэг үүсгэх үндэслэлгүй тул гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Дээрх байдалд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 110/ШШ2017/0033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д заасныг тус тус баримтлан З.С-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Ногооннуур сумын 9 дүгээр тойргийн 165 дугаар хэсгийн сонгуулийн дүнг гаргасан тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн саналын нэгтгэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр дахин сонгууль явуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН