Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 033

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза ,

тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны оршин суугч Шеруши Төлек овогт Заводханы Серикбайн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хороонд ;

Нэхэмжлэлийн шаардлага: Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрог 165 дугаар хэсэгт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл бүхий сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгах тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: З.Серикбай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Ногоонуур сумын сонгуулийн хорооны дарга Ш.Ерсин, нарийн бичгийн дарга Х.Авлаш, хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхын, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

ээс болон шүүх хуралдаанд гаргасан ийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

З.Серикбай намайг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолыг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2016/0033 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон ба анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа.

Ногооннуур сумын Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийн улмаас миний сонгогдох эрх зөрчигдсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т зааснаар миний нэр дэвшсэн тойрог болох Ногооннуур сумын 9 дүгээр багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүн гаргасан тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр хүчингүй болох учиртай. Дахин сонгууль зохион байгуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан, дахин сонгуулийн ерөнхий журам, үндэслэл хугацааны талаар Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2 дахь хэсгүүдэд тус тус зохицуулсан бөгөөд Ногооннуур сумын сонгуулийн хороо дээрх хуулийн заалтуудыг сайн дураар биелүүлээгүй, дахин сонгууль зохион байгуулахаас татгалзаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрог 165 дугаар хэсэгт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл бүхий сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны оршин суугч З.Серикбайгаас тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна.

З.Серикбай нь нэхэмжлэлдээ Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолыг аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 33 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон, улмаар энэхүү шийдвэрийг давах болон хяналтын шатны шүүхээс хэвээр баталсан бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймээс дахин сонгууль явуулах шаардлагатай гэжээ.

Ногооннуур сумын Сонгуулийн хорооны гишүүдийн хурлаар энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэж, дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байна.

Ногооннуур сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон хэдий ч шууд дахин сонгууль явуулах хууль зүйн үндэслэл байхгүй, боломжгүй юм. Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ... энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг нэр дэвшигч гэж хуулиар томьёолсон. Энэ тохиолдолд Ногооннуур сумын Сонгуулийн хорооноос З.Серикбайг нэр дэвшигчээр бүртгэх, түүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлээгүй байхад шууд дахин сонгууль явуулах боломжгүй. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ...сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг... сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж мөн хуулиар томьёолсон байх ба энэ тохиолдолд Ногооннуур сумын Сонгуулийн хороог хууль тогтоомж зөрчсөн гэж үзээд маргаан бүхий 02 тоот тогтоолыг хүчингүй болгосон боловч 9 дүгээр тойрогт хууль ёсны дагуу нэр дэвшигчээр бүртгэгдсэн бусад нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудал гаргаагүй бөгөөд тухайн сонгуульд шударгаар өрсөлдөж, ялалт байгуулсан учраас дахин сонгууль явуулах нь тэдний эрх ашгийг ноцтой байдлаар зөрчих эрсдэлтэй байна. Түүнчлэн, Монгол Улсын хувьд Төрийн албаны тухай хуулиар төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх буюу мерит /merit/ зарчмыг гол үндэс болгодог.

Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд сонгуулийн үндсэн зарчмын талаар тусгасан байдаг ба сонгогчид бүх нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууц байдлаар өгсөн. Харин хэн нэгэн тэднийг албадсан байдлаар санал өгөх, үйл явцад нөлөөлсөн үйлдэл байхгүй. Үүнээс харахад, хичнээн З.Серикбай нэр дэвшигчээр бүртгэгдэгүйн улмаас сонгуульд өрсөлдөж чадаагүй ч бусад нэр дэвшигчдийн төлөө ард иргэд саналаа чөлөөтэй, хэн нэгний дарамт шахалтгүйгээр, мөн эргэлзээгүй байдлаар саналаа өгсөн нь сонгуулийн ирцээс шууд харагддаг. Хэрэв сонгогчид З.Серикбайн төлөө санал өгөх ёстой байсан бол сонгуулийн ирц хүрэлцэхгүйгээс гадна иргэд З.Серикбайд санал өгөх байсан талаарх эсэргүүцлээ ямарваа хэмжээгээр үзүүлэх байсан гэж үзэж байна. Гэвч ийм үйл явц болоогүй. Иймд хуульд заасан сонгуулийн үндсэн зарчим алдагдаагүй, хуульд нийцсэн. Тиймээс ганцхан хүний хууль ёсны эрх ашиг сонирхолд тулгуурлаж ард иргэд, сонгогчид, бусад сонгогдсон төлөөлөгчдийн эрх ашиг хөндөгдөх ёсгүй.

Үүнд, сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 5 төлөөлөгч байгаа ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар эдгээр төлөөлөгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх сумын сонгуулийн хороонд байхгүй болно. Сонгууль бол автоматжуулсан тоног, төхөөрөмжөөр тусгай хамгаалттай явагддаг учраас сумын сонгуулийн хороонд сонгууль явуулах боломж байгаагүй. Дахин сонгууль зохион байгуулах хөрөнгө, мөнгө манай сонгуулийн хороонд байхгүй болно.

Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчмын талаар мөн адил тусгасан байдаг ба 5 дугаар зүйлийн 5.1.4-т ...сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах... гэж заасан бөгөөд сонгууль бол улс орны хэмжээнд нэгдсэн журмаар эхэлж, дуусгавар болж, тус бүр нь тухайн тойрогтоо сонгогдсноор тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, хуулиар баталгаажуулсан. Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д ...сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн байгууллагаас хуульд заасны дагуу өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх... гэж заасан. Гэвч дээд шатны сонгуулийн байгууллагаас манай сонгуулийн хороонд үүрэг, даалгавар өгөөгүй болно.

Мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д ...сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон... бол дахин сонгууль явуулах талаар зааснаас үзэхэд, Ногооннуур сумын Сонгуулийн хорооны нэхэмжлэгч З.Серикбайг нэр дэвшигчээр бүртгээгүй 02 тоот тогтоол шүүхээс хүчингүй болсон болохоос биш сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болоогүй юм. Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д ...Сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл /цаашид өргөдөл гэх/ гаргах эрхтэй... гэж заасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч З.Серикбай дахин сонгууль явуулах талаар эхлээд сумын Сонгуулийн хороонд өргөдлөө гаргах, улмаар хариу авсны дараа шүүхэд хандах ёстой боловч шууд шүүхэд хандсан нь буруу.

Тэгэхээр нэхэмжлэгч нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаагүй, мөн өргөдөл, нэхэмжлэл гаргах хугацаа алдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр дахин сонгууль явуулах боломжгүй байх тул З.Серикбайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.Есболат нарын 5 хүнээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгонд оршин суудаг Д.Есболат, Ж.Зейнел, Ж.Гүлнар, М.Өнербек, Б.Гүлжаукар нар бид Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрх дагуу Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан 2016 оны 10 дугаар сард Ногооннуур суманд явагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас нэр дэвшиж сумын Сонгуулийн хороонд хуульд заасан бүрдүүлвэл зохих бичиг баримтуудыг үнэн зөвөөр бүрдүүлэн өгсөн юм.

Сонгуулийн хороо Д.Есболат, Ж.Зейнел, Ж.Гүлнар, М.Өнербек, Б.Гүлжаукар бидний өгсөн материалуудыг хянан үзээд сумын Сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцээд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгэхийг зөвшөөрч тогтоол гарган нэр дэвшигчийн үнэмлэх олгосон юм. Ингээд бид Ногооннуур сумын Цагааннуур тосгонд хуульд заасан хугацаанд сонгуулийн сурталчилгааг зохион байгуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон орон нутгийн сонгуульд сонгогчдын олонхийн санал авч ялалт байгуулсан юм. Ногооннуур сумын Цагааннуур тосгонд явагдсан сонгуулийн дүнг сумын Сонгуулийн хороо хуралдаанаар хэлэлцэж, биднийг Сонгуулийн тухай хуулийн дагуу шударгаар өрсөлдөж тухайн тойргийн сонгогчдын олонхийн санал авсан гэж үзээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гэж үзээд тогтоол үйлдэн Ногооннуур сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон гэж үнэмлэх олгосон.

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь хуралдаж Д.Есболат, Ж.Зейнел, Ж.Гүлнар, М.Өнербек, Б.Гүлжаукар нар бидний бүрэн эрхийн хүлээн зөвшөөрч тогтоол гаргасан юм. Одоо бид хууль ёсоор Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Д.Есболат, Ж.Зейнел, Ж.Гүлнар, М.Өнербек, Б.Гүлжаукар нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрчсөн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас баталсан төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол хүчинтэй байна. Энэхүү тогтоолыг хүчингүй болгож өгөх талаар нэхэмжлэгч З.Серикбайн нэхэмжлэлийн шаардлаг гаргаагүй юм. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч З.Серикбайг нэр дэвшигчээр бүртгэж аваагүй асуудалд Д.Есболат, Ж.Зейнел, Ж.Гүлнар, М.Өнербек, Б.Гүлжаукар нар бидний буруутай ажиллагаа байхгүй гэж үзэж байна.

Иймд нэр дэвшигч гэх З.Серикбайн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хорооны тус сумын 9 дүгээр тойрог 165 дугаар хэсгийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр дахин сонгууль зохион байгуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгч З.Серикбайн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсэгт сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно гэж зохицуулсан байгаа. З.Серикбайг сонгуулийн үеэр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох талаар нэхэмжлэгч тухайн үед шүүхэд хандсан ба 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан, дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэргийн давах шатны шүүхийн магадлал гарсан, хариуцагч тал дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр уг гомдлыг хүлээн авахаас татгалзах захирамж гаргасан юм.

Энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасныг мөн хүлээж аваад, 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор өмнө нь гаргасан Улсын Дээд шүүхийн шүүгчийн тогтоолыг хэвээр үлдээсэн байгаа. Нэгэнт шат шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-д зааснаар Ногооннуур сумын 9 дүгээр тойрогт явуулсан сонгуулийн дүнг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Сонгуулийн тухай хуульд бол холбогдох нэр томъёонуудыг тодорхойлсон ба хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх-ыг ойлгоно гэж зохицуулсан болно.

Нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т зааснаар сумын сонгуулийн хороо дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргах ёстой боловч тус сумын сонгуулийн хорооны дарга Ш.Ерсин гуай дахин сонгууль явуулах талаар сумын сонгуулийн хороонд хандаагүй гэсэн тайлбар хэлж байна.

Гэвч заавал сумын сонгуулийн хороонд хандана гэсэн ойлголт байхгүй, харин хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Монгол улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж хэрэгжүүлэн ажиллах ёстой. Шат шаны шүүхээс З.Серикбайн сонгогдох эрх нь зөрчигдсөнийг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгасан боловч сумын сонгуулийн хороо нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй учраас З.Серикбай бол шүүхэд хандсан ба сумын сонгуулийн хороонд хандаагүй гэдгээр З.Серикбайг буруутгах нь үндэслэлгүй юм.

Сонгуулийн 9 дүргээр тойрог бол 165 дугаар хэсэг гээд явж байгаа, тойрог гэдгийн нэр томъёог Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр нь сонгуулийн тойрог болно гэж заасан байх тул Ногоонуур сумын 9 баг нь нэг тойрог болж байгаа. Энэхүү тойрогт сонгуулийн дүнг гаргасан албан ёсны тогтоол гараагүй гэдэг байдлаар тайлбарлаж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 264 дүгээр тогтоолын 12 дугаар хавсралтаар саналын нэгдсэн дүн гаргах маягтыг баталж өгсөн байдаг. Тухайн нэгтгэлээр 9 дүгээр тойргийн сонгуулийн дүнг нэгтгэн гаргасан ба энэ шийдвэр бол хүчингүй болох ёстой. З.Серикбайн эрх ашиг ямар байдлаар зөрчигдсөн бэ гэдэг талаас тайлбарлавал,Сонуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн Хуралд сонгогдох эрхтэй гэж эрхийг зааж өгсөн юм. Гэтэл сумын сонгуулийн хороо нэхэмжлэгчийн энэхүү эрхийг зөрчиж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан байгаа. Нэгэнт энэ хүний эрх ашиг нь зөрчигдсөн нь шат шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учраас тухайн тойрогийн сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах ёстой. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч бол сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдгийг зөвхөн уг хуулийн 70 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдол гэж ойлгож, тайлбарлаж байна. Хуульд тийм үндэслэл байхгүй юм. Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан учраас энэ хуулийн 70 дугаар зүйлд заасныг зөрчсөн үйлдлийг зөвхөн хууль зөрчсөнд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.2-д заасныг буруу байдлаар тайлбарлаад байна. Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д бол зөвхөн хэсэгт сонгууль явуулаад тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал сонгуулийн дүнг хүчингүй болгох асуудал болохоос Сонгуулийн хууль тогтоомж зөрсөнтэй холбоотой асуудал огт биш юм. Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т энэ хуулийг зөрсөн асуудлын талаар зохицуулсан ба энэ хоёр зохицуулалт нь тус тусдаа асуудал гэдгийг хэлье. Мөн төлөөлөгчдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа ба үүнийг нэхэмжлэгч З.Серикбай шийдэх албан тушаалтан биш юм.

Сонгуулийн тухайн хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т зааснаар буюу бусдын эрх ашиг зөрчигдсөн нь тогтоогдсон хэмжээгээр сонгуулийн дүн хүчингүй болох бөгөөд сонгуулийн дүн хүчингүй болох юм бол тухайн тойргоос сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал яригдана. Сумын сонгуулийн хорооны шийдвэр хүчинтэй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татаж тогтоол хүчингүй болгуулах үндэслэл байхгүй байна. Мөн сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а-д зааснаар шийдвэрлэх боломж байгаа. Энэ хуулийн 18.1.1-ийн а-д Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудал гэдэгт зөвхөн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудал биш хүчингүй болгох асуудлыг давхар шийдвэрлэх ёстой. Тийм учраас сонгуулийн хорооны шийдвэр хүчингүй болоогүй байхад төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгох асуудал байхгүй болно. Дахин сонгууль явуулах хөрөнгө зардалгүй гэх мэт энэ хэрэгт хамааралгүй асуудлаар гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Нэгэнт нэхэмжлэгчийн эрх ашиг нь зөрчигдсөн нь шат шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, энэ тохиолдолд дахин сонгууль явуулах хуулийн зохицуулалттай учраас хуульд заасан хүрээнд асуудал шийдвэрлэгдэх ёстой гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Ногооннуур сумын 9 дүгээр баг,Цагааннуур тосгоны оршин суугч З.Серикбайгаас сумын сонгуулийн хороонд холбогдуулан, сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнг гаргасан нэгтгэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа. Үүнтэй холбогдуулан Ногооннуур сумын сонгуулийн хороо хуралдаж, З.Серикбайн нэхэмжлэлийг хүлээн зөвөөрөхгүй байгаа тухай хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг гаргасан. Үүнийг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна.

Тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоол шат шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хэдий ч дахин сонгууль явуулах боломж байхгүй байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.7-д сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг сонгуулийн тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж мөн хуулиар томъёолсон байгаа. Энэ тохиолдолд Ногооннуур сумын сонгуулийн хороог хууль тогтоомж зөрчсөн гэж үзээд маргаан бүхий 2 дугаар тогтоолыг хүчингүй болгосон хэдий ч маргаан бүхий сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэгдсэн бусад нэр дэвшигчдид ямар нэгэн байдлаар сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн талаар маргаан гараагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этээдээр оролцож байгаа Д.Есболат нарын 5 иргэн тухайн сонгуульд шударгаар өрсөлдөж, ялалт байгуулсан учраас дахин сонгууль явуулах нь тэдний эрхийг ноцтой байдлаар зөрчих эрсдэл гарч байна гэж бид нарын зүгээс үзэж байгаа. Түүнчлэн тухайн тойрогт явагдсан сонгуулийн дараа олонхийн санал авсан нэр дэвшигчдийг сонгуулийн хорооноос Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гэж үзэж, тогтоол үйлдэж төлөөлөгчийн үнэмлэх олгосон байдаг. Үүний дагуу Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар эдгээр нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тогтоол гаргасан ба одоогийн байдлаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Уг нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа гэдгийг дурдаж хэлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчдийг эгүүлэн татах, түдгэлүүлэх үндэслэл байхгүй тул энэхүү үндэслэлээр дахин сонгууль явуулах ямар ч үндэслэлгүй байна. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчийг яаж дахин сонгуульд оролцуулах вэ гэсэн асуудал тавьж байгаа. Тэгвэл Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин сонгуульд оролцох үндэслэл бүрдээгүй гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Захиргааны хэргийн анхны шатны шүүх хуралдаанд Цагааннуур тосгонд оршин суудаг, Ногооннуур сумын Хурлын төлөөлөгч Д.Есболат нарын 5 хүний өмгөөлөгчөөр оролцож байна. Эдгээр хүмүүс бол 2016 оны 10 дугаар сард болсон Ногооннуур  суманд явагдсан  сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж, холбогдох материалуудыг бүрдүүлж, материалыг сумын сонгуулийн хороо хүлээн авч,  хянаад нэр дэвшигчийн бүртгэлд бүртгэн нэр дэвшигчийн үнэмлэх олгосон байгаа. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгууль болсон, сонгууль хүртэл эдгээр хүмүүс сонгуулийн сурталчилгаа хийж, айл өрхөд ороод 19-ний өдөр сонгуулийн дүнгээр тухайн тойрогт хамгийн өндөр санал авч, сумын сонгуулийн хороо хуралдаанаар хэлэлцээд сумын иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосон байгаа. Дараа нь  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болсон ба энэхүү хуралдаанаар бол эдгээр нэр бүхий төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч тогтоол гаргаад Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, хуралдааны дэг батлах гэх мэтийн үйл ажиллагаанд оролцоод өнөөдөр хүртэл бүрэн эрх нь хэрэгжиж явж байгааг хэлье. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хоёр асуудал байгаа,  дахин сонгууль явуулж болох хуулийн заалт байгаа, иймээс онолын хувьд дахин сонгууль явуулж болно. Гэхдээ нэхэмжлэгч бол нэхэмжлэлийг эдгээр төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан, эдгээр иргэдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол хүчинтэй байхад дахин сонгууль явуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Сонгууль явууллаа гэхэд сумын Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тусгайлан зохицуулсан байгаа. Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үндэслэлийг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д нас барсан, 13.1.2-д хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, 13.1.3-д хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан, 13.1.4-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан, 13.1.5-д тухайн орон нутгаас шилжсэн бол дуусгавар болохоор заасан юм. Тэгвэл өнөөдөр энэхүү 5 нөхцөл байдал үүсээгүй байна. Яахын аргагүй дахин сонгууль явагдах тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг анхаарах хэрэгтэй бөгөөд энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, эсхүл   огцруулах тогтоол гаргана. Өнөөдрийн байдлаар дээрх шийдвэрүүд гараагүй гэж бодож байна. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг зөв гаргаад хамтдаа шийдвэрлүүлвэл маргааш шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах боломжтой байсан юм. Одоо ингээд дахин сонгууль явуулах тухай шийдвэр гарсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх боломж байхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт орон нутгийн Хурлын төлөөлөгчийг дахин, нөхөн сонгох талаар зохицуулсан байх бөгөөд энэ хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-д орон нутгийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа Хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно гэж заасан байгаа.

Тэгвэл гуравдагч этгээдүүд сонгуулийн дүн гарч, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гараагүй байгаа. Хуульд бол мандат нь хүчингүй болно гэж заасан ба төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана гэж зохицуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар ийм явдал болоогүй байна. Мөн шүүхийн шийдвэр гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч буруугаар тайлбарласан ба Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан хориглох заалтыг зөрчсөн нь шат шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол энэхүү асуудал үүсэх ёстой. Дараагийн асуудал бол уг хэргийн хариуцагч нь буруу байна. Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт Хэсэгт дахин явуулсан санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал тойрогт явуулсан сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно гэж заасан, энэхүү шийдвэрийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргана гэсэн хуулийн зохицуулалттай байна.

 Гэтэл сумын сонгуулийн хороо тарсан, дахин сонгуулийн явуулах төсөв, мөнгө байхгүй учраас өнөөдөр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх шүүхийн шийдвэр байлаа ч гэсэн энэ шийдвэр маргааш биелэгдэх үндэслэл муутай болж байна. Нөгөө гуравдагч этгээдээр оролцож байгаа 5 төлөөлөгч яах ёстой вэ,тийм учраас өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл хуульд байгаа боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн 126 ,163, 159.4, 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар үүнийг хэрэгжүүлэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сумын Хурлын 27 төлөөлөгч бүрэн эрхийн дагуу хуралдаад тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол өнөөдөр хүчинтэй байгаа, төсөвөө батлаад, энгэрийн тэмдэг, үнэмлэхээ авч, ард иргэдтэй уулзалт хийгээд явж байгаа. Эдгээр хүмүүсийн асуудлыг шийдэж болох бөгөөд Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд шийдэх гарц нь байгаа. Ийм учраас нэхэмжлэгч З.Серикбайн сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн нь үнэн боловч дахин сонгууль явуулах төвөгтэй байдал үүсэж байгаа учраас нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломж байхгүй байна. Харин нэхэмжлэлээ өөрөө буруу гаргасан учраас  нэхэмжлэлийг хангах боломжгүй юм. Захиргааны ерөнхий хуульд бол шүүхийн шийдвэр биелэгдэх магадлал бодитой байх ёстой ба энэ хүмүүсийг ард түмэн сонгосон учраас эдгээр хүмүүст ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Хурал өөрөө хүчингүй болгоно гэж тайлбарлаж байна. Гэвч төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулсан тогтоолыг хүчингүй болгох асуудлаар дахид захиргааны хэргийн шүүхэд хандана гэсэн үг. Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан 5 үндэслэл үүсээгүй байхад тухайн сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч нар бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгосон тогтоол гаргавал уг тогтоолд эдгээр хүмүүс маргах юм. Миний бие сумын Хурлын төлөөлөгч нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа ба орон нутгийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн Хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно гэж мандатыг хүчингүй болгох үндэслэлийг хуульд тусгайлан заасан байна. Ийм явдал үүсээгүй учраас төлөөлөгчийн бүрэн эрх нь хэвээр байна гэж би тайлбарлаж байгаа. Энэ тохиолдолд бол аймаг, нийслэлийн сонгуулийн хороо шийдвэр гаргах ёстой. 2016 оны 11 дүгээр сард 27 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолын нөгөө 5 нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар давхар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол өнөөдөр ярих юм байхгүй байсан. Тийм учраас нэхэмжлэгч төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргаагүй учраас шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэр гаргах ба тэр тогтоолыг хүчингүй болгохгүй юм. Тогтоолыг хүчингүй болгох тохиолдолд давхар сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд хариуцагчаар татагдана. Харин ИТХ-ын дарга хүлээн зөвшөөрсөн бол маргаантай асуудал шийдвэрлэгдэж, хүссэн хүсээгүй дахин сонгууль явагдаж таарна. Сонгуулийн тухай хууль бол 2016 онд гарсан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль урьд нь гарсан юм. Гэхдээ энэ хууль өнөөдөр хүчинтэй байгаа ба агуулгын хувьд энэхүү хуулиуд хоорондоо зөрчилдөж маргаан бүхий асуудал цаашид шийдвэрлэгдэхэд бэрхшээлтэй болж байгаа гэж ойлгож байна. Тийм учраас өмнөх санал хэвээр байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ногооннуур сумын Хурлын сонгуулийн 9 дүгээр тойргийн дүнг гаргасан тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2016 оны орон нутгийн Хурлын сонгуульд тус аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт ногдох 5 мандатын тоогоор Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн 5 нэр дэвшигчээс 1 нэр дэвшигчийг буюу нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай тогтоол нь тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай шийдвэрээр хүчингүй болж, З.Серикбайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Ногоонуур сумын сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн уг шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 703 дугаартай магадлал хэвээр батлагдснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.[1]

Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 02 дугаартай дээрх тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан Монгол улсын иргэний ...төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглох заалтыг, 11.8-д заасан ...энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэний тухайн шатны орон нутгийн Хуралд сонгогдох эрхийг зөрчсөн, 5 дугаар зүйлийн 5.1-д заасан сонгуулийн үйл явцыг зохион байгуулахад баримтлах зарчим болон 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.1, 157 дугаар зүйлийн 157.6,157.9, 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасантай нийцээгүй, хууль бус шийдвэр болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

Энэ тохиолдолд буюу сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл,сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно гэж Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т заасан.

Ногооннуур сумын хувьд сонгуулийн 9 тойрогтой, тойрог бүр нь сонгуулийн нэг хэсэгтэй байх ба тус сумын сонгуулийн 9 дүгээр тойрогийн нутаг дэвсгэрт харьяалагдах хэсэг нь хариуцагчийн тайлбар, гэрч А.Даримханы мэдүүлгээс үзэхэд 165 дугаартай байна.

Хуулийн[2] 34 дүгээр зүйлийн 34.1.10-т зааснаар сумын Хурлын сонгуулийн дүнг гаргах нь сумын сонгуулийн хорооны эрх хэмжээ бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 06 дугаартай Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын дагуу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж оролцсон Д.Есболат, Ж.Гүлнар, Ж.Зейнел, Б.Гүлжаукар, М.Өнербек, Ардчилсан намаас нэр дэвшиж оролцсон А.Арыстан, Е.Озат, М.Хуанган, Б.Уламбаяр нарын авсан саналыг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 264 дүгээр тогтоолын 12 дугаар хавсралтаар батлагдсан Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн ... дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл бүхий маягтаар тус тойрогийн санал авах нэгжээс сонгуулийн дүнг гаргасан байна.

Ногооннуур сумын сонгуулийн хороо нь тухайн үедээ санал авах нэгжийн дээрх шийдвэрийг үндэслэл болгосон, сонгуулийн маргаан бүхий тойргийн дүн гаргасан өөр төрлийн шийдвэр гаргаагүй гэж хариуцагчаас тайлбарласан ба Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д зааснаас үзэхэд санал авах нэгж нь сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаардаг байх тул Ногооннуур сумын Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрог, 165 дугаар хэсгийн дүнг гаргасан санал авах нэгжийн дээрх шийдвэрийг сумын сонгуулийн хорооны сонгуулийн дүн гаргасан шийдвэр мөн гэж үзэхээр байна.

Орон нутгийн Хурлын сонгууль явагдах үед дээрх байдлаар Ногооннуур сумын сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргах замаар нэхэмжлэгчийн сонгуульд нэр дэвшиж оролцох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр Ногооннуур сумын Хурлын сонгуулийн 9 дүгээр тойргийн дүнг гаргасан сумын сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т заасныг баримтлан хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Дахин сонгууль явуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгах талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ногооннуур сумын сонгуулийн хороо нь татан буугдаагүй[3] байх ба дээрх байдлаар тус сумын Хурлын сонгуулийн 9 дүгээр тойргийн дүнг гаргасан сумын сонгуулийн хорооны шийдвэр хүчингүй болсон нь Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д заасан үндэслэлд хамаарч 163.1-д зааснаар дахин сонгууль явуулах үндэслэл болох бөгөөд дахин сонгууль хүчингүй болсон хэмжээгээр явагдах, дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн хороо зохион байгуулж явуулах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 163 дугаар зүйлийн 163.2, 163.3-т заасан зохицуулалтын дагуу Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт ногдох 5 мандатын тоогоор тус сумын Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгч З.Серикбайг сумын сонгуулийн хорооноос сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гараагүй гэх боловч шүүхийн шийдвэрээр[4] нэхэмжлэгчийг Ногооннуур сумын Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар шүүхийн уг шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгүүлэх зохицуулалттай тул хариуцагчийн дээрх үндэслэл нь хуульд заасан журмаар дахин сонгууль зохион байгуулж явуулахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч З.Серикбайг 2016 оны орон нутгийн Хурлын сонгуульд тус аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус намаас З.Серикбайн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгааг шүүхэд бичгээр илэрхийлж мэдэгдсэн болно.

3.Бусад маргааны тухайд:

Ногооннуур сумын Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж оролцсон Д.Есболат нарын 5 нэр дэвшигч нь хамгийн олон санал авснаар сумын сонгуулийн хорооноос 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар 18 дугаартай тогтоол гаргаж холбогдох хэсгээр тэдгээр төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэснээр шинээр сонгогдсон Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 01 дугаартай тогтоолын холбогдох хэсгээр гуравдагч этгээд болох Д.Есболат нарын 5 хүний Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан байна.

Гуравдагч этгээд болон хариуцагч талын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан үндэслэл байхгүй тохиолдолд тус сумын сонгуулийн 9 дүгээр тойрогоос сонгогдсон Д.Есболат нарын 5 хүний Ногооннуур сумын Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрх хэвээр үлдэх бөгөөд сонгуулийн тухайн тойрогт дахин сонгууль явуулах үндэслэл байхгүй гэх маргаан нь Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1,163.1.1-д заасантай нийцэхгүй гэж үзлээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт хэсэгт дахин явуулсан санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал тойрогт явуулсан сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно гэж заасан ба энэхүү шийдвэрийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргана гэсэн хуулийн зохицуулалттай тул уг хэргийн хариуцагч нь буруу байна гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.10-т зааснаар сонгуулийн дүн гаргах нь сумын сонгуулийн хорооны эрх хэмжээ бөгөөд 163.1.1-д зааснаар сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон тохиолдолд 163.1-д зааснаар дахин сонгууль явагдах үндэслэл болох ба нэхэмжлэгчийн хүчингүй болгохыг хүссэн маргаан бүхий захиргааны актыг дээрх байдлаар Ногооннуур сумын сонгуулийн хороо гаргасан, харин хуулийн 162.1-д зааснаар хэсэгт дахин явагдсан санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал 162.3-т зааснаар ...тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэрийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргахаар зохицуулагдсан нь 162.2-т заасан үндэслэлд хамаарахгүйг дурьдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл дээрх байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн сонгуульд оролцох, сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдол нь 162.1-д заасан хэсэгт дахин явагдсан санал хураалт хүчингүй болсон тохиолдол биш юм.

Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурьдсан нэхэмжлэгч дахин сонгууль явуулах асуудлаар эхлээд сумын сонгуулийн хороонд хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаагүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлийн хувьд шүүх хуралдааны явцад гаргасан хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд уг асуудлаар нэхэмжлэгч сумын сонгуулийн хороонд хандсан байгаагаас гадна Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д орон нутгийн Хурлын сонгуультай холбогдуулан тухайн шатны сонгуулийн хороонд холбогдох маргааныг ...шүүх шийдвэрлэхээр зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоосон шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан давж заалдах шатны шүүхийн магадлал 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарсан, уг магадлалд хяналтын журмаар гаргасан хариуцагч Ногооннуур сумын сонгуулийн хорооны гомдлыг хүлээн авахаас татгалзсан Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 14 дугаартай захирамж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсан байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 14 дугаартай захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн тогтоол 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гарснаар Улсын Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/535 дугаартай албан бичгээр хүргүүлснээр, нэхэмжлэгч шүүхийн уг тогтоолыг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардан авч 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэлээ. Иймд энэ талаарх хариуцагч талын маргаан үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, 163.2, 163.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Серикбайн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 дугаар тойрогийн дүнг гаргасан тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн ..дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн дүн хүчингүй болсон хэмжээгээр Ногооннуур сумын Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт тус сумын Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль зохион байгуулж явуулахыг Ногооннуур сумын сонгуулийн хороонд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмааргомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 5-13 дугаар хуудас

[2] Сонгуулийн тухай хууль

[3] Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 14 дугаартай тогтоол, хэргийн 50 дугаар хуудас

[4] Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай шийдвэр