| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/06136/И |
| Дугаар | 102/ШШ2024/05677 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/05677
| 2024 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/05677 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: 29.015.443 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ”Х” банк ХК, хариуцагч Ц.Э О.Чт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 29.015.443 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1.Зээлдэгч Ц.Э, "Х” банк ХК-ийн “Цамбагарав” зээлийн төвтэй 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 0 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж 15.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай мөн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 14.000.000 төгрөг дээр 16.000.000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 30.000.000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 0 дугаартай “Кредит картын гэрээ” байгуулж 3.000.000 төгрөгийн зээлжих эрх нээлгэж эрхийг бэлэн зарлагын хүү жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлжих эрхийн хүрээнд 3.000.000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийж ашигласан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 0 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч Ц.Э 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0 дугаартай гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 17.395.626 төгрөг, хүү 9.458.898 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.775 төгрөг нийт 26.870.298 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 201843940871 дугаартай кредит картын гэрээний дагуу үндсэн зээлд 1.180.691 төгрөг, хүү 1.111.660 төгрөг нийт 2.292.351 төгрөгийг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймээс талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.4, 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6 дугаар зүйлийн 6.5, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг үндэслэн хариуацгчаас 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 13.604.374.12 төгрөг, хүү 9.948.540.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960.489.20 төгрөг, нотариатын зардал 39.000 төгрөг нийт 24.552.403 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дгаатай кредит картын гэрээний үүрэгт үндсэн зээлд 1.819.309.03 төгрөг, хүү 2.442.758.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200.971.34 төгрөг нийт 4.463.038.90 төгрөг нийт 29.015.443 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ц.Эын зээлийн данс 0 дугаартай данс. Энэ дансаас хоёр удаагийн зарлагын гүйлгээ хийгдэж Ц.Эын 0 дугаартай харилцах дансанд зээлийг хоёр удаа олгосон. Анхны зээлийг Ц.Э 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 36 миниутанд банк зээл олгосон. Ингээд 14 цаг 39 минут буюу зээл олгосноос 3 минутын дараа Ц.Э 14.830.000 төгрөгөөр зээл авсан тооцооны төв дээрээс бэлэн гүйлгээгээр өөрийн 0 дугаартай данс руу бэлнээр шилжүүлсэн байдаг. Энэ дансыг хөөгөөд үзэхэд 0 дугаартай дансаас 14 цаг 39 минутанд хийгээд 5081046-77 дугаартай дансанд 14.830.000 төгрөг орж ирээд 14 цаг 48 минутанд Ц.Э гээд бэлэн зарлагын гүйлгээгээр 14.830.000 төгрөгийг авсан. Ингээд үзэхэд энэ хүний дансанд зээл орлоо, энийг хэн яаж захиран зарцуулаад байгааг мэдэхгүй гэдгийг баримтаар үгүйсгэж байгаа юм. Банкны хувьд харилцагч ирээгүй байгаа тохиолдолд хэзээ ч харилцагчийн дансыг лавлах, үлдэгдлийг шалгах, гүйлгээ хийх эрх банкны ажилтан, банкны эрх бүхий албан тушаалтанд байдаггүй. Бэлэн зарлагын гүйлгээ хийснийг яаж мэддэг гэвэл гүйлгээний утга дээр регистрийн дугаар, бичигдэж байгаа бол энэ нь бэлэн зарлагын гүйлгээ хийгдсэн байна гэж үздэг. Бэлэн зарлагын гүйлгээ хийхэд харилцагчийн регистрийн дугаартай хүчин төгөлдөр бичиг баримтыг үндэслэж, харилцагчийг таньж мэдэж, харилцагчийн хүсэлтээр данснаас гүйлгээ хийгддэг. Энэ утгаараа гүйлгээ дээр нэр, регистрийн дугаар бичигддэгээрээ бэлэн зарлагын гүйлгээ байна гэж данс дээрээс тодорхой харагддаг. Ийнхүү эхний 15.000.000 төгрөгийг Ц.Э захиран зарцуулсан байна. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0 дугаартай зээлийн дансаас зээл олголт гээд 16.000.000 төгрөг орж ирснээс Ц.Э 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг 07 минутанд АТМ-627 дугаарын бэлэн мөнгөний машин дээрээс 5.000.000 төгрөгийг “барааны үнэ” гэдэг утгатайгаар 0 дугаартай данс руу 5.000.000 төгрөгийн гүйлгээ мөн өдрийн 20 цаг 08 минутанд үргэлжлүүлэн тус АМТ-627 дугаарын бэлэн мөнгөний машин дээрээс 5.000.000 төгрөгийг мөн “барааны үнэ” гэсэн утгатайгаар 0 дугаартай данс руу 5.000.000 төгрөгийн гүйлгээ, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг 27 минутанд АМТ-627 дугаарын бэлэн мөнгөний машин дээрээс мөн 5.000.000 төгрөгийг 5039-0972-96 дугаартай данс руу “гурилын үнэ” гэдэг утгатайгаар нийт гурван удаагийн гүйлгээгээр зээлийн мөнгийг шилжүүлэн ашигласан байна гэж үзэж байна. АТМ дээрээс гүйлгээ хийж байгаа нь тухайн харилцагч өөрийн картаар гүйлгээ хийгдэж байгаа ба бэлэн бусаар шилжүүлгийн гүйлгээ хийгдсэн нотлогдож байна. Зээлийн дансны хуулганаас тулгалт хийж үзвэл хариуацгч ззээлийг шилжүүлж аваад ашиглаж дансаасаа зээлийн төлбөрийг төлж байсан нь Ц.Эын 5082-1051-16 дугаартай зээлийн дансны хуулгаар нотлогдож байна. Мөн 0 дугаартай дансаас 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн 0 дугаартай дансаас зээл төлсөн байдаг. Нотлох баримт шинжлэн судлахад хариуцагчийн өмгөөлөгчийн судалсан 87 дугаартай мөр дээр “54”-өөр цалин гээд мөнгө орсон байна гэсэн нь Ц.Эад олгоогүй ба энэ тоот данснаас энэ тоот данс руу “54” гэдэг утгатайгаар зээл төлж байгаа үйлдэл юм. Дахиад 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ц.Эын шилжүүлсэн дансаас "55 цалин" гээд, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр "42 цалин" гээд зээлийн төлбөрийг төлсөн байдаг. Энэ данс хэний данс гэдгийг тодорхойлох боломжгүй, банк үүнийг цааш шалгах эрх байхгүй. Яагаад хараад байгаа гэвэл шүүхийн журмаар гаргуулсан Ц.Эын 0 дугаартай хугацаагүй хадгаламжийн данс, 0 дугаартай харилцах дансны хуулгыг зээлийн дансны хуулгатай харьцуулж харахад тодорхой харагдаж байнаа. Тэгэхээр зээлийг Ц.Э аваагүй, ашиглаагүй гэдэг нь хэрэгт авагдсан хариуацгчийн өөрийнхөн дансны хуулгаар зээлийг авч ашигласан гэдэг нь тогтоогдож байна. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн харилцаа үүсээгүй, зээлийг авч ашиглаагүй гэдэг тайлбарыг үгүйсгэж байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шаардлагаа дэмжиж байна гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Г.О шүүхэд гаргасан тайлбартаа:
4.1. "Х банк" ХК, Ц.Эаас "Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 29.015.443 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг зээлийн гэрээний тодорхой заалтууд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудаар тодорхойлсон байна. Энэхүү нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болгоод байгаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ." гэж заажээ. Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.” гэж заасан байх ба нэхэмжлэлд хавсаргасан 2018 оны "Зээлийн гэрээ”-ний үед дагаж мөрдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд/цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох/ цаашид "зээл" гэх/ гэнэ" гэж зааснаар "эргэж төлөгдөх барьцаа” эсхүл "батлан даалт”-тайгаар олгосон "Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудад үндэслэж нэхэмжлэх эрх зээлдүүлэгчид хуулиар олгогдох юм байна. Гэтэл нэхэмжлэгч хуулийн дээрх шаардлагыг хангасан нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн " 62.1.4.нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт" гэсэн шаардлагыг хангаагүйг харуулж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М.Э, С.Г нарт олгосон итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, “Х” банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэг, Ц.Эын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, кредит картын гэрээ, “LOS” программ дээр ажиллах журмын хавсралт Ц.Эын “Х “ банк ХК-ийн “Цамбагарав ТТ”-д гаргасан хүсэлт, зээл хүсэгчийн анкет, кредит карт хүсэгчийн анкет, нийгмийн даатгалын дэвтэр, “И” ХХК-ийн тодорхойлолт, зээл төлөх мэдэгдэл,
7.Хариуцагчаас хариу тайлбар, Г.О, Б.Э нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар “Х” банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар “Х” банк ХХК-аас ирүүлсэн Ц.Эын дансны тодорхойлолт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөөгүй учраас хууль болон гэрээнд зааснаар зээлээ төлөх үүрэгтэй. Ц.Э хоёр удаа нийт 30.000.000 төгрөгийн зээлийг авсан байдаг. Хариуцагчийн дансанд зээл орлоо яаж захиран зарцуулах нь түүний эрхийн асуудал. Банкны хувьд харилцагч ирээгүй байгаа тохиолдолд хэзээ ч харилцагчийн дансыг лавлах, үлдэгдлийг шалгах, гүйлгээ хийх эрх банкны ажилтан, эрх бүхий албан тушаалтанд байдаггүй. Бэлэн зарлагын гүйлгээ хийснийг мэдэх арга гүйлгээний утга дээр регистрийн дугаар бичигдсэн бол бэлэн зарлагын гүйлгээ хийгдсэн гэж үздэг бөгөөд энэ үйлдлийг хариуцагчаас өөр хэн ч хийж чадахгүй. Иймээс хариуцагч банкны зээлд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан тул зээлийг аваагүй, ашиглаагүй гэх тайлбар үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэж тодорхойлж байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О ” Нэхэмжлэгч Иргэний хууль,Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж татгалзлаа илэрхийлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно.Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минутанд товлогдсон шүүх хураолдааны товтой биечлэн танилцаж, “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтан дээр гарын үсгээ зурж баталгаажуулан, шүүгчийн туслах түүний 0 дугаартай гар утсанд залгахад “шүүх хуралдааныг мэдэж байгаа” гэсэн хариуг өгч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гарган хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч “Х” банк ХК-ийн “Цамбагарав” зээлийн төвтэй хариуцагч Ц.Э 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 0 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 15.000.000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай мөн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр өмнөх зээлийн үлдэгдэл 14.000.000 төгрөг дээр 16.000.000 төгрөгийг нэмж нийт 30.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж, зээлээ төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээ хийгдсэн нь зохигчдын тайлбар, гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.
7.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 0 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулж, гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулжээ.
8.Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
9.Түүнчлэн мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанчлан зохигчдын хооронд хийгдсэн “Барьцааны гэрээ” бичгээр байгуулагдаж хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.
10.Хавтас хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээгээр “Х” банк ХК зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.
11.Нэхэмжлэгч “Х” банк ХК, хариуцагч Ц.Эаас зээлийн гэрээний үүрэгт 28.976.443 төгрөг, нотариатын зардалд 39.000 төгрөг нийт 29.015.443 төгрөгийг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй боловч шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Б.Э хариуцагчийг зээлэнд шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хариуцагч өөрөө хэрэглээгүй, хүнд шилжүүлсэн тул зээлийн төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.
12.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заажээ.
13.Нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагчийн “Х” банк ХК-ийн 0 дугаартай дансанд мөнгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд харин хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх зээл, кредит картын төлбөрт 29.162.649 төгрөгийг төлж, үлдэгдэл 29.015.443 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй.
14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдын маргааны зүйлийг нотлох зорилгоор шүүхийн журмаар “Х” банк ХК-ийн 0 дугаартай данс эзэмшигчийг тодруулах зорилгоор хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай “Х” банк ХК-ийн албан бичгээр дээрх дансыг ЕБ регистрийн дугаартай, Ц.Э эзэмшдэг гэж тодорхойлж ирүүлсэн байна.
15.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж заасны дагуу хариуцагч зээлийн гэрээний салшгүй хэсэг зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж төлбөрөө төлөөгүй мөн зээл авснаа зөвшөөрч төлөлт хийсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул зээлийг төлөх үүрэгтэй.
16.Иймд хариуцагчийн өмгөөлөгч Б.Э “хариуцагч зээлийн төлбөрийг өөрийнхөө дансаар дамжуулан аваад цааш өөр этгээдэд өгч, зээл төлөлтийг өөр хүн төлсөн учраас төлбөрийг төлөхгүй” гэх тайлбар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд хариуцагч маргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт олгосон зээлийг хариуцагч дансаараа дамжуулан авснаа зөвшөөрсөн атлаа төлөхгүй гэх тайлбараа нотлох баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 330.030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 29.015.443 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” банк ХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 330.030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА