Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2019/00014

 

 

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2019/00014

 

Ц.Дамбын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/00365 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Дамбын нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгон, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баатарын Энхтүвшин нь Цэрэндоржийн Дамба надаас 2016 оны 01 сарын 03-ны өдөр 1500 000 төгрөг зээлсэн. Бид 10 хоногийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон тул хүү яригдаагүй болно.******* нь бичгээр 1500 000 төгрөгийг зээлсэн гэдгээ илэрхийлсэн. Миний зээлүүлсэн 1500 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл 2 жил гаран хугацаа өнгөрч байхад өгөөгүй шаардлага тавихаар 500 000 төгрөгөөс бусдыг нь өгөхгүй шүүхдээд ав гэдэг. Иймд миний зээлүүлсэн 1500 000 төгрөгийг*******гээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эхнэр Отгон хадам эгч Дашдэлэг бид гурав Дамбынд очиж нотлох баримт болгон гарын үсгээ зурж 1 500 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээл авсан. Тэр үед банк тодорхой шалтгааны улмаас зээл олгохгүй 1 сар гаран явуулсанг Дамба өрөө мэдэж байгаа. 2016 оны 02 сарын 19-ны өдөр Дашдэлэг эгчийн хүссэн зээл нь Банкнаас бүтсэн учир эхнэр бид хоёрт 1 500 000 төгрөгийг бэлнээр гэрт тоолж өгсөн. За одоо Дамба ахын мөнгийг өгч санаа амрий гээд Дамба ахтай утсаар ярьж нэг хонуулаад өгчих үү гэж асуухад өөдөөс инээгээд 10 хонуулаад өгнө гэсэн мөнгө 2 сар шахуу боллоо, тэг гэсэн. Өглөө өөрт нь өгөх гэсэн чинь би төв орох ажилтай өрөө яваад очьё гэсэн хүлээгээд ирэхгүй болохоор нь утсаар ярьтал ах нь шууд унаа таараад төв орчихлоо 3 дэлгүүрийн тэнд байж байя гэж ярьсан. Эхнэр урагшаа явах учир юмаа бэлдээд Дамбад өгөх мөнгөө тусдаа аваад гарсан. Дамба өдөр манайд ирсэн Отгоо мөнгөө өгсөн үү гэхэд өгсөн гэж надад хэлсэн. Би байшингаа тавилга хийж байсан болохоор бид хоёр байшингийн талаар юм ярьж байгаад Дамба манайхаас гараад явсан. Дахин бид хүнээс 2016 оны 03 сар гаргаад 1 000 000 төгрөг боломжтой үедээ өгье гэхэд тэгээ гээд өгсөн. Манай эгч хүртэл мөнгө авч байсан. Дамба ах 2016 оны намар ногоо ялгах хүн хайж явна, 80 тн зоорь 1 000 000 төгрөгт ялгаж хүн байна уу гэхэд бид 1 000 000 төгрөгөндөө ялгаж өгч болох уу гэтэл болно гэж тохиролцоод ялгасан. Би эхнэр хүүхдийн хамт 2017 оны 08 сарын үед дэлгүүрийн үүдэнд намайг заамдаж аваад мөнгө нэхсэн. Гэтэл эхнэр маань ирээд юун мөнгө нэхээд байна гэхэд та хоёр надаас 1 000 000 төгрөг авсан. ногоо тариалалтын мөнгө 200 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийг өг гэж нэхсэн. Тэгэхэд манай эхнэр 1 000 000 төгрөгөнд 80 нт зоорийг ялгасан. Танд мөнгө өгвөл 500 000 төгрөгийг өгнө гэхэд Дамба шүүхэд өгнө гэхээр тэг гээд салж явсан. Бид байшин барьж байхад ирэхэд нь уулзаж бид танд мөнгөний өргүй байна, хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авсны дараа 500 000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Би Дамбад ямар ч хөлсгүйгээр олон ажлыг хийж, нэг ч төгрөг авч байгаагүй. Бидний өгсөн мөнгийг өгөөгүй гэж бидний гарын үсгийг ашигласанд бид гомдолтой байгаа тул үнэн зөвийг шалгаж өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 01 сарын 03-ны өдөр хариуцагч******* нь нэхэмжлэгч *******ас 1500 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч одоог хүртэл төлөөгүй.******* төлсөн гээд байгаа боловч энэ талаар баримтаар нотолж чадахгүй байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******ас 2016 оны 01 сарын 03-нд 1500 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. 10 хоногийн дараа өгч чадаагүй нь үнэн. 2016 оны 02 сарын 19-нд эгч Ю.Дашдэлэг банкнаас 10 сая төгрөгийн зээл аваад 5 сая төгрөгийг манайх зээлээд ******* гуайруу зээл авсан нэг хонуулаад өгч болох уу гэхэд тэрээр тэгээ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь дэлгүүрийн үүдэнд *******тай уулзаад өөрт нь 1500 000 төгрөгийг би өөрийн биеэр өгсөн. ******* гуай мөнгөө аваад манайд ирэхэд нөхөр******* нь Отгоо мөнгөө өгсөн үү гэхэд өгсөн гэж хариулсан, үүнийг манай хүүхэд сонссон. Би Ю.Дашдэлэгээс зээлсэн 5 сая төгрөгөөс 1500 000 төгрөгийг *******д өгөөд үлдсэн мөнгөөр нь Эрээн явсан. Үүнээс хойш *******ас би 1000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулахгүйгээр зээлж авсан бөгөөд боломжтой үедээ өгөөрэй гэхэд нь нөхрийн хамт 80 тонны ногоо ялгаж өгч дуусгасан, мөн эхнэрээрээ бидэнд 300 000 төгрөгийг хүртэл өгч байсан хүн юм.******* нь *******ас 1500 000 төгрөгийг зээлж аваад буцааж төлсөн байхад дахин нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч*******д холбогдох 1500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Дамбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/00365 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч ******* нь 2016.01.03-ны өдөр 1.500.000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгийг*******д зээлүүлсэн.******* нь 10 хоногийн хугацаатай зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн 2016.02.19-ны өдөр "Дашдэлэг эгчийн хүссэн зээл нь банкнаас бүтсэн учир эхнэр бид хоёрт 1.500.000 төгрөгийг бэлнээр гэрт тоолж өгсөн" гэж тайлбартаа хэлдэг. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа " 2016.02.19-ны өдөр эгч Ю. Дашдэлэгээс 5 сая төгрөгийг манайх зээлээд" гэсэн зөрүүтэй тайлбарууд өгдөг. Тэдний хүү насанд хүрээгүй гэрч Э.Ариунбат нь мөнгө тоолж өгсөн, ээж Дамба гуайд мөнгө өгсөнийг хараагүй гэсэн мэдүүлэг өгсөн. Энэ үйл баримт нь аав, ээж, хамаатан, хүүхдүүд нь гэрчийн мэдүүлэг өгч баримтаар өгөөгүй мөнгийг бэлнээр өгсөн болгож шүүх түүнийг нь үнэлж 1.5 сая төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. 2.Шүүх "...нэхэмжлэгч Ц.Дамбын Төрийн банкны дансанд 1,5 сая төгрөгийн орлого орсон баримтууд    эргэлзээгүй талаас нь үнэллээ" гэжээ. Тухайн 1.5 сая төгрөгийг төмс зоориноос худалдан авч бэлнээр төлсөн гэдгийг нотариатаар гэрчлүүлсэн баримт байхад шүүх түүнийг аль талаас нь эргэлзээгүй үнэлсэн нь ойлгомжгүй байна. Иймд Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/00365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн зарим зохицуулалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  үзэв.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******гээс зээлийн гэрээний үүрэгт  1 500 000 төгрөгийг шаардаж, шаардлагынхаа  үндэслэл болгож хариуцагчтай 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр бичгээр байгуулсан гэх зээлийн гэрээ, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дансанд нь орлого болж орсон гэх 1 500 000 төгрөг хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр биш харин П.Анхбаатарын төмс худалдан авсны төлбөр гэж тайлбарлаж, П.Анхбаатарын бичгийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

 Хариуцагч******* нь  эхнэр Ю.Отгон дэлгүүрийн үүдэнд бэлнээр 1 500 000 төгрөгийг *******д өгсөн гэж нэхэмжлэлийг татгалзаж тайлбар гаргасан ба түүний тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон эхнэр Ю.Отгон болон түүний 13 настай хүү Э.Ариунбат нар дэмжсэн тайлбар мэдүүлэг өгчээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогддог байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцогддог.

Зохигч 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээ тэдний хооронд байгуулагдсан болон нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримтыг маргаагүй байна. Харин маргааны зүйл нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх буюу зээлийн гэрээний зүйл болох 1 500 000 төгрөгийг хариуцагч буцаан төлсөн эсэх үйл баримт байна.  

Мөн хуулийн 211 дугаар зүйлийн 211.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгснөөр үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч*******  мөнгө хүлээлгэн өгснөө нотолсон тохиолдолд зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх боломжтой.

Маргааны гол үйл баримт буюу зээлдэгч төлбөрийг бэлнээр төлсөн, зээлдүүлэгч бэлнээр хүлээн аваагүй гэж эрс зөрүүтэй тайлбар гарган маргаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан нотлох баримт шууд эсхүл, шууд бус, анхдагч эсхүл үр дагаврын мэдээлэл агуулж буйг шүүх анхаарч тэдгээрийг харьцуулан судалж, нотлох баримт нь бусад баримтаар давхар нотлогдсон байх зэргээр дүн шинжилгээ хийсний үндсэн дээр эрх зүйн үнэлгээ хийх ёстой.  

Гэтэл шүүх нэхэмжлэгчээс  гаргаж өгсөн П.Анхбаатарын тодорхойлолтыг “ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаар бэхжүүлээгүй “гэж дүгнэсний зэрэгцээ, хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэж байгаа эрх зүйн үндэслэлээ тодорхойлолгүйгээр хэргийг шийдвэрлэж Иргэний хуулийн дээрхи зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр хэрэгт нотлох баримтаар цугларсан насанд хүрээгүй гэрч Э.Ариунбатын мэдүүлэг, Ю.Дашдэлэг болон ******* нарын Хаан банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар зээлдэгчийн үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй байна.  

Хариуцагчийн тайлбарт дурдагдсан Ю.Дашдэлэг гэгч өмнөх өдөр нь ХААН банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авсан, энэ мөнгөнөөс хариуцагч 5 000 000 төгрөг авсан тухай үйл баримт болон түүнтэй холбоотой нотлох баримтууд нь*******г бусдын өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн болохыг нотлохгүй юм.

Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл болсон Ю.Дашдэлэгийн дансны хуулга нь  маргааны үйл баримтыг тогтооход хамааралтай байх нотлох баримтын шинжийг агуулаагүй гэж үзнэ. Насанд хүрээгүй гэрч Э.Ариунбат нь түүний аав,ээж болох*******, Ю.Отгон нарын хооронд мөнгийг *******д өгсөн тухай  ярианы талаар мэдүүлсэн ба *******д мөнгө өгсөн болохыг шууд гэрчлээгүй байна.  

Шүүх хэргийн дээрх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, маргааны үйл баримтыг тогтоогдсон гэж үзэж байгаа нөхцөлд бусад нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэх болсон эрх зүйн үнэлгээг мөн  хийх ёстой.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч .. хэрэгт үүргийг хүлээн аваагүй талаар нотлох баримтыг ирүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна” гэж үзсэн нь нэхэмжлэгчийг нотлох ёсгүй үүрэгт буруутгаж нотолгооны үүргийн хуваарилалтыг буруу тогтоожээ.

 

 Шүүхээс зохигчийн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийхэд хангалттай нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 211 дүгээр зүйлийн 211.1., 236 дугаар зүйлийн 236.1.1.дэх хэсгийн заалтад нийцээгүй байна. 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

 

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/00365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  нэхэмжлэгч Ц.Дамбын 38 950  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 ШҮҮГЧИД                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                            Т.ЭНХМАА