Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00760

 

Ц.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/00365 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 223/МА2019/00014 дүгээр магадлалтай,

Ц.Д-ын нэхэмжлэлтэй,

Б.Эд холбогдох,

1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Да шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баатарын Б.Э нь Цэрэндоржийн Ц.Да надаас 2016 оны 01 сарын 03-ны өдөр 1500 000 төгрөг зээлсэн. Бид 10 хоногийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон тул хүү яригдаагүй болно.

Б.Э нь бичгээр 1 500 000 төгрөгийг зээлсэн гэдгээ илэрхийлсэн. Миний зээлүүлсэн 1 500 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл 2 жил гаран хугацаа өнгөрч байхад өгөөгүй шаардлага тавихаар 500 000 төгрөгөөс бусдыг нь өгөхгүй шүүхдээд ав гэдэг. Иймд миний зээлүүлсэн 1 500 000 төгрөгийг Б.Эгээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр О, хадам эгч Д бид гурав Ц.Дынд очиж нотлох баримт болгон гарын үсгээ зурж 1 500 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж авсан. Тэр үед банк тодорхой шалтгааны улмаас зээл олгохгүй 1 сар гаран явуулсныг Ц.Да өрөө мэдэж байгаа. 2016 оны 02 сарын 19-ний өдөр Д эгчийн хүссэн зээл нь Банкнаас бүтсэн учир эхнэр бид хоёрт 1 500 000 төгрөгийг бэлнээр гэрт тоолж өгсөн. За одоо Ц.Да ахын мөнгийг өгч санаа амрая гээд Ц.Да ахтай утсаар ярьж нэг хонуулаад өгчих үү гэж асуухад өөдөөс инээгээд 10 хонуулаад өгнө гэсэн мөнгө 2 сар шахуу боллоо, тэг гэсэн. Өглөө өөрт нь өгөх гэсэн чинь би төв орох ажилтай өрөө яваад очъё гэсэн хүлээгээд ирэхгүй болохоор нь утсаар ярьтал ах нь шууд унаа таараад төв орчихлоо 3 дэлгүүрийн тэнд байж байя гэж ярьсан. Эхнэр урагшаа явах учир юмаа бэлдээд Ц.Дад өгөх мөнгөө тусдаа аваад гарсан. Ц.Да өдөр манайд ирсэн, Отгоо мөнгөө өгсөн үү гэхэд өгсөн гэж надад хэлсэн. Би байшиндаа тавилга хийж байсан болохоор бид хоёр байшингийн талаар юм ярьж байгаад Ц.Да манайхаас гараад явсан. Дахин 2016 оны 03 сар гаргаад 1 000 000 төгрөг боломжтой үедээ өгье гээд зээлэхэд тэгээ гээд өгсөн. Манай эгч хүртэл мөнгө авч байсан. Ц.Да ах 2016 оны намар ногоо ялгах хүн хайж явна, 80 тн зоорь 1 000 000 төгрөгт ялгаж хүн байна уу гэхэд бид 1 000 000 төгрөгт ялгаж өгч болох уу гэтэл болно гэж тохиролцоод ялгасан. Би эхнэр, хүүхдийн хамт явж байхад 2017 оны 08 сарын үед дэлгүүрийн үүдэнд намайг заамдаж аваад мөнгө нэхсэн. Гэтэл эхнэр маань юун мөнгө нэхээд байна гэхэд та хоёр надаас 1 000 000 төгрөг авсан. ногоо тариалалтын мөнгө 200 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийг өг гэж нэхсэн. Тэгэхэд манай эхнэр 1 000 000 төгрөгт 80 тн зоорийг ялгасан. Танд мөнгө өгвөл 500 000 төгрөгийг өгнө гэхэд Ц.Да шүүхэд өгнө гэхээр тэг гээд салж явсан. Бид байшин барьж байхад ирэхэд нь уулзаж бид танд мөнгөний өргүй байна, хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авсны дараа 500 000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Би Ц.Дад ямар ч хөлсгүйгээр олон ажлыг хийж, нэг ч төгрөг авч байгаагүй. Бидний өгсөн мөнгийг өгөөгүй гэж бидний гарын үсгийг ашигласанд гомдолтой байгаа тул үнэн зөвийг шалгаж өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/00365 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Эд холбогдох 1500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 223/МА2019/00014 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/00365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгч Ц.Дын 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 00365 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Дын нэхэмжлэлийг ИХ-ийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин Төв аймгийн давж заалдах шатны шүүх 2019.05.17-ны өдрийн 14 тоот магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Хариуцагч татгалзлаа нотлох үүднээс хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй учир Ц.Дад өгсөн мөнгөний эх үүсвэрээ нотлохын тулд 2016.02.19-ны өдөр эгч Д Хаан банкнаас 10 000 000 төгрөг авсан түүнээс 5 000 000 төгрөгийг өрөндөө авсан тул үүнтэй холбоотой Ю.Дийн дансны хуулгыг, энэ 5 000 000 төгрөгийг өгсөн цаг хугацаанд нэхэмжлэгч Ц.Дын дансанд орсон байж болох үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргаж Ц.Дад мөнгө өгсөн цаг үеийн дансны хуулгыг авахуулж хэрэгт нотлох баримтаар өгсөн. Мөн Ц.Дад 5 000 000 төгрөг өгсөн гэх өдөр Ц.Да Ю.Оы нөхөр Б.Э нарын хооронд яригдсан яриаг гаднаас өөр хүн байхгүй үед түүний хүүхэд л сонссон зүйлээ, мөн нөхөр Б.Э нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа бас хэлсэн байсан нь хүүхдийнх нь хэлсэн мэдүүлэгтэй тохирч байгаа. Иймд тэр яриа болох үед байсан хүүхдийг гэрчээр байцаалгах хүсэлт гаргаж шүүх түүнийг хангаж байцаасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс насанд хүрээгүй Э.Ариунбатын мэдүүлэг, Ю.Д болон Ц.Дын дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэж, Б.Эг бусдын өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн болохыг нотлохгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр нь хариуцагч Б.Э Ю.О нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа.

Ер нь Ц.Да хүнд 10 хоногийн хугацаатай 1 500 000 төгрөг өгсөн юм бол яагаад энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрт нь мэдэгдэл хүсэлт шаардлага өгөөгүй өдий хүрсэн нь гайхалтай. Үүнээс мөнгөө авчихаад харин гарын үсэг бичгийг ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргасан байхыг үгүйсгэхгүй байна. Нэхэмжлэлээс харахад гэрээний талаар шаардлага гаргах 3 жилийн хугацаа дуусах шатандаа нэхэмжлэл гаргасан харагддаг.

Мөн нэхэмжлэгч хүнээс 1 500 000 төгрөгийн авлагатай байж тэр авлагаа аваагүй байж 300 000 төгрөгийг хариуцагчид өгсөн үйл баримт яригддаг, энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Энэ байдал нь хариуцагчаас мөнгөний авлагагүй байсан гэдгийг давхар нотолж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хурал дээр шинээр нотлох баримт гаргах, гэрч асуулгах талаар тусгайлан санал хэлээгүй.

Зөвхөн П.Анхбаяр гэх хүний бичиж өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг л шүүхэд өгсөн. Тэгсэн атлаа давж заалдах шатны шүүх хурал дээр нэхэмжлэгчийг нотлох баримт гаргах хүсэлт гаргах боломжоор хангаагүй гэсэн зүйл ярьж байсан. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38-р зүйл заасан журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нотлох ёсгүй үүрэгт буруутгаж, нотолгооны үүргийн хуваарилалтыг буруу тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхэд хангалттай нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281.1, 211.1, 236.1 дэх хэсгийн заалтуудад нийцэхгүй байна гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь нэхэмжлэгчийн урьд шүүхэд өөрийн шаардлагаа үндэс болгож байгаа нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлээгүй, өгөөгүй, хүсэлт гаргаагүй байхад нотлох баримтыг заавал бүрдүүлүүлэх нөхцөл боломж олгож, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөөр нь дахин нотлуулах боломж олгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Да нь хариуцагч Б.Эд холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлдүүлсэн 1 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч С.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  “...давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлийг зөрчиж, нотолгооны үүргийн хуваарилалтыг буруу тогтоосон, ...нотлох баримтыг дахин бүрдүүлүүлэхээр буцаасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо: “...анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр хэрэгт нотлох баримтаар цугларсан гэрчийн мэдүүлэг, ...дансны хуулгыг үндэслэж зээлдэгчийн үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ... зохигчийн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийхэд хангалттай нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 71 дүгээр зүйлийн 71.1.-д хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ, 76 дугаар зүйлийн 76.1.1.-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1.-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр, 116 дугаар зүйлийн 116.3.-т шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргахаар тус тус зохицуулжээ.

Шүүх нэхэмжлэлд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 11, 22, 28-ны өдөр хэргийг танилцуулсан, хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн боловч зохигчийн хүсэлтээр 1 удаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2 удаа тус тус шүүх хуралдаан хойшлогдож, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн нь зохигчид хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрдүүлэх хангалттай хугацаа олгогдсон, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, зээлдүүлэгч зээлийг хүлээлгэн өгсөн, зээлдэгч зээлийн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй тул гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл.

Нэгэнт зээлийн гэрээ байгуулагдсан тул зээлдүүлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй боловч хариуцагч зээлийг төлсөн үндэслэлээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан тул шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Зээлдэгч зээлийн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй тул  зээлийг буцааж төлөх үүрэгтэй, тэрээр буцааж төлсөн гэж маргасан тул зээлийн хөрөнгийг хүлээлгэн өгснөө нотлох үүрэгтэй.

Тэрээр эхнэр Оы эгч Дийн банкнаас авсан зээлээс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөгийг зээлж, эхнэр О 1 500 000 төгрөгийг Ц.Дад өгөөд үлдэх мөнгөөр нь БНХАУ-руу бараа худалдаж авахаар тэр өдрөө явсан, Ц.Да нь түүний гэрт ирж эхнэрээс нь зээлийн мөнгийг буцааж авсан талаараа хэлснийг хүү Э.Ариунбат сонссоноо нотолж, гэрчээр мэдүүлсэн, улмаар 2019 оны 03 дугаар сард зээлдэгчээс дахин зээл авсан, хэрэв өмнөх зээлийг буцааж өгөөгүй бол дахин зээл олгохгүй байх байсан талаар тайлбарлаж, өөрийн тайлбарыг өөрт байгаа бүхий л баримтаар нотолж, гэрчилснийг нэхэмжлэгч үгүйсгэсэн, эс зөвшөөрсөн үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан зээлийн төлбөрийг төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1. дэх заалтад нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 223/МА2019/00014 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2019/00365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч С.Сгийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ооос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД