Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2019/00019

 

 

 

Ж.Очирпүрэв нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00589 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Очирпүрэвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” холбогдох,

Гэм хорын 31 280 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Очирпүрэв, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Очирпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай Орон сууцны барилга барих, бариулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу захиалагч миний зүгээс тогтсон хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд 31 238 000 төгрөг тушаах, гүйцэтгэгч тал буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2015 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулж, надад хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний дагуу миний бие эхний 18 238 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, мөн үлдсэн 6 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус шилжүүлсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өнөөдрийг хүртэл орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн өгөхгүй, миний зүгээс захиалгын орон сууцандаа орох гэтэл Төрийн банкны барьцаанд битүүмжлэгдсэн байхыг олж мэдлээ. Төрийн байгууллага тэр тусмаа хууль сахиулах тусгай чиг үүргийн байгууллага намайг хохироож олон жил эд хөрөнгийн болоод сэтгэл санааны асар их хохирол амсуулж байна. Мөн тухайн байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар тендерийн журмаар, ямар компаниар бариулсан гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байна. Иймд гэм хорын хохирол 31 238 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Очирпүрэвийн тус шүүхэд хандан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлдээ “2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай Орон сууцны барилга барих, бариулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу захиалагч миний зүгээс тогтоосон хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд 31 238 000 төгрөг тушаах гүйцэтгэгч тал 2015 оны 04 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулж надад хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний үүргийн дагуу 18 238 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд үлдэгдэл 7 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, мөн 6 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус шилжүүлсэн” гэжээ. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь алба хаагчдын 30 айлын орон сууцны барилгын ажлыг 2013 онд анх өөрсдийн алба хаагчдын хөрөнгөөр барьж эхлүүлсэн бөгөөд уг барилгын суурийн давхрыг барьсан. Уг барилгыг гүйцээн ашиглалтад оруулахаар 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "Тариат харз" ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласны үндсэн дээр тус компани 30 айлын орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусган Улсын комиссд хүлээлгэн өгсөн. Барилгын ажил гүйцэтгэгч "Тариат харз" ХХК нь тухайн орон сууцанд захиалга өгсөн хүн нэг бүртэй 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан. Ингэхдээ Ж.Очирпүрэвтэй мөн уг гэрээг "Тариат харз" ХХК нь байгуулсан бөгөөд уг гэрээнд "Тариат харз" ХХК-ийг төлөөлөн захирал Н.Батболд гарын үсэг зурж баталгаажуулсан, тухайн үед Ж.Очирпүрэв болон түүний төлөөлөл нь ирж чадаагүй тул гэрээ манай байгууллагад хадгалагдаж байсныг 2018 оны 10 дугаар сард Ж.Очирпүрэвийн төрсөн ах Ж.Мөнхнасанд хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээгээр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Ж.Очирпүрэв нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан орон сууцны барилга барих, бариулах гэрээний үүрэг дуусгавар болж захиалагч Ж.Очирпүрэв нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө "Тариат харз" ХХК-д төлөх мөн "Тариат харз" ХХК нь Ж.Очирпүрэвийн захиалсан орон сууцыг бүрэн ашиглалтад оруулан түүнд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Ийнхүү дээрх орон сууцыг "Тариат харз" ХХК-иар гүйцэтгүүлэх болсныг Ж.Очирпүрэв нь мэдэж байсан бөгөөд энэ нь дээрх гэрээг хүлээн зөвшөөрч орон сууц захиалгын үлдэгдэл төлбөр болох 7 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр,  6 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус "Тариат харз" ХХК-ний Н.Батболдын Худалдаа хөгжлийн банкинд байрлах 417005469 тоот дансанд шилжүүлсэн байдлаас харагдаж байна. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Ж.Очирпүрэв нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан орон сууцны барилга барих, бариулах гэрээ дуусгавар болсон тул Ж.Очирпүрэвийн нэхэмжилсэн 31 238 000 төгрөгийг манай байгууллага төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 31 238 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Очирпүрэвт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314 140 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 314 140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Очирпүрэвт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: “Баяржаргал овогтой Энхбат миний бие иргэн Ж.Очирпүрэвийн нэхэмжлэлтэй Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/ШШ2019/000589 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд

1.2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00589 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч Ж. Очирвүрэвийн "гэм хорын хохирол 31.238.000 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч "Гэрээнээс татгалзаж байгаа тул өгсөн 31.238.000 төгрөгөө нэхэмжилж байна" хэмээн тодруулсныг гэжээ.

2.Гэвч Иргэний хуулийн 2 дугаар дэд бүлгийн 52 дугаар бүлэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа нь мөн хуулийн 5 дугаар дэд бүлгийн 204, 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзсаны улмаас үүссэний үр дагаврын зохицуулах харилцаатай ижил мэтээр хуулийг буруу хэрэглэж шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэлгүй урьд гаргасан нэхэмлжлэлийн шаардлагын хүрээнд явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан нь шүүх хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбогдуулан хариу тайлбар гаргах хугацаа авах эрхийг хангаагүй байна.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон талуудын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг алдагдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 205.1, 227.1-д зааснаар нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 205.1, 227.1-д заасан хуулийн зохицуулалт нь талууд авсан өгсөнөө буцаах агуулга бүхий зохицуулалт юм. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаас нэхэмжилж буй 31.238.000 төгрөгнөөс Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу 18.238.000 төгрөг, "Тариат Харз" ХХК руу 13.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь талуудын тайлбар болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг "Тариат харз" ХХК-ийн өмнөөс Төв аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар төлөхөөр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхээс хуулийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн маргааны зүйл болох орон сууц нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэний өмчлөл болон эзэмшилд байгаа нь тодорхойгүй,  нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэрээгээр хүлээн авсан орон сууцыг эзэмших ашиглах боломжгүй болсон гэдгийг нотлоогүй, ямар банкны хэдэн төгрөгний зээлийн барьцаанд хэн барьцаалуулсан, үүний улмаас Төв аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Газартай байгуулсан гэрээнээс татгалзах бодит нөхцөл байдал үүссэн эсэхийг хангалттай тогтоогоогүй.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/ШШ2019/000589 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  нь зөв боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгыг буруу тодорхойлсноос хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан хууль хэрэглээний алдааг залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Очирпүрэв хариуцагч Төв аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 31 238 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар маргаагүй боловч орон сууцыг барих ашиглалтад оруулах ажлыг өөр этгээдээр барьж гүйцэтгүүлсэн бөгөөд “Тариат харз” ХХК нь захиалагч тус бүртэй гэрээ байгуулснаар 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар тайлбарлажээ.

Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Орон сууцны барилга барих, бариулах” нэртэй гэрээ байгуулсан ба хариуцагч нь Төв аймгийн Зуунмод сумын ...-р багт байрлах 30 айлын орон сууцны нэг өрөө 34.7м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан зохицуулалтад нийцсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Ж.Очирпүрэв нь орон сууцны төлбөрт  31 238 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тухайд зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгээгүй, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, уг орон сууц банкны барьцаанд тавигдсан байгаа тул гэрээний үүргээ зөрчсөн гэж хариуцагчийг буруутгаж, гэрээнээсээ татгалзсанаар  ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр өгсөн төлбөрийг буцаан гаргуулна гэжээ.

Хариуцагч нь өөр этгээдтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотолж чадаагүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал нь ажил гүйцэтгэгчийг ажлын үр дүнг эрхийн доголдолтой, хугацаа хожимдуулсан гэж буруутгасан тохиолдолд ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлаа доголдолгүй болохыг, үүргээ хугацаандаа биелүүлснээ нотлох учиртай.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой хугацаанд хэрэгждэг урт хугацааны гэрээ тул уг гэрээг цуцлах журам Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн зохицуулалтад хамаарах юм.

Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үздэг.

Мөн зүйлийн 221.5.-д зааснаар гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалдаг бөгөөд ийнхүү цуцлахад Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь  гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Очирпүрэв нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны улмаас хариуцагч Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрийн төлсөн 31 238 000 төгрөгийг буцаан авах шаардах эрхтэй байна. 

Анхан шатны шүүх тухайн маргаантай харилцаанд хамаарах хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг агуулгыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д заасан шаардлага  гэж үзэж хууль хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирлага болгон ТОГТООХ нь: 

1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 151/ШШ2019/00589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.,-д зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

           

                  ШҮҮГЧИД                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР